Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1588

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, ХМК-ын 2-34 тоотод оршин суух, Боржигон овогт Агаарын Гэрэлсувд /РД: МР86112500/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 5 дугаар байр, 16 тоотод оршин суух, Чоно долоо овогт Цэдэндашийн Булган /РД: ОЖ85110501/-д холбогдох,

 

10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагч Ц.Булган, хариуцагчийн өмгөөлөгч П.Бямбадорж, гэрч Б.Нямсүрэн, А.Гэрэлтуул, С.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ц.Булган нь А.Гэрэлсувдыг гадаадад улсад сургуульд явуулж өгөхөөр 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бэлнээр 4 000 000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дансаар 6 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан. Гэтэл сургуульд явуулаагүй, мөнгийг эргүүлж төлөөгүй, нэхэхээр өгнө гэсээр сүүлдээ утсаа авахаа больсон. Хариуцагч Ц.Булган нь уг мөнгийг цааш нь С.Энхцэцэгт өгсөн, түүнээс ав, надад хамаагүй гэсэн хариу хэлсэн байсан. Ер нь хүмүүсийг гадагшаа сургуульд явуулна гэж мөнгө авдаг, энэ байдлаараа цагдаад шалгагдан зарим хүмүүс мөнгөө авсан байдаг. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд Ц.Булган нь А.Гэрэлсувдын ээжийн дансанд 2 000 000 төгрөг шилжүүлсэн тул энэ мөнгө нэхэмжлэлийн шаардлагаас хасагдана. Иймд хариуцагч Ц.Булганаас 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Булган шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 4 дүгээр сарын 22, 25-ны өдрүүдэд нийт 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс түүнийг гадаадад улсад сургуульд явуулж өгөхөөр авсан нь үнэн бөгөөд мөнгийг С.Энхцэцэгт хэлж түүнд өгсөн. Гэтэл энэ нь бүтээгүй тул 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр түүний ээж Б.Нямсүрэнгийн дансанд 2 000 000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр С.Энхцэцэгээс 5 000 000 төгрөг авч 17 цагийн үед Ханбүргэдэй супермаркет дэлгүүрийн өмнө А.Гэрэлсувд болон түүни ээж Б.Нямсүрэн, дүү охин А.Гэрэлтуул нарын өмнө 5 000 000 төгрөг тоолж өгсөн. Дараа нь 5 дугаар сарын 28-ны өдөр С.Энхцэцэгээс 3 000 000 төгрөг бэлнээр авч Сүхбаатарын талбайн баруун талд уулзаж А.Гэрэлсувд болон түүний ээж Б.Нямсүрэн нарт үлдэгдэл 3 000 000 төгрөг өгсөн. Миний бие нэхэмжлэгчээс авсан 10 000 000 төгрөгийг бүгдийг нь буцаан өгсөн. Энэ явдлаас хойш бүтэн 4 жилийн дараа ийм асуудал гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлэгийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Гэрэлсувд нь хариуцагч Ц.Булганд холбогдуулан 10 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 8 000 000 төгрөг буцаан гаргуулахаар багасгасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нэхэмжлэгчийг гадаад улсад магистрын сургалтад явуулж өгнө гэж хэлээд 10 000 000 төгрөг авсан” гэж тодорхойлсон бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн, ...4 жилийн дараа мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гадаад улсын их дээд сургуульд магистрын сургалтад суралцуулах зорилгоор нэхэмжлэгчээс 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 4 000 000 төгрөгийг бэлнээр, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 6 000 000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5034192389 дугаарын дансаар, нийт 10 000 000 төгрөг авсан, улмаар хариуцагч нь уг 10 000 000 төгрөгийн 2 000 000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банк дахь нэхэмжлэгчийн эх гэх Б.Нямсүрэнгийн 5018132975 дугаар дансад шилжүүлсэнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг гадаад улсын их дээд сургуульд магистрын сургалтад суралцуулах, нэхэмжлэгч нь үүний хариу төлбөрт 10 000 000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрч С.Энхцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгээр  нотлогдож байна. Түүнчлэн, хариуцагч нь уг 10 000 000 төгрөгийн 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь бусдыг гадаад улсын их дээд сургуулийн магистрын сургалтад суралцуулах эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хийсэн дээрх хэлцэл нь Иргэний хэргийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэлд хамаарах бөгөөд уг хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр 8 000 000 төгрөг өгч, авсныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлэгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан дээрх 10 000 000 төгрөгийн үлдэгдэл 8 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч нь татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан журмын дагуу баримтаар нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчид өгсөн 10 000 000 төгрөгийн үлдэгдэл 8 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг нь хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг.

 

Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд зуучлалын хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байх бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тохиолдолд уг хугацаа хамаарах тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугаа дууссан гэж үзэх боломжгүй байна. Иймд хариуцагчийн “...нэхэмжлэгч 4 жилийн дараа шаардлага гаргасан нь үндэслэлгүй” гэх тайлбар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 8 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Булганаас 8 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Гэрэлсувдад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            М.БАЯСГАЛАН