Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 78

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/01296/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 531 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.М-д холбогдох

“Байр чөлөөлүүлэх, байрны түрээсийн төлбөр, засварын зардал нийт 2.400.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “байрны урьдчилгаанд төлсөн 7.800.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Содболд нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Б.Э-гаас:

Миний бие Г.М- болон түүний охин Н.Б- нартай байрны захиалгын гэрээ хийж тэд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байранд орсон. Нэг өрөө байраа зарсан, мөнгө нь 11 дүгээр сарын 01-ний өдөр орж ирнэ. Тэгээд байрны урьдчилгаа мөнгөө өгөөд байрны зээлд хамрагдана гэсэн. Гэтэл одоо хүртэл байрны мөнгөө төлөхгүй нэг жил амьдарлаа. Энэ хугацаанд 2.500.000 төгрөг өгсөн. Г.М-аас төлбөрөө төл гэж удаа дараа шаардсан боловч элдэв, шалтаг, зовлон ярьж гэрээнийхээ үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Г.М-, Н.Б- нараас түрээсийн төлбөр 1.400.000 төгрөг, байрны засварын зардал 1.000.000 төгрөг нийт 2.400.000 төгрөг гаргуулж, байр чөлөөлүүлж өгнө үү гэж нэхэмжилжээ.

            Хариуцагч Г.М-аас:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Бид анх тус байрыг худалдаж авахаар тохиролцож урьдчилгаа болгож 2.500.000 төгрөг өгсөн. Хэрэв бид байр түрээсэлж орохоор байсан бол ийм үнэтэй түрээсийн төлбөртэй байранд орохгүй байсан. Ипотекийн зээлд хамрагдах гэсэн боловч зогсчихсон байгаа. Бид энэ байрнаасаа гарах сонирхолгүй тохиролцсоныхоо дагуу худалдаж авах сонирхолтой байгаа. Удахгүй бид урьдчилгаа мөнгөний үлдэгдлээ төлөх болохоор байрыг худалдаж авахаар шийдвэрлэж өгнө үү гэж тайлбар гаргажээ.

            Нэхэмжлэгч Б.Э- нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь 2016 оны 10 дугаар сард надтай гэрээ байгуулж байранд орсон юм. Гэрээний нөхцөл нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор урьдчилгаа төлбөрөө төлж ипотекийн зээлээр уг байрыг авч өмчлөлийг өөрийн нэр дээрээ шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл энэ хугацаандаа байрны зээлээ гаргаагүй бөгөөд 11 дүгээр сарын 05-ны өдөр 2.200.000 төгрөг өгсөн. Өмнө нь 10 дугаар сард 300.000 төгрөг өгсөн. Одоог хүртэл тус байранд байгаа бөгөөд ипотекийн зээл гарахгүй байгаа гэх шалтгаанаар хүлээлгээд байгаа. Уг нь энэ хугацаанд түрээсийн гэрээ хийе гэж бодоод уулзах гэсэн боловч завгүй гэсээр байгаад надтай уулздаггүй байсан. Уг байр нь Дархан сумын 12 дугаар баг, 7 дугаар хороолол, 1-48 тоот 2 өрөө 60.75 м.кв байр. Уг байранд орсноос хойш нийтдээ 1 жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 1.056.000 төгрөгийн засвар хийх шаардлагатай гэж дүгнэлт гарсан. Хэрэв энэ хугацаанд уг байрыг түрээсэлсэн бол ойролцоогоор 5.700.000 төгрөг болох байсан. Иймд уг байрыг албадан чөлөөлж, нийт 6.756.000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Н.Б- өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 10 дугаар сард уулзаад уг байрыг 50.000.000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байрандаа ор гэхээр нь урьдчилгаа 300.000 төгрөг өгөөд орсон. 2016 оны 11 дүгээр сард 2.200.000 төгрөг өгсөн. Уг нь ипотекийн зээл хөөцөлдөөд уг байрыг авах сонирхолтой байсан боловч ипотекийн зээл зогссон. 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч манайд орж ирээд байраа яахаар болсон бэ гэхээр нь бид нар урьдчилгаа мөнгөө бүрдүүлээд банкны орон сууцны зээлд хамрагдъя гэсэн. Хэзээ урьдчилгаагаа өгөх вэ гэхээр нь цагаан сарын өмнө өгье гэсэн. Хэрэв урьдчилгаа мөнгөө өгчихвөл шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрье гэсэн. Удалгүй би 5.000.000 төгрөг өгсөн чинь маргааш нь уг байраа 60.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би анхнаасаа 50.000.000 төгрөгөөр авах гэрээ байгуулсан тул энэ үнээрээ байраа зарчих гэж зөндөө гуйсан. Байрнаас албадан гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл бид нар орох орон байхгүй. Урьдчилгаанд өгсөн мөнгөө авч байж гарна. Эсвэл худалдах, худалдан авах гэрээгээ хийгээд зээлд хамрагдах саналтай байна гэжээ.

            Хариуцагч Г.М-, хариуцагчийн төлөөлөгч Н.Б- нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Байрны урьдчилгаанд өгсөн 7.800.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

            Нэхэмжлэгч Б.Э- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

7.800.000 төгрөгийг авсан нь үнэн. Уг мөнгийг байранд амьдарсан хугацааны хохиролд суутгуулах саналтай байна. Энэ мөнгөнөөс нь хохирлоо барагдуулна. Өөр айл байсан бол түрээслэх байсан гэжээ.

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 531 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар Дархан сум 12 дугаар баг, 7 дугаар хороолол, 1 дүгээр байрны 48 тоот, 2 өрөө орон сууцыг Г.М-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч Г.М-аас 1.056.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, 5.700.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, орон сууцны урьдчилгаанд төлсөн 7.800.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э-гаас гаргуулж хариуцагч Г.М-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193.250 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139.750 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-аас 100.094 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д, нэхэмжлэгчээс 139.750 төгрөг гаргуулан хариуцагч Г.М-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Э-, өмгөөлөгч Б.Содболд нар  давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн хангасан хэсэг болох 1.056.000 төгрөгийн талаар гомдол гаргаагүй. Харин нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “1/48 тоот гэрээнээс татгалзаж Г.М- гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 5.700.000 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэрийн холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргаж байна.

1. ...анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хэрэгт ач холбогдолгүй гэрээний дагуу шаардах эрхгүй, хууль зөрчиж хийсэн хэлцэл байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн дүгнэлт бодит үйл явдлаас зөрүүтэй, талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа талуудын хүсэл зоригийн илэрхийллийн нотолгоо болох хэлцлийн гол зорилгыг хангаж чадахуйц байгааг болон Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан заалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй.

2. Г.М- байрны үнийг төлж орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүй гэж анхан шатны шүүх хуралд болох өдөр болох өдөр хүртэл 1 жил 7 сарын хугацаанд нэхэмжлэгч Б.Э-гийн өөрийн өмчлөлийн орон сууцанд ямар ч хариу төлбөргүйгээр сууснаас хохирсон байдал үүсэж байгаа, дээрх хугацаанд магадгүй бусдад хөлсөлсөн тохиолдолд хэдэн төгрөг олох байсан тухай шинжээчийн дүгнэлт гаргуулж зах зээлийн ханшаар 5.700.000 төгрөгийн хөлс авах байсан талаар тодруулсны үндсэн дээр гэрээнээс татгалзсаны улмаас үүссэн хохирлоо нэхэмжилсэн нь хуульд нийцэж байна. Шүүх хэлцлийн үндсэн зорилтыг хангаж чадахуйц гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах, хохирол шаардах эрхгүй гэсэн нь хуульд нийцээгүй.

3. анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн хуулийн заалтыг зөрчиж гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийг зөвхөн хариуцагч гаргах эрхтэй байхад Г.М-, Н.Б- гэсэн 2 нэхэмжлэгчтэй сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч зөвхөн Б.Э-гаас 7.800.000 төгрөг гаргуулж Г.М-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Мөн сөрөг нэхэмжлэлийн хамтран гаргасан Н.Б-ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон эсэх хангасан эсэх нь тодорхойгүй орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хариуцагчаас гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.М- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох 1.056.000 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус байранд засвар хийгээгүй байж хийсэн мэтээр хийсвэрээр тооцоолж хохирлыг тооцлоо. Ийм хэмжээний засварын мөнгө гарах ёсгүй. Шаардлагатай бол би байрыг хүлээлгэн өгөхдөө засаад өгөх боломжтой. Байрны засвар хийхдээ ямар материал ямар үнээр хаанаас авсан бодит баримт байхгүй байхад зөвхөн үнэлгээгээр тооцсон нь бодит байдалд нийцэхгүй. Байрны засварт 200.000-300.000 мянган төгрөг өгөх бусад засварыг хийгээд өгөхөд боломжтой. Иймд хохирлын мөнгө гэх 1.056.000 төгрөгийг гаргуулахыг хүчингүй болгож, Б.Э-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Г.М-д холбогдуулан байр чөлөөлүүлэх, байрны түрээсийн төлбөр 1.00.000 төгрөг, засварын зардал 1.400.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж 1/48 тоот гэрээнээс татгалзаж, Дархан сум 12-р баг, 7-р хороолол, 1-р байрны 48 тоот, 2 өрөө орон сууцыг Г.М-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, тус байрны засварын зардал 1.056.000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 5.700.000 төгрөг, нийт 6.756.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь байрны урьдчилгааг өгвөл байрнаас гарахыг, засварын зардалд 200.000 төгрөг төлөхийг тус тус зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Г.М- нар нь сөрөг нэхэмжлэл гаргаж байрны урьдчилгаанд өгсөн 7.800.000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг, нэхэмжлэгч тал байрны урьдчилгааг засварын зардал болон хохиролд оруулан тооцно гэж маргасан болно.

Хариуцагч Г.М- нь орон сууцны урьдчилгаа 7.800.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э-д өгсөн болон маргаж буй орон сууцанд хариуцагч Г.М- одоог хүртэл амьдарч байгаа талаар талууд маргаагүй болно.

Хэргийг хуульд зааснаар бүхэлд нь хянахад нэхэмжлэгч Б.Э-, хариуцагч Г.М- нар 2013 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Б.Э-гийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг худалдаж, худалдан авахаар харилцан тохирч, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Г.М-ыг орон сууцандаа оруулж, байранд орсны дараа урьдчилгаа төлбөр өгч банкны ипотекийн гэрээгээр орон сууцыг худалдаж авна гэж тохирсон  боловч ипотекийн зээл зогссон, хариуцагч Г.М-д зээл олгогдоогүй гэсэн үндэслэлээр орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, маргаан бүхий орон сууцанд хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэлх хугацаанд амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байна.

 Маргаж буй орон сууцанд нэхэмжлэгч амьдарсан хугацааны элэгдэл, хорогдлыг сэргээн засварлаж шинэчлэхэд шаардагдах материалын болон засварын ажлын хөлсний зардлын үнэд 1.056.000 төгрөг шаардлагатай гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-44-51/ гарч хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, орон сууцыг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлэн өгсөн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулгыг тодорхойлох бүрэн боломжтой тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасантай нийцэж байна. 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь буруу.

Мөн зохигчдын хооронд хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд хохирол буюу байрны засварын зардал хариуцагчаас гаргасан нь ойлгомжгүй болжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тохиолдолд хохирол шаардах эрхтэй.

Харин хохирол шаардаж байгаа бол түүнийгээ нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийнхээ дагуу шүүхэд өөрөө нотлох ёстой.

Хариуцагч тал тухайн байрыг түрээсэлсэн бол хэдэн төгрөгөөр түрээсэлж болохыг шинжээч томилуулж тогтоолгох тухай хүсэлт гаргасныг шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол /байрны түрээс/ 5.700.000 төгрөгийг шаардаж, нотлох баримтаар “Цэгц үнэлгээ” ХХК-аар маргаан бүхий орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түрээслүүлээд гарах зардлыг тогтоолгож шүүхэд ирүүлжээ.

Энэ дүгнэлт нь Шинжээчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлт байна”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Шүүхийн шинжилгээ /цаашид “шинжилгээ” гэх/ хийлгэх шаардлагатай гэж үзвэл мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж, төрийн эрх бүхий байгууллага хүсэлт гаргана”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна”, 9.2-д “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг шүүхийн шинжилгээний байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн шинжилгээ хийж дуусгах хугацааг тооцно”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж заасан зохицуулалттай нийцээгүй байх тул  энэхүү шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх үнэлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Г.М-ын гаргасан гомдлын үндэслэлийг тус бүрээр нь авч  дүгнэлээ.

 1. ...нэхэмжлэгч 1/48 тоот гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 5.700.000 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь буруу гэсэн гомдлын хувьд, зохигчид 2016 оны 10 дугаар сард байр худалдах, худалдан авах  гэрээ байгуулж,  нэхэмжлэгч байранд  орсон ба  2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор урьдчилгаа төлбөрөө төлж ипотекийн зээлээр уг байрыг авч өмчлөлийг өөрийн нэр дээрээ шилжүүлэхээр тохиролцжээ. Хариуцагч Г.М- нь үүргээ гүйцэтгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол”, 222.1.2-т “үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол” гэсэн заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Б.Э- Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэсний дагуу хариуцагч Г.М-аас шаардах эрхтэй боловч энэхүү шаардлагаа нэхэмжлэгч Б.Э- шүүхэд нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д үүргээ  биелүүлээгүй байна.

2. Шүүх хэлцлийн үндсэн зорилтыг хангаж чадахуйц гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах, хохирол шаардах эрхгүй гэсэн нь хуульд нийцээгүй, ....хэрэгт ач холбогдолгүй гэрээний дагуу шаардах эрхгүй, хууль зөрчиж хийсэн хэлцэл байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн гомдлын хувьд, шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн,  хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй алдаа гаргажээ.

3. Сөрөг нэхэмжлэлийг зөвхөн хариуцагч гаргах эрхтэй байхад Г.М-, Н.Б- гэсэн 2 нэхэмжлэгчтэй сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн, сөрөг нэхэмжлэлийг хамтран гаргасан Н.Б-ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон эсэх, хангасан эсэх нь тодорхойгүй орхигдуулсан гэсэн гомдлын хувьд, хариуцагч Г.М- Н.Б-ад итгэмжлэл /хх-69/ олгохдоо ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан... зохигчийн бүх эрх эдлэх... гэсэн нь  энэ хуулийн 26.1-д “Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна”, 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэснийг зөрчөөгүй болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн хуулийн заалтыг зөрчиж гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн гэсэн гомдлын хувьд, сөрөг нэхэмжлэл /хх-65/-ийг шүүх 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр буюу 2018  оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан явуулахаас өмнө хүлээн авсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Хариуцагч Г.М- нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй өөрөөр хэлбэл орон сууцны үнийг тогтоосон хугацаандаа төлөөгүй тул нэхэмжлэгчид учирсан хохирол засварын зардал /шинжээчийн дүгнэлтээр тогтоосон/ 1.056.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгосныг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.М-ын энэ талаар давж заалдсан гомдлыг хүлээн авч хангах боломжгүй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүхийн хууль хэрэглээний талаар гаргасан алдааг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсэг хангагдсан тул нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 106.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.000 төгрөгийг төрийн сангийн орлого болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Зохигчдын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 531 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын:

“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар...”  гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар...”  гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч Г.М-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                                    

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА

                                                          ШҮҮГЧИД                                    С.ЭНХЖАРГАЛ       

                                                                                                               С.ОЮУНЦЭЦЭГ