Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 427

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/00049/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, Аполло төв, 1 дүгээр давхар, Капитрон банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Б- холбогдох, 

 

68,213,784 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тамирболд,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбарын үүрэг гүйцэтгэгч Ж.Саранцацралт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тамирболд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Б- нь Капитрон банктай 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр №3006-2015/52 тоот зээлийн гэрээ, мөн 2016 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн №3006-2015/52-1 нэмэлт гэрээг байгуулж 50,400,000 төгрөгийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай иргэдийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийг авсан. Зээлийг эргэлтийн хөрөнгөд зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд Ч.Б-ийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр хороолол, 5 дугаар байр, 48 тоот Ү-2003008481 дугаартай, 000367389 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 50,5 мзв талбайтай 4 өрөө орон сууцийг зээлийн барьцаанд тавьсан. Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх №3006-2015/52 тоот гэрээгээр Ауди А6 маркийн 5085 УБЕ улсын дугаартай суудлын автомашин, мөн эд хөрөнгө шилжүүлэх №3006-2015/52А тоот гэрээгээр Хьюундай Портер маркийн 5017 УНУ улсын дугаартай ачааны автомашин, №3006-2015/52А тоот гэрээгээр Хьюундай migly маркийн 8124 ДАР улсын дуагартай ачааны автомашиныг тус тус банкны нэр дээр шилжүүлж гэрээг байгуулан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дууссан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Иймд зээлдэгч Ч.Б-оос 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцож үндсэн зээл 50,399,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 15,223,847 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,568,436 төгрөг, нотариатын зардал 22,500 төгрөг нийт 68,213,784 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Б-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байгалмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Капитрон банкнаас 50,400,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар авсан болно. Анх зээлийг 10 сарын хугацаатай авсан бөгөөд энэ хугацаанд эргэлтийн хөрөнгөд доголдол гарч өөрийн бизнесийн үйл ажиллагаанд цаг агаар, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас түр зогссон тул хүсэлт гаргаж зээлийн гэрээний хугацааг цаашид сунгасан. Зээлийн гэрээний хугацааг сунгасны дараа 2017.01 сар хүртэл Капитрон банкинд 21,487,793 төгрөгийн хүү болон үндсэн зээлийн төлөлт хийсэн. Энэ хугацаандаа өөрийн эргэлтийн хөрөнгө болон хийгдэж байгаа бизнесийн үйл ажиллагааны талаар сар дотор хохирол учирсантай холбоотой баримт материал, хүсэлтийг тус банкинд гаргаж байсан. Капитрон банкны нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 50,400,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. нэмэгдүүлсэн хүү болон үндсэн зээлийн хүүг төлөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбар нь хариуцагч Ч.Б- холбогдуулан үндсэн зээл 50 399 000 төгрөг, хүү 15 223 847 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 568 436 төгрөг, нотариатын зардал 22 500 төгрөг, нийт 68 213 784 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь бизнесийн үйл ажиллагаа нь цаг агаар, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас түр зогссон тул нэмэгдүүлсэн хүү болон үндсэн зээлийн хүү, нотариатын зардлыг төлөхгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбар нь хариуцагч Ч.Б-ой 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр №3006-2015/52 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 50 400 000 төгрөгийг, иргэдийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 27,6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Талууд нь үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр №3006-2015/52 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулан Дархан сумын 9-р баг, 4-р хороолол, 5-р байр, 48 тоот, 50,5 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003008481, гэрчилгээний 000367389 дугаартай зээлдэгч Ч.Б-ийн өмчлөлийн, дөрвөн өрөө орон сууц барьцаалж, мөн өдрөө Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр AUDI A6 маркийн, WAUZZZ4F56N156933 арлын дугаартай, 5085 улсын дугаартай, 2015.02.06-ны өдөр Монгол улсад орж ирсэн автомашин, Hyundai Mighty маркийн, KMFGA17EPXC118830 арлын дугаартай, 6124 ДАР улсын дугаартай, 1999 онд үйлдвэрлэгдэж, 2010 онд Монгол Улсад орж ирсэн, Нэргүйгийн Баясгалангийн автомашин, Ч.Б-ийн өмчлөлийн Hyundai Porter маркийн, 2500 хөдөлгүүрийн багтаамжтай, KMFXKS7BPIU521074 арлын дугаартай, 5017 УНУ улсын дугаартай автомашинуудыг Капитрон банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.

 

Зээл авснаас хойш хариуцагч Ч.Б-ийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан Мон эг трейд ХХК нь 2015 онд Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Уушгийн өвөрт гэдэг газар тариалангийн үйл ажиллагаа явуулж 6, 7 дугаар сарын хэт халалтаас шалтгаалан соёололтын үед ургацын байдал бүрэн алдагдсан гэсэн үндэслэлээр Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/346 дугаартай Капитрон банкинд ирүүлсэн албан бичиг, Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/404 дугаартай албан бичиг тус тус ирүүлснийг Капитрон банкны 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Зээлийн хорооны хурлын шийдвэрээр хүсэлтийг хүлээн авч 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 3006-2015/52-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлд оруулж, гэрээг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан байна.

 

Талуудын хооронд байгуулсан нэмэлт зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Булган аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 071/35 дугаартай Мон эг трэйд ХХК-ийн захирал Д.Одончимэдэд ирүүлсэн дүгнэлт, Булган аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 90 дугаартай албан бичиг, Мон эг трейд ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хүсэлт, Орхон суманд тариалангийн үйл ажиллагаа явуулж буй Мон эг трейд ХХК-ийн талбайд хохирол тогтоосон тухай акт ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Мон эг трейд ХХК-д олгосон 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01/192 дугаартай Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулах, Мон эг трейд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах хүсэлтээсээ тус тус татгалзсан болно.

 

Хариуцагч Ч.Б- Мон эг трейд ХХК-ийн захирал бөгөөд тус компанийн үйл ажиллагаа доголдсон үндэслэлээр үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал төлөхөөс татгалзаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Мон эг трейд ХХК-ийн захирал мөн эсэх нь тогтоогдохгүй, зээлийг иргэдийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан байх тул Мон эг трейд ХХК-ийн үйл ажиллагаа доголдсон асуудал нь зээлийн эргэн төлөлттэй хамааралгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д  Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Ч.Б-оос үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 68 213 784 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Дархан сумын 9-р баг, 4-р хороолол, 5-р байр, 48 тоот, 50,5 мкв талбайтай, улсын бүртгэлийн                                    Ү-2003008481, гэрчилгээний 000367389 дугаартай дөрвөн өрөө орон сууцыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Харин Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр AUDI A6 маркийн, WAUZZZ4F56N156933 арлын дугаартай, 5085 улсын дугаартай, 2015.02.06-ны өдөр Монгол улсад орж ирсэн автомашин, Hyundai Mighty маркийн, KMFGA17EPXC118830 арлын дугаартай, 6124 ДАР улсын дугаартай, 1999 онд үйлдвэрлэгдэж, 2010 онд Монгол улсад орж ирсэн, Нэргүйгийн Баясгалангийн автомашин, Ч.Б-ийн өмчлөлийн Hyundai Porter маркийн, 2500 хөдөлгүүрийн багтаамжтай, KMFXKS7BPIU521074 арлын дугаартай, 5017 УНУ улсын дугаартай автомашинуудыг Капитрон банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь тогтоогдож байх тул гэрээний 3.1.7, 3.1.8-д заасны дагуу өөрийн хамгаалалтад авч, худалдан борлуулах эрхтэй байх тул дээрхи хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Б-оос 68 213 784 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбарт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан сумын 9-р баг, 4-р хороолол, 5-р байр, 48 тоот, 50,5 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003008481, гэрчилгээний 000367389 дугаартай дөрвөн өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн хөдлөх эд хөрөнгө буюу Hyundai Mighty, AUDI A6, Hyundai Porter автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 499 019 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-оос 499 019 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад  улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн                119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АЛТАНТУЯА