Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 64

 

Капитрон банкны Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00049/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 427 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Б-т холбогдох

          “68.213.784 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байгалмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тамирболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тамирболдоос:

Хариуцагч Ч.Б- нь Капитрон банктай 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр №3006-2015/52 тоот зээлийн гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр №3006-2015/52-1 нэмэлт гэрээг байгуулж 50.400.000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай иргэдийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай авсан. Зээлийн барьцаанд 50.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, ауди маркийн суудлын автомашин, мөн эд хөрөнгө шилжүүлэх №3006-2015/52А тоот гэрээгээр хьюндай маркийн ачааны автомашиныг тус тус банкны нэр дээр шилжүүлж гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дууссан. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул хариуцагч Ч.Б-оос 68.213.784 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байгалмаагаас:

            Анх зээлийг 10 сарын хугацаатай авсан бөгөөд энэ хугацаанд эргэлтийн хөрөнгөд доголдол гарсан тул зээлийн гэрээний хугацааг сунгасан. Зээлийн гэрээний хугацааг сунгасны дараа 2017 оны 01 дүгээр сар хүртэл Капитрон банкинд 21.487.793 төгрөгийн хүү болон үндсэн зээлийн төлөлт хийсэн. Энэ хугацаанд өөрийн эргэлтийн хөрөнгө болон хийгдэж байгаа бизнесийн үйл ажиллагааны талаар сар дотор хохирол учирсантай холбоотой баримт материал, хүсэлтийг тус банкинд гаргаж байсан. Капитрон банкны нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 50.400.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн хүү болон үндсэн зээлийн хүүг төлөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 427 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 227 дугаар дүгээр зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1- заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Б-оос 68.213.784 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбарт олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан сумын 9-р баг, 4-р хороолол, 5-р байр, 48 тоот, 50.5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003008481, гэрчилгээний 000367389 дугаартай 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эд хөрөнгө буюу хьюндай mighty, ауди А6, хьюндай портер автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 499.019 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-оос 499.019 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байгалмаа давж заалдсан гомдолдоо:

Би хүсэлтээсээ татгалзаагүй бөгөөд учир нь давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ хуулбар хувиараа байсан нь нотлох баримтын шаардлага хангуулсан хэлбэрээр гаргуулахыг хүсч хүсэлт гаргасан. Мөн Ч.Б- нь “Мон эг” трейд ХХК-ний захирал мөн болохыг нотлох зорилгоор улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг хүссэн хүсэлтээ тус тус гаргасан. Банк зээл олгохдоо Ч.Б-ийн орлогыг үндэслээгүй зээлийн судалгааг хийж байхдаа “Мон эг” трейд ХХК-ний орлогыг үндэслэж газар дээр нь очиж судалгаа хийж байж зээл олгосон байхад зээл нь “Мон эг” трейд ХХК-д хамааралгүй гэж үзэж хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбар хариуцагч Ч.Б- нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ хийгдэж, 50.400.000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, иргэдийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлүүлсэн байна.

Барьцааны гэрээгээр зээлдэгч Ч.Б-ийн өмчлөлийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 5 дугаар байр, 48 тоотын 50.5 м/кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалж, мөн өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр 50-85 УБЕ улсын дугаартай, ауди А6 маркийн суудлын авто машин 50-17УНУ улсын дугаартай, хьюндай портер 81-24 ДАР улсын дугаартай, хьюндай mighty ачааны машинуудыг банкны өмчлөлд шилжүүлсэн байна.

Зээл авснаас хойш хариуцагч Ч.Б- зээлийг зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй бөгөөд 2015 оны 06, 07 дугаар саруудын хэт халалтаас шалтгаалж, ургацын байдал бүрэн алдагдсан гэж тайлбарлаж, энэ тухай Булган аймгийн Орхон сумын засаг даргын албан бичиг, Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын албан бичиг тус тус ирүүлснийг Капитрон банк хүлээн авч, Зээлийн хороогоор авч хэлэлцэн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээг 2017 оны 03 дугаар сарын 22 хүртэл сунгасан байна.

Хариуцагч Ч.Б- зээлийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д “Гэнэтийн бөгөөд урьдчилан мэдэх боломжгүй байгалийн болон нийгмийн хүчин зүйлээс шалтгаалж, талууд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон үед харилцан тохиролцсоны дагуу тухай нөхцөл байдал арилтал талууд үүргээ түр биелүүлэхгүй байж болно” гэж заасныг үндэслэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

Энэ талаарх зээлдэгч талын саналыг зээлдүүлэгч тал хүлээн авч, зээлийн гэрээний хугацааг 22 сар болгон сунгасан байх бөгөөд зээлийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-т “ Давагдашгүй хүчин зүйл арилсан өдрөөс эхлэн талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх ба давагдашгүй хүчин зүйл үргэлжлэх үеийн болон гэрээний үүргээс хожим чөлөөлөгдөх үндэслэл болохгүй “гэж зааснаар зээлдэгч тал гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж үзнэ.

Мөн хэрэгт авагдсан баримтаас үзвэл зээл авах тухай хүсэлтийг иргэн Ч.Б- гаргаж, зээлийн салбар хороо иргэн Ч.Б-т зээл олгохоор шийдвэрлэж,  зээлийн гэрээг иргэн Ч.Б-той байгуулсан бөгөөд зээлийг иргэний эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтаар олгосон байна.

Хариуцагч Ч.Б- “Мон эг” трейд компаний захирал гэдгээ баримтаар нотлоогүй бөгөөд тус компаний үйл ажиллагаа байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр доголдсон асуудал нь иргэн Ч.Б-ийн зээлийн эргэн төлөлттэй хамааралгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байгалмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 499.019 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                    Л.АМАРСАНАА