Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/01571

 

2018 оны 05 сарын 14 өдөр Дугаар 102/ШШ2018/01571 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.У суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Э

Хариуцагч: СА ХХК

Зуучлалын гэрээний дагуу төлсөн 3,278,808 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, М.Эаас 1,540,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батбүрэн /ШТҮД:1493/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбарт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр СА ХХК-тай харилцан тохиролцож элсэлтийн зөвлөх үйлчилгээ нэртэй, Австрали улс руу суралцуулахаар зуучлуулах гэрээ байгуулсан. Гэрээг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 29-ний хооронд буюу 6 сарын хугацаатай хийсэн бөгөөд гэрээний хөлсөнд бэлнээр 300.000 төгрөгийг төлж баталгаажуулсан. Хариуцагч байгууллагын ажилтан н.Наранцацралт гэх хүнтэй гэрээ байгуулж, шаардсан төлбөрийг нь захирал Н.М Хаан банкны 5006523144 тоот дансанд нийт 10,757,190 төгрөгийг шилжүүлсэн. СА ХХК нь зуучлалын гэрээний дагуу үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөл байдлыг дутуу тайлбарлаж, надад Австралийн виз олгох боломж нөхцлийг бодитойгоор, хангалттай үзүүлээгүй, шаардагдах материалуудыг хүлээн авсан боловч Австрали улсын элчин сайдын яам руу дутуу илгээснээс болж визний татгалзах шийдвэр гаргахад нөлөөлсөн байгаа. Хариуцагч тал зөвлөх үйлчилгээгээ дутуу үзүүлснээс болж надад 3,278,808 төгрөгийн хохирол учирсан. Би сургалтын төлбөрт 7,976,000 төгрөг, үйлчилгээний хөлсний урьдчилгаанд 300,000 төгрөг, визний хураамж болон эрүүл мэндийн даатгалын төлбөрт 2,218,190 төгрөг, визтэй холбогдох орчуулганд 174,000 төгрөг, нотариатад 89,000 төгрөг, нийт 10,757,190 төгрөгийн зардал гаргасан. Үүнээс надад сургалтын төлбөр болон эрүүл мэндийн даатгалын 7,478,382 төгрөгийг буцааж шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 3,278,808 төгрөгийг СА ХХК-иас гаргуулж өгнө үү.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээр өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 800,000 төгрөгийг шаардсан. Нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй ба өмгөөлөгчид төлөх хөлсийг өөрөө төлөх үүрэгтэй учир уг төлбөрийг би төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Зөвлөх үйлчилгээний төлбөрт нийт 1,540,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь мөн үндэслэлгүй. Учир нь Элсэлтийн зөвлөх үйлчилгээний гэрээ-ний 2.2-т зааснаар урьдчилгаа 300,000 төгрөгийг би төлж, үлдэгдэл 740,000 төгрөгийг виз гарсан тохиолдолд төлөхөөр заасан. Миний виз гараагүй учир үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэл байхгүй гэв.

Хариуцагч СА ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

СА ХХК нь иргэн М.Эын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. Иймд журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. М.Э 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Австрали улсад суралцахаар гэрээ байгуулж, үйлчилгээний төлбөрт 300,000 төгрөг төлсөн. Энэ төлбөрт сургуулиас урилга авч, виз мэдүүлэх хүртэл бүх үйл ажиллагааны зардал орсон тул буцаан олгогдохгүй болно. Нийт 10,194,190 төгрөг төлснөөс 2017 оны 8 сарын 22-ны өдөр манайхаас сургалтын төлбөрт 7,924,550 төгрөг /банкны шимтгэл ороод/ шилжүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр эрүүл мэндийн даатгалд 1,124,102 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр визний төлбөрт 1,135,100 төгрөг шилжүүлсэн болно. М.Э дээр дурдсанчлан 10,194,190 төгрөг төлснөөс манай байгууллагаас 10,183,752 төгрөгийг холбогдох байгуулагууд руу шилжүүлсэн. Иймд манай байгууллагаас гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, Австрали улсад суралцуулахтай холбоотой бүхий л төлбөр тооцоог суралцагчийн өмнөөс хийж гүйцэтгэсэн. Виз татгалзсан тохиолдолд Сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хологдох байгууллагууд буцаадаг. Үүнд: сургалтын төлбөрт шилжүүлсэн төлбөрөөс 200 Австрали доллар бүртгэлийн хураамжид суутгаж, сургуулиас шууд М.Эын данс руу шилжүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын төлбөр 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1,035,000 төгрөгийн буцаалтыг М.Эын Хаан банкны 5026262097 тоот данс руу шилжүүлсэн болно.

Нэхэмжлэгч М.Э нь гэрээний 4.3-т заасан үүргээ ноцтойгоор зөрчиж, Австрали улсын оюутны визний үндсэн шаардлага болох нэг жилийн амьдрах зардал, сургалтын төлбөрөө бүрэн хариуцах чадамжтай гэдгийг нотолсон бэлэн мөнгөний баталгааг хуурамчаар гаргаснаас болж 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Австралийн элчин сайдын яамнаас виз олгохоос татгалзсан. Гэтэл М.Э өөрийн буруутай үйлдлийг ойлгохгүйгээр үл барам, найз залуугаа Австрали улс руу өөрийг нь орхин явсанд хорсож, ямар ч үндэслэлгүйгээр манай байгууллагыг шүүхэд өгсөн. Иймд байгууллагын хууль ёсны эрхийг хамгаалуулахаар хөлсөлсөн өмгөөлөгч Т.Одгалд төлсөн төлбөр 800,000 төгрөг, зөвлөх үйлчилгээний төлбөр 740,000 төгрөг, нийт 1,540,000 төгрөгийг М.Эаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батбүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хэрвээ М.Эын материал шаардлага хангахгүй байсан бол хариуцагч СА ХХК нь түүний материалыг буцааж өгөх боломжтой байсан. М.Эын Австрали улсад суралцах зорилгоо тодорхойлсон эссэ нь шаардлага хангахгүй байсан бол СА ХХК М.Эын баримт бичгийг засч сайжруулан Австрали улсын ЭСЯ-руу явуулах бүрэн боломжтой байсан. СА ХХК-тай байгуулсан гэрээний 3.5 дахь хэсэгт Суралцагч нь тухайн улсад зорчих визээ авч чадаагүй бол санхүүгийн баримт үйлдэн хурааж авсан бусад шаардлагатай зардлуудыг нь 100 хувь буцааж олгох үүрэгтэй гэж заасан. Гэтэл М.Эын зардлыг 100 хувь буцааж олгоогүй. Мөн гэрээний 4.4 дэх хэсэгт Суралцагч тухайн улсад зорчих визээ өөрийн үйл ажиллагаанаас шалтгаалж авч чадаагүй бол санхүүгийн баримтуудын дагуу тулгалт хийж 100 хувь буцааж авах эрхтэй гэж заасан. Гэрээний 6.2 дахь хэсэгт Зөвлөх нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд суралцагчаас холбогдох нэмэлт материал, бусад шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг шаардах эрхтэй бөгөөд шаардлагыг суралцагчид цаг тухайд нь биелүүлээгүйгээс учирсан хохирлыг суралцагчид хариуцна гэж заасан байгаа. Гэвч М.Эын зүгээс шаардсан зүйлүүдийг нь биелүүлээгүй зүйл байхгүй. Ямар шаардлагаар түүний ээж, эгчийнх нь дансны хуулгыг Австрали улсын ЭСЯ руу явуулсан нь тодорхойгүй байна. Ийм учраас гэрээнд заасан нөхцлүүдийн дагуу М.Э нь 100 хувь зардлаа буцааж авах эрхтэй учраас Иргэний хуулийн 219.1, 227.3-т зааснаар СА ХХК-иас 3,278,808 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч СА ХХК-иас зуучлалын гэрээний үүрэгт төлсөн төлбөрийн үлдэгдэл, гэрээнээс учирсан хохиролд нийт 3,278,808 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч СА ХХК нь нэхэмжлэгч М.Эаас Зуучлалын гэрээний үлдэгдэл төлбөр болон өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн төлбөрт нийт 1,540,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч мөн бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Хариуцагч СА ХХК-ийн захирал Н.Мөрөн болон хариуцагчийн өмгөөлөгч Т.Одгал нар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Элсэлтийн зөвлөх үйлчилгээний гэрээ М.Э, СА ХХК нарын хооронд байгуулагдаж, уг гэрээгээр Зөвлөх СА ХХК нь Суралцагч М.Эын гэрээний өргөдлийн маягтад бөглөсөн хөтөлбөрт суралцахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Суралцагч нь Зөвлөхөд зөвлөх үйлчилгээ үзүүлсний төлбөр болон бусад төлбөрийг төлөх ерөнхий нөхцлийг тохирч байгуулсан байна.

Уг гэрээгээр зөвлөх үйлчилгээний төлбөр нийт 1,300,000 төгрөгөөс урьдчилгаа 300,000 төгрөгийг гэрээ байгуулахад суралцагч гэрээ байгуулахад бэлнээр төлөх, үлдэгдэл 740,000 төгрөгийг виз гарсан тохиолдолд төлөх үүрэг, зөвлөх СА ХХК нь гэрээний 1.2.1-д заасан зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүргийг тус тус хүлээж, гэрээний хугацаа байгуулсан өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байхаар тогтоон, харилцан хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд, тэдний хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан Зуучлалын гэрээний харилцаа үүсчээ. /хх 5/

 

Нэхэмжлэгч М.Э нь гэрээний дагуу зөвлөх үйлчилгээний урьдчилгаа төлбөр 300,000 төгрөг,Австрали улс дахь сургуулийн сургалтын төлбөр 7,976,000 төгрөг, визний хураамж, даатгалд 2,218,190 төгрөг, нийт 10,494,190 төгрөгийн төлбөрийг хариуцагч СА ХХК-ийн захирал Н.М банк дахь харилцах дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Голомт банкны 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Орлогын мэдүүлэг, М.Эын Хаан банк дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон ба, зохигчид энэ талаар маргаагүй байна.

Дээрх төлбөрөөс гадна гэрээний дагуу Австрали улсын виз мэдүүлэхэд шаардагдах баримт бүрдүүлэхэд нэхэмжлэгч М.Э нь шаардлагатай баримтуудад орчуулга хийлгэсний зардал 174,000 төгрөг, нотариатын зардал 89,000 төгрөг, нийт 263,000 төгрөгийн зардал гарчээ. /хх 8/

Гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэгч буюу зуучлагч СА ХХК-иас зуучлуулагч М.Эын зохих төлбөрийг, тодруулбал: 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 7,880,000 төгрөгийн сургалтын төлбөрийг 44,550 төгрөгийн шимтгэлийн хамт Австрали улсын Нан Тиен Институт /Nan Tien Institute/-д, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын төлбөрт 1,119,526 төгрөг /454.99 AUD/, визний хураамж 1,135,101 төгрөг /461.32AUD/, нийт 2,254,627 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх 32, 35-36/

Гэвч нэхэмжлэгч М.Эд Австрали улсын элчин сайдын яамнаас тус улсад суралцах виз олгохоос татгалзсан шийдвэрийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргаж, түүний суралцахыг хүссэн сургуулиас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр сургалтын төлбөрт 6,443,382 төгрөг буцаагдсанаар түүний зуучлагчид төлсөн төлбөрөөс 1,532,618 төгрөг дутсан, мөн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ОУБХСангаас М.Эын Эрүүл мэндийн даатгалын буцаалт 1,035,000 төгрөгийг шилжүүлсэн нь түүний тушаасан 2,218,190 төгрөгөөс 1,183,190 төгрөг тус тус дутуу буцаагдаж, нэхэмжлэгчийн төлсөн бүгд 10,494,190 төгрөгөөс 7,478,382 төгрөг буцаагдаж, 3,015,808 төгрөг буцаагдаагүй байна. /хх 30, 33, 34/

Австрали улсын Элчин сайдын яамны Цагаачлал, Хил хамгааллын албаны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Шийдвэр-ээр Оюутны виз мэдүүлэгч, нэхэмжлэгч М.Эд виз олгохоос татгалзжээ. /хх 37-47/

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч СА ХХК-ийг Элсэлтийн зөвлөх үйлчилгээний гэрээ-гээр хүлээсэн зөвлөх үйлчилгээг бүрэн хэмжээнд үзүүлээгүй, суралцагчийн зүгээс хүлээлгэн өгсөн материалыг Австрали улсын элчин сайдын яаманд бүрэн хүргүүлээгүйн улмаас түүнд сургалтын виз олгохоос татгалзсан бөгөөд, гэрээний дагуу төлсөн төлбөрөөс буцаагдаж ирээгүй үлдэгдэл 3,015,808 төгрөг, мөн виз мэдүүлэхэд өөрийн зүгээс гарсан зардал болох 263,000 төгрөг, нийт 3,278,808 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу СА-иас гаргуулахаар шаардсан.

Харин хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч М.Эыг хуурамч баримт бүрдүүлсэн учир түүний виз гараагүй бөгөөд, тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, нэхэмжлэгчийг Австрали улсад суралцуулахтай холбоотой бүхий л төлбөр тооцоог суралцагчийн өмнөөс хийж гүйцэтгэсэн, мөн М.Эын виз гараагүйн улмаас тухайн сургууль шилжүүлэгдсэн сургалтын төлбөрөөс бүртгэлийн хураамж 200 Австрали долларыг суутгаж, 1,035,000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын буцаалтыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн гэж тайлбарлан маргасан байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч .... хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Талууд хуулийн хүрээнд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Элсэлтийн зөвлөх үйлчилгээний гэрээний агуулгыг тодорхойлохдоо зуучлагчийн гүйцэтгэх ажлыг гэрээний 1.2.1-ээр Зөвлөх үйлчилгээ гэж: суралцагчийг сонгосон сургуульд, түүнийг суралцуулах талаар тухайн сургуультай харилцах, холбоо тогтоох, тухайн их сургуулийн орших улсын элчин сайдын яаманд тус улсад зорчих эрх олгох виз мэдүүлэг, анкет бөглөх, дагалдан бичиг баримтыг бүрдүүлэх, шаардлагатай зөвлөгөө өгөх, ... зэрэг зөвлөхөөс явуулж буй үйл ажиллагаа юм гэж тодорхойлсон байна.

Мөн гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар СА ХХК нь ...тухайн сургуулийн урилга болон визний асуудалтай холбогдох бүрдүүлбэл зохих бичиг баримтын жагсаалт гарган зөвлөгөө өгөх, бичиг баримтын бүрдэлд анхаарал тавих, шаардлага хангаагүй баримтыг сануулж, буцаан өгөх, шаардлага хангасан баримт бичгийг тухайн сургуульд мэдээллэж, бүртгүүлэх шаардлагатай бусад зардлуудын жагсаалтыг өгөх үүргийг суралцагчийн өмнө хүлээсэн байх бөгөөд, Гэрээний 3.5 дахь хэсэгт заасны дагуу суралцагч тухайн улсад зорчих визээ авч чадаагүй бол санхүүгийн баримт үйлдэн хурааж авсан бусад шаардлагатай зардлуудыг 100% буцааж олгох үүргийг тус тус хүлээжээ.

Хариуцагч СА ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч М.Эыг Австрали улсын оюутны визний үндсэн шаардлага болох нэг жилийн амьдрах зардал, сургалтын төлбөрийг бүрэн хариуцах чадамжтай болохоо нотолсон бэлэн мөнгөний баталгааг хуурамчаар гаргаснаас түүнд виз олгогдоогүй гэж тайлбарлах боловч Элчин сайдын яамны тэрхүү шийдвэрт хариуцагчийн тайлбарласан уг үндэслэлээр бус, харин тус компанийн гэрээний 1.2.1, 3.2 дахь хэсгүүдэд зааснаар хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүйн улмаас М.Эд виз олгогдоогүй гэх үндэслэл тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, М.Эыг ... Австрали улсад суралцах нь өөрийн зорилгоо биелүүлэхэд туслана гэдгийг тайлбарласан хангалттай шалтгааныг бичээгүй, ... 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн байдлаарх Хаан банкны 73,021,597 төгрөг бүхий дансны хуулгад байгаа мөнгийг виз мэдүүлэхийнхээ өмнөхөн байршлуулсан ба, уг мөнгийг хэрхэн хуримтлуулсан, эсвэл хэрхэн эзэмших болсон талаарх ямар нэгэн баримт, нотолгоо өгөөгүй, ... энэ хэмжээний хуримтлал үүсгэхүйц өөрийн орлогын түвшинг тодорхойлсон баримт өгөөгүй, ... Санхүүгийн чадвараа хангалттай батлаагүй буюу хуулиар тогтоосон санхүүгийн шаардлага хангахын тулд виз мэдүүлэгчийн эцэг эх, эхнэр нөхрийн жилийн орлого 60,000 австрали доллароос дээш болохыг виз мэдүүлэхээс 12 сарын өмнө албан ёсны төрийн байгууллагаас олгосон баримт бичгээр нотлох ёстой байдаг шаардлагыг хангаагүй... гэх үндэслэлээр виз олгохоос татгалзжээ.

Энэ нь хариуцагч СА ХХК-ийг гэрээгээр хүлээсэн ...бичиг баримтын бүрдэлд анхаарал тавих, шаардлага хангаагүй баримтыг сануулж, буцаан өгөх, виз мэдүүлэг, анкет бөглөх, дагалдан бичиг баримтыг бүрдүүлэх, шаардлагатай зөвлөгөө өгөх... үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч СА ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 3,015,808 төгрөгийг нэхэмжлэгч М.Э нь шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Э нь маргаан бүхий гэрээний улмаас төлсөн орчуулгын зардал 174,000 төгрөг, нотариатын зардал 89,000 төгрөг, нийт 263,000 төгрөгийг гэрээнээс учирсан хохиролд тооцон хариуцагч СА ХХК-иас шаардах эрхтэй.

Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч М.Эын хариуцагч СА ХХК-д холбогдуулан гаргасан 3,278,808 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч СА ХХК нь нэхэмжлэгч М.Эын шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр, Зуучлалын гэрээний үлдэгдэл 740,000 төгрөг, мөн тус байгууллагын хууль ёсны эрхийг хамгаалуулахаар хөлсөлсөн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн төлбөр 800,000 төгрөг, нийт 1,540,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч М.Э нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, ...хариуцагчийн буруугаас Австрали улсад суралцуулах виз олгохоос тус улсын Элчин сайдын яам татгалзсан учир зуучлалын гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй... гэж, мөн ... хариуцагч байгууллага иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлснээр төлбөр төлөх үүргээ өөрөө хүлээх учир төлбөрийг төлөх үндэслэлгүй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Хариуцагч СА ХХК нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны төлбөрт төлсөн 800,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар нэхэмжилж, төлбөрийн баримтыг нотлох баримтаар гаргасан боловч энэ нь маргаан бүхий гэрээний үүрэгтэй холбоотой зайлшгүй гарах зардал биш тул хохиролд тооцож нэхэмжлэгчээс гаргуулах боломжгүй юм.

Түүнчлэн, талуудын байгуулсан гэрээний 2.2-т виз гарсан тохиолдолд үлдэгдэл 740,000 төгрөгийг суралцагч төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд, нэхэмжлэгч М.Эын Австрали улсад суралцах виз олгогдоогүй учир дээрх төлбөрийг нэхэмжлэгч төлөх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүх хариуцагч СА ХХК-ийн нэхэмжлэгч М.Эд холбогдуулан гаргасан 1,540,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч СА ХХК-иас 3,278,808 /гурван сая хоёр зуун далан найман мянга найман зуун найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Эд олгож, М.Эаас 1,540,000 /нэг сая таван зуун дөчин мянган/ төгрөг гаргуулах тухай хариуцагч СА ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 67,420 төгрөг, хариуцагчаас төлсөн 39,590 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 67,420 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.С