Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2018/01239

 

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2018/01239

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: ГӨС

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц / /, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Т.З / / нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч Г.Цы хамт гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс өөрийнхөө байрны ГӨ-2 СӨХ-нд харуул хийж байлаа. Улмаар тус СӨХ-ны удирдах зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 09 тоот тогтоолоор СӨХ-ны захирлаар томилогдож, тухайн үед 7,200,000 төгрөгийн өртэй, 20,097,800 төгрөгийн авлагатай, дансандаа 56,000 төгрөгтэй СӨХ-г хүлээн авч байсан. Миний бие хуульд заасны дагуу эрх үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байсны зэрэгцээ хариуцсан ажил байдлаа ямар түвшинд байгааг дүгнүүлэхээр хуулийн дагуу нийт оршин суугчдын хурлыг 3 удаа хийж, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд элсүүлж, түүний ерөнхий захрал Х.Галбаатарыг нэг удаагийн нийт оршин суугчдын хуралд урьж оролцуулан ажил байдлаа танилцуулж байсны зэрэгцээ дээрх хурлуудад ямар нэг асуудалтай, шүүмжлэл дагуулсан зүйл огт байгаагүй. Удирдах зөвлөлийн даргаас өгөгдсөн үүргийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 29-ний 11 цагт нийт оршин суугчдын 2017 оны ээлжит тайлангийн хурлыг хийхэд СӨХ-ны ажлыг хуралд оролцсон бүх хүмүүс дэмжсэн. Гэтэл 27 хоногийн дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 03 тоот тогтоолоор нэг жилийн хугацаагаар хийсэн Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Учрыг тодруулахаар би удирдах зөвлөлд хандаж өргөдөл бичсэн ч надад хариу өгөөгүй ажлыг минь хүлээж авсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа гэрээний 2.1, 3.10 дахь хэсэгт зааснаар ажлаас халсан. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан учир гүйцэтгэх захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулахаар нэхэмжилж байгаа. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгахыг хүсч байна. Би удирдах зөвлөлд тайлангаа сар бүр, цаг тухайд нь гарган өгч байсан. Би энэ хотхоны 21 дүгээр байрны 17 тоотод амьдардаг учраас гэрээсээ өглөө гараад л ажлаа хийж эхэлдэг байсан. Би өөрийгөө 24 цагийн турш ажиллаж байсан гэж бодож байна. Оршин суугчид болон СӨХ-ны удирдах зөвлөлийн 95 хувь нь намайг энэ СӨХ-ны ажлыг сайжруулж, урьд урьдын хүмүүсээс илүү сайн ажиллаж байна гэж урам өгч байсан учир ажлаа боломжийн сайн хийж байсан гэж бодож байгаа.

Ажлаас халсан тушаалын заалтуудад СӨХ-ны хуулийн 10.8.8, Хөдөлмөрийн гэрээний 2.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд байсан. Хөдөлмөрийн гэрээний үндэслэлээр ажлаас халж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг үндэслэх ёстой. Гэвч энэ тогтоолд ийм заалт огт байхгүй бөгөөд, дараа нь дахиж гаргасан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн заалт бичсэн байсан. Энэ нь нотлох баримтыг хуурамчаар гарган өгч байгаа хэлбэр бөгөөд тушаалд Хөдөлмөрийн хуулийн заалтыг нэмж бичсэн байгаа нь зөрчил юм. Ц.Б нь үнэхээр ажлаа хийхгүй, зөрчилтэй байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ноцтой зөрчил гэж арга хэмжээ авч болно. Түүнийг ажил хийдэггүй, хариуцлагагүй байсан гэдэг тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Хэрвээ үнэхээр хариуцлагагүй ажиллаж байсан бол түүнтэй байгуулсан гэрээгээ 3 удаа сунгах шаардлагагүй байсан. Оршин суугчид ч гэсэн Ц.Бын ажлыг үнэлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гүйцэтгэх захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү. Мөн тэмдэгтийн хураамжид илүү төлөгдсөн хураамжийг буцаан олгох шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч ГӨ-2 СӨХ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь өмгөөлөгч Т.Зын хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ГӨ-2 СӨХ-ны удирдах зөвлөлийн 9 дугаартай тогтоолоор Ц.Быг тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллуулах болсон. Уг тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд хяналт тавих, чиг үүргийн дагуу мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр удирдах зөвлөлийн гишүүн Р.Б томилсон боловч тэрээр тогтоолын дагуу хяналт тавих гэхэд гүйцэтгэх захирал Ц.Б хэл амаар доромжилж, гүжирдэж байгаа учир тухайн үүрэг болгосон тогтоолын заалтыг хүчингүй болгуулах хүсэлтийг өгч байсан. Мөн Хөдөлмөрийн гэрээний 3.11-т заасны дагуу ажлаа тайлагнахдаа ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тайлан өгсөн зэрэг үндэслэлүүдээр 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ц.Бт Сануулах арга хэмжээ авах тухай бичгэн сануулгыг өгсөн. Гэтэл Ц.Б нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тайлан биш тайлбар өгсөн. Хос-Өргөө 2 хотхоны оршин суугчид Хос Өргөө 2 гэсэн Фэйсбүүк групптэй бөгөөд, тус групп дээр 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр оршин суугчид гадаа цас цэвэрлэхгүй байна гэсэн санал гомдлын дагуу 11 дүгээр сарын 18-ны өдөр удирдах зөвлөл хуралдаж, гүйцэтгэх захирлыг ажил үүргээ ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хариуцлагатай сайн гүйцэтгэхгүй байна, ажлын цаг ашиглалт муу, ажлын байран дээрээ байх нь ховордсон, гадаа талбайн цас мөс цэвэрлээгүйгээс оршин суугчид гомдолтой байгаа зэрэг шалтгаануудаас үүдэн Гүйцэтгэх захирлын 2 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авах шийд гаргасан. Тус өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн 02 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоол гарж, 11 дүгээр сарын 20-ны Даваа гарагт дээрх тогтоолыг Гүйцэтгэх захиралд өгөхөөр СӨХ-ны байранд очсон боловч ажлын байран дээрээ байгаагүй буюу ажилдаа ирээгүй. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Удирдах зөвлөлийн гишүүд уулзаж, сахилгын шийтгэл ногдуулах тогтоолыг өгсөн боловч хүлээж авахгүй гэж хэл амаар доромжилсон учир Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, Гүйцэтгэх захирал Ц.Бын гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн 03 дугаартай тогтоолд зурагдсан гарын үсгүүд гишүүдийн гарын үсэг мөн боловч энэ жинхэнэ тогтоол биш, төсөл юм. Жинхэнэ тогтоол нь 04 тоот тогтоол байгаа. Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь оршин суугчдаас 2-3 удаа гомдол ирүүлдэг, удирдах зөвлөл нь хуралдаад түүнд удаа дараа сануулга өгөхөд хүлээж авдаггүй хүн юм. Байрны хаалганы код солихдоо бидэнд мэдэгдэлгүй, дур мэдэн мөнгө зарцуулж сольсон байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч ГӨ-2 СӨХ-нд холбогдуулан, тус СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ГӨ-2 СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Ц.Быг сахилгын зөрчил удаа дараа гаргасан учир ажлаас чөлөөлсөн Удирдах зөвлөлийн тогтоол хуульд нийцсэн гэж тайлбарлан маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй байдаг бөгөөд, нэхэмжлэгч Ц.Б нь ажлаас чөлөөлөгдсөн тухай ажил олгогчоос түүнд хүлээлгэж өгсөн шийдвэр болох ГӨ-2 СӨХ-ны удирдах зөвлөлийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03 тоот тогтоолын хуулбарыг хүлээн авч, ажлаас буруу халагдсан тухай гомдлоо 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна. /хх 4/

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ц.Б нь ГӨ-2 СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 09 тоот тогтоолоор тус СӨХ-ны Гүйцэтгэх захирлын ажилд томилогдон, удирдах зөвлөлийн даргатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр уг гэрээгээ шинэчлэн, 1 жилийн хугацаагаар сунгасан байх бөгөөд, талуудын хооронд хүчин төгөлдөр Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсчээ. /хх 104-110, 63-64/

Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа Ц.Б нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажлыг хийж гүйцэтгэж байсан болох нь ГӨ-2 СӨХ-ны 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, 2017 оны 3 дугаар улирлын байдлаарх санхүүгийн тайлангийн тухай тайлбар, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, хэрэгт баримтаар авагдсан Харуулын дэвтрүүдээр тус тус тогтоогдож байна. /хх 8-9, 62, 66/

Харин 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажил олгогч ГӨ-2 СӨХ-ны удирдах зөвлөл нь ажилтан Ц.Бтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлаж, түүнийг Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, нэг утга агуулгатай боловч хоёр өөр буюу №03, №04 гэх дугаар бүхий Удирдах зөвлөлийн тогтоолуудыг гаргасан байна. /хх 4, 94/

Тодруулбал: Нэхэмжлэгч Ц.Баас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №03 тоот Удирдах зөвлөлийн тогтоол нь хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэх шаардлагыг хангаагүй, нотариатчаар гэрчлүүлээгүй хуулбар хувь боловч, ажил олгогчоос түүнд хүлээлгэн өгсөн шийдвэр байх бөгөөд, үүнд удирдах зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь хариуцагч ГӨ-2 СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон, зохигчид энэ асуудлаар маргаагүй тул шүүх уг баримтанд дүгнэлт хийх үндэслэлтэй гэж үзлээ. /хх 4/

Дээрх №03 тоот Удирдах зөвлөлийн тогтоолоор Цоодол овогтой Батбаатартай байгуулсан 02 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцлахдаа ажил олгогч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.8.8, СӨХ-ны удирдах зөвлөл, Хөдөлмөрийн гэрээний 2.1, 3.10 дахь хэсэг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын шийдвэр зэргийг үндэслэн нэхэмжлэгч Ц.Быг СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Харин хариуцагч ГӨ-2 СӨХ-ноос нэхэмжлэлд хавсаргагдсан №03 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тогтоолоор нэхэмжлэгч Ц.Быг ажлаас чөлөөлөөгүй, уг тогтоол нь холбооны тамга дарагдаж баталгаажаагүй төсөл байсан гэж тайлбарлан, өөрийн тайлбар татгалзлыг нотлохоор тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №04 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тогтоолыг нотлох баримтаар гаргасан.

Уг тогтоолоор Цоодол овогтой Батбаатартай байгуулсан 03 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцлахдаа ... Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8, 10.6, 10.8.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 2.1, 3.10 дахь заалт, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын шийдвэр зэргийг үндэслэл болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно... гэж хуульчилжээ.

Ажил олгогч ГӨ-2 СӨХ-ны удирдах зөвлөл нь дээрх хуулийн зохицуулалтаас ажилтан Ц.Быг сахилгын зөрчил удаа дараа гаргасан буюу, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр сахилгын зөрчил гаргаж сануулах арга хэмжээ авагдсан байхдаа Хөдөлмөрийн гэрээний 2.1-т заасны дагуу сар бүр Удирдах зөвлөлийн гишүүдэд ажлын тайлангаа цахим шуудангаар явуулах үүргээ биелүүлээгүй, мөн ажлын байранд тогтмол байж ажиллаагүй, оршин суугчдаас түүний үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргасан гэх зэргээр дахин сахилгын зөрчил гаргасан тул түүнийг гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэлгүй гэж тайлбарласан бол,

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан №03 тоот удирдах зөвлөлийн тогтоолыг ажил олгогч ГӨ-2 СӨХ-ны удирдах зөвлөлөөс хүлээн авсан бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан дээрх №04 тоот тогтоолыг ажил олгогчоос хүлээж аваагүй, мөн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сануулах арга хэмжээ авах тогтоол гараагүй бөгөөд, энэ баримтыг хариуцагч талаас хэрэгт нотлох баримтаар гаргасныг анх удаа харж байгаа учир хууль зөрчиж өөрийг нь ажлаас халсан хэмээн тус тусын тайлбарыг өгч мэтгэлцлээ.

Хариуцагч ГӨ-2 СӨХ нь нэхэмжлэгч Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлахдаа хоёр өөр тогтоол гаргасан байгаа боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нотлох баримтаар гаргасан №04 тоот Удирдах зөвлөлийн тогтоолыг ажилтанд хүлээлгэж өгөөгүй, харин №03 тоот тогтоолыг ажилтанд өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ц.Быг ... ажлын байрандаа тогтмол ажилладаггүй, ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа талаар оршин суугчдаас гомдол гаргадаг, СӨХ-ны ажилчид болон удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдтэй зүй бус харьцдаг, мөн Хөдөлмөрийн гэрээний 2.1 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан байдлаар ажлын тайлангаа сар бүр удирдах зөвлөлийн гишүүдэд цахим шуудангаар хүргүүлэх үүргээ биелүүлээгүй... зэрэг сахилгын зөрчил гаргасан учир 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр СӨХ-ны удирдах зөвлөлийн ээлжит бус хурлаас №02 тоот тогтоол гаргаж, Ц.Бын цалингийн 20 хувийг 2 сарын хугацаатай суутгах сахилгын шийтгэл ногдуулсан боловч, тэрээр энэ тогтоолыг гардаж авахаас татгалзсан тул 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №03 тоот тогтоолоор дээрх №02 тоот тогтоолыг хүчингүй болгон, мөн өдрийн №04 тоот тогтоол гарган, нэхэмжлэгч Ц.Быг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.

Хэрэв ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тохиолдолд тухайн сахилгын зөрчлүүд заавал тогтоогдсон байхыг шаардана.

Хэдийгээр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай маргаан бүхий №03, №04 тоот тогтоолуудын аль алинд нь ажил олгогчийн Ц.Бтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлийг тодорхой тусгаагүй, гүйцэтгэх захирал чухам сахилгын ямар зөрчил гаргасан болох нь ойлгомжгүй байгаа боловч хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ц.Быг сахилгын зөрчил давтан гаргасан гэж тайлбарлах бөгөөд, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.Б тийнхүү сахилгын зөрчил гаргаж байсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Хариуцагч талаас хэрэгт нотлох баримтаар гаргасан ГӨ-2 СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн №01 тоот тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10.6, 10.8.8, Хөдөлмөрийн гэрээний 2.1, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын шийдвэр зэргийг үндэслэн, гүйцэтгэх захирал Ц.Быг Хөдөлмөрийн гэрээний 3.1, 3.5, 3.11, 3.13 дахь заалтуудыг зөрчиж ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргийн хүрээнд хийгдэх ажлуудыг эс гүйцэтгэсэн гэх үндэслэлээр Сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх 97/

2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Удирдах зөвлөлийн гишүүдийн хурал хийж, гүйцэтгэх захирал Ц.Бын ажил үүргийн талаар хэлэлцэж, хурлын тэмдэглэлд Удирдах зөвлөлийн гишүүдээс саналыг нэгтгээд СӨХ даргад сануулга, үүрэг өгнө гэж шийдвэрлэхдээ түүнийг хуралд байлцуулахгүйгээр хийж, улмаар 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн №01 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоол гаргасан байх боловч, түүнд уг тогтоолыг танилцуулсан баримтгүй, түүнийг хуралд оролцуулж тайлбар аваагүй, мөн гарын үсэг зурагдаагүй зэрэг үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.Б энэ тогтоолыг мэдээгүй байх үндэслэлтэй юм. /хх 98-99/

Түүнчлэн, дээрх тогтоол гарсан 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ГӨ-2 СӨХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Бт сануулах арга хэмжээ авах тухай гэх баримтыг Ц.Бт 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэж өгсөн байгаа хэдий ч түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт заасны дагуу сануулах арга хэмжээ авсан талаар тусгаагүй, уг баримтын хариуд нэхэмжлэгч Ц.Б 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тайлбар гаргасан байгаа зэргийг дүгнээд, Удирдах зөвлөлөөс Гүйцэтгэх захиралд хугацаат үүрэг өгсөн гэж үзэхээр байгаа учир Ц.Бт сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх 126-129/

Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, зөрчлийг ажилтан хоёр ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд давтан гаргасан зөрчлүүдийн хоорондын хугацаа өмнөх зөрчилд сахилгын шийтгэл хүлээсэн бол нэг жилээс, хүлээгээгүй бол зургаан сараас хэтрээгүй байх, харин энэ хугацаа өнгөрөөгүй байхдаа ажилтан дахин сахилгын ямар нэг зөрчил гаргавал давтан гаргасан гэж тооцогддог.

Гэтэл ажил олгогч ГӨ-2 СӨХ нь ажилтан Ц.Быг сахилгын зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан хугацаандаа давтан зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон гэж тайлбарласан боловч, тухайн зөрчлүүд нь баримтаар нотлогдоогүй, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн №01 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тогтоолыг нэхэмжлэгчид гардуулж танилцуулсан баримтгүй, түүнд танилцуулсан баримт нь сахилгын шийтгэл ногдуулах бус, харин үүрэг даалгавар өгсөн байх тул нэхэмжлэгч Ц.Быг сахилгын зөрчил давтан гаргасан гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд ажлаас халах тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, ажилтныг хоёр өөр тогтоолоор ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн тул нэхэмжлэгч Ц.Быг ГӨ-2 СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговор-ыг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлийн А-д заасны дагуу Ц.Бын дундаж цалин хөлсийг тодорхойлоход, түүний нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ 572,666 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 29,217 төгрөг /572,666:19,6=29,217 төгрөг/ болж байх тул 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 106 хоногоос бүх нийтээр амрах 3 хоногийг хасч, бүгд 103 хоногийн хугацааны цалинтай тэнцэх 3,009,351 төгрөгийг хариуцагч ГӨ-2 СӨХ-ноос гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир ажил олгогчоор Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу Ц.Бын ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, энэ тухай ажилтны дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг маргаанд хамаарах тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч нэхэмжлэгч Ц.Б 70,200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн байх тул уг мөнгийг улсын төсвөөс /Баянгол дүүргийн татварын хэлтэс/ гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгоно.

Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 63,099 төгрөг гаргуулан улсын төсөвт /Баянгол дүүргийн татвар/ оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Быг ГӨ-2 СӨХ-ны Гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,009,351 /гурван сая есөн мянга гурван зуун тавин нэгэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Бын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан Ц.Бт олгож, хариуцагч ГӨ-2 СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 63,099 төгрөг гаргуулан улсын төсөв /Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 данс/-т оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.С