Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 531

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/01296/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Э- нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 7-р хороолол, 1 дүгээр байрны, 48 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Гирдаагийн Мөнхзулд холбогдох, 

 

Байрнаас албадан гаргуулах, байрны түрээсийн төлбөр, засварын зардал нийт                      2 400 000 төгрөг гаргуулах,

 

Хариуцагч М-байрны урьдчилгаанд өгсөн 7 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энх-Амгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие М- болон түүний охин Н.Бадамханд нартай захиалгын гэрээ хийж тэд 2016.10.01-нд байранд орсон. Нэг өрөө байраа зарсан тэр мөнгө нь 11 сарын 01-нд гэхэд орж ирнэ. Тэгээд байрны урьдчилгаа мөнгөө өгөөд байрны зээлд хамрагдана гэсэн. Гэтэл одоо хүртэл байрны мөнгөө төлөхгүй нэг жил амьдарлаа. Энэ хугацаанд 2 500 000 төгрөг өгсөн. М-аас төлбөрөө төл гэж гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв, шалтаг, зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч М-, Н.Бадамханд нараас түрээсийн төлбөр 1 400 000 төгрөг, байрны засварын зардал 1 000 000 төгрөг нийт 2 400 000 төгрөг гаргуулж, байрнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Бид анх тус байрыг худалдаж авахаар тохиролцож урьдчилгаа болгож 2500 000 төгрөг өгсөн. Хэрэв бид байр түрээсэлж орохоор байсан бол ийм үнэтэй түрээсийн төлбөртэй байранд орохгүй байсан. Ипотекийн зээлд хамрагдах гэсэн боловч зогсчихсон байгаа. Бид энэ байрнаасаа гарах сонирхолгүй тохиролцсоныхоо дагуу худалдаж авах сонирхолтой байгаа. Удахгүй бид урьдчилгаа мөнгөний үлдэгдлээ төлөх болохоор байрыг худалдаж авахаар нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э- нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь 2016 оны 10 дугаар сард надтай гэрээ байгуулж байранд орсон юм. Гэрээний нөхцөл нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гэрээ урьдчилгаа төлбөрөө төлж ипотекийн зээлээр уг байрыг авч өмчлөлийг өөр дээрээ шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл энэ хугацаандаа байрны зээлээ гаргаагүй бөгөөд 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,200,000 төгрөг өгсөн. Өмнө нь 10 дугаар сард 300,000 төгрөг өгсөн. Одоог хүртэл тус байранд байгаа бөгөөд ипотекын зээл гарахгүй байгаа гэх шалтгаанаар хүлээлгээд байгаа. Уг нь энэ хугацаанд түрээсийн гэрээ хийе гэж бодоод уулзах гэсэн боловч завгүй гэсээр байгаад надтай уулздаггүй байсан. Уг байр нь Дархан сумын 12 дугаар баг, 7 дугаар хороолол, 1-48 тоот 2 өрөө 60.75 м2 байр. Уг байранд орсноос хойш нийтдээ 1 жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 1,056,000 төгрөгийн засвар хийх шаардлагатай гэж дүгнэлт гарсан. Хэрэв энэ хугацаанд уг байрыг түрээсэлсэн бол ойролцоогоор 5,700,000 төгрөг болох байсан. Иймд уг байрнаас албадан гаргуулж, нийт 6,756,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Бадамханд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 10 дугаар сард уулзаад уг байрыг 50,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр  урьдчилгаа 300,000 төгрөг өгөөд ор гэхээр нь өгөөд орсон. 2016 оны 11 дүгээр сард 2,200,000 төгрөг өгсөн. Уг нь ипотекын зээл хөөцөлдөөд уг байрыг авах сонирхолтой байсан боловч ипотекын зээл зогссон. Би уг нь зээлд хамрагдаад орох гэсэн боловч хувь хүн дээр зээл гаргахгүй гэрээтэй байгууллагаар гаргана гээд байсан. 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч манайд орж ирээд байраа яахаар болсон бэ гэхээр нь “бид нар урьдчилгаа мөнгөө бүрдүүлээд банкны орон сууцны зээлэнд” хамрагдъя гэсэн. Хэзээ урьдчилгаагаа өгөх вэ гэхээр нь цагаан сарын өмнө өгье гэсэн. Хэрэв урьдчилгаа мөнгөө өгчихвөл шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрье гэсэн. Удалгүй би 5,000,000 төгрөг өгсөн чинь маргааш нь уг байраа 60,000,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би анхнаасаа 50,000,000 төгрөгөөр авах гэрээ байгуулсан тул энэ үнээрээ байраа зарчих гэж зөндөө гуйсан. Байрнаас албадан гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл бид нар орох орон байхгүй. Урьдчилгаанд өгсөн мөнгөө авч байж гарна. Эсвэл худалдах худалдан авах гэрээгээ хийгээд зээлэнд хамрагдах саналтай байна гэв. 

 

Хариуцагч М-, хариуцагчийн төлөөлөгч Н.Бадамханд нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Байрны урьдчилгаанд өгсөн 7,800,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч Б.Э- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

7,800,000 төгрөгийг авсан нь үнэн. Уг мөнгийг байранд амьдарсан хугацааны хохиролд суутгуулах саналтай байна. Энэ мөнгөнөөс нь хохирлоо барагдуулна. Өөр айл байсан бол түрээслэх байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч М-д холбогдуулан байрнаас албадан гаргуулах, байрны түрээсийн төлбөр, засварын зардал нийт 2 400 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж 1/48 тоот гэрээнээс татгалзаж, Дархан сум 12-р баг, 7-р хороолол, 1-р байрны 48 тоот, 2 өрөө орон сууцыг М-хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, тус байрны засварын зардал                 1 056 000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 5 700 000 төгрөг, нийт 6 756 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь байрны урьдчилгаанд өгсөн 7 800 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь байрны урьдчилгааг өгвөл байрнаас гарахыг, засварын зардалд                  200 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэгч нь урьдчилгааг засварын зардал болон хохиролд оруулан тооцно гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Б.Э-, хариуцагч М- нар харилцан тохиролцож Б.Э- өмчлөлийн Дархан сум 12-р баг, 7-р хороолол, 1-р байрны 48 тоот, 2 өрөө орон сууцыг 50 сая төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохирч 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч М-ыг орон сууцанд оруулж, байранд орсны дараа урьдчилгаа төлбөр өгч банкны ипотекийн гэрээгээр орон сууцыг худалдаж авахаар тохирсон боловч ипотекийн зээл зогссон, хариуцагч М-д зээл олгогдохгүй гэсэн үндэслэлээр орон сууцны төлбөрийг төлөөгүй дээрхи маргаан бүхий орон сууцанд 1 жил гаруй хугацаанд амьдарсан үйл баримт тогтоогдож байна.

 

Талууд нь дээрх хэлцлийг баталгаажуулж 2013 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Орон сууц барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч энэ гэрээ нь талуудын хооронд тохирсон тохиролцоо болон он сарын хувьд зөрүүтэй байх бөгөөд хэн аль нь баригдсан орон сууцыг худалдаж, худалдан авахаар тохирсон талаар тайлбарлаж байх тул дээрхи гэрээ нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд энэ гэрээний дагуу шаардах эрхгүй байна.

 

Хариуцагч М- нь орон сууцны урьдчилгаанд 7 800 000 төгрөг өгсөн гэж тайлбарлаж нотлох баримтаар Хаан банкны шилжүүлгийн мэдээллүүд, М-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга ирүүлсэн бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тул гэрээнээс татгалзана гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй, 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан хуулийг зөрчиж өмчлөх эрхээ шилжүүлээгүй болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул хариуцагч М-ыг Дархан сум 12-р баг, 7-р хороолол, 1-р байрны 48 тоот, 2 өрөө орон сууцнаас албадан гаргуулж, орон сууцны урьдчилгаанд өгсөн 7 800 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э-гаас гаргуулж хариуцагч М-д олгох нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаан бүхий орон сууцанд 1 жил 5 сар амьдарсан хугацааны элэгдэл, хорогдлыг сэргээн засварлаж шинэчлэхэд шаардагдах материалын болон засварын ажлын хөлсний зардлын үнэ цэнийг тогтоолгох хүсэлтийг хангаж, Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд 1056 000 төгрөгийн зардал шаардлагатай гэсэн шинжээчийн дүгнэлтэнд хэн аль нь санал хүсэлт гаргаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж зааснаар хариуцагч М-аас шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 1 056 000 төгрөгийн зардлыг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 5 700 000 төгрөгийг  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардаж, нотлох баримтаар Цэгц үнэлгээ ХХК-аар маргаан бүхий орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түрээслүүлээд гарах зардлыг тогтоолгож ирүүлсэн байх бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй тул гэрээнээс татгалзах үндэслэлгүй бөгөөд хууль зөрчиж хэлцэл хийсэн болох нь тогтоогдож байх тул гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах эрхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар Дархан сум 12-р баг, 7-р хороолол, 1-р байрны 48 тоот, 2 өрөө орон сууцыг М-хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч М-аас 1 056 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, 5 700 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, орон сууцны урьдчилгаанд өгсөн 7 800 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э-гаас гаргуулж хариуцагч М-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193250 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139750 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-аас 100094 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д, нэхэмжлэгчээс 139750 төгрөг гаргуулан хариуцагч М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн              119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА