Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/00195

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 03 11 001/ХТ2021/00195

 

 

 

М.Шүрэнцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01933 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1597 дугаар магадлалтай,

М.Шүрэнцэцэгийн нэхэмжлэлтэй,

Б.Болдбаатарт холбогдох

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан төлбөр төлж барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 427 дугаар байрны 58, 428 дугаар байрны 129, 134, 139, 144 тоот, 430 дугаар байрны 76 тоот хаягт орших орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагч Б.Болдбаатар, хариуцагчийн өмгөөлөгч О.Мөнгөнчимэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч М.Шүрэнцэцэгээс 2018 оны 11 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, хүннүгийн гудамж 427 дугаар байрны 58, 428 дугаар байрны 129, 134, 139, 144, 430 дугаар байрны 76 тоот нийт 6 ширхэг орон сууцнуудыг тус тус албадан чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Тэрээр 2015 оны 07 сарын 16-ны өдөр хариуцагчтай 691,520,000 төгрөгийн төлбөр тооцооны үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн бүс гудамж, 54 тоот хаяг байрлах 550 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөлдөө шилжүүлж авсан бөгөөд улмаар 2016 оны 01 сарын 08-ны өдөр Б.Энхцацралд уг үл хөдлөх эд хөрөнгийг 600,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, төлбөрт нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, хүннүгийн гудамжинд орших дээрх 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2016 оны 01 сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, орон сууц бүрээр өмчлөх эрхийн гэрчилгээ авч, өмчлөх эрхээ баталгаажуулсан юм. Гэтэл хариуцагч Б.Болдбаатар Чи миний худалдсан газраар эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг арилжиж авсан тул чамд мөнгийг чинь олж өгнө, тийм учраас энэ үл хөдлөх хөрөнгүүдийг чинь би авъя" гэж хэлээд 2016 оны 01 сарын 08-ны өдөр төлбөр төлж барагдуулах тухай хэлцэл хийж, эдгээр орон сууцыг 2016 оны 02 сарын 28-ны өдрийн дотор худалдан борлуулах замаар төлбөр тооцоогоо дуусгана, хэрэв худалдан борлуулахгүй бол орон сууцуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд хэвээр үлдээнэ гэж тохиролцсон. Гэвч хариуцагч Б.Болдбаатар хугацаандаа худалдан борлуулаагүй, одоо болтол төлбөрийг барагдуулаагүй бөгөөд орон сууцуудыг эзэмшилдээ байлгаж байна. М.Шүрэнцэцэг 2018 оны 11 сард 2 ширхэг орон сууцыг эзэмшилдээ авсан хэдий ч үлдэх 6 ширхэг орон сууцыг эзэмшиж, ашиглаж чадахгүй байсан тул 2018 оны 10 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал хууль бусаар эзэмшиж байгаа 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлсэн байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны засаг даргаас энэ талаар тодруулахад уг орон сууцуудад оршин суугч бүртгэлгүй гэсэн хариу өгсөн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Энхцацралын тайлбарыг үзвэл тэрээр хариуцагч Б.Болдбаатар болон М.Шүрэнцэцэг нар газрыг орон сууцаар солиход хамт байсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, эзэмшлийн газраараа арилжиж олж авсан орон сууцыг хариуцагч Б.Болдбаатар одоо ашиглаж байна. Талууд төлбөр төлж барагдуулах гэрээ байгуулснаараа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан хэлцлийг хожим хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, Б.Энхцацрал болон нэхэмжлэгч М.Шүрэнцэцэг нарыг арилжаа хийхэд өмнөх гэрээ дуусгавар болсон. Хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр эсэх дээр маргаан гаргаагүй, хуульд зааснаар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Бид анх зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй, төлбөр төлж барагдуулах хэлцлийн дагуу хариуцагч тал 2016 оны 02 сарын 28-ны өдөр орон сууцыг худалдаад зээлийг төлөх ёстой байсан хэдий ч өөрөө үүргээ биелүүлээгүй. Талууд өмнөх үүргийг сольсон тул зээлийн гэрээний харилцаа дууссан. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д зааснаар төлбөр төлж барагдуулах хэлцлийг тодорхой болзол бүхий байгуулсан боловч хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3.-т зааснаар төлбөр төлж барагдуулах хэлцэл нотариатаар орж батлагдсан.

Хэлцлээ анзаараагүй хийсэн гэж хариуцагч тайлбарлаж байна. Эрх зүйн чадвартай хүн өөрийн хүслээр нотариатаар гэрээгээ батлуулсан. 2016 оны 01 сарын 08-ны өдөр хэлцэл хийснээс хойш төлбөр төлсөн гэх баримт хэрэгт байхгүй, төлбөр төлж барагдуулах хэлцэл дээр 49,920,000 төгрөгийн тооцоо байдаг. н.Ариунболдыг нэхэмжлэгч М.Шүрэнцэцэгийн нөхөр мөн гэдэгтэй маргахгүй, түүний н.Мягмаржавтай байгуулсан 80,000,000 төгрөгийн зээлийг төлбөр төлж барагдуулах хэлцэлд оруулсан гэж байна. Гэвч хэрэгт н.Мягмаржав, Б.Болдбаатар нар хамтарч зээл авсан талаар нотлох баримт байгаагаас гадна хариуцагч тал 80,000,000 төгрөгийг өөрөө төлнө гэж гарын үсэг зурсан. Ийм учраас н.Ариунболд, н.Мягмаржав нарын хооронд хийсэн гэрээний үүргийг хариуцагч Б.Болдбаатар төлбөр төлөх хэлцэл хийж үүргийн шилжүүлж авсан гэж хэлж болно. Үндсэн зээлийн үлдэгдэл 520,000,000 төгрөг гэж бичсэн тул үүнээс хүүгээ бодно. Төлбөр төлж барагдуулах хэлцлийн 3-рт 2015 оны 12 сарын 18-ны өдрийн байдлаар нийт үндсэн зээл 520,000,000 төгрөг, хүү 171,520,000 төгрөг, нийт 691,520,000 төгрөг болно, мөн 5-рт 2015 оны 12 сарын 28-ны өдрөөс 2016 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл сарын 8 хувийн хүүг хэвээр тооцно гэснээс гадна 774,720,000 төгрөг дээр татвар 9,500,000 төгрөг, нотариатын төлбөр 305,000 төгрөг төлнө, түүнчлэн 2016 оны 02 сарын 05-ны өдөр 16,000,000 төгрөгийг, мөн 28,000,000 төгрөгийг тус тус нэмж авсан байх тул нийт төлбөр төлж барагдуулах хэлцлийн үнийн дүн 828,525,000 төгрөг болсон. Хариуцагч тал 2016 оны 01 сарын 08-ны өдрөөс хойш 2 сарын хугацаанд нэг ч төлбөр төлөөгүй, дээрх орон сууцуудыг зах зээлийн үнээр худалдан борлуулах, худалдаагүй тохиолдолд М.Шүрэнцэцэгийн өмчлөлд хэвээр үлдээх байсан болзол биелэгдсэн. Өнөөдрийн байдлаар хэлцлийг хүчин төгөлдөр бус болох талаар өмнө ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй, орон сууцны өмчлөх эрхийг М.Шүрэнцэцэгээс шилжүүлэх, өмчлөгчийн талаар маргаж байгаагүй. Төлбөр төлж барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 56.5 болон 56.1.8.-д зааснаар сөрөг нэхэмжлэлээ үндэслэсэн, гэвч тус хуулийн 56.1.8.-д заасан шаардлагыг хангахгүй байна. Маргаж буй 6 ширхэг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлсэн учраас нэхэмжлэгч М.Шүрэнцэцэгийг өмчлөх эрхтэй гэж үзнэ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар эрхийн ямар нэгэн зөрчилгүй байна. Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь энэ хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д заасны дагуу дуусгавар болсон. Ийм учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би анх газар барьцаалуулан нэхэмжлэгч М.Шүрэнцэцэгээс зээл авсан бөгөөд зээлийн нөхцөлөө сайжруулах зорилгоор Тайгам Алтай ХХК-тай ярилцаад нэхэмжлэгчид 8 ширхэг байрыг өгсөн. Сүүлд 2016 оны 01 сарын 08-ны өдөр хийсэн хэлцэл хүртэл хоорондоо ойлголцоод явж байсан хэдий ч тухайн үеийн нөхцөл байдал, хууль зүйн мэдлэг дутуугаас болоод ийм хэлцэл хийсэн. Орон сууцуудыг түрээсэлж ашиг олоогүй, зээлээ тодорхой хэмжээнд төлж байсан, нэхэмжлэгчийн нөхөр н.Ариунболд мөнгөө нэхэх үед орон сууц өгч байсныг гэрч Ц.Болдбаатар хэлнэ. Талуудын хооронд 2015 оны 07 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагчийн нэр дээрх 3,651 м.кв талбайтай газар, 550 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд уг газар, үл хөдлөх хөрөнгийг Тайгам Алтай ХХК-нд худалдан борлуулж, төлбөрт 9 ширхэг орон сууц, 1 ширхэг гараж авах хэлцэл хийсэн. Тухайн үед нэхэмжлэгч М.Шүрэнцэцэгт 8 ширхэг орон сууц, гэрч Ц.Болдбаатарт 1 ширхэг орон сууцыг шилжүүлсэн ба гаражийг одоо болтол аваагүй байна. Тус төлбөр төлж барагдуулах хэлцлийг хариуцагч тал авсан зээлээ төлж дуусаад 8 ширхэг орон сууцыг өөрийн нэр дээр буцаан авах баталгаа болгож хийсэн. Гэтэл нэхэмжлэгч зээлийн төлбөрөөс гадна 6 ширхэг орон сууц авахаар нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэл гаргах болсон.

Хариуцагч Б.Болдбаатар нийт 440,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд 550 м.кв үл хөлдөх хөрөнгө, 3,651 м.кв газар шилжүүлж өгсөн. Энэ үед зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсан учраас Б.Энхцацралаас М.Шүрэнцэцэгт 8 ширхэг орон сууц шилжүүлсэн ба үүнээс 2 ширхэг орон сууцыг нэхэмжлэгчид зээлийн төлбөрт тооцож өгөөд гэрч Ц.Болдбаатарын нэр дээрх болон н.Мягмаржавын нэр дээрх нийт 3 ширхэг орон сууцыг худалдаад төлбөрийг нь нэхэмжлэгчид өгсөн. Гэрээнд зааснаар нийт 49,920,000 төгрөгийг зээлд төлсөн бөгөөд 2016 оны 01 сарын 08-ны өдрийн төлбөр төлж барагдуулах хэлцэл дээр нэхэмжлэгч М.Шүрэнцэцэгийн нөхөр н.Ариуболд, н.Мягмаржав нарын хооронд хийсэн 80,000,000 төгрөгийн зээлийг оруулж тооцоод нийт 520,000,000 төгрөг болгосон. Гэвч уг 80,000,000 төгрөгийг хариуцагч Б.Болдбаатарт хамааруулах ёсгүй. Зээлийн гэрээгээр тохирсон хугацаанаас хэтрүүлж хүү тооцсон ба хариуцагчид хохиролтой байгаа тул энэ гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсанаар 8 ширхэг орон сууцнаас 2 ширхэг орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгснөө хүлээн зөвшөөрч, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 427 дугаар байрны 58, 428 дугаар байрны 129, 134, 139, 144 тоот, 430 дугаар байрны 76 тоот хаягт орших орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Би н.Мягмаржавтай хамт зээл авч, нэхэмжлэгчийн нөхөр н.Ариунболд, н.Мягмаржав нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 2 ширхэг орон сууцыг зээлийн төлбөрт өгсөн. Эдгээр байрны үнэ нийт 160,000,000 төгрөг бөгөөд гэрч Ц.Болдбаатарын нэр дээрх 3 өрөө орон сууцыг худалдаж, төлбөрийг нь нэхэмжлэгчид өгсөн өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс н.Мягмаржавын үүргийг Б.Болдбаатарт шилжүүлсэн гэж байна. Гэтэл хавтаст хэргийн 65, 66, 67 дугаар талд орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээгээр 2015 оны 07 сарын 10-ны өдрөөс 10 сарын 10-ны өдрийн хооронд 80,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлсэн этгээд бол хариуцагч биш гэдгийг нотолно. Талууд анхнаасаа барьцааны зүйлийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн гэдгийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаан хуарангийн 39 байрны 67 тоотод орших 55 м.кв, 66 тоотод орших 48 м.кв талбайтай орон сууцыг тус бүр 40,000,000 төгрөгөөр н.Ариунболдод худалдсан гэдгээр нотолж болно. н.Мягмаржавын зээлийг бид нар хариуцах ёсгүй, 2015 оны 07 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг 2015 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан. Энэ хугацаанд л зээлийн хүү тооцох ёстой болохоос 2016 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл бодох ёсгүй. Ийм учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Уг 49,921,000 төгрөгийг гэрч Ц.Болдбаатарын байрыг 2017 оны 06 сарын 12-ны өдөр худалдаад нэхэмжлэгч М.Шүрэнцэцэгийн төлбөрт тооцож өгсөн. Гэтэл 2016 оны 01 сарын 08-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл хийхдээ 49,921,000 төгрөгийг хүүнд тооцож авсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Төлбөрөө төлж байгаагүй гэж тайлбарлаж байна, гэтэл хариуцагч тал газраа зараад авсан 8 ширхэг орон сууцыг зээлээ төлөөд буцааж авах гэж байсан. Гэвч үүнээс өмнө 3 ширхэг орон сууцыг нэхэмжлэгчид өгсөн учраас одоо үлдэх 6 ширхэг орон сууцыг буцаан авах нь зүйтэй. Иргэний хуулийн 56.1.8.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Б.Болдбаатарын эзэмшлийн газрыг захиран зарцуулах эрх нэхэмжлэгч М.Шүрэнцэцэгийн нэр дээр шилжээгүй байсан гэдэг нь гуравдагч этгээдтэй гэрээ хийж байхад харагддаг. Хариуцагч тал өөрөө худалдан авагчийг олсон, хэдийгээр эдгээр орон сууцыг нэхэмжлэгч М.Шүрэнцэцгийн нэр дээр шилжүүлсэн боловч захиран зарцуулах эрхийг хариуцагч Б.Болдбаатар мэднэ. Өөрөөр хэлбэл, 2016 оны 01 сарын 08-ны өдөр хийсэн хэлцэл дээр 9 ширхэг орон сууцны нэгийг гэрч Ц.Болдбаатарын нэр дээр шилжүүлсэн. Гэрч мэдүүлэгтээ хариуцагч Б.Болдбаатарын байр гэж тайлбарласан. Хэрэв нэхэмжлэгч М.Шүрэнцэцэг нь тухайн орон сууцуудыг бүрэн захиран зарцуулах эрхтэй байсан бол гэрчийн нэр дээр шилжүүлэх шаардлага байхгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага бол 6 ширхэг орон сууцыг чөлөөлүүлэх болохоос зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох талаар биш. Голомт банк ХХК-ийн дансны хуулга дээр 2 ширхэг байрны үнэ гэж оруулсан баримт бий. Нийт 520,000,000 төгрөгийн зээл гэж тооцох нь хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус байна. Маргаж буй 6 ширхэг орон сууц бий болох хөрөнгийн үүсвэр нь хариуцагч Б.Болдбаатарын өмчлөлийн 550 м.кв талбайтай үл хөдлөх, 3651 м.кв талбайтай газар байсан. Иймд, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01933 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг үндэслэн хариуцагч Б.Болдбаатарт Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 427 дугаар байрны 58, 428 дугаар байрны 129, 134, 139, 144 тоот, 430 дугаар байрны 76 тоот хаягт байрлах орон сууцуудыг чөлөөлөхийг даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5.-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Б.Болдбаатарын гаргасан нэхэмжлэгч М.Шүрэнцэцэгт холбогдох 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан төлбөр төлж барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 427 дугаар байрны 58, 428 дугаар байрны 129, 134, 139, 144 тоот, 430 дугаар байрны 76 тоот хаягт орших орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2.-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,287,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 421,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1597 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01933 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.30-ны өдрийн 1597 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Магадлалын Хянавал хэсэгт ...зохигчдын хооронд байгуулагдсан үндсэн зээлийн хэмжээг 520,000,000 төгрөг гэж тооцсон байх боловч дээрх 440,000,000 төгрөгөөс гадна 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа тэдгээрийн хооронд хэдийд үүссэн болохыг тодруулаагүй нь буруу болжээ. Үүнийг тодруулахаар хариуцагчийн өмгөөлөгч О.Мөнгөнчимэг 2019.03.04-ний өдөр Ц.Болдбаатар, С.Мягмаржав, А.Ариунболд, Э.Баярболд нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг, уг маргаанд хамааралгүй гэх үндэслэлээр 2019.03.13-ны өдрийн 101/Ш32019/04017 тоот шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, С.Мягмаржав, А.Ариунболд нарын хооронд байгуулагдсан 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээс тусдаа зохигчдын хооронд 80,000,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн эсэхийг тогтооход дээрх хүмүүсийн гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хангах нь ач холбогдолтой." гэжээ. Зохигчдын хооронд хийгдсэн 2015.07.16-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-ээр БГД, 4 хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, /16030/ 54 тоот хаягт байрлах 550 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 340,000,000 төгрөг буюу зээлийн гэрээний үнийн дүнгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсний дараа нэмж зээл авсан байдаг бөгөөд /хх-10 хуудсын ар тал/ дээрх зээлийн үнийн дүнгүүдийг гэрээний ард бичсэн байх боловч уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлээгүй. С.Мягмаржав, А.Ариунболд нарын хооронд байгуулагдсан 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг ч гэсэн мөн адил нэхэмжлээгүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодорхой яригдсан. С.Мягмаржав нь 80,000,000 төгрөгөө төлөөд А.Ариунболдод шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөө буцааж авах нь нээлттэй шүү гэж. Учир нь А.Ариунболд нэхэмжлэгчийн нөхөр тул бүх процессыг мэдэж байгаа. Тийм ч учраас анхан шатны шүүх хуралдаанд С.Мягмаржав, А.Ариунболд, Э.Баярболд нарыг гэрчээр асуух шаардлагагүй гэж үзсэн. Нэхэмжлэлийн шаардлага маш тодорхой. Нэхэмжлэгч 2015.07.16-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр шилжүүлж авсан үл хөдлөх эд хөрөнгийг 2016.01.08-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр 600,000,000 төгрөгөөр үнэлэн гуравдагч этгээдэд маргаан бүхий орон сууцуудаар арилжсан. Үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоо ч дээрх орон сууцуудыг ашиглаж байгаа. Тэрнээс биш магадлалд дурдаад байгаа шиг нийт зээлийн гэрээний үнийн дүн болох 520,000,000 төгрөгөөр БГД, 4 хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, /16030/ 54 тоот хаягт байрлах 550 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж аваагүй юм. 520,000,000 төгрөг дотор багтаад байгаа С.Мягмаржав, А.Ариунболд нарын хооронд байгуулагдсан 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээ ч энэхүү нэхэмжлэлд хамаагүй. Хэргийн гол агуулга нь хариуцагч Б.Болдбаатар 340,000,000 төгрөгөөр газраа нэхэмжлэгч М.Шүрэнцэцэгт шилжүүлсэн. Уг газрыг нэхэмжлэгч М.Шүрэнцэцэг гуравдагч этгээдэд 600,000,000 төгрөгөөр тооцон арилжсан. Энэ хэлцлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд л байгаа юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.30-ны өдрийн 1597 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.02-ны өдрийн 101/ШШ2019/01933 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч М.Шүрэнцэцэг нь хариуцагч Б.Болдбаатарт холбогдуулан Баянзүрх дүүргийн XXVI хороо, Хүннүгийн гудамж 427 дугаар байрны 58 тоот, 428 дугаар байрны 129, 134, 139, 144 тоот, 430 дугаар байрны 76 тоот, нийт 6 орон сууцыг албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 01 сарын 08-ны өдөр байгуулсан төлбөр төлж барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, нэхэмжлэлийн шаардлагад заасан 6 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргасан байна.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хуульд зааснаар хэрэгжих боломжгүй.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зүйл болсон 6 орон сууцны маргаанд зохигчдын хооронд урьд өмнө нь хийгдэж байсан зээлийн гэрээний үүргийн төлбөр, тооцооны асуудлаар талууд маргалджээ.

 

2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Төлбөр төлж барагдуулах хэлцэл-ээр нэхэмжлэгчийн өмчлөлийн 6 орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 28-ны дотор худалдан борлуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй гэсэн боловч хариуцагчид хөрөнгө борлуулах эрх шилжүүлсэн тухай итгэмжлэл хэрэгт авагдаагүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх хөрөнгийг хэрхэн шилжүүлсэн нь тодорхой бус байхад шаардах эрхийн үндэслэлийг хууль зүйн талаас нь дүгнэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомжгүй байна.

 

2. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч О.Мөнгөнчимэгийн Ц.Болдбаатар, С.Мягмаржав, А.Ариунболд, Э.Баярболд нарыг гэрчээр асуулгах 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлтийг маргаанд хамааралгүй гэсэн үндэслэлээр хангахаас татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн зохигчийн гаргасан шинжээч томилуулж, орон сууцны зах зээлийн үнэлгээг гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсаныг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1597 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,200.00 /дөрвөн зуун хорин мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД