Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 423

 

                                                           

 

 

 

2019          5              07                                             2019/ДШМ/423

 

                                                   П.Бт холбогдох эрүүгийн

           хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч П.Бын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Р.Цэрэнханд,

хохирогч М.Гантулгын хууль ёсны төлөөлөгч Б.Оюунцэцэг,

хохирогч Б.Идэрийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинбаяр,

хохирогч Н.Баасанжаргалын хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунтуяа, хохирогч А.Гансүхийн хууль ёсны төлөөлөгч А.Ганзориг, хохирогч Б.Идэрийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинбаяр, хохирогч М.Гантулгын хууль ёсны төлөөлөгч Б.Оюунцэцэг нарын өмгөөлөгч Х.Даваахүү,

иргэний хариуцагч Х.Мөнхбаатарын өмгөөлөгч Д.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Х.Мөнхбаатарын өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Р.Цэрэнханд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар П.Бт холбогдох эрүүгийн 201706000034 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дуут овгийн Пүрэв-Очирын Б, 1971 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг, тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ИЭ/;

П.Б нь Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Пуужинтай хөшөө” гэх нэртэй газарт 2017 оны 1 дүгээр сарын 19-ний оройн 18 цаг 30 минутын орчимд Х.Мөнхбаатарын эзэмшлийн Daewoo загварын 94-25 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тоормосны хийн даралтын гуурс нь салж асфальтан зам дээр зайлшгүй зогсолт хийхдээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгслээ зорчих хэсгээс бүрэн гаргалгүй зогсож байхад нь Улаанбаатар хотын чиглэлээс Булган аймгийн Рашаант сумын чиглэлд явж байсан Н.Баасанжаргал нь Тоуоtа Еstima загварын 47-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр араас нь мөргөж, улмаар Булган аймгийн Рашаант сумын чиглэлээс Улаанбаатар хотын чиглэлд Т.Сарантуяагийн жолоодон явсан Lexus 570 загварын 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гарсны улмаас А.Гансүхийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, Б.Идэр, Н.Баасанжаргал, М.Гантулга нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: П.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дуут овгийн Пүрэв-Очирын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, мөн 3 хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч П.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Бт оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бын цагдан хоригдсон 14 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Daewoo загварын 94-25 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилснийг хохиролд тооцон олгож, Тоуоtа Еstima загварын 47-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэнд нь буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Б, иргэний хариуцагч Х.Мөнхбаатар нараас хувь тэнцүүлэн 5.329.260 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунтуяад, 18.520.569 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мягмаржавд, 17.190.969 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинбаярт, 2.950.780 төгрөгийг гаргуулан хохирогч А.Гансүхэд тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинбаяр, хохирогч А.Гансүх, иргэний нэхэмжлэгч Д.Батболд, Д.Батжаргал нар нь бусад хохирлоо нотлох баримтаа хангалттай бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...2017 оны 1 дүгээр сарын 17-нд Мөнхбаатар, Энхтайван бид 3 Улаанбаатарын Эмээлт зах руу нэхий, шир ачиж гарсан. Замд их хүйтэн хий хураахгүй, түлш царцаад Дарханы Хонгорын сангийн аж ахуйд хоноод 1 дүгээр сарын 18-ны Эмээлтэд ирж хоноод, өглөө нь Мөнхбаатарыг сэлбэгэнд явуулж зориулалтын зэс трупыг авчруулан “солиод явъя” гэтэл Мөнхбаатар нь “ачаагүй хоносон юм чинь зүгээрээ, суу” гээд өөрөө бариад явсан. Тэгээд Төв аймгийн Эрдэнэсант өнгөрөөд надад бариулсан. Би бариад явж байтал автомашины төв труп задарч зайлшгүй зогсох шаардлагатай болсон. Тухайн үед би Мөнхбаатарт уурлаж “солиод явъя гээд байхад ийм зүйл боллоо” гэж хэлсэн. Тэгээд трупээ солих гэж байтал хоромхон зуур л ийм юм болсон. Тухайн үед осол болсон явдалд маш их харамсаж байна. Мөнхбаатарт  “эвдэрсэн трупыг сольё” гэж удаа дараа хэлсэн боловч солиогүйн улмаас осол болох шалтгаан болсон.

Иймд дээрх байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж, үнэн зөвийг олж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч П.Бын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Р.Цэрэнханд нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “...тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичнэ” гэснийг зөрчсөн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримттай нийцээгүй гэж үзнэ. Тухайлбал: Тээврийн прокурорын газраас ялтан П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс “...хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, заалт тохирсон байх тул шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д “...хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас...”, 1.2 дугаар зүйлийн 2-т “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2-т “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална.” гэжээ.

Гэтэл шийтгэх тогтоолын үндэслэлийн нэг болсон, дангаар болон бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан шинжээчид нь П.Быг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино" гэж дүгнэхдээ Засгийн газрын “Дүрэм батлах тухай” 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний дүрэм”-г баримталсан нь учир дутагдалтай юм.

Учир нь Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн баталж, дүрмийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолыг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэсэн байх тул шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлж, дүгнэлт гаргаж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байгаа юм. Тодруулбал: 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэд жолооч Пүрэв-Очирын Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх заалт “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлагад хашиж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно” гэсэн заалтыг ...зөрчсөн, ...47-42УБА улсын дугаартай Эстима маркийн ... хурдыг тогтоох боломжгүй, ...47-42УБА улсын дугаартай Эстима маркийн тээврийн хэрэгсэл, 94-25 ОРО улсын дугаартай Daewoo маркийн тээврийн хэрэгслүүд нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй, ... Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь жолооч Пүрэв-Очир овогтой Б нь ...тээврийн хэрэгслээ зорчих хэсгийг чөлөөлж зогсоогүйгээс болж уг хэрэг гарсан байна” /1хх 128-130/,

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 11/26 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлтэд “...жолооч П.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.7 дугаар заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэснийг зөрчсөн,  ...жолооч Н.Баасанжаргалыг Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна, ...хурдыг тогтоох боломжгүй байна, ...жолооч П.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.7 дугаар заалтыг баримтлан зорчих хэсгийг чөлөөлөөгүй нь зам тээврийн осол хэрэг гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна, ...жолооч нь 11.7 дугаар заалтыг баримтлан замын тухайн хэсгээс автомашинаа нэн даруй зайлуулах ёстой байсан” /2хх 78-79/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2786 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Хийн даралтын гуурс салсан үед хий хураагдахгүй, битүүмжлэл алдагдаж, хийн тоормосны систем ажиллахгүй. Энэ гэмтэл нь техникээс шалтгаалсан, хөдөлгөөн цаашид үргэлжлүүлэх боломжгүй ба зам бүрэн чөлөөлж зогсох боломжгүй зайлшгүй зогсолт, ...хийн даралтын гуурс салж, битүүмжлэл алдагдсан тул тоормосны систем хэвийн бус ажиллагаатай байна, ...хийн даралтын гуурс салсан гэмтэл нь хөдөлгөөн цаашид үргэлжлүүлэх боломжгүй, зайлшгүй зогсолт юм” /2хх 66-68/ гэжээ.

Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд П.Бын жолоодож явсан Daewoo маркийн автомашины тоормосны систем эвдэрч, хөдөлгөөнд оролцох ямар ч боломжгүй, нам зогссон, энэ гэмтэл нь техникээс шалтгаалсан байхад ямар үндэслэлээр “замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүй” гэдгээр буруутгаж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй, эргэлзээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж үндэслэлтэй юм.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Иргэний хариуцагч Х.Мөнхбаатарын өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх П.Быг гэм буруутайд тооцсон учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч Х.Мөнхбаатараас хохирогч нарт учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт П.Б, Х.Мөнхбаатар нараас хувь тэнцүүлэн нийт хэдэн төгрөг гаргуулж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэж байгаагаа заагаагүй байна. Тогтоох хэсэгт заасан мөнгөний дүнг хооронд нь нэмж тооцвол нийтдээ 43.900.229 төгрөг болж байна.

Шүүх П.Быг гэм буруутай болох талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дурдаад дүгнэлт хийсэн байна. Харин П.Б болон иргэний хариуцагч Х.Мөнхбаатар нараас гэм хорын хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд цугларсан нотлох баримтад ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч нарын гэм хорын нэхэмжлэлд хавсаргаж өгсөн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлэх үүргээ шүүгч хэрэгжүүлээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан “...шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, мөн зүйлийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол ...хэр хэмжээ” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн дээрх хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Гэм хорын хохирлын баримтууд нь хуулийн шаардлагыг хангасан баримт мөн эсэхийг шүүх шалгаж үнэлээгүйгээс болж төлөх ёсгүй мөнгийг төлөх болж байна.

Түүнчлэн иргэний хариуцагч Х.Мөнхбаатарын жолооны үнэмлэхийг буцаан олгохоор шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар оролцогчдод мэдэгдээгүй бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд хэлэхэд шүүгч огт өөр захирамж үзүүлэхээр өгсөнөө гэнэт уурлаж “чи үзэх ямар эрхтэй юм бэ” гээд буцаагаад авсан. Шүүгчийн туслахаас урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан эсэх, яаж шийдвэрлэсэн талаар лавлахад “шүүгч дээр захирамж нь байгаа” гэсээр байгаад шүүх хуралдаан болсон. Оролцогчдод урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан эсэх, хэрхэн шийдвэрлэсэн болохыг танилцуулалгүй шүүх хуралдаан болоод өнгөрсөн. Урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх нь иргэний хариуцагчийн хувьд маш чухал асуудал бөгөөд П.Быг гэм буруугүй гэж үзэх үндэслэлүүдийг дахин шалгуулах шинжээчдийн дүгнэлтийн зөрүүг арилгах зэрэг олон асуудлыг дахин шалгах шаардлагатай байсан юм.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаана уу...” гэв.

 

Хохирогч М.Гантулгын хууль ёсны төлөөлөгч Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогч Б.Идэрийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед миний хүү Б.Идэрийг машин бариагүй гэдгийг жолоочийн хажууд сууж байсан Итгэлтөгс батална. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогч Н.Баасанжаргалын хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунтуяа, хохирогч А.Гансүхийн хууль ёсны төлөөлөгч А.Ганзориг, хохирогч Б.Идэрийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинбаяр, хохирогч М.Гантулгын хууль ёсны төлөөлөгч Б.Оюунцэцэг нарын өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр болсон. Тухайн үед дагаж мөрдөж байсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Эрүүгийн хууль хүчингүй болоогүй. Харин замын хөдөлгөөний дүрэм 2018 оны 11 дүгээр сараас эхлэн өөрчлөгдсөн. Осол болсноос хойш хүчингүй болсон гэх замын хөдөлгөөний дүрэм хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан учир тухайн үеийн техникийн шинжээч нар замын хөдөлгөөний дүрмийн заалтыг баримталж дүгнэлтээ гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр хөдөлгөөнийг үргэлжлүүлэх боломжгүй, харин зайлуулах боломжтой гэж үзсэн. Мөн тухайн үед хэн машин жолоодож байсан талаар гэрч нарын мэдүүлгүүдэд тодорхой байдаг. Ялтны хувьд өөрт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх зорилгоор давж заалдах гомдол гаргасан боловч өмгөөлөгч нарын зүгээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх санал гаргаж байгаа нь эсрэг байр суурьтай байгаа учир шүүх бүрэлдэхүүн уг асуудлыг анхаарч үзэж, анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2017 оны 1 дүгээр сард болсон осол нь тухайн үед мөрдөгдөж байсан замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтаар явагдана. Шинэ дүрмийн заалт болон зохицуулалтыг хэрэглэх боломжгүй. Хэрэгт авагдсан баримтаар гэрч, хохирогч, шүүгдэгч нар нь машинд эвдрэл гарч замыг чөлөөлж зогссон гэж мэдүүлдэг. Тухайн үед боломжит хэмжээнд зогссон эсэх талаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тодорхой байдаг. Иргэний хариуцагчийн хувьд тухайн үед учирсан хохирлын хэмжээг хувь тэнцүүлэн гаргуулахаар заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

П.Б нь Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Пуужинтай хөшөө” гэх нэртэй газарт 2017 оны 1 дүгээр сарын 19-ний оройн 18 цаг 30 минутын орчимд Х.Мөнхбаатарын эзэмшлийн Daewoo загварын 94-25 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тоормосны хийн даралтын гуурс нь салж асфальтан зам дээр зайлшгүй зогсолт хийхдээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгслээ зорчих хэсгээс бүрэн гаргалгүй зогсож байхад нь Улаанбаатар хотын чиглэлээс Булган аймгийн Рашаант сумын чиглэлд явж байсан Н.Баасанжаргал нь Тоуоtа Еstima загварын 47-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр араас нь мөргөж, улмаар Булган аймгийн Рашаант сумын чиглэлээс Улаанбаатар хотын чиглэлд Т.Сарантуяагийн жолоодон явсан Lexus 570 загварын 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гарсны улмаас А.Гансүхийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, Б.Идэр, Н.Баасанжаргал, М.Гантулга нарын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч П.Бын : “...Осол гарсан явдалд харамсаж байна. Тээврийн хэрэгсэл хурдан замаас зайлуулах шаардлагатай байсан. Энэ асуудал 5-10 минутын хугацаанд болж өнгөрсөн. Би замын хажууд боломжийн шахаж зогссон байсан...”,

иргэний хариуцагч Х.Мөнхбаатарын: “...Тухайн үед Б машин барьж явсан. Машины автоматны хийн труп тасраад хянах самбар дээр гарахгүй байсан болохоор гэгээтэй байхад янзлана гээд замаа чөлөөлөөд зогссон. Би машинд арын сандал дээр хэвтэж байгаад бууж машинаа тойроод кабинаа өргөөд байж байхад машин ирээд тас гээд л явсан. Зөв талаас нэг хүн бууж ирсэн, “хэн барьж явсан” гээд л байсан...”,

хохирогч Н.Баасанжаргалын хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунтуяагийн: “...Мөн тусгай түргэний машин хөлсөлсөн шинжилгээ хийлгэсэн, буяны цайллагын гарын зүйлд нийт 5.329.260 төгрөг нэхэмжилж байна...”,

хохирогч М.Гантулгын хууль ёсны телөөлөгч Д.Мягмаржавын: “...нийт 20.128.169 төгрөг нэхэмжилж байна. Сэтгэл санаа эд материалын хохирол ихтэй байна...”,

хохирогч А.Гансүхийн хууль ёсны төлөөлөгч А.Ганзоригын: “...Осол болоход би хотоос хамгийн түрүүнд очсон. Гэтэл эдгээр хүмүүс хамгийн түрүүнд эрүүл мэндийн түргэн тусламж өгч байх ёстой байхад үзүүлээгүй байсан. Намайг очиход гадаа маш хүйтэн байсан. Түргэн тусламж ирэхгүй удсан. Би өөрөө жолооч хүн автомат хий хураамж хураагаад 3-4 баллон байдаг 5-10 минут энерцээр явах чөлөөтэй боломж байсан. Машин зай шахаагүй байсан. Труп нь 2-3 залгаатай хуучин байсан. Гансүхийн хараа муудсан хасах 3 болж байна. Даралт хэлбэлздэг болсон. Өөрөө Испани Улсад байдаг. Хавтаст хэрэгт авагдсан хохирлыг нэхэмжилж байна. Эмчилгээний баримт гаргасан. 5.000.000 гаруй төгрөг байдаг нэхэмжилж байна...”,

хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Итгэлтөгсийн: “...2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 3 цагт Улаанбаатар хотоос гарсан. Осол гарахад гадаа харанхуй байсан. Машин гэрэл цацруулагч ч байгаагүй. Би хохирсон боловч шинжээч эмчийн дүгнэлтээр хөнгөн гэж тогтоосон. Гэхдээ нугасанд гэмтэл авсан байсан. Шүд унасан аваарын бүс л намайг тогтоосон. ...Мөнхбаатар машин эзэмшигч байж машины бүрэн бүтэн байдлыг хангах ёстой. Аваар гарсны дараа хохирогч нар өөрсдөө л мөлхөөд гарч ирсэн. Замаа бүрэн чөлөөлж өгөөгүй. Би жолоочдоо ч хэлж байсан. “Хурдан яваад байна, удаан яв” гэж хэлж байсан. Шинжээчийн дүгнэлттэй бүрэн санал нэг байна. Зогсоод удаагүй гэж байна. Багаж гаргаж тавиад байж байсан өчнөөн л удсан байна. Арын машин хурд хэтрүүлж явсан гэж хэлж байна. Хагас өгсүүр зам байсан, ямар машин хурдтай явах юм бэ бодож үзэх хэрэгтэй байна...”, “...Бааска бид хоёртой нэг машин гэрлээ шилжүүлээд зөрж өнгөрсөн бас дахиад цааш явж байхад машины гэрэл харагдсан юм. Тэр үед би машин өөдөөс ирж байгааг харсан ба гэнэт тас хийгээд юм мөргөх шиг болсон. Түүнээс хойш юу болсныг хэлж мэдэхгүй байна..." /1хх 56-57/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Энхзаяагийн: “...Улаанбаатараас Булган аймаг явсан. Замдаа нэг зогсоод хоол ундаа уучихаад хөдлөөд 20-30 минут яваад осол гарсан. Машины ард ямар ч тэмдэглэгээ байгаагүй. Осол болсны дараа юу ч болоогүй юм шиг тэмдэглэгээ бариад явж байсан. Манай машинаас 3 хүн бурхан болсон. Lexus 570 машинаас хүн гарч ирээд “хайран машин, наад хүмүүс чинь үхсэн юм биш үү” гээд байсан. Та “дуудаад өг” гэхэд “би яагаад дуудах ёстой юм бэ” гэж хэлж байсан. Нас барсан хүний царайг би харсан...”, "...Би хамгийн арын суудалд явж байсан болохоор хэр зэрэг хурдтай явсныг нь анзаараагүй. Их хурдтай яваагүй аажуухан явж байгаа юм шиг санагдаж байсан. Осол болох үеэр гэгээ тасраад бараг харанхуй болсон байсан. Тухайн үед миний нүүр шилэнд зүсэгдсэн байсан, толгой тархи болон бүх бие доргисон байсан. Харин хугарч гэмтсэн юм байхгүй. Шууд Гэмтлийн эмнэлэгт ирж үзүүлэхэд эмч үзээд “хэвтэх шаардлагагүй, хэвтэх бол хувиараа хэвтэж болно” гэсэн. Ингээд гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Толгойн зураг авахуулсан. Толгойгоо бариулахад хүүхэн тархиндаа гэмтэлтэй байна гэж байсан. Одоо толгой өвддөг зовиуртай байгаад байна. ...тэр машин замаа бүрэн чөлөөлж зогсоогүй, арын аваарын гэрлээ асаагаагүй, мөн ослын гурвалжин тэмдэгээ тавиагүй байсан бөгөөд ачааны машины жолооч ослын тэмдэгээ гартаа барьчихсан миний урдуур гараад машины ард тавьж байхыг би харсан..." /1хх 40-42/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинбаярын: "...Булган аймгийн Рашаант суманд гарсан зам тээврийн ослын улмаас миний хүү Идэр нас барсан хэрэгт хохирогчоор оролцож байна. ...оршуулгын зардал болон бусад зардалд 17.040.969 төгрөг гарсан. Үүнээс одоогоор ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй, энэ мөнгөө нэхэмжилж байна, мөн 1 нас 2 сартай Идэрийн Цэцүүхэй хүүхдийн тэтгэмжийг насанд хүртэл гаргуулмаар байна..." /1хх 44, 2хх 56/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Гансүхийн: "...Тэгсэн чинь “эвдэрсэн юм чинь яалаа гэж асдаг юм бэ” гэсэн. Ингэж хэлэхээр нь би “та хэд аваарын анхааруулах тэмдэгээ тавьдаггүй юм уу” гэхэд “салхинд хийсээд унасан байна лээ” гэж хэлсэн. Тэгхээр нь би “ослын гурвалжин тэмдэгийг чинь хармаар байна” гээд машины хойшоо алхаад ...анхааруулах тэмдэг гэх зүйл харагдаагүй. ...Би эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна. Одоо би жүжигчний мэргэжлээрээ ажиллах боломжгүй, группт гарах болчихоод байгаа. Би эмчилгээ хийлгэсэн зардлаа бүгдийг нэхэмжилж авмаар байна. Мөн бусад ажилгүй байсан өдрийн цалин, цаашид эмчилгээ хийлгэх, хийлгэсэн зардлынхаа мөнгийг нэхэмжилж авмаар байна..." /1хх 47-48/,

иргэний нэхэмжлэгч Д.Батболдын: "...Тухайн үед миний машиныг манай эхнэр М.Сарантуяа барьж явсан ба энэ ослоос болж манай машинд сууж явсан хүмүүсээс биедээ гэмтэл авсан хүн байхгүй. ...аваарын ямар нэгэн гэрэл, дохио асаагаагүй байсан. Харин миний эзэмшлийн 12-96 УНҮ улсын дугаартай Lexus 570 маркийн автомашинд шууд 33.111.000 төгрөг, нийт 35.772.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлоо би буруутай жолоочоор гаргуулан авмаар байна. Хохирлоос одоо болтол нэг ч мөнгө төгрөг аваагүй..." /1хх 50, 2хх 45-46/,

иргэний нэхэмжлэгч Д.Батжаргалын: “...Миний машин ослын улмаас эвдэрсэнд гомдолтой байна. Би машины хохирол мөнгөө барагдуулж авмаар байна. Би 2014 оны 10 дугаар сард 8.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо машины хохирол 6.000.000 сая төгрөг нэхэмжилж байна..." /1хх 52-54, 2хх-58/,

гэрч М.Сарантуяагийн: "...Би 60 гаран км/цагийн хурдтай явж байгаад хурдаа сааруулаад 40 км цагийн хурдтай болгоод хажуугаар нь зөрөх гэж байхад том ачааны машины хажууд 2 хүн зогсож байсан. Тэгтэл том ачааны машины хойд тэвшийг зөрж өнгөрөх гэтэл эсрэг урсгалаас буюу зүүн гар талаас нэг машин гэнэт гарч ирээд мөргүүлсэн. ...Миний өөдөөс нэг машины гэрэл заахан зайтай ирж байгаа нь харагдсан. Тэр машин нь том ачааны машиныг ирж ар талаас нь мөргөсөн юм. ...аваарын ямар нэг гэрэл, дохио асаагаагүй байсан... " /1хх 58/,

гэрч Р.Бямбацогтын: “...Тэгтэл гэнэт таг хийгээд машин юм мөргөж байгаа юм шиг чимээ гарсан. Тэгээд би сэрсан ба машин замаас хальт гараад зогссон байсан...” /1хх 59/  нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 9, 10, 11 дугаартай дүгнэлтүүд /1хх 67-69, 77-78, 84-85/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2320 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 113/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2364 дугаартай дүгнэлт /1хх 117/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2786 дугаартай дүгнэлт /2хх 66-68/, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 69-75/, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 11/26 дугаартай "...Daewoo маркийн 94-25 ОРО улсын дугаартай автомашины жолооч П.Б нь зорчих хэсгийг бүрэн чөлөөлж автомашинаа зогсоогоогүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д заасан "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино" гэснийг зөрчсөн..." гэх дүгнэлт /2хх 78-79/, Хөрөнгийн үнэлгээний "Лэндс" ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 17-48 дугаартай "Тоёота стима маркийн 47-42 УБА улсын дугаартай автомашины зах зээлийн дундаж ханш 7.541.666 төгрөг" гэх үнэлгээ /1 хх 33/, Хөрөнгийн үнэлгээний "Лэндс" ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 17-47 дугаартай "Daewoo маркийн 94-25 ОРО улсын дугаартай автомашины зах зээлийн дундаж ханш 32.583.333 төгрөг, эвдрэл 1.400.600 төгрөг" гэх үнэлгээ /1хх 136-138/, "Итгэлт Эстимэйт" ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 73045 дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ "Лексүс 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай автомашины хохирлыг 35.772.000 төгрөг" гэх үнэлгээ /2хх 81-83/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэмжилтийн бүдүүвч /1хх 3-14/, автомашинуудад үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1хх 15-25/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдыг эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн 3 хүний амь нас хохирсон хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгч П.Бын “...хорих ялыг хөнгөрүүлж, өгнө үү...”, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Р.Цэрэнханд, иргэний хариуцагч Х.Мөнхбаатарын өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь П.Бт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар зөв дүгнэлт хийсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж  заасантай нийцжээ.

Шүүгдэгч П.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгч П.Бт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Бын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан байна.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батхишиг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 04 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор эрүүгийн 201706000034 дугаартай хэргээс Х.Мөнхбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Х.Мөнхбаатараас хураан авсан эд зүйлгүй, эд мөрийн баримт, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ. /3хх 211-212/

Мөн прокуророос П.Бт холбогдох эрүүгийн 201706000034 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэхдээ иргэний хариуцагч Х.Мөнхбаатарын жолооны үнэмлэхийг хэргийн хамт шилжүүлээгүй болно.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байх тул иргэний хариуцагч Х.Мөнхбаатарын өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан “...Х.Мөнхбаатарын жолооны үнэмлэхийг буцаан олгохоор шийдвэрлэлгүй орхигдуулсан, ...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар оролцогчдод мэдэгдээгүй...” гэх давж заалдах гомдол няцаагдаж байна.

 

Хавтас хэрэгт П.Бын “...Тэгэхээр нь би яаралтай зогсоох арга хэмжээ буюу замын ертөнцийн зүгээр хойш жолоочийн баруун гар тал руу шахаж зогссон. ...би замаа бүрэн чөлөөлж зогссон. Би жолоочийн баруун гар тал руу буюу ертөнцийн зүгээр хойшоо машинаа шахаж зогссон. /1хх 162-163/, “...машины хийн труп задраад зам дээр зайлшгүй зогсолт хийсэн. ...би машин эвдрээд зогсонгуут өөрийн боломжоор замын баруун тал руу шахаад баруун талын дугуйнууд замаас гараад шороон дээр байсан, шорооны эрмэгээс баруун талын хойд дугуй 20 орчим см байсан...” /2хх 103-104/ гэх мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн хэрэг, осол гарсан газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-12/ авагджээ.

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл шүүгдэгч П.Бын жолоодож явсан Daewoo маркийн тээврийн хэрэгслийн тоормосны хийн даралтын гуурс нь салж, тэрээр асфальтан зам дээр зайлшгүй зогсолт хийхдээ зорчих хэсгийн баруун гар тал руу шахаж зогссон гэж мэдүүлж байгаа хэдий боловч хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс харахад тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн баруун гар тал руу шахаж, зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсох боломжтой байсан гэж давж заалдах шатны шүүх үзэв.  

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгчдэгч П.Б болон иргэний хариуцагч Х.Мөнхбаатар нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх хохирогч Б.Идэрийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинбаярт хохирлыг гаргуулахдаа өмгөөлөгчийн хөлсийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул өмгөөлөлийн хөлсийг хасч, түүнд 15.040.969 төгрөг олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагатай байдаг.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт ойлгомжгүй байдлаар бичигдсэн байх тул Daewoo маркийн 94-25 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Toyota Estima маркийн 47-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Д.Батжаргалд буцаан олгож хэмээн агуулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч П.Бт, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Р.Цэрэнханд, иргэний хариуцагч Х.Мөнхбаатарын өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.