Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1458

 

Ц.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01239 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ГӨ” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “ГӨ” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 09 тоот тогтоолоор СӨХ-ны захирлаар томилогдон ажилласан. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 03 тоот тогтоолоор хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би учрыг тодруулахаар удирдах зөвлөлд хандаж өргөдөл бичсэн ч надад хариу өгөөгүй. Би удирдах зөвлөлд тайлангаа сар бүр, цаг тухайд нь гарган өгч байсан. Оршин суугчид болон СӨХ-ны удирдах зөвлөлийн 95 хувь нь намайг энэ СӨХ-ны ажлыг сайжруулж, урьд урьдын хүмүүсээс илүү сайн ажиллаж байна гэж урам өгч байсан учир ажлаа боломжийн сайн хийж байсан гэж бодож байна. Ажлаас халсан тушаалд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.8, Хөдөлмөрийн гэрээний 2.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалт байхгүй байсан. Хэрэв үнэхээр хариуцлагагүй ажиллаж байсан бол надтай байгуулсан гэрээгээ 3 удаа сунгах шаардлагагүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гүйцэтгэх захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ГӨ” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “ГӨ” СӨХ-ны удирдах зөвлөлийн 9 дугаартай тогтоолоор Ц.Быг тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллуулах болсон. Уг тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд хяналт тавих, чиг үүргийн дагуу мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр удирдах зөвлөлийн гишүүн Р.Болор-Эрдэнийг томилсон ба тогтоолын дагуу хяналт тавих гэхэд гүйцэтгэх захирал Ц.Б хэл амаар доромжилж, гүжирдсэн. Мөн Хөдөлмөрийн гэрээний 3.11-т заасны дагуу ажлаа тайлагнахдаа ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тайлан өгсөн зэрэг үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ц.Бт сануулах арга хэмжээ авах тухай бичгэн сануулгыг өгсөн. Гэтэл Ц.Б нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тайлан биш тайлбар өгсөн. Хос-Өргөө 2 хотхоны оршин суугчдын санал гомдлын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр удирдах зөвлөл хуралдаж, гүйцэтгэх захирлыг ажил үүргээ ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хариуцлагатай сайн гүйцэтгэхгүй байна, ажлын цаг ашиглалт муу, ажлын байран дээрээ байх нь ховордсон, гадаа талбайн цас мөс цэвэрлээгүйгээс оршин суугчид гомдолтой байгаа зэрэг шалтгаанаар 2 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. 11 дүгээр сарын 20-ны даваа гарагт дээрх тогтоолыг өгөхөөр СӨХ-ны байранд очсон боловч Ц.Б ажилдаа ирээгүй. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Удирдах зөвлөлийн гишүүд уулзаж, сахилгын шийтгэл ногдуулах тогтоолыг өгсөн боловч хүлээж авахгүй гэж хэл амаар доромжилсон учир удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж гүйцэтгэх захирал Ц.Бын гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь оршин суугчдаас 2-3 удаа гомдол ирүүлдэг, удирдах зөвлөл нь хуралдаад түүнд удаа дараа сануулга өгөхөд хүлээж авдаггүй. Байрны хаалганы код солихдоо бидэнд мэдэгдэлгүй, дур мэдэн мөнгө зарцуулж сольсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Быг “ГӨ” СӨХ-ны Гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 009 351 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Бын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан Ц.Бт олгож, хариуцагч “ГӨ” СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 63 099 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх бөгөөд ажил олгогчоос түүнд хүлээлгэн өгсөн шийдвэр гэдгийг нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй, хариуцагч тогтоолыг албан ёсоор гардуулсан тогтоол биш түүний төслийг дур мэдэн авч явсан, албан ёсны тогтоолыг хүлээн авахаас зайлсхийсэн тухай тайлбарлан маргаж зохигчид энэ асуудлаар маргаагүй, ажил олгогчоос түүнд хүлээлгэн өгсөн шийдвэр байна гэж үндэслэл муутай дүгнэжээ. Хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоол гаргасан боловч түүнд тогтоолыг танилцуулсан баримтгүй, түүнийг хуралд оролцуулж тайлбар аваагүй, гарын үсэг зурагдаагүй зэрэг үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.Б нь энэ тогтоолыг мэдээгүй байх үндэслэлтэй" гэжээ.

Шүүхийн дээрхи дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Тодруулбал 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр сануулах арга хэмжээг Ц.Бт авч энэ тухай өөрт нь 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр танилцуулж, гарын үсэг зуруулсан баримтыг хэргийн материалд гаргаж өгсөн байтал уг баримтыг үнэлээгүй, мөн хариуцагч сануулах арга хэмжээ авагдсан талаар маргаагүй байхад тогтоолыг мэдээгүй байх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заасан ажлын тайланг хүргүүлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, тайланг тухай бүр өгч байсан зэргээ баримтаар нотлоогүй байхад сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч “ГӨ” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-нд холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн талаар хэн аль нь маргаагүй. /хх-5-7, 45, 100-110 дахь тал/ Ажил олгогч буюу “ГӨ” СӨХ-ны Удирдах зөвлөл нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тогтоол гарган, Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг тус СӨХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлснөөр тэдгээрийн хооронд маргаан үүсч, Ц.Б шүүхэд гомдол гаргажээ. 

Зохигчид хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үндэслэлийн талаар маргаж, хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ “... сахилгын зөрчил давтан гаргасан, тайлан тооцоогоо цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй ...” гэж тайлбарласан байна.

            Хариуцагч “Гурван-Өргөө 2” СӨХ-ноос шүүхэд цуглуулж өгсөн бичмэл нотлох баримтуудаас үзвэл, тус СӨХ-ны удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний үүргийг шалган, түүнийг хөдөлмөрийн гэрээний 3.11, 3.9, 3.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, ажлаа сайжруулан 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Удирдах зөвлөлд тайлагнах, мөн сарын 15-нд 2016 оны жилийн эцсийн тайлангаа хамгаалж 2017 онд хийгдэх ажлын төлөвлөгөө төсвийг батлуулахыг үүрэг болгон, уг ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдвэл хөдөлмөрийн гэрээний 4.4-т заасны дагуу гэрээ цуцлах тухай мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг мэдэгдлийг хүлээн авч 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ажлын тайлангаа Удирдах зөвлөлд бичиж өгсөн болох нь хэргийн 50 дахь талд авагдсан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Гурван Өргөө 2” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ц.Бт сануулах арга хэмжээ авах тухай”, 126 дугаар талд авагдсан ажлын тайлан зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.

            Хариуцагч тал, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Ц.Бт сахилгын сануулах арга хэмжээ авсан гэж мэтгэлцэн шүүхэд Удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот тогтоол гаргаж өгсөн байх боловч энэ нь нэхэмжлэгчид танилцуулсан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Гурван Өргөө 2” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ц.Бт сануулах арга хэмжээ авах тухай” гэх мэдэгдэлд дурдсан шийдвэрээс зөрүүтэй байх тул уг 01 тоот тогтоолыг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй.

            Мөн “Гурван Өргөө -2” СӨХ-ны Удирдах зөвлөл 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, 02 тоот тогтоолоор Ц.Быг ажлын байрны цаг ашиглалт муу, цаг үеийн ажлаа хариуцлагатай хийж чадаагүй гэх үндэслэлээр түүний 11, 12 дугаар сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байжээ. /хх-55-56 дахь тал/ Уг тогтоолыг нэхэмжлэгчийг хүлээж авахаас татгалзсан гэх үндэслэлээр 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 02 тоот тогтоолыг хүчингүй болгон, 04 тоот тогтоол гарган Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-57-59 дэх тал/

            Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буй тохиолдолд ажилтан сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан, уг зөрчил нь тогтоогдсон байхыг шаарддаг.  Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Б нь сахилгын давтан зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн              167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

           

                                          ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                 Ч.ЦЭНД