Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 1567

 

          

 

  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч М.Мөнхтөр, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх  хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг  дугаар хороо  байр  тоотод оршин суух,  онд төрсөн  настай, овогт Я.Э

           Хариуцагч: Баянгол дүүрэг  дугаар хороо  дугаар байр  тоотод оршин суух,  онд төрсөн  настай, овогт А.А

            Газар чөлөөлүүлж, хохиролд 4.747.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Э, өмгөөлөгч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Я.Э миний бие Чингэлтэй дүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 84 тоот шийдвэрийг үндэслэн 500 мкв газрыг 15 жилийн хугацаатай 03 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Гэтэл Баянгол дүүргийн харъяат А.А гэгч 2006 оноос эхлэн дураараа газар дээр минь байшин барьсан. Удаа дараа шаардаж байсан хэдий ч хэл ам хийгээд огт нүүгээгүй. Холбогдох төрийн байгууллагад хандаж Мэргэжлийн хяналт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудаас газар чөлөөлүүлэх шийдвэр гаргуулж байсан хэдий ч шаардлагыг биелүүлэхгүй өнөөг хүрсэн. Дүүргээс намайг шүүхэд ханд гэсэн хариу бичиг өгсөн. Энэ хугацаанд А.А Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулж захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрыг өөртөө олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасанг 3 шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд миний эзэмшлийн 03 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг хариуцагч А.Агийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Шадавлин гудамжны 16 нэгж талбарын дугаартай 465 мкв газар эзэмших гэж 2006 оноос өнөөдрийг хүртэл газрын төлбөр 68.200 төгрөг, шинжээчийн зардал 326.800 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ шаардлагаас тус тус татгалзаж, хууль зүйн туслалцаа авсны төлбөр 4.300.000 төгрөг, анхан болон Захиргааны хэргийн шүүхэд нотлох баримт бүрдүүлхэд гарсан нотариатын зардал 52.100 төгрөг нийт 4.352.100 төгрөгийг Иргэний хуулийн 497.1, 510.1-д зааснаар хариуцагч А.Агаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Шадивлан зуслангийн газрыг Чингэлтэй дүүргийн Засаг

даргын 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 131 дүгээр шийдвэрээр 450 мкв га

газрыг 430 тоот гэрчилгээгээр Д.Хулганаад олгосон. Уг газрыг миний бие А.А 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Д.Хулганаагаас эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж авсан. 2005 онд өөрийн эзэмшлийн газар дээр хашаа барьж, 2007 онд тус газарт кадастрын зураг хийлгэж, 2007 оны 05 дугаар сард байшин барьж эхэлсэн бөгөөд 6 дугаар сарын сүүлд бүрэн барьж дуусгасан. Тухайн үед байшин барьж дуусгах үед миний газар дээр Я.Э гэдэг хүн ирж, газар эзэмших гэрчилгээ авсан миний газар чөлөөлж өг гэдэг шаардлага тавьсан. Тэгээд газрын маргаан үүсэхэд Чингэлтэй дүүргийн газрын албанд хандсан боловч асуудлыг шийдвэрлэж өгөхгүй өнөөг хүргэсэн. А.А миний бие болон манай гэр бүл өнөөг хүртэл өөрийн эзэмшлийн зуслангийн газартаа барьсан байшиндаа амьдарч байгаа бөгөөд ямар ч газрын албанаас шаардах бичиг болон газрын албанаас дуудсан зүйл байхгүй. Гэтэл нэхэмжлэгч ямар учраас удаа дараа шаардаж байсан хэдий ч хэл ам хийсэн гэж нэхэмжлэлдээ бичсэнийг ойлгохгүй байна. Энэ нь  намайг шүүхэд хууль бусаар амьдарч байгаа гэдгийг харуулах гэсэн буруу ойлголтыг төрүүлэх оролдлого, санаа гэж үзэж байна. Миний бие газрын албанд очиж өөрийн эзэмшлийн газраа маргаантай эсэхийг тодруулахад давхацсан газар байна гэсэн хариуг амаар хэлсэн. Иймд миний бие Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Шадивлан зуслангийн өөрийн газрыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Э нь хариуцагч А.Ад холбогдох газар чөлөөлүүлж, хохиролд 4.747.110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч шүүх хуралдаанд хохиролын 395.000 төгрөгөөс татгалзаж 4.352.100 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Я.Э нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Шадивланд 465 мкв газрыг 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар эзэмших эрхтэй болох нь түүний 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмшихийг хүссэн өргөдөл, Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 тоот шийдвэрийг үндэслэн олгосон Газар эзэмших эрхийн дугаар 03 гэрчилгээ, 2006 оны 05 дугаар сарын 04, 2006 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн газрын байршлын кадастрын зураг гэсэн баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч нь Шадивлан зуслангийн газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 131 дүгээр шийдвэрээр 450 мкв га газрыг 430 тоот гэрчилгээгээр Д.Хулганаад олгосон. 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Д.Хулганаагаас эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авч кадастрын зураг хийлгэж өөрийн эзэмшлийн газарт хашаа, байшин барьсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар ирүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаартай Иргэний газар ашиглах гэрчилгээгээр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Шадивлан зуслангийн газарт 450 ам дөрвөлжин мкв газрыг 4 жилийн хугацаагаар Д.Хулганаад эзэмшүүлхээр олгож, 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр Д.Хулганаа нь уг газрын эзэмших эрхийг А.Ад шилжүүлсэн боловч газар ашиглах  гэрчилгээний хугацаа цаашид үргэлжлэн сунгагдсан, уг газрыг хариуцагч А.А үргэлжлүүлэн эзэмших эрхтэй эсэх баримт болон энэ талаар холбогдох байгууллагад өргөдөл, хүсэлт гаргаагүй байна.

 

 

 

 

 

 

 

Тэрээр маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй гэсэн тайлбар ирүүлсэн боловч тайлбарыг нотолсон баримтгүй, харин түүнд дур мэдэн бусдын эзэмшил газар зөвшөөрөлгүй барьсан хашаа, байшинг буулгаж газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлж байсан болох нь 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаартай Чингэлтэй дүүргийн Засаг даргын Газар албадан чөлөөлөх тухай захирамж, 2007 оны 08 дугаар сарын 01,  2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 143, 5/1303, 05-61/1666 дугаартай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын газар чөлөөлөх тухай албан шаардлага гэсэн баримтуудаар тогтоогдож байх тул хариу тайлбар нь үндэслэлгүй.

Шүүх зохигчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Өмч газрын харилцааны алба, Газрын харилцаа геодизи, зураг зүйн газрыг тус тус шинжээчээр томилж, дүгнэлтээр 18642321183608 дугаартай нэгж талбар нь кадастрын зургийн мэдээллийн санд иргэн Я.Эийн нэр дээр бүртгэлтэй боловч газар нь бүхлээрээ А.Агийн барьсан хашаа, байшинтай давхцаж байгаа болон түүний эзэмшлийн газарт хариуцагч хашаа байшингаа барьсан болох нь тогтоогдсон, энэ байдал нь мөн шинжээч М.Базарсүрэнг асуусан мэдүүлгээр тогтоогдсон байна. Харин хариуцагчийн эзэмшиж байгаа газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон шинжээчийн дүгнэлт нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, Д.Хулганаагаас А.Ад газрын эрхийг шилжүүлсэн талаар гэрчилсэн Т.Ганбаярын мэдүүлэгт зохигч маргаагүй боловч  энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр захирамжийн иргэн Я.Эт холбогдох хэсэг, Я.Эт олгосон 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, маргаан бүхий газрыг А.Ад олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 128/ШШ2017/0706 шийдвэрээр түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Тус шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны магадлал, Хяналтын шатны тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа авсаны төлбөр 4.300.000 төгрөг, нотариатын зардал 52.100 төгрөг нийт 4.352.100 төгрөгийг эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд тооцон нэхэмжилсэн боловч  өмгөөлөгч авч хөлсөө хэрхэн тооцох нь өөрийнх нь эрх,  нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор нотлох баримт бүрдүүлэх нь түүний хуулиар хүлээсэн үүрэг тул хохиролд тооцон гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Я.Эийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Шадавлин гудамжны 16 нэгж талбарын дугаартай 465 мкв газрыг хариуцагч А.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, үлдэх хохиролд 4.352.100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Эийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Шадавлин гудамжны 16 нэгж талбарын дугаартай 465 мкв газрыг хариуцагч А.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, үлдэх 4.352.100 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.100 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Агаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Эт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                      

 

     ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА

                                   ШҮҮГЧИД                                    М.МӨНХТӨР

 

                                                                                        А.САРАНТУЯА