Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2018/00425

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2018/00237

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

******* цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, гэрч С.*******, П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* цахилгаанчинаар 2012 оноос 2018 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд ажлаа чанарын өндөр түвшинд хийж ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажилласан. 2018 оны 1 дүгээр сард сургууль амраад захирал тушаалаар хариуцлагатай жижүүр томилсон. Тэрний дагуу н хамт сургууль дээр ирээд дотуур байр болон өрөө тасалгаануудаар ороод тог цахилгаан шалгаад явж байтал дотуур байрны арын гэрэл шатсан байсан түүнийг янзал гэсэн үүрэг авсан боловч тухайн үедээ багаж байхгүй байсан учир маргааш нь ирээд янзалъя гэж хэлээд явсан. 2018.01.18-ны өдөр дотуур байрны арын гэрлийг янзалсан. Тухайн үед ******* ах жижүүрээр гарч байсан. Орой нь янзалсан гэрлээ ажиллаж байгаа эсэхийг шалгахаар сургууль дээр ирсэн. Сургуулиас гараад явж байгаад *******тай таараад байж байтал ******* сургуулийн гараашид машинаа түр тавиулчих гэж ******* ахаас асуугаатхая гээд ******* ахын утасны дугаарруу нь залгаж ярьсан гэтэл ******* ах тэг тэг гэсэн тэгээд бид 2 сургуульруу явж байтал ******* ах *******ын утасны дугаарруу нь залгаад ирэхдээ нэг шил архи аваад ирээрэй ах нь жоохон айгаад жийрхээд байна гэж хэлсэн. Тэр үед сургууль сүнстэй гэсэн яриа их гарсан байсан. Тэгээд ******* бид 2 архи авчирч өгсөн. Авчирсан архиа аваад сургуулийн гадаа машин дотор би ******* ахад архи хийж өгсөн. ******* ах 2 татаад үлдэгдэл архиа аваад ор гэж хэлээд өгөөд оруулсан. Би эмчилгээтэй байсан болохоор архи уугаагүй, ******* жолоо барьж байгаа гээд архи уугаагүй. Тэгээд сургуулийн гараашид ******* машинаа оруулаад би хичээлийн байранд дохиолол тавьчихаад явж байтал захирал орж ирж байсан. Тэгтэл ******* баганын араар орсон. Захирал бид нартай юу ч дугарахгүй чигээрээ хажуугаар гараад заалруу явж орсон. Тэгээд ******* бид 2 *******ын эхнэрийг нь очиж авъя гээд гараад явж байтал ******* ах залгаад жижүүрийн дэвтэр дээр та 2-ыг архи уусан гээд захирал биччихлээ гэхээр нь бид 2 сандраад буцаад сургуульруу ортол захирал явчихсан байсан. Тэгээд ******* ах ******* бид 2-ыг архи уугаагүй гэж утсаар ярьтал захирал цаанаас нь би наад 2-той чинь тооцоотой гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд ******* бид 2 жижүүрийн дэвтэрт архи уугаагүй гэдгээ бичээд гарын үсэг зураад явцгаасан. Тэгээд дараа нь намайг сургууль дээр архи уусан архи уухад уруу татсан гээд намайг үндэслэлгүй ажлаас халсан. Иймд ажилдаа эгүүлэн орж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлттэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2018.01.08-2018.01.12-ны өдрүүдэд оюутан, суралцагч, багш ажилтан албан хаагчдын амралтыг тохиож, онцгой нөхцөлд гаргадаг захирлын 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 тоот Хариуцлагатай жижүүр томилох тухай тушаал гаргаж эргүүл жижүүрийн хуваарь гарсан. Тус хуваарийн дагуу сургуулийн захирал С. 2018.01.11-ний өдөр эргүүл хийж явж байхад тэр өдөр сургуулийн жижүүрээр ажиллаж байсан П.*******, ажилтан С.*******, цахилгаанчин Б.******* нар нь согтуу сургуулийн дадлагын газраас гарч явж байсан бөгөөд захирал С.ыг хараад баганын араар нуугдах үйлдэл гаргасан байсан бөгөөд яагаад согтуу явж байсан талаар захирал тодруулахад нийтээрээ амарсан байхад ажил үүргээ гүйцэтгэж байсан жижүүрийг уруу татан ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэж, жижүүрийг архидуулан, сургуулийн дадлагын газарт хувийн машинаа багаж хөлдсөн нэрийдлээр оруулж ирсэн байдаг дээрхи үйлдлүүд нь сахилгын зөрчлийг давтан гаргасан хэмээн үзэх үндэслэл болж байна. энэ тухай жижүүрийн дэвтэр дээр бичиж баримтжуулсан байдаг. Маргааш өглөө нь буюу 2018.01.12-ны өглөө 08.00 цагаас дараагийн жижүүр Б. ажлаа хүлээн авахад урд шөнө хоносон жижүүр П.******* нь С.*******, Б.******* бид 3 өчигдөр орой пакталсан. Тэр хоёр өчигдөр орой машинтайгаа сургууль дээр орж дадлагын газар машинаа жаахан байлгая гэхээр нь зөвшөөрч сургуулийн хашаагаар машиныг нь нэвтрүүлж, дадлагын газарт байлгаж байгаад 3-лаа ганц юм уугаад гараад ирсэн чинь захиралтай дааралдчихсан. Юм ууцан байсан болохоор С.******* гэр бүлийнхээ хүнийг дуудчихсан байсан. Захирал явсаны дараахан С.*******ын гэр бүлийн хүн ирээд машинаа бариад явсан гэж хэлсэн бөгөөд бичлэгийг захиргаа аж ахуйн менежер П., жижүүр Б. нар үзсэн бөгөөд тэр 3-ын архи уусныг нотлож гэрчилж байна. эдгээр үйлдлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 заалт, сургуулийн дотоод журмын 5.10.5, Хөдөлмөрийн гэрээний 2.1.1, 2.1.10, 4.2.3 зүйл заалтуудыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан хэмээн үзэж ажлаас чөлөөлсөн. 2018.1.11-ний өдөр дотуур байранд багш жижүүр ажлаагүй бөгөөд тог тасарсан гэх дуудлагыг 20,00 цагийн үед хэн ч өгөөгүй Б.******* өөрөө дур мэдэн ажлын байраар эргэлдэж байгаад С.*******ыг ирэх үеэр хамт уулзалдан архинд явж сургуулийн жижүүрийг архидуулан хамтарч уусан байдаг. Сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зүйл заалтуудыг ноцтой зөрчиж, ажил үүргээ гүйцэтгэж байсан жижүүрийг уруу татан ажлын байранд хамтран архидалт зохион байгуулсан, Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтан С.*******д хариуцлага тооцон 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан ажиллаж байсан П.******* сургуулийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтыг зөрчиж 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ажлын байран дээр бусадтай хамтран архидалт зохион байгуулж ажлын хариуцлага алдан, ноцтой зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн учир 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээг цуцалж ажиллуулахгүй болсон. Иймд Б.******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* холбогдуулан цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Б.******* нь ******* цахилгаанчнаар ажиллаж байгаад ******* захирлын 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, ******* захирлын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 5.10 дугаар зүйлийн 5.10.5, 9.2.5, Хөдөлмөрийн гэрээний 2.1.1, 2.1.10, 4.2.3, Захирлын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 19, 2 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Б.******* нь 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр сахилгын зөрчилтэй байх хугацаандаа ажлын байранд согтуугаар нэвтэрч, архидалт зохион байгуулан хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зүйл заалтуудыг удаа дараалан зөрчсөн үндэслэлээр 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгч Б.******* нь ******* захирлын 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн авч 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгаагүй боловч ажил үүргээ гүйцэтгэж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж зааснаар хөдөлмөрийн гэрээ сунгагдан ажиллаж байсан ажилтан байна.

Нэхэмжлэгч Б.******* нь 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр жижүүр П.*******, С.******* нарын хамт архидалт зохион байгуулан, ажлын байранд нэвтэрсэн болох нь гэрч П.*******гийн ...тэр орой 20.00 цагийн үед *******, ******* нарыг над руу утсаар залгаж, машинаа сургуулийн гараажид тавчихья гэж ярихад нь би нэг шил архи аваад ирээрэй гэж захиж авчруулсан. Тэгээд сургуулийн гадаа машин дотор нь би арын суудал дээр суугаад тэр хоёр урд суугаад надад хундгалж өгөөд би 3-4 татаад жоохон архи үлдсэн байсныг би аваад сургууль руу орсон гэсэн мэдүүлэг, гэрч Б.н ...намайг ажил хүлээн авахад ******* надад хэлэхдээ ...******* над руу залгаад сургуулийн дулаан гараажид машинаа оруулаад багажаа гэсгээгээд онгойлгоё гээд ярихаар нь би ирэхдээ ганц шил юм аваад ир гэж хэлээд авчруулаад сургуулийн хашааны гадна *******ын машин дотор уусан ...тэгээд бид гурав гараажид машинаа тавьчихаад сургууль руу дөнгөж ороод коридороор явж байтал захирал орж ирээд бид гуравтай тааралдаж, архи уусан байна гэж хэлээд жижүүрийн дэвтэр дээр тэмдэглээд гарсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, гэрч П.Аюурзанын ...2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн үед С. захирал сургууль дээр хариуцлагатай жижүүр хийж байхдаа сургууль дээр архидан согтуурсан талаар 21 цаг өнгөрч байхад над руу утсаар ярьж мэдэгдсэн гэсэн мэдүүлэг, Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэл, Хариуцлагатай жижүүрийн дэвтэрт ...2018.01.11 нд 21.13 минутад сургууль дээр ирж шалгалт хийхэд *******, ******* нар архи ууж сургууль дээр ирсэн болно жижүүр П.*******, хариуцлагатай жижүүр С. гэсэн бичилт, СД бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

******* захирлын 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, сургуулийн дотоод журмын 9.1, 9.2.1, 9.2.4, 9.2.10 дахь заалтуудыг үндэслэн тус сургуулийн цахилгаанчин Б.******* өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг бүрэн гүйцэд хийж хангаагүй гэсэн үндэслэлээр сануулах арга хэмжээ авагдсан байх бөгөөд тушаалд гомдол гаргаагүй байна.

******* дотоод журмын 5.10.5-д Ажилтан ажлын байранд архидан согтуурсан, 5.10.6-д Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа давтсан болон хөдөлмөрийн гэрээнд ноцтой тооцох зөрчлийг гаргасан бол ажлаас чөлөөлөхөөр, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3-д ... Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архидалт зохион байгуулж, согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн ...бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхөөр тус тус зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь өмнө сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтыг нөхөн бичүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА