Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00166

 

 “...кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

       2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00673 дугаар шийдвэр

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

       2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 775 дугаар магадлалтай

       Нэхэмжлэгч: “...кредит ББСБ ” ХХК

       Хариуцагч: О.Н-

       Гуравдагч этгээд: Г.Э-

      135,808,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай

       Хяналтын журмаар гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Нарангоогийн гомдлыг үндэслэн шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов. 

      Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: “...кредит ББСБ” ХХК 2015-03-31-ний өдөр О.Н-той 15/003 тоот зээлийн гэрээ байгуулж, 80сая төгрөгийг 6 сарын хугацаатай нэг сарын 4% хүүтэй зээлүүлсэн. Үүргээ гүйцэтгээгүй бол 0.5%-н нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон. Гэрээ байгуулснаас хойш О.Н- нэг ч удаа төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож авах эрхтэй. “...кредит ББСБ” ХХК нь 2013-04-04-ний өдрөөс 2016-06-13-ны өдөр хүртэл хугацааны үндсэн зээл 80 сая төгрөг, зээлийн хүү 46,506,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,301,333 нийт 135,808,000 төгрөг гаргуулна. 2017-01-31-ний өдрийн шүүх хуралдаан дээр О.Н- зээлийн гэрээний үүрэг хүлээн зөвшөөрсөн нь тэмдэглэлд тусгагдсан. 2015-03-31-ний өдөр талуудын байгуулсан 15/003 тоот баталгаат ипотекийн гэрээгээр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Үйлдвэр туулын гудамж, .. дугаар байрны .. тоот байрыг үүргийн гүйцэтгэл хангах барьцаа болгож барьцаалсан. Барьцааны гэрээ байгуулах үед уг үл хөдлөх хөрөнгө О.Н-ийн өмчлөлд бүртгэлтэй, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байсан. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын лавлагаагаар үл хөдлөх хөрөнгө нь О.Н-ийн нэр дээр бүртгэлтэй, үүрэг байхгүй гэсэн. Энэ нь 2015-03-31-ний өдрийн 498960 дугаартай лавлагаагаар нотлогдоно. Барьцааны гэрээг Үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэрээ Иргэний хуулийн 156.1, 156.2-г хангасан хүчин төгөлдөр юм. Зээлдэгч зээлийн төлбөр төлөөгүйгээс Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 170 дугаар зүйлийн 170.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл барьцаа хөрөнгөөр хангуулах эрхтэй. Иймд хариуцагчаас нийт 135,808,000 төгрөг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүсэж байна гэжээ. 

         Хариуцагч тайлбартаа: “...кредит ББСБ” ХХК-иас 80 сая төгрөг зээлсэн нь үнэн. Тухайн объектыг би захиалан бариулж, миний эзэмшилд байх хугацаанд дээрх зээлийн гэрээг байгуулан барьцааны хөрөнгө болгосон. Харин одоогийн байдлаар уг орон сууц нь Г.Э- гэдэг хүний нэр дээр захиалгатай, 55 сая төгрөгийн үүрэгтэй. Энэ  асуудлаар хэрэг үүсгэгдэн, хэрэг хянан шийдвэрлэх шатанд явж байгаа. Нэхэмжлэгч талын гаргасан үндсэн зээлийн төлбөр болох 80 сая төгрөг, хүү зэргийг нэхэмжилсэн үнийн дүнг зөвшөөрч байна. Гэрээ байгуулан гэрээний үүргээ биелүүлээгүй нь үнэн. Г.Э- нь одоо тухайн орон сууцанд амьдарч байгаа. Мөн энэ асуудлаар тус дүүргийн иргэний хэргийн шүүхэд маргаантай байгаа бөгөөд нэхэмжлэгч тэнд гуравдагч этгээдээр оролцож байгаад хасагдаж, тусдаа нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай асуудал дээр Г.Э- гэдэг хүний эрх ашиг хэрхэн зөрчигдөхөөс хамаарах байх гэжээ.

       Гуравдагч этгээд тайлбартаа: 2017-08-04-ний өдрийн БГД-н ИХАШШ-н 2184 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчээр Г.Э-, хариуцагчаар О.Н-, гуравдагч этгээдээр ...кредит ББСБ ХХК нар оролцсон. 2013-10-01-ний өдөр Г.Э-, О.Н-той орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Талууд орон сууц захиалгын гэрээг 2015-05-20-ны өдөр дуусгавар болгож, төлбөр хэсэгчлэн төлөхөөр тохирсон. Төлбөр төлөгдөж, талууд байгуулсан гэрээг дүгнэж, өмчлөх эрхийг шилжүүлэх байсан ч гэрээний хугацаа дуусахаас 2-3 сарын өмнө үл хөдлөхийг ...кредит ББСБ ХХК-д барьцаалсан гэсэн. Захиалгын гэрээгээр төлбөр төлсөн ч өмчлөх эрхийн гэрчилгээ өгөхгүй байснаас Г.Э- хууль бус эзэмшлээс үл хөдлөх гаргуулахаар шүүхэд хандаж, шүүхээс үл хөдлөхийн хууль ёсны өмчлөгч Г.Э- болохыг тогтоосон. Дээрх маргааныг эцэслэсэн Улсын дээд шүүхийн шийдвэр 2018-12- 05-ны өдөр гарсан. ...кредит ББСБ ХХК нь О.Н-, Г.Э- нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээ Иргэний хуулийн 56.1.2-р дүр үзүүлсэн хэлцэл тул хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан ч ...кредит ББСБ ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Г.Э-ийн 3 дахь шаардлага О.Н-, ...кредит ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний барьцаалсан хэсгийг хүчингүй болгуулах юм. 3 шатны шүүх үл хөдлөх хөрөнгө барьцаалахад О.Н-ийн нэр дээр байсан учраас барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж шийдсэн. 2018-06- 21-ний өдрийн ҮХЭХБТХ-н 32-т зааснаар барьцаалуулагч барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан, хууль бус эзэмшлээс хууль ёсны өмчлөгч шүүхийн журмаар өмчлөх эрх гаргуулж, шүүхийн шийдвэр хүчин болсон бол тухайн эд хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болохоор заасан. Мөн хуулийн 32.2 дахь хэсэгт зааснаар барьцаалуулагчаас үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй. Өмнө хэргийг шийдвэрлэхэд дээрх хуулийн заалт байхгүй байсан. Хууль ёсны өмчлөгч шүүхийн шийдвэрээр хууль бус өмчлөлөөс үл хөдлөх чөлөөлүүлсэн хуулийн заалт байгаагүй. Хууль бус өмчлөгч үл хөдлөхийг ББСБ-ын барьцаанд тавьж, энэ нь хууль ёсны барьцаа болж, хууль ёсны өмчлөгчийн эрх ашиг хөндөгдсөн учраас хууль тогтоогч дээрх заалтыг нэмэлтээр оруулсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Г.Э- болох нь тогтоогдож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Гэтэл Г.Э-ийг оролцуулахгүйгээр барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангах шүүхийн шийдвэр гаргасан. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн талаар хүчин төгөлдөр 2 шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэл аль шийдвэр гүйцэтгэхийг мэдэхээ больсон. Иймд шинээр илэрсэн нөхцөл байдлаар шийдвэрийг дахин хянуулснаар энэ хэрэгт Г.Э- гуравдагч этгээдээр оролцох боломжтой болсон. Үндсэн хуулийн 16.3 дахь хэсэгт зааснаар Г.Э- хууль ёсны дагуу олж авсан үл хөдлөх хөрөнгийг өмчлөх, захиран зарцуулах тус тус эрхтэй. Г.Э-ийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хуулиар хязгаарлагдахгүй. Г.Э- ...кредит ББСБ ХХК-тай зээлийн харьцаанд ороогүй, төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Иргэний хуулийн барьцаа, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд тус тус зааснаар шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх өөрчлөгдвөл барьцаалагч талд мэдэгдэх үүрэгтэй.ИХШХШТХ-н 175.1-т зааснаар хуульд өөрөөр заасан нөхцөл үүссэн учраас нэхэмжлэгч шаардах эрхгүй. Мөн ИХ-н 160.1-т зааснаар барьцааны эрх дуусгавар болоогүй гэх үндэслэл хамаарахгүй. Мөн 160.6-т хуульд заасан бусад үндэслэл байвал барьцааны эрх дуусгавар болгохоор заасан. Хууль ёсны өмчлөгчийн эрх хангасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай. Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн эрхэд зээлдэгч болон зээлдүүлэгч нар үүргийн гүйцэтгэл хангуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 102/ШШ2019/00673 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан О.Н-оос 135,808,000 төгрөг гаргуулж, “...кредит ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, .. дугаар байр, .. тоотын 92.98 м.кв талбайтай Г.Э-ийн өмчлөлийн орон сууцнаас үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 836,990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 775 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00673 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахыг даалгаж, 2 дахь заалтын “..836.990..” гэснийг “..907,190..” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг  буцаан олгохыг заажээ.

       Гуравдагч этгээдийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгч шаардлагадаа О.Н- нь 2015.03.31-ны өдөр 15/003 тоот зээлийн гэрээгээр 80сая төгрөг зээлсэн, үүргээ биелүүлээгүй тул түүнээс 135,808,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг ИХ-ийн 174.1, 175.1-д заасныг үндэслэн барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ. Г.Э- шүүхэд хандан О.Н-, “Цэн кредит ББСБ” ХХК-д холбогдуулан “...ХУД-ийн ..-р хороо, үйлдвэр Туулын гудамж, ..- р байрны .. тоот хаягт орших 92,98 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, О.Н-, "Цэн кредит ББСБ" ХХК нарын хооронд байгуулагдсан Баталгаат ипотекийн гэрээний 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх..”-г шаардсаныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.04-ны өдрийн 102/ШШ2017/02184-р шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017.09.29-ны өдрийн 2136-р магадлал, хяналтын шатны шүүхийн 2018.02.15-ны өдрийн 001/ХТ2018/00201-р тогтоолоор Э-ийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх 4192 тоот захирамж 2018.03.21-ны өдөр гарсан ба Г.Э-т өмчлөх эрхийн гэрчилгээ олгох ажиллагаа хийгдэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь Г.Э-ийн нэхэмжлэлтэй хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн дээрх шийдвэрийг үндэслэн, О.Н-ид холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж шаардлаа. Хэдийгээр хүчин төгөлдөр шийдвэрээр О.Н-, “...кредит ББСБ" ХХК-ийн хооронд байгуулагдсан Баталгаат ипотекийн гэрээ хүчин төгөлдөр ч хууль ёсны өмчлөгч нь О.Н- бус, харин Орон сууц захиалан бариулах тухай гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн Э-ийх юм. Нэгэнт шийдвэрээр барьцааны зүйл нь барьцаалуулагчийн хөрөнгө биш, харин гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоосон тохиолдолд, барьцаалагч тал барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой эсэх дээр дор дурьдсан холбогдох хууль тогтоомжийг судлан хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг шүүх хийх ёстой. Үүнд:Нэг. Иргэний болон бусад хууль тогтоомжид барьцааны гэрээний талууд гэж хэн болох, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад барьцаалагч болон барьцаалуулагч ямар эрх үүрэгтэй болох. тэдгээр нь шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаар заасныг судалбал: 1.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4-р зүйлд "Барьцааны талууд" гэсэнд 4.1-д "Барьцаалагч нь өөрийн шаардлагыг тэргүүн ээлжинд хангуулахаар барьцаалуулагчийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан иргэн, хуулийн этгээд байна”, 4.2-т " Барьцаалуулагч нь гэрээний үүргийг биелүүлэх баталгаа болгон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулсан иргэн, хуулийн этгээд байна.", 4.3-т "Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно" гэж тус тус заасан байна.2.ИХ-ийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдах үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй." гэж заасан.3.ИХ-ийн 154.3-д "Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно" гэж заасан.4.ИХ-ийн 169.1-д " Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй." гэж заасан.5.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28-д "Барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдах" гэсэн хуулийн заалтын 28.1-д "Барьцааны зүйлийг энэ хуулийн 27-д заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ." гэж заасан.Гэвч энэ хуулийн 27 дугаар зүйлд "Барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх" гэсэн заалтын 27.1-д "Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна" гэсэн заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2017.12.06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон байна.Мөн хуулийн 28.4-д " Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ." гэж заасан байна. Мөн хуулийн 29-д "Барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх журам зөрчсөний үр дагавар" гэсэн заалтын 29.1-д " Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэхдээ 27.1,27.2-д заасан журмыг зөрчсөн бол барьцаалагч дараах шаардлагыг гаргана.",29.1.1-д "Иргэний хуулийн 56.5, 56.6-д заасны дагуу барьцааны зүйлийг буцаах, хохирлыг арилгуулахаар хэлцлийг хүчингүй болгуулах",29.1.2-т "барьцааны зүйл хэний эзэмшилд байгааг үл харгалзан түүгээр хангагдах үүргийг хугацаанаас нь өмнө барьцааны зүйлээс хангуулах",-29.2-т "Барьцааны зүйлийг шилжүүлэн авсан этгээд нь энэ хуулийн 27-д заасан журмыг зөрчсөн гэдгийг мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан бол уг нь барьцаагаар хангагдах үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх үүргийн гүйцэтгэлийг тухайн эд хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээнд холбогдох бусад үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцна",29.3-т "Барьцаалуулагч нь гуравдагч этгээд бөгөөд хуулиар тогтоосон журмыг зөрчиж барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлсэн бол үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгийг шинээр өмчлөгч болно өмнөх барьцаалуулагчтай хамтран хариуцна" гэж тус тус заажээ.Дээр дурьдсан хуулиас дүгнэвэл барьцааны гэрээний талуудад 1-т үүрэг гүйцэтгэгч барьцаалагч буюу өмчлөгч",2-р "барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч",3-рт "өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө үүргийн гүйцэтгэлд барьцаалуулахыг зөвшөөрч итгэмжлэл олгосон гуравдагч этгээд" нарын хооронд үүсэх үүргийн харилцаа байдаг байна.Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой барьцааны гэрээний харилцаанд гуравдагч этгээд Г.Э- нь огт оролцоогүй байна. Хэрэв гуравдагч этгээд Г.Э- нь дээрх хуулиудад заасны дагуу О.Н-, Цэн кредит ББСБ" ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаанд сайн дурын үндсэн дээр оролцсон байх юм бол, түүнд ипотекээс үүдэлтэй хариуцлага тооцох хууль зүйн үндэслэл бүрдэх юм байна. Өөрөөр хэлбэл, Г.Э- өөрийн өмчлөлийн хөрөнгийг "Цэн кредит ББСБ" ХХК-д барьцаалуулахыг О.Н-ид зөвшөөрч, барьцаалуулагчтай гэрээний харилцаанд орсон тохиолдолд, барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч "Цэн кредит ББСБ" ХХК нь Г.Э-ийн  шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр тогтоогдсон, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрх нь нээгдэж болох нь гэсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт урган гарч ирж байна. Гэтэл бодит байдал дээр огт ийм зүйл болоогүй учраас нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн маргаанд гуравдагч этгээд нь эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Хоёр. Одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжид зааснаар "Цэн кредит ББСБ' ХХК нь барьцааны эрхээ хэрэгжүүлэх үндэслэл бий эсэх талаар судалбал: 1.ҮХЭХБТХ-д 2018.06.21-ний өдөр өмнө огт байхгүй байсан 32-р зүйлд "Барьцааны зүйлийг хууль бус эзэмшлээс гаргуулах" гэсэн заалт нэмэгдэн орж ирсэн байна.2. 32.1-д " Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан бөгөөд уг зүйлийн хууль ёсны өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болно." гэж заасан. 3. 32.2-т "Энэ хуулийн 32.1-д заасан тохиолдолд барьцаалагч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийг барьцаалуулагчаас шаардах эрхтэй." гэж заасан байна.4. 23-д "Барьцааны эрхийг хамгаалах" гэсэн заалт байна.Үүнд: -23.1-д "Барьцааны зүйлийн өмчлөх болон бусад эрхийн талаар шүүхээс хэрэг үүсгэн барьцаалуулагчийг хариуцагчаар татсан бол барьцаалуулагч нь энэ тухай барьцаалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй" гэж,-23.2-т " Энэ хуулийн 23.1-д заасан тохиолдолд барьцаалуулагч нь ИХ-ийн 9.4-т заасны дагуу эрхээ хамгаална" гэж,-23.3-т "Барьцаалуулагч нь энэ хуулийн 23.2-т заасны дагуу барьцааны зүйлийн талаарх өөрийн эрхийг хамгаалахаас татгалзсан, эсхүл хамгаалаагүй бол барьцаалагч нь итгэмжлэлгүйгээр барьцаалуулагчийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, түүнтэй холбоотойгоор гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй." гэж, Барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон бол барьцаалагч нь ИХ-ийн 90.2, 106.1, болон 95-д нийцүүлэн уг барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд шилжүүлэхийн тулд бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах эрхтэй." гэж тус тус заасан байна. Г.Э-ийн нэхэмжлэлтэй О.Н-ид холбогдох хэргийн шийдвэртэй хэргээс харвал, О.Н-, Г.Э- нарын хооронд 2013.10.01-ны өдөр байгуулагдсан "Орон сууц захиалан бариулах тухай гэрээ"-ний үүргийг О.Н- биелүүлэлгүй зөрчиж, Г.Э- гэрээний 3.3-т заасан хугацаанд, үлдэгдэл төлбөрөө бүрэн гүйцэд төлж, үүргээ биелүүлсэн байхад, уг байрыг түүний өмчлөлд шилжүүлж өгөлгүй, өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авч, улмаар барьцаанд тавьсны улмаас Г.Э- нь өөрт нь өмчлөгдөх ёстой үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авч чадалгүй хохирч, хууль ёсны эрх ашигаа зөрчигдсөн хэмээн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан байдаг. Үүний үр дүнд О.Н-ийн хууль бус эзэмшлээс, өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулж, уг хөрөнгийнхөө хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон үйл баримт нотлогдсон байна. ИХШХШТХ-н 40.4-т " Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй." гэж заасан. Иймд барьцаалагч нь дээрх хуульд зааснаар бусдын хууль бус эзэмшлээс барьцаа хөрөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй болохоос бус, хууль ёсны өмчлөгчөөс шаардах эрхгүй байна. Түүнчлэн шинээр нэмэгдсэн ҮХЭХБТХ-ийн 32-д зааснаар тухайн хөрөнгийн хувьд барьцааны эрх нь дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэл бий болж байна.Гурав. Бусад хууль, тогтоомжинд шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолыг зохицуулсныг судалбал: 1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011.01.17-ны өдрийн 38-р тушаалаар баталсан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-д шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд ямар ажиллагаа явагдах талаар зохицуулж, мөрдүүлж байна.Үүнд: 5.6-д“ Шүүх.арбитрын шийдвэрээр өмчлөх           эрх шилжиж байгаа тохиолдолд ЭХӨЭТХЭХЭУБТ хуулийн 24.4, 24.5, 24.6, 24.8 болон журмын 5-р бүлэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгэнэ ", 5.6-д     "Эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн тохиолдолд өмнө        олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг      хураан авч хүчингүй болгон хувийн хэрэгт нь хавсарган хадгална."-5.11-д "Шүүх,арбитрын шийдвэрээр өмчлөх эрх шилжиж байгаа болон албадан дуудлага худалдаагаар худалдагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй бол энэ тухай мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг үндэслэн Улсын ерөнхий бүртгэгчийн тушаалаар хүчингүй болгож олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ."-6.5-д "Шүүх, арбитрын шийдвэр болон эрх бүхий этгээдийн дүгнэлтээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсон тохиолдолд улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох бүх этгээдэд улсын бүртгэгч нь энэ тухай албан бичгээр мэдэгдэнэ." гэж заажээ. 2.ЭХЭУБТ хуулийн 5.5-д "... улсын бүртгэлийн гэрчилгээг дараах үндэслэлээр дахин олгоно", 5.5.5-д "шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсон", 5.7-д "энэ хуулийн 5.5.5-д заасан тохиолдолд мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн улсын бүртгэгч ажлын 15 хоногийн дотор гэрчилгээг дахин олгоно.",-11 дүгээр зүйл. ҮХЭХ өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэх гэсэн заалтын 11.1.4-д "эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он сар өдөр, дугаарын мэдээллийг тусгана.", 11.3-д "Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч.ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана."-11.4-д " энэ хуулийн 11.3-д заасан нөхцөл байдал үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр мэдэгдэнэ.", 21 дүгээр зүйл. Барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэх. 21.1 "Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно.", 21.2-д "Барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр барьцаалбараар гэрчлэгдсэн эрх дуусгавар болж, энэ тухай хувийн хэрэгт тэмдэглэгдэнэ.".,29-д Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах зүйлүүдийг заасан байх ба эдгээр нь шүүхийн шийдвэрийн дагуу Г.Э-ийг өмчлөгчөөр бүртгэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй байна.3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.5-д "энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгг хавсарган хадгалж, баяжилт хийх"., 20-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйлүүдийг хуульчилсан байх ба шүүхийн шийдвэрийн дагуу Г.Э-ийг өмчлөгчөөр өөрчлөн бүртгэхэд энэ заалт хамаарахгүй байна.Дээрх хууль тогтоомжийг судалбал шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд тухайн эд хөрөнгөтэй холбоотой өмнө нь бүртгэгдсэн аливаа эрх үүнд барьцааны эрх ч мөн дуусгавар болдог байхаас гадна улсын бүртгэгч нь эрх ашиг хөндөгдөж болох тухайн этгээдэд энэ талаарх мэдээллийг зөвхөн мэдэгдэх үүргийг хэрэгжүүлдэг байна. Эцэст нь дүгнэхэд "...кредит ББСБ" ХХК нь үүргийн гүйцэтгэлээ барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхтэй гэж, харин  Г.Э- нь О.Н-ид хамаарах зээлийн гэрээний үүргийг Г.Э-ийн хувийн өмчөөр хангуулахаар шаардах ёсгүй гэж тус тус маргасан.Нэгэнт хүчин төгөлдөр шийдвэрээр Г.Э- үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол улсын иргэн хөдлөх , үл өдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.Төр, түүний рх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө" гэж заасны дагуу иргэн ХЭХ өмчлөх үндсэн эрхтэй болохыг баталгаажуулсан. Өмчлөх эрх нь туйлын, ноёрхлын шинжтэй байдаг.Энэ үүднээс өмчлөгч нь эд хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах, бусад этгээдийн хөндлөнгийн нөлөөллийг үгүйсгэх эрхтэй. ИХ-н 1.2-т "иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын ...бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал,... хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, ...зарчмуудад үндэслэнэ" гэж, 101.1-д "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй." гэж тус тус заасан нь ҮХ-н 16-р зүйлийн 3 дахь заалтаар баталгаажуулсан өмчлөх эрхийн агуулгыг хууль зүйн үүднээс нарийвчлан тодорхойлж бататгасан байдаг.Мөн ИХШХШТХ-ийн 11.1-д "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ ", 11.2-т "Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ." гэж зааснаар ' Э-ийг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр заавал биелэгдэх ёстой байна.Нэхэмжлэгч нь ИХ-ийн 175.1-д зааснаар шаардсан байдаг. Энэ зүйлд "хуульд өөрөөр заагаагүй бол" гэсэн үг бий. Үүнийг шүүх анхаарах ёстой. Нарийвчилсан хууль болох ҮХЭХБТХ-д шинээр нэмэгдэн орсон 32.1., 32.2-т барьцаалуулагч нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан нь тогтоогдсон тохиолдолд тухайн хөрөнгийн хувьд барьцааны эрх нь дуусгавар болохоор хуульчилсан тул нэхэмжлэлийн энэ шаардлага хангагдах боломжгүй. Тодруулбал, барьцаалагчийн шаардах эрх нь ҮХЭХБТХ-ийн 32-д өөрөөр заагдчихсан байгаа учраас энэхүү маргаанд ИХ-ийн 175.1-д заасан хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. Мөн ИХ-ийн 160.1.6-д "барьцааны эрх хуульд заасан бусад үндэслэлээр дуусгавар болно." гэж заасан бөгөөд барьцаалагчийн "барьцааны эрх" нь дээр дурьдсан ҮХЭХБТХ-ийн 32-д заасан үндэслэлээр дуусгавар болсон байна.Гэтэл давж заалдах шатны шүүх дээр дурьдсан хууль тогтоомжийг анхааралгүйгээр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй алдаа гаргасанд гомдолтой байна.Иймд Г.Э- нь нэхэмжлэгч,хариуцагч нарын хоорондын маргааны улмаас өөрийн эд хөрөнгийн өмчлөх эрхийг эдэлж чадахгүй байна.Үүнд дүгнэлт хийж, О.Н-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг ИХ-ийн 160.1.6, ҮХЭХБТХ-ийн 32-г баримтлан хэрэгсэхгүй болгож магадлалын 1-д заасныг хүчингүй болгож, шийдвэрийн 1-г хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

      “...кредит ББСБ” ХХК 2016-11-28-ны өдөр нэхэмжлэл гаргаж, О.Н-оос зээлийн гэрээний үүрэгт нийт 135,808,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг   барьцааны хөрөнгөөр хангуулахыг шаардахдаа “...2015-03-31-ний өдрийн гэрээгээр 80 сая төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлүүлсэн ч төлбөр төлөгдөөгүй тул үндсэн зээл 80 сая төгрөг, зээлийн хүүд 46,506,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,301,333 төгрөг авна...барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа...” гэжээ.  

       Хариуцагч нь 135,808,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхдөө барьцааны гэрээнд Г.Э- гэдэг хүний эрх ашиг зөрчигдөх байх гэжээ.

       Гуравдагч этгээд Г.Э- нь барьцааны гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж маргасан байна.  

      Анхан шатны шүүх хариуцагчаас 135,808,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...орон сууцны өмчлөгч нь Г.Э- байна... нэхэмжлэгч өмчлөгчийн эсрэг шаардлага гаргаагүй байна...” гэсэн дүгнэлт хийжээ. 

      Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...О.Н- нь тухайн орон сууцны өмчлөгч байх үедээ барьцаалсан байх бөгөөд үүнээс хойш бусдад эд хөрөнгөө шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн шаардах эрхэд нөлөөлөхгүй...О.Н- барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан гэх баримтгүй байна...” гэсэн агуулга бүхий үндэслэл зааж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байна. 

      Хяналтын шатны шүүхэд гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     1. “...кредит ББСБ” ХХК нь О.Н-той 2015-03-31-ний өдөр №15/003 тоот зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлэхээр тохирч, Нийслэлийн Хан-Уул дүүргийн .. дугаар хорооны Үйлдвэр Туул гол гудамжны .. дугаар байрны .. тоот орон сууц /цаашид орон сууц гэх/-г  барьцаалжээ.  

     О.Н- гомдол гаргаагүй хэдий ч нэхэмжлэлийн үнийн дүн нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагатай буюу хяналтын шатны шүүхэд гаргасан гуравдагч этгээдийн гомдолтой холбоотой тул зээлийн гэрээний үүрэгт хамаарах хэсгийг шүүх шийдвэрлэсэн байдлын талаар тус шүүхээс дүгнэлт хийх нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т нийцнэ. 

    Талууд зээлийн гэрээг бичгээр хийсэн бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийг талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

    Нэхэмжлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нь нотлогдсон, О.Н- маргаагүй тул уг нөхцөл байдлыг  тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчихгүй юм.        

   Хариуцагч үндсэн зээлд 80,000,000 төгрөг, хүүд нийт 46,506,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,301,333 төгрөг төлөх үүрэгтэй байх бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

     2. Барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай “...кредит ББСБ” ХХК-ийн шаардлагыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд эс зөвшөөрсөн.

     “...кредит ББСБ” ХХК нь О.Н-той 2015-03-31-ний өдөр “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулж, зээлийн үүрэгт нэг хүний буюу хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг барьцаалжээ.

     Барьцааны гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг шаардах эрх үүснэ. 

     Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, О.Н-, Г.Эрдэнчимэг нар 2013-10-01-ний өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 4.1.2-т захиалагч буюу Г.Э- төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар /хх147-148/ тохиролцсон байна.   

     Түүнчлэн, барьцааны гэрээтэй холбоотой дүгнэлтийг шүүх өмнө хэлэлцэж, уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Тодруулбал, өмнө Г.Э- О.Н-ид холбогдуулан  “...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, О.Н-, “...кредит ББСБ” ХХК нарын хооронд 2015-03-31-ний өдөр байгуулагдсан Баталгаат ипотекийн гэрээний 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах..” тухай нэхэмжлэл, О.Н- нь “...Г.Э-ээс 82,500,000 төгрөг гаргуулах..” тухай сөрөг нэхэмжлэл, харин  “...кредит ББСБ” ХХК нь “...Г.Э- О.Н- нарын хооронд 2013-10-01-ний өдөр байгуулагдсан “орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах..” бие даасан шаардлагыг тус тус гаргаж байжээ. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хэлэлцэж, 2017-08-04-ний өдрийн 102/ШШ2017/02184 дугаар шийдвэрээр “...Г.Э-ийг... орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагын хамт тус тус хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017-09-29-ний өдрийн 2136 дугаар магадлал, Улсын Дээд шүүх хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018-02-05-ны өдрийн 001/ХТ2018/00201 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдсэн байна. 

     Дээрх шийдвэрийг хэргийн бусад баримттай харьцуулан хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 165-171 дүгээр зүйлийн холбогдох  зохицуулалтыг зөрчөөгүй байна. 

   “...кредит ББСБ” ХХК, О.Н- нарын хооронд 2015-03-31-ний өдөр байгуулагдсан “Баталгаат ипотекийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөс хангуулахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болно.

     О.Н- 2015-03-31-ний өдрийн №15/003 тоот зээлийн гэрээний дагуу  135,808,000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах дүгнэлтийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 153,156,165 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг үндэслэн хийсэн байна. 

      О.Н- нь барьцааны зүйлийг хууль бусаар авсан гэх байдал тогтоогдоогүй, тэрээр гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй нь зээлдүүлэгчийн шаардах эрхийг хязгаарлахгүй тул “...хариуцагч орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс Г.Э- хохирсон...” гэх гомдол анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл биш гэж үзлээ.  

     Бусдын өмчлөлд барьцааны хөрөнгийг шилжүүлсэн тохиолдолд сүүлийн өмчлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь өмчлөгчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийх, барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргах буюу өмчлөгч  эрхээ хэрэгжүүлэх нэг нөхцөл юм.

    Гуравдагч этгээд өмнө нь барьцааны гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 онд 102/ШШ2017/02184 дугаар шийдвэр гаргасан, барьцааны гэрээтэй холбоотой маргааны талаар Г.Э- мэдсэн байна. Түүнчлэн, энэ хэрэгт Г.Э- гуравдагч этгээдээр оролцсон, ямар нэг бие даасан шаардлагыг гаргаагүй байна.

    Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуульд харшлаагүй тул хяналтын гомдолд заасан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.   

    Г.Э- өөрт хохирол учирсан гэж үзвэл О.Н-ид холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүй юм.

    3. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй боловч магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

    Давж заалдах шатны шүүх магадлалдаа хариуцагчийн нэрийг “..О.Н..сүрэн.. О.Нацагдорж..” гэж буруу бичсэн байна.

    Түүнчлэн, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа төлбөрийг “...кредит ББСБ ХХК-д олгосон” заалтыг тодорхой бус болгосон, мөн нэхэмжлэлийг бүрэн хангасан атлаа “...үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон...” заалтыг хэвээр үлдээснээс 135,808,000 төгрөгийг хэнд олгох нь мөн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тус тус ойлгомжгүй болжээ.

     Иймд магадлалд хариуцагчийн нэрийг “..О.Н..сүрэн..О.Н...дорж..” гэж ташаа бичсэнийг “...О.Н-..” гэж залруулж, “тогтоох” хэсгийг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан байдлаар найруулах нь зүйтэй байна. 

    Дээр дурдсан үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 775 дугаар магадлалд “...О.Н...сүрэн..О.Н...дорж..” гэснийг “...О.Н-..” гэж., “тогтоох” хэсэгт “... 1 дэх заалтын гаргуулж гэсний дараа   хариуцагч О.Н- үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Ү-2206039648 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, .. дугаар байр, .. тоот 92,98 кв.м талбай бүхий орон сууцыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангасугай...” гэснийг “...нэг дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Н-оос 135,808,000 төгрөг гаргуулан “...кредит ББСБ” ХХК-д олгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, .. дугаар байр, .. тоот Г.Э-ийн өмчлөлийн орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангасугай..” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т   заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ