Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0069

 

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0069

Улаанбаатар хот

 

 

Л.Б*** нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж***

Нэхэмжлэгч: Л.Б***

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 825 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М***,

Хэргийн индекс: 128/2023/0572/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Л.Б***гөөс нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 825 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан Л.Б*** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 101 дэх хэсэгт заасан 30 гараашны Л.Б*** эзэмшлийн гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“ ... Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дах хэсэг, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд маргаан бүхий “Зөрчил арилгах тухай” А/388 дугаар захирамжийг гаргасан.

Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсан нь хуульд нийцсэн.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

   4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу үнэлж хэргийн шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.  Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

3.1. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 464 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Л.Б***д “...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дипломат байгууллагуудын зүүн талд байрлах түүний эзэмшлийн 13 м.кв талбай бүхий гараашийн газарт газар эзэмших захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн”-ний  Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/419 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 13 м.кв газрыг 5 жилийн хугацаатай “гараж”-ийн зориулалтаар эзэмших эрхийг олгож улмаар нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/874 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан.

3.2.  Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжаар “нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан”.

3.3. Тус захирамжийн хавсралтын 101-т Чингэлтэй дүүргийн *** дүгээр хороо, орон сууцны ***а дугаар байрны баруун талд байрлах 30 гараашийн газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсний дунд нэхэмжлэгчийн эзэмшлийн гарааш “урд талаасаа *** дэх”  багтсан болох нь тогтоогдсон.

4. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн”, 20 дугаар зүйлийн 20.2.2-т нийслэлийн Засаг дарга нь  “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”  хэмээн заасан.

5. Тухайн тохиолдлын хувьд, нэхэмжлэгч газар эзэмших эрхтэй болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, түүнийг үндэслэн газар эзэмших эрхийг олгосон Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/419 дүгээр захирамж болон нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай 2017 оны А/874 дүгээр захирамж тус тус хуулийн хүчин төгөлдөр хэдий ч хариуцагчийн зүгээс газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор 2012 оноос хойш нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа гарааш орчмын газрыг “нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах” зорилгоор чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ Иргэний хууль болон Газрын тухай хуулийн 42 дугаар зүйл, 43 дугаар зүйлд заасан гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах зохицуулалтын хүрээнд сэргээн тогтоолгох боломжтой болохыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 825 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Л.Б***гөөс нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                                                    Д.ОЮУМАА

 

 

     ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ

 

 

     ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА