Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00326

 

 Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

     Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01756 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1809 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

         Хариуцагч: “Э..” ХХК

          462,789,367.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч С.Сүхтөмөрийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Маргад, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

        Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Тус хэлтэстэй харилцагч “Э..” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46.2-т “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.2.1-т “Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ИХ-н 343, 359-р зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар даатгуулна”. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ”. Мөн хуулийн 17.1.1-д “Албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээх” заалтуудыг зөрчин 2019-05-31-ний өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 308,526,244.93 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 154,263,122.47 төгрөг, нийт 462,789,367.40 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсний улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.2-т заасан “Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр “Дүрэм, журам батлах тухай" тогтоолын 1 хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 3.3.1-д заасан Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангаж зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл. алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэж зааснаар 462,789,367.40 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч талаас шүүхэд тайлбар гаргаагүй байна.

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 183/ШШ2019/01756 дугаар шийдвэр гаргаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 2-т заасныг баримтлан “Э..” ХХК-иас 462,789,367.40 төгрөг гаргуулан, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгох, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2,471,897 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1809 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,471,897 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

    Хариуцагчийн төлөөлөгч С.Сүхтөмөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: шийдвэр, магадлалын 154,263,122.47 төгрөгийн алданги шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. “Э..” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил бөгөөд харамсалтай нь төрийн зарим байгууллагуудын алдаатай, харилцан ажиллагаагүй үйл ажиллагаа, улс төрийн тогтворгүй байдал зэргээс өнөөдөр хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсөө Төрөөс авч чадахгүй шүүхээр маргалдсаар 5-6 жил боллоо. Үүнээс болж тус компанийн үйл ажиллагаа доголдож, Нийгмийн даатгалд төлбөр төлөх битгий хэл ажилчдаа цалинжуулж ажилтай, орлоготой байлгах боломжгүй болоод удаж байна. Бид хуулийн дагуу төлөх ёстой татвар, хураамж, шимтгэлүүдийг төлөхгүй гэж маргахгүй бөгөөд харин төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зүйл үгүй юм. Бид Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын хууль болон бусад хуулийн хүрээнд 2015 он хүртэл төлөх ёстой бүх төлбөр, шимтгэл татваруудыг цаг хугацаанд төлж тайлан тооцоогоо гарган өгч төлөх ёстой бусад төлбөрүүдийг төлж ирснийг өмнөх шүүх хурлуудад гаргаж өгсөн 2014 оны нийгмийн даатгалын жилийн эцсийн тайлангаас харж болно. Санхүү эдийн засгийн байдал хүндэрсэн ч бага гэлтгүй олсон орлогоосоо 2015-2019 оны хооронд төлөх ёстой 725 сая гаруй төгрөгнөөс бид боломжоороо 417,245,781 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байна. “Э..” ХХК Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газартай 2012-10-03-ны өдөр № ИТЗТБУ-2012/01 тоот “Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ” (үнийн дүн 18,197,889,825 төгрөг), 2012-6-18-ны өдөр № ИТЗТБУ-2012/02-3 тоот “Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ” (үнийн дүн 8,739,498,905 төгрөг) байгуулан ажиллаж байгаа бөгөөд хэдийгээр ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байгаа боловч биднээс үл хамаарах шалтгаанаар уг төслүүдийн ажлын санхүүжилт 2015 оноос хойш хийгдээгүй байгаа юм. Захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас “Э..” ХХК-д үүссэн хохирол болох газар шорооны нэмэгдэл ажил болон валютийн ханшийн зөрүүд нийт 10,6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авахаар хөндлөнгийн магадлан шинжээчийн дүгнэлт гарсан боловч Захиалагч тал уг асуудлыг шийдвэрлэхгүй хойшлуулж байснаас болж бид шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо шүүхийн маргаан эцэслэн шийдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн. Монгол Улсын Засгийн газрын 2019-06-05-ны өдрийн хуралдаанаар Сонгино дэд станцийн барилга угсралтын ажилтай холбоотой үүссэн шүүхийн маргааныг шуурхай шийдвэрлүүлэх талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд, дэд станцийн барилга угсралтын ажлыг дуусгахад шаардлагатай хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгаж санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан нарт үүрэг болгосон. 2019-07-19-ний өдрийн Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 16-р хуралдаанаар дээрхи асуудалтай холбоотойгоор Нийслэлийн засаг даргын тамгын газар (Э.Содномжамц), Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар (Б.Мөнхбат) нарт “Э..” ХХК-тай эвлэрч 4,000,000,000 (дөрвөн тэрбум) төгрөгөөр тохирох, уг төсөл хэрэгжиж буй газруудыг ажил гүйцэтгэхэд саадгүй болгон чөлөөлөх, ажлын хэсэг байгуулах зэрэг олон жилийн маргаантай асуудлуудыг шийдэх үүрэг өгөгдсөн. Энэ дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат 2019-07-22-ны өдрийн 2/2103 албан тоотоор Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар “Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажилтай холбоотой “Э..” ХХК-ийн нэхэмжилсэн мөнгө болон зарим маргаантай ажлуудыг эцэслэн шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн болно. Дээр дурдсан үйл явдал, бодит нөхцөл байдал зэргээс манай компанийн гэм буруугаас НДШ-н төлөлтийг хугацаанд нь төлөөгүй гэж үзэх үндэслэл тогтоохгүй байх тул ИХ-ийн 222.2-т заасны дагуу шүүхээс алданги төлөх үүргээс чөлөөлж шийдвэрлэх ёстой байсан. Мөн талуудыг буюу манай компанийн төлөөллийг байлцуулалгүй, мэтгэлцэх зарчмыг хангалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж 154,263,122.47 төгрөгийн алданги шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Хан-уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2019-07-03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Э..” ХХК-иас нийт 462,789,367.40 төгрөг гаргуулахыг шаардахдаа “...хариуцагч нийгмийн даатгалд 308,526,244.93 төгрөг төлөөгүй тул алданги 154,263,122.47 төгрөгийн хамт гаргуулна...” гэжээ. 

     Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2019-07-09-ний өдөр гардуулан өгч /хх 35/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь тайлбарлан /хх33/ танилцуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /хх38/ байх боловч “Э..” ХХК нь хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй байна. Иймд шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 100 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад нийцжээ. 

     Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, орлого болон шимтгэлийг үнэн зөв тодорхойлох, тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-н зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

      Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулах бөгөөд алдангийн хэмжээ төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байх тухай Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 2 дахь хэсгийн зохицуулалт зөрчигдөөгүй байна.

    Хариуцагч нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд тайлбар гаргаагүй буюу алдангийн хэмжээг их гэж маргаагүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 116 дугаар зүйлийн 116.3-д нийцэхгүй юм.

    Хэргийн оролцогч тайлбар татгалзлаа нотлох баримтаа өөрөө гаргах үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэнэ.

    Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01756 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1809 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 929,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД,                          Х.СОНИНБАЯР

                                                        Б.УНДРАХ                                                                      

                                                                                                 Д.ЦОЛМОН