Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1347

 

МАГАДЛАЛ

 

2017.06.09                                                Дугаар 1347                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Медиа боловсрол суваг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00448 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Нэкст зион” ХХК-д холбогдох,

14 390 240 төгрөгийг гаргуулах тухай, 14 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Оюунтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Пүрэвхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай "Медиа боловсрол суваг" ХХК нь "Нэкст зион" ХХК-иар "Яг түүн шиг" шоу нэвтрүүлгийн 2 тайзны бүтээх ажлыг 22 хоногийн хугацаанд багтаан бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх, түүний хариуд манай компани материалын зардлаас гадна ажлын хөлсөнд 20 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож 03/02-12 тоот "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан. Гэрээний 2.2 дахь заалтад заасны дагуу "Нэкст зион" ХХК нь тайз заслын ажлын материалын болон бусад зардлыг багтаасан төсөв гаргаж манай талаар батлуулж уг батлагдсан төсвийн дагуу манай тал материалын зардлын 40 хувийг урьдчилан олгож, тайз заслын ажил дуусаж тайзаа хүлээлгэн өгснөөр гүйцэтгэлээр нь үнэлэн үлдэгдэл 60 хувийг төлөхөөр харилцан тохиролцсон байсан ч гүйцэтгэч материалын зардалаа 100 хувь урьдчилан авч байж ажлаа цагт нь дуусгах боломжтой гэсэн тул бид материалын зардалыг 100 хувь урьдчилан олгохоор болж, гэрээний 2.2 болон 2.3 дахь заалтад заасны дагуу ажлын хөлсний урьдчилгаа буюу гэрээ ёсоор ажлын хөслний 30 хувь болох 6 000 000 төгрөг бусад зардал болох мөн 6 000 000 төгрөг нэмж, материалын зардал болох 44 170 500 төгрөг хамт нийт 56 000 000 төгрөгийг "Нэкст зион" ХХК-д урьдчилан шилжүүлж гэрээнийхээ үүргийг цаг хугацаанд нь зохих ёсоор биелүүлж ирсэн боловч "Нэкст зион" ХХК нь цаг хугацаандаа багтаж тайз заслын ажлаа хүлээлгэн өгөөгүйгээс гадна төсөвт заагдсан материалын тоо чанарт хүрэхгүй материалаар хийж гүйцэтгэсэн байсан бөгөөд бидний зүгээс нэгэнт хүлээлгэн өгөх хугацаа хэтэрч шоу нэвтрүүлгийн бичлэгийн ажил эхэлсэн байсан ч дахин 14 хоногийн нэмэлт хугацаа тогтоон өгч тус хугацаанд багтаан дутуу ажлуудыг гүйцээх, мөн тайз заслын материалыг төсөвт заагдсан чанартай материалаар бүрэн хийж, бусад дутуу ажил болон, доголдолтой ажлуудыг засаж сайжруулах талаар 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэл акт бичиж өгсөн. Гэтэл "Нэкст зион" ХХК нь бидний өгсөн мэдэгдлийн дагуу нэг ч ажил хийж гүйцэтгэлгүй ажлаа дутуу хаяж явсан учраас бид арга буюу өөрсдийн ажилчдаар дутуу орхисон ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Дээрхи шалтгаан нөхцөл буюу гүйцэтгэгчийн ажлаа цаг хугацаанд зохих ёсоор бүрэн чанартай хийж гүйцэтгээгүй буюу төсөвт тусгагдсанаас тоо, чанарын доголдолтой материалаар гүйцэтгэсний улмаас материалын зардлын зөрүү болон дутуу доголдолтой ажлыг өөрсдийн хөрөнгө, хүчээр засварласны хохиролд нийт    26 390 240 төгрөгийн хохирол бидэнд учруулсан. Иймд бидний хооронд байгуулсан гэрээний 4.10 дахь хэсэгт гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс шалтгаангүйгээр татгалзах, ажиллах боломжгүй болох, гэрээт ажлыг хаяж явсан тохиолдолд захиалагчийн нэхэмжилсэн төлбөрийг үл маргах журмаар барагдуулах үүрэг хүлээнэ, мөн гэрээний 2.2 дахь заалтад материалын зардлын үлдэгдэл 60 хувийг ажлын гүйцэтгэлийг үнэлэн олгоно", гэрээний 4.11 дэх заалтад гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон тогтсон хугацаанаас хоцорсноос бичлэг хойшлох буюу цуцлагдсан тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги бодож захиалагчийн хохирлыг барагдуулна." гэж тус тус заасныг үндэслэн ажил гүйцэтгэх материал зардлын батлагдсан төсвөөс зөрүү буюу дутуу болон чанаргүй материалаар ажил гүйцэтгэсэний хохирол болох 24 662 140 төгрөг, ажлаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй буюу гэрээнд заасан хугацаанаас 20 хоног хэтрүүлсний алданги болох           2 000 000 төгрөг, доголдолтой ажлыг өөрсдийн хүч хөрөнгөөр хийж гүйцэтгүүлсний зардал болох 1 728 100 төгрөг нийт 28 390 240 төгрөгийн хохирлоос гэрээний 2.3-т заасан ажил гүйцэтгэсний үлдэгдэл хөлс буюу "Нэкст зион' ХХК-д төлөх ёстой ажлын хөлс бодох          14 000 000 төгрөгийг хасч 14 390 240 төгрөгийг "Нэкст зион" ХХК-иас гаргуулж манай  компанид төлүүлэн биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, ажил гүйцэтгэх гэрээний     зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2 тайзыг хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь үр дүн байдаг ба "Медиа боловсрол" ХХК-ийн Боловсрол Телевиз нь манай компаний хийж гүйцэтгэсэн тайзыг ашиглан "Яг түүн шиг" шоу нэвтрүүлгийг амжилттай зохион байгуулж үзэгч олны хүртээл болгосон болно. Тус компанийн нэхэмжлэлээс харахад манай талыг ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж ажлыг хөлсийг тохирсон хэмжээнд тооцсон байна. Манай гүйцэтгэсэн тайзны материалын үнийн дүнгийн 60 хувь дутуу байсан бол шоуны бичлэг эхлэх ямар ч боломжгүй байх байсан. Гэтэл тус телевиз бидний гүйцэтгэсэн тайзыг ашиглаад шоу арга хэмжээгээ явуулж бичлэгээ хийж дуусгачихаад дугуу тайз, ажил үүргээ дутуу гүйцэтгэсэн гэж байгаа нь огт үндэслэлгүй болно. Материалын зардлыг үлдэгдлийг ажлын гүйцэттэлийг харж байгаад шилжүүлнэ гэж телевизийнхэнтэй тохиролцсон. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр буюу тайзны гүйцэтгэлийн дийлэнх хугацаа өнгөрч жинхэнэ шоу болох газар болох "Крокус центрт" очиход дөрөвхөн хоног үлдсэн байхад дараагийн шатны санхүүжилт орж ирснээр хугацаа алдсан. 2016 оны 4 дүгээр сарын      25-ны өдөр жижиг тайзыг Боловсрол тв-ийн байранд угсарсан болно. Тус ажлын байрыг 14 хоногийн хугацаанд 450 000 төгрөгөөр түрээсэлсэн болно. Харин энэ тайз нь урд байгаагүй хамгийн нүсэр тайз мөн шоу болох газар байхад бичлэгээс өмнө угсрах хэдхэн өдөр өгсөнтэй холбоотойгоор өөр газар байгууламж түрээсэлж байж хийж амжуулсан. Ингээд том тайз угсрах газар болох "Крокус центрт" гүйцэтгэл эхлээд бичлэг эхлэх өдөр хүртэл хэдхэн өдөр үлдсэн тул илүү олон ажиллах хүч нэмэлт хөлсөөр ажиллуулах шаардлага гарсан. Тус тайзны ажлын гэрээнд байгаа нийт төсвийн ажилчдын хоол хүнс бүх зардлыг хариуцаад өөрсдөө ажлын хөлсний үлдэгдэл ажилчдын цалин болох            14 000 000 төгрөгийг авч чадаагүй өдий хүртэл асар их алдагдал хүлээсэн. Иргэний хуулийн 346 дугаар зүйлд ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч "Нэкст зион" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан 14 000 000 төгрөгийг өгөөгүй гэж мөн мөнгө шилжсэн баримтаар    56 000 000 төгрөг шилжсэн байгаа. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан болон гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч "Медиа боловсрол суваг" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Ажил гүйцэтгэх төлбөр 14 000 000 төгрөгөө хүлээж аваагүй гэдэг дээр материалын зардлын төлбөр         26 000 000 төгрөгөөс ажлыг бол хичнээн дутуу ч гэсэн хүлээлгэж өгсөн байнаа гэж үзээд материалын зардлын зөрүүнээс хасаад үлдсэнг нэхэмжилсэн. Тэгэхээр 14 000 000 төгрөг нэхэмжилэх ямар ч эрх зүйн үндэс байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Нэкст зион" ХХК-иас 14 390 240 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч "Медиа боловсрол суваг" ХХК-ийн нэхэмжлэлийг, хариуцагч "Нэкст зион" ХХК нэхэмжлэгч "Медиа боловсрол суваг" ХХК-иас 14 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийк 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч "Медиа боловсрол суваг" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 902 төгрөгийг, хариуцагч "Нэкст зион" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/02-12 тоот гэрээний 2.1 дэх заалтад гэрээт ажлын нийт төлбөр буюу 70 170 500 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээгээ батлаж, тус үнийн дүнгээр Гүйцэтгэгч талаас гаргаж өгсөн "Тайзны ажлын зардал төсөв"-ийг гэрээний хавсралт болгон баталсан бөгөөд энэ нь гэрээнд материалын зардлыг захиалагч тал хариуцан төлөхөөр заасны дагуу манайд ажил гүйцэтгэх талаар саналаа ирүүлэхдээ анх Гүйцэтгэгч талаас гарган өгсөн төсвийг Захиалагч тал хянаж зарим зайлшгүй бус зардлуудыг хассаны эцэст төсвийг баталж гэрээнд хавсарган түүний нэг хувийг хариуцагчид өгснийг нэхэмжлэлд хавсарган шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, Талуудын хоорондын эрээний 2.1-т заасан үнийн дүн болон гэрээнд хавсаргасан тайзны ажлын зардал төсвийн үнийн дүнгүүд яв цав нийцэж байгаа, мөн зардал төсөвт хэдэн төгрөгний үнэ бүхий ямар материалаар хийж гүйцэтгэхийг тайзны детал бүрээр салган нэг бүрчлэн тусгаж оруулсан бөгөөд түүнийг өөрсдийн гаргаж өгсөн тайзны зураг төслийн дагуу гүйцэтгэгч талаас зохиож өгснийг захиалагч талаас баталсан. Учир нь материалын зардал захиалагч талаас гарахаар гэрээнд тусгагдсан бөгөөд үүний дагуу уг материалын зардал захиалагч талаас 100 хувь гарах байсан учир уг төсвийг захиалагч тал дангаар баталсан.

Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн захиалагч гүйцэтгэгч талыг байлцуулан тайз хүлээн авахдаа хийсэн бичлэг дээрх 2 үндэслэлд дурдсан нотлох баримтуудыг давхар нотлох нөхцөл байдлууд маш тодорхой тусгагдсан байхад мөн л эхний 17 минутаас цааш үзэлгүй бичлэгийг зогсоож гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь гүйцэд шинжлэн судлалгүй орхигдуулсан. Иймээс дээр дурдсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нь өөрийн гаргаж өгсөн төсөвт тусгагдсан материалыг ашиглаж тайзыг бүтээгээгүй, түүнийг нь гүйцэтгэгчийн өөрсдийнх нь гаргаж өгсөн үнээр нь тооцон материалын зардлаас хасч тооцсон 24 662 140 төгрөг, мөн тайзны ажлыг хожимдуулан хүлээлгэж өгсөний улмаас нэхэмжилж буй алданги болох 2 000 000 төгрөг, доголдолтой ажлыг өөрсдийн хөрөнгө хүчээр хийж гүйцэтгэсний зардал болох 1 728 100 төгрөг нийт 28 390 240 төгрөгөөс гүйцэтгэгчид төлөх ёстой байсан ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 14 000 000 төгрөгийг хасч 14 390 240 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаагийн зэрэгцээ үндэслэл болгож буй нотлох баримтууд нь харилцан уялдаа холбоо бүхий байхаас гадна хариуцагчийн тайлбараар давхар нотлогдсон. Иймд хариуцагчаас материалын зардалын зөрүү болох 14 390 240 төгрөгийг гаргуулан нэхэмжэгчид олгуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэнийн хуулийн 343 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил   гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Дээрх баримтаар талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг ажил гүйцэтгэгч  тал нь зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдоогүй байгаа бөгөөд талууд уг баримтаар тус ажил гүйцэтгэх гэрээний зарим доголдлын талаар тэмдэглэлийг хөтөлсөн. Мөн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 14 000 000 төгрөгийг өөрийн үндсэн нэхэмжлэлээс хасч тооцсон болохыг шүүхээс анхаарч үзэлгүйгээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүйгээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Хариуцагч тал нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн   03-02-12 дугаар ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 3 дугаар зүйлийн 3.3 болон 4 дүгээр зүйлийн 4,5 болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 зүйл, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн "Яг түүн шиг" ТВ шоуны тайз барих ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 14 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК нь хариуцагч “Нэкст зион” ХХК-д холбогдуулан 14 390 240 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ажлын хөлс 14 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтуудас үзвэл зохигчдын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд “Яг түүн шиг” нэвтрүүлгийн 2 тайзыг өөрийн материалаар хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь материалын зардалд 50 170 500 төгрөг, ажлын хөлс 20 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажлын хөлсний 30 хувь болох 6 000 000 төгрөг, материалын зардалд 44 170 500 төгрөг, бусад зардалд 6 000 000 төгрөг, бүгд       56 000 000 төгрөгийг хариуцагчид өгсөн, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр талууд ажил хүлээлцэж үйлдсэн баримтад хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг тэмдэглэж, талууд гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Учир нь талууд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж үзнэ.

Тухайлбал, хариуцагч нь гэрээнд заасан тоо, чанарт нийцээгүй материалаар ажлыг гүйцэтгэснээс нэхэмжлэгчид 24 662 140 төгрөгийн хохирол учирсан, гэрээний 4.11-д заасан “...бичлэг хойшлох буюу цуцлагдсан...” гэх байдлыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй ба гэрээнд заасан ажлын доголдолгүй үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн эсэх, гүйцэтгэсэн ажлын хэмжээгээ хариуцагч нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчилд хамаарах хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч нь гэрээний үүргийн гүйцэтгэл ажлын хөлсийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр   үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 228 000 төгрөг, нэхэмжлэгчээс төлсөн 229 902 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ЭНХТӨР

                                   

                                         ШҮҮГЧИД                              Ш.ОЮУНХАНД                                                  

 

                                                                                        М.НАРАНЦЭЦЭГ