Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1627

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/01588 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Б-д холбогдох

 

10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б- нь А.Г-ыг гадаад улсад сургуульд явуулж өгөхөөр 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бэлнээр 4 000 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дансаар 6 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан. Гэтэл сүргуульд явуулаагүй, мөнгийг эргүүлж төлөөгүй, нэхэхээр өгнө гэсээр сүүлдээ утсаа авахаа больсон. Ц.Б- нь уг мөнгийг цааш нь С.Э-т өгсөн, түүнээс ав, надад хамаагүй гэсэн хариу хэлсэн байсан. Ер нь хүмүүсийг гадагшаа сургуульд явуулна гэж мөнгө авдаг, энэ байдлаараа цагдаад шалгагдан зарим хүмүүс мөнгөө авсан байдаг. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд Ц.Б- нь А.Г-ын ээжийн дансанд 2 000 000 төгрөг шилжүүлсэн тул Ц.Б-аас 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 04 дүгээр сарын 22, 25-ны өдрүүдэд нийт 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс түүнийг гадаад улсад сургуульд явуулж өгөхөөр авсан нь үнэн бөгөөд мөнгийг С.Э-т өгсөн. Гэтэл энэ нь бүтээгүй тул 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр түүний ээж Б.Нямсүрэнгийн дансанд 2 000 000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр С.Э-ээс 5 000 000 төгрөг авч А.Г- болон түүний ээж Б.Нямсүрэн, дүү охин А.Гэрэлтуул нарын өмнө 5 000 000 төгрөг өгсөн. Мөн 05 дугаар сарын 28-ны өдөр С.Э-ээс 3 000 000 төгрөг бэлнээр авч А.Г- болон түүний ээж Б.Нямсүрэн нарт үлдэгдэл 3 000 000 төгрөг өгсөн. Миний бие нэхэмжлэгчээс авсан 10 000 000 төгрөгийг бүгдийг нь буцаан өгсөн. 4 жилийн дараа ийм асуудал гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Б-аас 8 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Г-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: А.Г- нь 2013 оны 04 дүгээр сарын эхээр надтай хамт ажилладаг Т.Хишигдуламаар дамжуулан гадаадад сургуульд явуулж өгөөч гэсэн хүсэлт гаргаж би өөрөө явуулдаг хүн биш, харин би дүүгээ явуулахаар хүнд материалыг нь өгчихсөн гэхэд тэр хүндээ хэлээд өгөөч гэхээр нь н.Энхцэцэгээс асуухад мөнгө материалыг нь өгчих гэсэн тул сургууль төгссөн бичиг баримт болон 10 сая төгрөгний хамт авч өгсөн. Гэтэл н.Энхцэцэг нь 2013 оны 9 сар болоход сургууль бүтээж өгөхгүй болохоор нь би А.Г-, түүний ээж Б.Нямсүрэнгийн хамт н.Энхцэцэгээс мөнгийг авч өгөхөөр хөөцөлдөж явсаар 2014 оны 04 дүгээр сарын 30-нд шилжүүлгээр 2 сая төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 5 сая төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 3 сая төгрөгийг тус тус н.Энхцэцэгээс авч А.Г-, Б.Нямсүрэн нарт өгсөн. Шүүх намайг А.Г-аас гадаадад сургуульд явуулж өгнө гэж үүрэг хүлээж 10 сая төгрөг авч үүргээ биелүүлээгүй учир төлсөн 2 сая хасч 8 сая төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зуулчлалын хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх хэрэгт авагдсан гэрч Т.Хишигдулам намайг н.Энхцэцэг, А.Г- нарын хооронд зуучлалын хэлцэл хийгдсэн мэдүүлэг, удаа дараа шүүх хуралдаан дээр гэрч н.Энхцэцэгийн би А.Г-ыг гадаадад сургуульд явуулж өгөхөөр Ц.Б-аас сургууль төгссөн баримтыг нь мөнгөний хамт авснаа удаа дараагийн шүүх хуралдаан дээр мэдүүлдэг, А.Г-, Б.Нямсүрэн нар нь надтай удаа дараа мөнгөө нэхэж н.Энхцэцэгтэй уулзаж байсан зэргээс дүгнэлт хийхэд би А.Г-ыг гадаад улсад суралцуулахад бичиг баримт мөнгийг нь н.Энхцэцэгт дамжуулан өгч зуулчлалын үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Гэтэл шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд өгч байгаа тайлбарууд, гэрч нарын тайлбаруудыг бодит байдалд хэрхэн нийцэж байгаад дүгнэлт хийлгүй хууль буруу хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/01588 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч А.Г- хариуцагч Ц.Б-д холбогдуулж 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 10 000 000 төгрөгийг буцаан өгсөн гэж маргасан байна.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчийг гадаад улсын их дээд сургуульд магистрын сургалтад суралцуулах зорилгоор нэхэмжлэгчээс 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 4 000 000 төгрөгийг бэлнээр, 04 дүгээр сарын 25-ны өдөр 6 000 000 төгрөгийг дансаар, нийт 10 000 000 төгрөг авснаас, 2 000 000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн эх Б.Нямсүрэнгийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна. /хэргийн 4, 5, 13 дугаар тал/

 

Хариуцагч Ц.Б-ыг бусдыг гадаад улсын их дээд сургуулийн магистрын сургалтад суралцуулах эрх бүхий этгээдтэй холбож өгсөн гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын хэлцэл байгуулагдсан гэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн нь зөв.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас 8 000 000 төгрөгийг шаардах эрхтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөгийг н.Энхцэцэгээс авч А.Г-, Б.Нямсүрэн нарт өгсөн гэж тайлбарлаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/01588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    С.ЭНХТӨР