Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0060

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “А” ХХК /РД: __/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б

Гомдлын шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч Д.Бын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0066875 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“А” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ц шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д. Б 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн № 0064518 тоот шийтгэлийн хуудсаар гарал үүслийн гэрчилгээгүй нядалгаанд орох 30 гахайг тээвэрлэсэн гэж 1.000.000/нэг сая төгрөгийн шийтгэлийг “Зөрчлийн тухай хууль”-ийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т заасныг үндэслэн оногдуулсан нь анхнаасаа шийтгэл оногдуулах хуулийн үндэслэлгүй байхад өөрийн албаны эрх мэдэл, давуу байдлаа урвуулан ашиглан хууль бус шийтгэл оногдуулсан тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс гаргаад хэргийн индекс 128/2019/057/3 бүхий хэрэг шалгагдаж байгаад шийтгэлийн хуудсыг зөвтгөн бичих Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дугаар 128/ШШ2019/0388 захирамжийг хангуулахаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар 128/ШШ2020/0617 шийдвэрийн дагуу хэргийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байгаа.” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.Б нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Т шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0388 захирамжаар Хувь хүн, хуулийн этгээдийг хольж алдаатай бичсэн шийтгэлийн хуудсаар хуулийн этгээд болгон зөвтгөн бичиг үүрэг хүлээлгэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00666875 дугаартай зөвтгөн бичсэн гэх шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1.2-т заасны дагуу 1.000.000 төгрөгийн ногдуулсан байсан шийтгэл болон хуулийн зүйл заалтаа өөрчлөн мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасны дагуу болгон өөрчлөөд 1.500.000 төгрөгийн хүндрүүлсэн шийтгэл ногдуулан Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4.5, 1.4.6 дах заалтыг зөрчин дордуулан ирүүлсэн. Шүүх нь шүүгчийн захирамжид огт дурдагдаагүй хүндрүүлсэн шийтгэл ногдуулсан ба хуулийн заалтаа өөрчилсөн нь тус шийтгэлийн хуудас нь хууль бус болохыг нотолж байна. Иймд энэхүү хууль бус 0066875 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа.

Энэхүү мэргэжлийн хяналтын байцаагч нь шүүхийн захирамжийг өөрчлөн бичсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй гэж заасныг зөрчиж байна.

Жолоочид гарал үүслийн бичиг нь яваагүй ч гэсэн ойрхон цаг хугацаанд бичгээ авч явсан. Гол нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.14 нь Нотлох баримтыг үнэлэх, цэгнэх хуулийн заалтыг хангаагүй гэдэг прокурорын шаардлагад давхар байгаа. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13-т “шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн хуулийн этгээдийн хүсэлт, шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийн хэмжээг багасгах эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны Улсын байцаагч гаргана” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б би 2019 оны 4 дүгээр сарын 23-24-ний өдөр Эмээлт авто замын шалган нэвтрүүлэх цэгт 24 цагийн ажил үүрэг гүйцэтгэсэн, 4 дүгээр сарын 24-ний өдөр 07  цаг 20 минутад “А” ХХК-ийн 20-33 УНД улсын дугаартай ачааны авто машинаар 30 толгой гахайг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлсэн нь амьд мал амьтны гарал үүслийн гэрчилгээгүй нь ( Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль 7 дугаар зүйл. Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээг хэрэгжүүлэх 7.4.2-т “нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, худалдах, төхөөрөх зорилгоор мал, амьтныг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахдаа мал эмнэлгийн улсын байцаагчаас мал эмнэлгийн гэрчилгээ авч бүртгүүлэх”, Зөрчлийн тухай хууль 13.5 дугаар зүйлд “Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих 1.Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчиж, 1.1.мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсхүл мал, мах тээвэрлэсэн, борлуулсан”,

Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгаас хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутаг руу тээвэрлэлт хийсэн нь Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсээс гарах мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглоно”, 20 дугаар зүйлийн 20.1.4-т “мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, тээвэрлэх, худалдах” Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34.2-т “Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ”, 34.2.2-т “гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх”, Тус компанийн гахайн аж ахуй дотоод хяналт шалгалтын журамд заасан дотоод хяналт шалгалтын журам мөрдүүлээгүй нь (Зөрчлийн тухай хууль 11.2 дугаар зүйлд “Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчих” 1.2-т “Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Улсын байцаагчийн дуудсан хугацаанд ирээгүй нь (Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 3.1 дүгээр зүйлд “Холбогдогч” З-т “Холбогдогч дараах үүрэгтэй” 3.1-д “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх”, Шийтгэл оногдуулах үндэслэл нь (Зөрчлийн тухай хууль 3 1 дүгээр зүйлд “Шийтгэл оногдуулах үндэслэл” 4-т “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна.”, Тус компани Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гомдол гаргасан, дүүргийн прокурорын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №400 албан бичгээр зөрчлийн хэрэг нээж шалгасан нь үндэслэлтэй байна гэж үзсэн.

Мөн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т заалтыг үндэслэн оногдуулсан нэг сая төгрөгийн шийтгэл нь тухайн үеийн нөхцөл байдалд тохирохгүй байна гэж шүүхэд маргаан үүсгэж нэхэмжлэл гаргасан шат шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар 128/ШШ2020/0617 шийдвэрийг үндэслэн №0066875 шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан.” гэжээ.

                                     ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг дараахь үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

“А” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал П.Ц тус шүүхэд хандаж “Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч Д.Бын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0066875 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...хариуцагч эхлээд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0064518 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Дотоод хяналт шалгалтыг мөрдөөгүй” зөрчил гаргасан гэж Гүйцэтгэх захирал П.Цд шийтгэл ногдуулсан, уг шийтгэлийн хуудсыг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр Прокурорын дүгнэлтээр “...Гүйцэтгэх захирал П.Ц биш А ХХК зөрчил үйлдсэн...” гэх үндэслэлээр өөрчлөлт оруулах дүгнэлт ирүүлснийг хариуцагч Улсын байцаагч Д.Б зөвшөөрсөн, энэ үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад хариуцагч Д.Б нь шийтгэлийн хуудсыг зөвтгөж бичихдээ өмнөх шийтгэлээс хүндрүүлж хариуцлага ногдуулсан нь хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагч “...амьд мал амьтны гарал үүслийн гэрчилгээгүй, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутаг руу тээвэрлэлт хийсэн..., дотоод хяналт шалгалтын журам мөрдүүлж ажиллаагүй, улсын байцаагчийн дуудсан хугацаанд ирээгүй..., 2 эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл ногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл ногдуулна гэж зааснаар шийтгэл ногдуулсан...” гэж тодорхойлон эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч Д.Б 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0064518 дугаартай шийтгэлийн хуудсаар “...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр...гарал үүслийн бичиггүй 30 толгой гахайг...тээвэрлэж явсан” гэх асуудлыг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Дотоод хяналт шалгалтыг мөрдөөгүй” зөрчил гаргасан гэж үзэж А ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Цд, Зөрчлийн тухай хуулийн уг заалтын дагуу 1 000 000 төгрөгөөр торгох  шийтгэл ногдуулсан,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр Прокурорын дүгнэлтээр “...Улсын байцаагч Д.Бын гаргасан 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0064518 дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон нь” хэсэгт “...А ХХК нь өөрийн эзэмшлийн Исүзү маркийн 20-33 УНД машиныг иргэн Б.Баар жолоодуулан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооы нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ”М” гахайн ферм рүү буюу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 30 толгой гахайг мал амьтны гарал үүслийн гэрчилгээгүй, авто тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйтэл хийгдсэн баримт бичиггүйгээр тээвэрлэж, дотоод хяналт шалгалтыг мөрдөөгүй...” гэж, “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “...А ХХК-ийн гаргасан..., Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэж, 2 дахь заалтад “1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр...” гэж, 6 дахь заалтад “...А ХХК хуулийн этгээдэд 2019 оны 6 дугаар сарын 09-ний дотор 1 000 000 төгрөгийн торгууль төлөх үүргээ...” гэж, 8 дахь заалтад “...А ХХК-д хүргүүлсүгэй...” гэж зөвтгөн өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичсэн,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0388 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр Прокурорын дүгнэлтийг хариуцагч Улсын байцаагч Д.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн, уг захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон,

Мөн “А” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд хандаж  Улсын байцаагч Д.Бын гаргасан 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0064518 болон мөн өдрийн 0140147 дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/261 дугаар тушаалаар  Д.Бын гаргасан 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0140147 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон гэх үндэслэлээр уг шийтгэлийн хуудасд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан,

Тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0617 дугаар шийдвэрээр “А” ХХК-ийн дээрхи гомдлыг хянан хэлэлцээд Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “...Д.Бын гаргасан 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0064518 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан ...Д.Б нь...Прокурорын дүгнэлт, тус шүүхийн Шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0388 дугаар захирамжийн дагуу маргаан бүхий захиргааны актад өөрчлөлт оруулсан дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалган, энэ хугацаанд дахин шинэ акт гараагүй тохиолдолд Д.Бын гаргасан 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0064518 шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцохоор тогтоосон үйл баримтууд тогтоогдов.

            Түүнчлэн хариуцагч нь дээрхи хүчин төгөлдөр Шүүхийн шийдвэр болон Шүүгчийн захирамжийг биелүүлэх хүрээнд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр маргаан бүхий захиргааны акт болох 0066875 дугаар шийтгэлийн хуудсыг гаргасан байх ба уг шийтгэлийн хуудсанд “...А ХХК нь гарал үүслийн гэрчилгээгүй 30 толгой гахайг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, А ХХК-ийн “М” гахайн аж ахуй руу 20-33 УНД автомашинаар тээвэрлэж явсан зөрчил гаргасан” үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 500 000 төгрөгөөр торгох арга хэмжээ ногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчих хэсгийн 1.Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд:1.2.дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.гэж,, мөн Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлд заасан Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих гэсэн хэсгийн 1.1-д “мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсхүл мал, мах тээвэрлэсэн, борлуулсан” ...бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтууд болон дурдсан үйл баримтуудаас үзвэл хариуцагч Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0064518 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж өөрчлүүлэхээр бичсэн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр Прокурорын дүгнэлтийг бүхэлд нь, тухайлбал “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “...А ХХК-ийн гаргасан..., Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэж өөрчлөлт оруулах хэсгийг хүлээн зөвшөөрсөн атлаа уг шийтгэлийн хуудсыг ийнхүү хүлээн зөвшөөрсөн нөхцлөөр зөвтгөж бичээгүй нь хууль бус гэж шүүх дүгнэв. 

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн  69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Улсын байцаагч нь зөвхөн хүлээн зөвшөөрсөн хүрээндээ  буюу нэхэмжлэгч компанийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд…мөн зүйлийн 1.2-т заасан “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй” гэх зүйлчлэлийн хүрээнд Шийтгэлийн хуудсандаа өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрсөн, энэ хүлээн зөвшөөрлийг шүүх хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн, нөгөө талаар Прокурорын дүгнэлтэд уг зүйлчлэлийг өөрчлөх талаар заагаагүй, зөвхөн зөрчил үйлдсэн субьектийг хуулийн этгээд гэж тогтоож, өөрчлөлт оруулахаар бичсэн байхад хариуцагч Д.Б нь Прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн атлаа тухайн зөвшөөрсөн зөвшөөрлийн хэр хэмжээнээс хэтрүүлж, Зөрчлийн тухай хуулийн өөр зүйчлэлээр зүйлчлэн хариуцлага ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй…” гэж зааснаар хариуцагч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0388 дугаар захирамжийг биелүүлэх үүрэгтэй тул уг Шүүгчийн захирамжийг зөрчих, захирамжид заасан үүргийг буруу хэрэгжүүлэх эрхгүй.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол…хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1.1-д ““мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсхүл мал, мах тээвэрлэсэн, борлуулсан бол...хуулийн этгээд-ийг 1 500 000 төгрөгөөр торгоно” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нь гомдол гаргагч компанийн гаргасан зөрчилд 1 000 000 төгрөгийн шийтгэл ногдуулсан боловч шийтгэлийн хуудсаа зөвтгөхдөө 1 500 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч нь гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т заасан зөрчилд холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа зөрчлийн холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчид Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т заасан зөрчилд холбогдож байгааг мэдэгдэж, энэ талаар тайлбар авсан, харин Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар зөрчлийн хэрэг нээгээгүй, холбогдогчид уг зүйлчлэл, ногдуулах хариуцлагын талаар мэдэгдэж тайлбар аваагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэж заасныг болон мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “холбогдогч...ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх эрхтэй” гэж заасныг мөн зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Хариуцагч нь “А” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчилд холбогдуулж зөрчлийн хэрэг нээгээгүй, холбогдогчид энэ талаар мэдэгдээгүй атлаа Прокурорын дүгнэлтийн дагуу өөрчлөлт оруулсан Шийтгэлийн хуудсанд тус компанийг Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчил үйлдсэн гэж дүгнэн, 1 500 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасан болон мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасантай нийцээгүй, хуулиар тогтоосон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.  

Түүнчлэн хариуцагч, 0066875 дугаар шийтгэлийн хуудсанд гомдол гаргагчийг зөвхөн Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 1 500 000 төгрөгөөр торгох арга хэмжээ ногдуулсан атлаа шүүхэд ирүүлсэн гомдлын тайлбарт “...“А” ХХК нь хэд хэдэн зөрчил үйлдсэн..., хөнгөн шийтгэлийг хүндэд нь багтааж зүйлчлэн шийтгэл ногдуулсан...” гэсэн нь үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “хэргийн оролцогч...-ийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэж заасантай нийцэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд  дээр дурдсан үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч Д.Бын, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0066875 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан  “А” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал П.Цээс гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч Д.Бын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0066875 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2.         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ДУЛАМСҮРЭН