Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 181/2019/01426/И |
Дугаар | 001/ХТ2021/00386 |
Огноо | 2021-04-15 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2021/00386
Б.Э-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01816 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1854 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Б.Э-
Хариуцагч: С.Н-
нэхэмжлэл: нийт 44,800,000 төгрөг гаргуулах тухай,
сөрөг нэхэмжлэл: 2,000,000 төгрөг гаргуулах, караокены тохижилт, тоног, төхөөрөмжийг буцаан авахыг даалгах, талбай чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар 2019-12-05-ны өдөр хариуцагч С.Н-гаас гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: 2016-02 сард үнэгүй.мн веб хуудаснаас караоке зарна, машин оролцуулж болно гэсэн зарын дагуу Г.М-тай уулзаж, Баянзүрх дүүргийн 4-р хороонд байрлах “Их хотын караоке”-ны тохижилт, тоног төхөөрөмжийг өөрийн эзэмшлийн Тоёота Ланд 100 маркийн автомашинаар 23,000,000 төгрөгт тооцон сольсон. Г.М- нь 2015-11 сард н.Бадрал гэх залуугаас тухайн караокены тохижилт, техник хэрэгслийг 16,000,000 төгрөгөөр худалдан авч, объектын эзэн С.Н-тай түрээсийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. 2016-03 сараас караокег ажиллуулж эхэлсэн бөгөөд удалгүй С.Н- нь өмнөх түрээсийн төлбөрөө нэхэж, караокег ашиглуулахгүй гэж цоожийг сольж, караокег бүхэлд нь эзэмшилдээ авсан. Нэхэмжлэгч нь Г.М-д холбогдуулан 2016-04 сард караокег хууран мэхлэх замаар худалдаж, залилсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч 2017-05 сард Прокуророос эрүүгийн хэрэг биш, иргэний маргаан хэмээн шийдвэрлэсэн. 2017-07-23-ны өдөр БЗД-н ИХАШШ-д нэхэмжлэл гаргаж, 2018-04-12-ны өдөр гарсан шүүхийн шийдвэрээр Т.М-, Б.Э- нарын хооронд арилжааны гэрээ байгуулагдаж, автомашин Г.М-д шилжсэн, харин караокены тохижилт, тоног төхөөрөмжийг Б.Э-ы өмч мөн гэсэн. Шүүхийн шийдвэрийн дараа нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн караокены тохижилт, тоног төхөөрөмжийг авахаар очиход С.Н- өөр этгээдэд ашиглуулж байсан. Б.Э- караокег авах талаар удаа дараа шаардлага гаргасан боловч ажиллуулж буй хүмүүс нь С.Н-гаас худалдаж авсан гэх тайлбар өгч, С.Н- нь караокег нэхэмжлэгчид буцаан өгөхөөс татгалзсан 2018-08 сард цагдаад гомдол гаргасан ч 2018-11 сард иргэний маргаан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. С.Н- 2016-04 сард караокег эзэмшил, ашиглалтдаа авч түүнээс хойш 2019-03 сар хүртэл өөрөө болон өөр бусдад ашиглуулан ашиг, орлого олж, караокены тоноглол, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөөгүй тул үнийн 16,000,000 төгрөг, 2018-08 сард БЗД-н цагдаагийн хэлтэст гомдол гаргахад С.Н- караокег сарын 800,000 төгрөгөөр бусдад түрээслүүлдэг нь тогтоогдсон тул маргаантай байх хугацаа буюу нийт 36 сар ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, олсон орлого 28,800,000 төгрөг, нийт 44,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Караокены тоног төхөөрөмж хэний өмчлөлийн зүйл болохыг БЗД-н ИХАШШүүх тогтоосон. Б.Э-, Г.М- нарын хооронд арилжааны гэрээ хийгдсэн талаар шүүх дүгнэсэн. 2016-04 сард С.Н-гийн үл хөдлөх эд хөрөнгө цоожлогдсон тул тоног төхөөрөмжийг буцаан авч чадаагүй. Г.М-тай маргаан байсан нь нөлөөлсөн. Тоног төхөөрөмжийг буцаан авч болно. Гэхдээ түүнийг ашиглах явцад элэгдэл хорогдол үүсгэж муутгасан тул зөрүүг нь авах ёстой. Түрээсийн төлбөр, ашиглалтын зардал гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. ИХ-н 318.3-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх байтал талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй хуульд заасан шаардлага хангаагүй гэрээ тул хүчин төгөлдөр бус байна. Мөн ашиглалтын зардал төлсөн баримт байхгүй байна гэжээ.
Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 13345 ЭТӨЧ 24/6-2 тоот хаягт байрлах нийт 130 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд нөхөр бид хоёрын нэр дээр бүртгэлтэй байдаг. 2015-11-25-ны өдөр Г.М-тай түрээсийн гэрээ байгуулж, 2 жилийн хугацаатай, сарын 1,100,000 төгрөгөөр, караокены үйлчилгээ явуулах зориулалтаар талбай түрээслүүлсэн. Түрээсийн төлбөрт түрээслэгчийн үйл ажиллагаа явуулахдаа ашиглах хэрэглээний зардал, дулаан, халуун хүйтэн ус, цахилгааны төлбөр ороогүй бөгөөд түрээслэгч тусад нь төлөхөөр тохиролцсон. Г.М- нь түрээслүүлсэн талбайг караокены зориулалтаар тохижуулан Их хотын караоке гэж нэрлэн, ажиллуулсан. Г.М- нь 2015-11-25-ны өдрөөс эхлэн 2016-03 сар хүртэлх хугацаанд миний өмчлөлийн талбайг түрээслэн ашигласан, энэ хугацаанд түрээсийн төлбөр бүрэн төлж барагдуулаагүй ба 6,500,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн өртэй байгаа. Энэ төлбөрт Б.Э- караокег нэг сар ажиллуулсны түрээсийн төлбөр, ашиглалтын зардал нийт 2,000,000 төгрөг багтсан. Г.М- 2016-03 сард Б.Э- гэх хүн ажиллуулах болсон, карокены тоног төхөөрөмжөө энэ хүнд зарсан гэж хэлсэн. 2016-03 сараас эхлэн ажиллуулсан Б.Э-аас ажилласан хугацааны түрээсийн төлбөр төлөхийг шаардахад Г.М-аас авлагатай гээд нэг ч төгрөг төлөөгүй. Түрээсийн төлбөр төлөхгүй бол талбай чөлөөлж өг гэхэд чөлөөлөхгүй байсан тул арга буюу 2016-04 сард манай нөхөр, Б.Э- бид гурав хамт байж байгаад хаалганы цоожийг солиод түлхүүрийг би авсан, үүнээс хойш тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Караокены тоног төхөөрөмж нь Г.М-, Б.Э- нарын хэнийх нь өмч болох нь тодорхойгүй, Б.Э- Г.М-аас худалдан авсан гэж тайлбарладаг. Тэдгээрийн хооронд үүссэн худалдах худалдан авах харилцааны маргаанаас болж хууль ёсны өмчлөлийн хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй болж, өнөөдрийг хүртэл хохирсоор ирсэн. Миний бие Г.М-д холбогдуулан түрээсийн төлбөрөө шаардаж шүүхэд хандсан боловч хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус шүүхийн шийдвэрээр Г.М-ыг эрэн сурвалжилж байгаа ч олдоогүй байна. Б.Э-ы өмчлөлийн тоног төхөөрөмжийг худалдан борлуулсан зүйл байхгүй тул үнэ гэх 16,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчээс тоног төхөөрөмжийн үнэ гэж мөнгө огт аваагүй бөгөөд түүнтэй худалдах, худалдан авах гэрээний харилцаанд ороогүй. Б.Э-, Г.М- нарын хоорондын худалдах худалдан авах гэрээтэй холбоотой асуудал надад хамаагүй. Миний бие 2016-04 сард хаалганы цоож сольсноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлийн талбайг бусдад түрээслүүлэн ашиг олсон зүйлгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 28,800,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийн өмчлөлийн талбайд байгаа тоног төхөөрөмжийг Б.Э-д эсхүл Г.М-д өгч талбайгаа чөлөөлж авах хүсэлтэй байгаа ба тухайн тоног төхөөрөмжийн хууль ёсны өмчлөгч нь хэн болохыг сайн мэдэхгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг, хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Б.Э- нь надаас нэхэмжилсэн тоног төхөөрөмжийн үнэ болон ашиг орлого олсон гэх нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, надад 16,000,000 төгрөгийг хэзээ яаж өгсөн, бидний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа байсан эсэх зэргийг баримтаар нотлох ёстой. Түүнчлэн, маргаан бүхий караокены төхөөрөмж нь нэхэмжлэгчийн өмч мөн гэдгийг нотолж улмаар түүний өмчлөлийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэдэг үндэслэлээ нотлох ёстой. Мөн караокены тоног төхөөрөмжийг миний бие 36 сар ашигласан, ашиглахдаа ямар орлого олсон, энэ олсон орлого нь намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болох эсэхийг нотлох үүрэгтэй. Миний бие өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө бусдад худалдах, бэлэглэх, түрээслэх зэргээр чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй тул яаж хууль бусаар ажиллуулсан бэ гэх тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй гэж үзэж байна. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.. Б.Э-д караокены тоног төхөөрөмжийг буцаан өгч талбайгаа чөлөөлж авах хүсэлтэй. Б.Э-аас 2016-03 сараас 04 сар дуустал ашигласан хугацааны түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд нийт 2,000,000 төгрөгийг гаргуулж, караокены тохижилт, тоног төхөөрөмжийг буцаан авахыг түүнд даалган талбайг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 181/ШШ2019/01816 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг баримтлан С.Н-гаас 7,650,000 төгрөгийг гаргуулан Б.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг буюу 37,150,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс Б.Э-аас 1,100,000 төгрөг гаргуулан С.Н-д олгож, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ЭТӨЧ 24/6-2 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс БНХАУ-д үйлдвэрлэсэн 2 ширхэг чанга яригч, БНСУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг өсгөгч, БНСУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг тоглуулагч, 2 ширхэг утастай микрофон, БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг гэрэл, 1.5*1.2 м хэмжээтэй 1 ширхэг толь, 60*110 см хэмжээтэй 1 ширхэг явган ширээ, 1.1+1.7+1.1 м урттай 3 ширхэг буйдан, 32 инчийн хэмжээтэй 1 ширхэг дэлгэц, 60*60*40 см хэмжээтэй 1 ширхэг шүүгээ, 1 ширхэг сэнс, 2.7+2.7+1.4 м урттай 3 ширхэг буйдан, БНХАУ-д үйлдвэрлэсэн 40 инчийн хэмжээтэй 1 ширхэг дэлгэц, 1 ширхэг сэнс, 60*110 см хэмжээтэй 2 ширхэг ширээ, 2.9+1.8+1.4 м урттай 3 ширхэг буйдан, 1 ширхэг сэнс, 120*90 см хэмжээтэй 2 ширхэг ширээ, 40 инчийн хэмжээтэй 1 ширхэг дэлгэц, 1.4+1.4+1.8 м урттай 3 ширхэг буйдан, 1 ширхэг сэнс, 120*90 см хэмжээтэй 1 ширхэг ширээ, 1.2*1.2 м хэмжээтэй 1 ширхэг толь, 40 инчийн хэмжээтэй 1 ширхэг дэлгэц, 1 ширхэг шүүгээ, 600*110 см хэмжээтэй 1 ширхэг ширээ, 1.4+1.4+1.7 м урттай 3 ширхэг буйдан, 1.6+1.5 м урттай 2 ширхэг буйдан, 2 ширхэг чанга яригч, 175 л багтаамжтай 1 ширхэг шилэн нүүртэй хөргөгч, 280 л багтаамжтай 1 ширхэг хөргөгч, 500*1200 см хэмжээтэй 1 ширхэг цагаан ширээ, 1 ширхэг печь зэргийг гаргаж, уг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгч Б.Э-д даалгаж, хариуцагч С.Н-гийн нэхэмжлэлээс үлдэх хэсэг буюу 900,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 382,000 төгрөгийн 381,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, С.Н-гаас 137,350 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас төлсөн 117,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Э-аас 101,150 төгрөгийг гаргуулан С.Н-д олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1854 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01816 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, С.Н-гийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар С.Н- гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч С.Н- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... С.Н-гаас 7,650,000 төгрөгийг гаргуулан Э-д олгож...” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах гомдлыг гаргаж байна. Шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт тулгуурлан эрх зүйн дүгнэлт хийхдээ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт үндэслэл муутай дүгнэлт хийснээр шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзэхээр байна. Учир нь хэргийн зохигч талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар “...Б.Э- нь 2016-02 сард үнэгүй.мн вэб хуудаснаас “Караоке зарна, машин оролцуулж болно” гэсэн зарын дагуу Г.М-тай уулзаж Их хотын караокены тохижилт тоног төхөөрөмжийг 23 сая төгрөгийн үнэ бүхий өөрийн эзэмшлийн Ланд 100 маркийн автомашинаар солихоор тохиролцсон. Г.М- нь 2015-11 сард Бадрал гэх залуугаас тухайн караокены тохижилт, техник хэрэгслийг 16 сая төгрөгөөр худалдан авч объектын эзэн С.Н-тай түрээсийн гэрээ байгуулан ажиллуулдаг байсан...” гэх үйл баримт хэргийн баримтаар нотлогдсон, энэ үйл баримтын талаар С.Нарантуягийн зүгээс ямар нэгэн маргаан байхгүй болно. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...Караокены тохижилт, тоног төхөөрөмжийн үнэ болох 16,000,000 төгрөг, нийт 36 сар ашиглаж, үндэслэлгуйгээр хөрөнгөжиж орлого олсон тул 28,800,000 төгрөг, нийт 44,800,000 төгрөг гаргуулах...” гаргуулах нэхэмжлэл гаргасан. Эхний шаардлага болох Караокены тохижилт, тоног төхөөрөмжийн үнэ болох 16,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч нь С.Н- биш бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд караокены тоног төхөөрөмж худалдах, худалдан авах талаар анхнаасаа ямар нэгэн тохиролцоогүй байгаа тул Б.Э- нь С.Н-гаас тоног төхөөрөмжийн үнийг шаардах эрхгүй болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...ИХ-н 495.1-д Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй”, ... учраас эд хөрөнгийн үнэлгээ буурсан хэмжээнд буюу 7,650,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй”...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. С.Н-г түрээсийн төлбөрийг шаардахад төлбөр төлөхгүй гэдгээ Б.Э- мэдэгдэж байсан бөгөөд “...тоног төхөөрөмжөө аваад, талбай чөлөөлж өг...” гэхэд талбайг чөлөөлөхгүй, Г.М-аас би авлагатай гэх зэргээр асуудалд хандаж байсан бөгөөд талбайг яаралтай чөлөөлж өг гэхэд чөлөөлж өгөхгүй байсан учраас Б.Э-ы дэргэд хаалганы цоожийг сольж түлхүүрийг нь бид авсныг Б.Э- мэдэж байгаа бөгөөд С.Н- нь хүний хөрөнгийг хууль бусаар ашиглаж орлого олж байна гэсэн нь эргэлзээтэй байгаа юм. Ер нь бодит байдал нь тухайн караокены тоног төхөөрөмж, эд хогшил нь С.Н-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө дотор байгаа нь үнэн бөгөөд харин тухайн тоног төхөөрөмжийг худалдсан, худалдан авсан талаарх эрх зүйн харилцаа нь Г.Мөнх-Учрап, Б.Э- нарын хооронд үүссэн учраас тоног төхөөрөмжийн үнийг төлөх үүрэг нь Г.М-ийн үүрэг гэж ойлгож байна. Дээрх 2 иргэний хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний зүйл болох караокены тоног төхөөрөмжийн үнийн зарим хэсгийг нь С.Н- төлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй болно. Иймд С.Н-гаас 7,650,000 төгрөгийг гаргуулах хэсгийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Э- 2019-05-07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, С.Н-гаас 44,800,000 төгрөг гаргуулахыг шаардахдаа “...хариуцагч нь миний өмч болох караокены зориулалттай тоноглол, тоног төхөөрөмжийг \цаашид тоног төхөөрөмж гэх\ 2016-04 сард өөрийн мэдэлд үлдээсэн боловч өгөөгүй тул уг эд хөрөнгийн үнэ 16,000,000 төгрөг....тоног төхөөрөмжийг 2019-03 сар хүртэл ажиллуулж нэг сарын 800,000 төгрөгөөр бусдад түрээслүүлж орлого олсон тул нийт 36 сар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 28,800,000 төгрөгийг авна... тоног төхөөрөмжийг буцааж өгөх тохиолдолд би элэгдэл хорогдлыг нь тооцож гаргуулна ..” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...өмнөх түрээслэгч нь 2015-11-25-ны өдрөөс 2016-03 сар хүртэлх хугацааны төлбөрийг төлөөгүй... 6,500,000 төгрөгийн өртэй байгаа бөгөөд үүнд Б.Э- караокег нэг сар ажиллуулсны түрээсийн төлбөр, ашиглалтын зардал нийт 2,000,000 төгрөг багтсан... 2016-03 сараас түрээсийн төлбөр төлөхийг шаардахад Г.М-аас авлагатай гээд төлөөгүй..тул 2016-04 сараас хааж үйл ажиллагаа явуулаагүй....ашиг олсон зүйлгүй...тоног төхөөрөмжийг буцаан өгнө...харин 2016-03 сараас 04 сар дуустал хугацааны түрээсийн төлбөр, ашиглалтын зардал нийт 2,000,000 төгрөг гаргуулах,талбайг чөлөөлүүлэх, тоног төхөөрөмжийг буцаан авахыг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэл гаргаж байна..” гэжээ.
Анхан шатны шүүх С.Н-гаас 7,650,000 төгрөгийг гаргуулан Б.Э-д олгох, Б.Э-аас 1,100,000 төгрөг гаргуулан С.Н-д олгох, шийдвэрт заасан эд хөрөнгийг гаргаж, чөлөөлөхийг Б.Э-д даалгаж, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг үлдэх үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж С.Н-гийн гомдлыг хангахгүй орхисон байна.
Шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
а\. Б.Э- нь С.Н-гаас тоног төхөөрөмжийн үнэ 16,000,000 төгрөг, уг тоног төхөөрөмжийг бусдад түрээслүүлж олсон орлого 28,800,000 төгрөг нийт 44,800,000 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд тоног төхөөрөмжийг биетээр нь буцаан олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд элэгдэл хорогдлыг тооцуулна гэжээ.
Шүүх элэгдэл хорогдлыг тооцож буюу “...эд хөрөнгийн үнэлгээ буурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...” гэсэн үндэслэлээр 16,000,000 төгрөгөөс 8,350,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, үүнд нэхэмжлэгч гомдоогүй тул хариуцагчаас 7,650,000 төгрөг гаргуулах тухай шийдвэр хуульд нийцэж буй эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгнө.
б\. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Г.М- нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын 24/6 дугаар байрны 2 давхарын 130 кв.м \цаашид 130 кв.м талбай гэх\ С.Н-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшин “караоке” ажиллуулж байгаад тоног төхөөрөмжөө Б.Э-д худалдсан, нэхэмжлэгч хариуцагчтай 2016 оны 3 сард тохиролцон уг үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллуулж байсан, С.Н- 130 м.кв үл хөдлөх эд хөрөнгөө 2016 оны 4-р сард буцааж авахдаа тоног төхөөрөмжийг өөрийнхөө мэдэлд авч үлдсэн нь тус тус тогтоогджээ.
в\. Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх боловч гэрээ нь хуульд заасан журмын дагуу байгуулагдаагүй байна.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус юм.
Иймд эд хөрөнгө түрээслэх тухай зохигчийн тохиролцоог шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт нийцсэн гэж үзлээ.
г\. Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.
С.Н- 130 кв.м талбай түрээслүүлэх, Б.Э- түрээслэн төлбөр төлөх тохиролцоо нь хүчин төгөлдөр бус тул хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний үүргийн биелэлт шаардах, улмаар гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгчийн эд хөрөнгийг нь саатуулах,барьцаалах эрхийг үүсгэхгүй.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
д\. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.
С.Н- 130 м.кв талбайг нэхэмжлэгчээс буцааж авахдаа өөртөө үлдээсэн тоног төхөөрөмж нь Б.Э-ы өмч байна.
Б.Э- өөрийн эд хөрөнгийг эзэмших,ашиглах эрхийг С.Н-д олгосон гэх үйл баримт нотлогдоогүй, хариуцагч 130 кв.м талбайгаа 2016 оны 4-р сараас хойш бусдад караоке ажиллуулах зориулалтаар түрээслүүлж байсан, ийнхүү түрээслүүлэхдээ нэхэмжлэгчийн тоног төхөөрөмжийг ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.
Иймд шүүх тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлыг тооцон С.Н-гаас 7,650,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 7,650,000 төгрөг гаргуулах тухай шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.
2. С.Н- сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр,ашиглалтын зардалд 2,000,000 төгрөг шаардсан байна.
а\. Шүүх Б.Э-аас 1,100,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул Б.Эрдэнчулуунаас нэмж 900,000 төгрөг гаргуулах хариуцагчийн гомдол хуульд нийцэж буй эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийнэ.
б\. Эд хөрөнгө түрээслэх тухай Б.Э-,С.Н- нарын тохиролцоог шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй болохыг дээр дурдсан.
Б.Э- нь хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр 130 кв.м талбайд үйл ажиллагаа явуулсан тул түүнийг бусдын эд хөрөнгийг үндэслэлгүй олж авсан гэж үзнэ.
Эд хөрөнгийг үндэслэлгүй олж авсан этгээд уг зүйлээ ашиглахдаа ямар нэгэн ашиг, орлого олоогүй гэх байдал тогтоогдоогүй тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж байсан хэмжээгээр хариуцагчийн олох байсан орлогыг тооцож нэхэмжлэгчээс 1,100,000 төгрөг гаргуулахаар шүүх шийдсэн нь баримттай байна.
Ашиглалтын зардалтай холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй байна.
Шүүх сөрөг нэхэмжлэлээс 900,000 төгрөг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчээс нийт 2,000,000 төгрөг гаргуулах өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулах тухай хариуцагчийг гомдлыг хангахгүй орхино.
3. Шүүхийн шийдвэр,магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
а\. Б.Э- нь С.Н-гаас тоног төхөөрөмжийн үнэ 16,000,000 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд тоног төхөөрөмжийг биетээр нь буцаан олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд элэгдэл хорогдлыг тооцуулна гэсэн тайлбар өгчээ.
Өөрөөр хэлвэл, “...16,000,000 төгрөг гаргуулах...” шаардлага нь “...тоног төхөөрөмжийг хариуцагчид үлдээж эд хөрөнгийн үнийг гаргуулан авах..” агуулгатай байна. Харин “...биетээр нь буцаан олгох бол элэгдэл хорогдлыг тооцуулна..” гэсэн нь “...тоног төхөөрөмжийг хариуцагчаас авах... мөн эд хөрөнгийг ашигласны улмаас үүссэн элэгдэл хорогдлыг мөнгөөр тооцон гаргуулах ..” гэсэн агуулгатай байна.
Анхан шатны шүүх тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлыг мөнгөөр тооцон хариуцагчаас гаргуулах дүгнэлт хийсэн атлаа үүнтэй холбоотой үр дагавар болох эд хөрөнгийг “..нэхэмжлэгчид олгох..” талаар шийдвэртээ заагаагүй үлдээсэн нь дутагдалтай болжээ.
б\. Хариуцагч нь “... тоног төхөөрөмжийг буцаан авахыг нэхэмжлэгчид даалгах..” -г сөрөг нэхэмжлэлдээ шаардсан байгаа.
Өөрийн шаардлага,татгалзлын үндэслэлийг нотлох үүргийг талууд хүлээнэ. Шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж,хэргийг шийдвэрлэнэ.
Хэрэгт авагдсан баримтаар, Б.Э- нь өөрийн тоног төхөөрөмжийг С.Н-гаас хүлээн авахыг татгалзсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
в\. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхисонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй хэдий ч тоног төхөөрөмжтэй холбоотой шаардлагыг зохигчийн хэн аль нь гаргасан байгаа тул энэ талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 115 дугаар зүйлийн 115.2, 118 дугаар зүйлийн 118.1.5 дахь хэсгийг зөрчихгүй юм.
“...тоног төхөөрөмжийг буцаан авахыг нэхэмжлэгчид даалгах..” сөрөг нэхэмжлэл баримтаар тогтоогдоогүй, Б.Э-ы зарим шаардлагын талаар шүүх зөв дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгтээ заагаагүй орхисон ба энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй тул энэ үндэслэлээр тоног төхөөрөмжийг хариуцагчаас гаргуулах өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2-т нийцүүлэн залруулах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1854 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01816 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг баримтлан С.Н-гаас 7,650,000 төгрөгийг БНХАУ-д үйлдвэрлэсэн 2 ширхэг чанга яригч, БНСУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг өсгөгч, БНСУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг тоглуулагч, 2 ширхэг утастай микрофон, БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг гэрэл, 1.5*1.2 м хэмжээтэй 1 ширхэг толь, 60*110 см хэмжээтэй 1 ширхэг явган ширээ, 1.1+1.7+1.1 м урттай 3 ширхэг буйдан, 32 инчийн хэмжээтэй 1 ширхэг дэлгэц, 60*60*40 см хэмжээтэй 1 ширхэг шүүгээ, 1 ширхэг сэнс, 2.7+2.7+1.4 м урттай 3 ширхэг буйдан, БНХАУ-д үйлдвэрлэсэн 40 инчийн хэмжээтэй 1 ширхэг дэлгэц, 1 ширхэг сэнс, 60*110 см хэмжээтэй 2 ширхэг ширээ, 2.9+1.8+1.4 м урттай 3 ширхэг буйдан, 1 ширхэг сэнс, 120*90 см хэмжээтэй 2 ширхэг ширээ, 40 инчийн хэмжээтэй 1 ширхэг дэлгэц, 1.4+1.4+1.8 м урттай 3 ширхэг буйдан, 1 ширхэг сэнс, 120*90 см хэмжээтэй 1 ширхэг ширээ, 1.2*1.2 м хэмжээтэй 1 ширхэг толь, 40 инчийн хэмжээтэй 1 ширхэг дэлгэц, 1 ширхэг шүүгээ, 600*110 см хэмжээтэй 1 ширхэг ширээ, 1.4+1.4+1.7 м урттай 3 ширхэг буйдан, 1.6+1.5 м урттай 2 ширхэг буйдан, 2 ширхэг чанга яригч, 175 л багтаамжтай 1 ширхэг шилэн нүүртэй хөргөгч, 280 л багтаамжтай 1 ширхэг хөргөгч, 500*1200 см хэмжээтэй 1 ширхэг цагаан ширээ, 1 ширхэг печь-н хамт гаргуулан Б.Э-д, Б.Э-аас 1,100,000 төгрөг гаргуулан С.Н-д тус тус олгож, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлээс үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай..” гэж өөрчлөн,шийдвэр болон магадлалыг бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 137,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД, П.ЗОЛЗАЯА Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН