Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 506

 

2019 5 28                                                        2019/ДШМ/506

 

 

Э.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Э.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Ариунболдын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 15- ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Э.Б-т холбогдох эрүүгийн 1807006280031 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Адууч овгийн Э.Б-, 19.. оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, …...... ХХК-д слесарь ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт …........ хороо, Нарангийн….......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: …............/;

Э.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтуугаар Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” баарны гадаа Ц.З-ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Баганхангай дүүргийн прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Э.Б-ын хувийн байдлыг тогтоосон баримтыг дүгнэхэд Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар нь Э.Б-т холбогдох эрүүгийн 1807006280031 дугаартай хэрэгт хяналт тавьдаг Монгол Улсын прокурорын тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан бүрэн эрхээ хэтрүүлэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. 2 Учир нь: Монгол Улсын прокурорын тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан бүрэн эрхийн хүрээнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянаж, хяналт тавих прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана” гэж заасан тогтоолын тогтоох хэсэгт тусгагдсан шаардлагыг зөрчин мөрдөгчид уг хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулахыг даалгаж, мөрдөгч нь мөн хуулийн 31.3 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан шаардлагыг танилцуулан яллагдагч Э.Б-аас мэдүүлэг авах ажиллагаа явуулахдаа энэ тогтоолын заалтаар даалгасан гэм буруугаа хүлээн зөвшөөрүүлэх, энэ журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргуулах, мөн энэ хэргийн хохирогч болох Ц.З-аас 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр буюу яллагдагчаар татах тогтоолын дараа дахин мэдүүлэг авахуулах, мөн өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргуулах зэрэг ажиллагаа явуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасан “яллагдагч прокурорт хүсэлт гаргана, хүсэлтдээ хохирол төлсөн баримт, төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн баталгааг хавсаргана, яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнийг ялаас чөлөөлөх, эсхүл энэ хугацааны дотор тэнсэх, ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бол 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэх, ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах, хорих ялыг хөнгөрүүлж, албадлагын арга хэмжээ” хэрэглэхээр заажээ. Харин прокурор нь дээрх хуульд заасан заалтыг зөрчин Э.Б-т торгох ял оногдуулах санал тавьсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтуудыг зөрчин шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт яллагдагчтай эвлэрсэн тухай баталгааг гаргах, хохирогч Ц.З нь ял 3 оногдуулах шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, эрхээ хамгаалуулах хүсэлт гаргах, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан, хохирогч нь хуралдааны өмнөх өдөр баримтгүй 1.500.000 төгрөг авсан зэргээс үзэхэд энэ хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. ...” гэж үзэн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 Прокурор Э.Ариунболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Мөрдөгчид уг хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулахыг даалгасан нь хялбаршуулсан журмаар явуулах гэж нэмж бичсэн нь техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Гэвч хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулахыг даалгасан нь прокурорыг бүрэн эрхээ хэтрүүлэн хуулийг буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхцөн гүйцэтгэж эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасан яллагдагч прокурорт хүсэлт гаргана, хүсэлтдээ хохирол төлсөн баримт, төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн баталгааг хавсаргана, яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно гэсэн заалтуудыг ноцтой зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгчээс хохирогч Ц.З-, шүүгдэгч Э.Б- нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг гаргах, хоорондоо сайн дураараа эвлэрэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан хүн байхгүй болохыг өөрсдийн хүсэл зоригийн дагуу хялбаршуулах хүсэлт гаргаснаа мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гэж заасан байх бөгөөд прокуророос уг хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар торгох ял оногдуулах санал гаргасан болно. Иймд Э.Б-т торгох ял оногдуулах санал тавьсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлд заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтуудыг зөрчин шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн байна гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл тогтоогдоогүй байна гэж үзэх нь үндэслэлгүй байна. Учир нь, шүүгдэгч Э.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Ц.З-, гэрч А.Шинэбаяр, Б.Наранбадрах нарын мэдүүлгүүд зэргээр бүрэн нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн дагаврыг ойлгож хүсэлтээ бичгээр гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг болох хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх хариуцлагын талаар зөвшөөрөн гарын үсэг зурж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл 4 байдлууд бүрэн хангагдсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч Э.Б-аас мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.З-ын эмчилгээний төлбөрт нэхэмжилсэн 1.200.000 төгрөг өгсөн байсан, дахин ямар учраас хуралдааны өмнө 1.500.000 төгрөг өгсөн талаар асуухад шүүгдэгч Э.Б- нь “би хийсэн хэрэгтээ гэмшиж, уучлалт гуйж өгч байгаа юм” гэж хэлсэн байдаг. Э.Б-т холбогдох хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нотлох баримт бүрэн авагдсан байх ба нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийж хохирогч, шүүгдэгчийг чирэгдүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх “шүүгдэгч Э.Б-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага тус тус хангагдаагүй” гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл муутай болсон байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Э.Б-т холбогдох хэрэгт яллагдагч Э.Б-, хохирогч Ц.З- нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт тус тус гаргасан /хх 89-90/-аар прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх 95/ үйлдэж, Э.Б-т оногдуулах ялын талаар санал /хх 101/ гаргаж өөрт нь танилцуулсан байна.

Дээрх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасантай нийцсэн ба яллагдагчаас гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

 Өөрөөр хэлбэл, яллагдагч Э.Б- нь өөрийн гэм буруу болон сонсгож байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсгийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдүүлжээ /хх59-60/.

Прокурор хэргийг хянах явцад яллагдагчийн дээрх мэдүүлэг болон хэргийн бусад нөхцөл байдлыг дүгнэж, яллагдагч, хохирогч нараас хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлүүлэх хүсэлт бичгээр авч, тогтоол гаргасныг хүчээр тулган 5 шаардаж хүсэлт гаргуулсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Мөн түүнчлэн прокурор торгох ялын санал тавьсан нь буруу гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй болжээ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай заалттай холбон тайлбарлах нь учир дутагдалтай бөгөөд энэ зүйл нь зөвхөн хорих ял оногдуулахаар тогтоосон зүйл, хэсэгт хэрэглэж болох заалт юм.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Б-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Э.Б-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Э.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.МЯГМАРЖАВ

 

 ШҮҮГЧ                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ