Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2018/01233

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 14 өдөр           Дугаар184/ШШ2018/01233            Улаанбаатар хот

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                         

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Э.Бийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК,

 

Хариуцагч: НШШГГхолбогдох,

 

“Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 27 дугаар байр, 81 тоот хаягт байрлах, 48 м.кв 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: Нэх: М ХХК, Э.Б, нэх.өм Б.Б, хар.ит төл Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Энхчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэх “М” ХХК, нэх: Э.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас “Мэжигмийт” ХХК нь 2014 оны 9 дүгээр сард 140,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд Э.Батсүх болон түүний гэр бүлийн гишүүдийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. “Мэжигмийт” ХХК-ийн үйл ажиллагаа саармагжсаны улмаас зээлээ төлөх боломжгүй байдал бий болсон. Энэхүү зээлийн маргааныг шүүх шийдвэрлэж уг шийдвэрийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон төлбөр төлөгч “Мэжигмийт” ХХК-тай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 81 тоот 4 өрөө орон сууцыг бүтүүмжилж, улмаар хураасан билээ. Тухайн орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан төлбөр төлөгчийн өр төлбөрийг барагдуулахаар шийдвэр гуйцэтгэлийн ажиллагаа явуулж үнэлгээний талаар тохирцоогүй учраас “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХЗ-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгосон.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн 3/26595 дугаар мэдэгдэлд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006061 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 байрны 81 тоотод байрлах 48 м.кв, 4 өрөө орон сууцыг 103,161,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч “Мэжигмийт” ХХК хүлээн зөвшөөрөх бодит боломжгүй юм. Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс хамаагүй бага, бодит байдалд нийцээгүй гарсан гэж үзэхээр болжээ. Тус үнэлгээний газрын бодит байдалд нийцээгүй үнэ тогтоосны улмаас анхны дуудлага худалдааны үнэ багаар тогтоогдож, улмаар төлбөр төлөгчид илтэд хохиролтой үнээр 2 дахь дуудлага худалдаанд орох магадлалтай юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д "Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж, 55.7-д "Талууд эд хөронгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж тус тус заасан байдаг. Ийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гомдол гаргаж байгаа юм.

Мөн Шинжээч томилох тухай тогтоолд зааснаар шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг танилцуулж, шинжээчийн дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг танилцуулахаар заасан боловч тухайн тогтоол болон хуулийн заалтыг шинжээчийн дүгнэлт гаргасан этгээдэд танилцуулсан гэж үзэхээргүй байгаа. Тогтоолд гарын үсэг зурсан этгээд нь шинжээчийн дүгнэлт гаргасан этгээд мөн эсэх эргэлзээтэй байна. Шинээчийн дүгнэлтийг Нямлхагва гэдэг хүн гаргаж гарын үсэг зурсан байхад хууль танилцуулж сануулсан баримтад өөр гарын үсэг зурагдсан байгаа. Хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахдаа Уртнасан гэдэг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д ажилдаг хүнд танилцуулсан гэж байна. Энэ хэлж байгаа Уртнасан гэдэг хүн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд ч биш, шинжээчийн дүгнэлт гаргасан хүн ч биш юм.

Иймд барьцааны зүйлийг үндэслэлгүйгээр бага үнээр тогтоосон ба шинжээчид хууль сануулах шаардлагыг хангаагүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Цогжаргал шүүхэд ирүүлсэн хариутаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саяболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1556 дугаар шийдвэрээр “Мэжигмийт” ХХК-иас 68,502,740 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкид олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны 81 тоотод байрлах, 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17271201/05 тоот хураах тогтоолоор хураан авсан.

Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулахад төлбөр төлөгч “Мэжигмийт” ХХК болон үүсгэн байгуулагч Э.Батсүх 200,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн, хамтран өмчлөгч Ш.Дондов, Ч.Сувдаа нар 250,000,000 төгрөгөөр үнэлж, зөрүүтэй үнийн санал гарган харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээч томилж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар 103,161,000 төгрөгөөр тогтоолгосон байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу үнэлгээчний тоггоосон 103,161,000 төгрөгийн 70 хувиар буюу 72,212,700 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээний мэдэгдлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг үнэлгээнд зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болох талаарх мэдэгдлүүдийг төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нарт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 3/26594, 3/26595, 3/26592, 3/26593 тоот албан бичгүүдээр хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлсөн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Нэх: М ХХК-иас-ийн гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү .

Үнэлгээг тогтоолгохдоо шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх үүргийг танилцуулаад гарын үсэг зуруулж авсан байгаа. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн ажилтан, шинжээч Уртнасан гэдэг хүнд хуулийн зохих заалтуудыг танилцуулж гарын үсэг зуруулсан. Шинжээчийн дүгнэлт гаргасан Нямлхагва гэдэг хүнээр гарын үсэг зуруулаагүй боловч Уртнасан нь тус компанийн ажилтан мөн бөгөөд өөр бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ч дүгнэлт гаргадаг тул шинжээчээр томилогдсон байгууллагын ажилтанд хууль сануулсан. Шинжээчээр томилогдсон байгууллага нь өөрийн дотоод журмаараа өөр хүнээр дүгнэлт гаргуулсан гэж бодож байна. Шинжээчээр томилогдсон байгууллагад хууль сануулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасан журмын дагуу явагдсан. Хуулиар тогтоосон ямар нэгэн журам зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэх: М ХХК, Э.Б  нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны 81 тоот, 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 103,161,000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2016/01556 дугаар шийдвэрээр “Мэжигмийт” ХХК-иас 68,502,468.51 төгрөг гаргуулан Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2201006061 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны 81 тоот, 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

 Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрт дурдсан эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны 81 тоот, 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолыг гаргасан болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 854 дугаартай гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”, 132 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17271201/03 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай тогтоол” зэргээр нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх дээр дурдсан ажиллагааны талаар Нэх: М ХХК, Э.Б  нар нь маргаагүй ба тухайн ажиллагаанууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгч болон төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй, зөрүүтэй үнийн санал гаргасан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор мэргэжлийн үнэлгээчнээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны 81 тоот, 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 103,161,000 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан 132 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 284 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 799 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдож байна.

 

Нэх: М ХХК, Э.Б  нар нь хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан 103,161,000 төгрөгийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс хамаагүй бага, бодит байдалд нийцээгүй үнэлгээ гарсан ...” гэж тайлбарладаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нэмж тайлбарлахдаа “... шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг танилцуулж, шинжээчийн дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг танилцуулаагүй, тогтоолд гарын үсэг зурсан этгээд нь шинжээчийн дүгнэлт гаргасан этгээд мөн эсэх нь эргэлзээтэй ...” гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах үүрэгтэй юм.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Шинжээч томилох тухай” 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 284 дугаар тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээчид уг тогтоолыг танилцуулж гарын үсэг зуруулсан байх боловч тухайн гарын үсгийн тайлал байхгүй, ямар албан тушаалтай хэн гэгч гарын үсэг зурсан болох нь тодорхойгүй байна.

 

Дээрх гарын үсгийг хэн зурсан талаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Саяболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа “... энэ гарын үсгийг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д ажилладаг Уртнасан гэдэг хүн зурсан ...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсоны дагуу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээний мэргэжилтэн Д.Нямлхагва Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны 81 тоот, 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 103,161,000 төгрөгөөр үнэлж, дүгнэлт гаргасан бөгөөд тухайн дүгнэлтийг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн захирал Р.Зоригтын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 799 дугаар албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

                    

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээний мэргэжилтэн Д.Нямлхагва нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 255 дугаар тушаалаар олгогдсон хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад дүгнэлт гаргасан этгээд нь тухайн төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна.

 

Гэвч хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчийн дүгнэлт гаргасан хуулийн этгээд болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд болон үнэлгээчин Д.Нямлхагвад хуульд заасны дагуу тухайн хэрэгт хувийн сонирхолтой эсэх, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэх, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг тус тус урьдчилан тодруулаагүй ба шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулаагүй, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулаагүй байна.

 

Хариуцагчийн тайлбарлаж буй “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн ажилтан гэх шинжээч томилох тогтоолтой танилцсан Уртнасан нь тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба шинжээчийн дүгнэлтийг Уртнасан нь гаргаагүй байна.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилж шийдвэрлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны 81 тоот, 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 103,161,000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Үнэлгээний талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т зааснаар Нэх: М ХХК, Э.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны 81 тоот, 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 103,161,000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Нэх: М ХХК-иас-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, Нэх: М ХХК-иас-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ЦОЛМОНБААТАР