Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 58

 

А.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0174/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.А-, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                        Н.Дуламсүрэн

Хохирогчийн төлөөлөгч                С.Э-

Шүүгдэгч                                        А.А-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баярмаа                                          

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолтой, А-гийн А-д холбогдох, 1818000000579 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А-гийн А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар  хянан хэлэлцэв.

           Монгол Улсын иргэн, урьд нь :

           -1996 онд  Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1.т зааснаар 6 сар хорих ялаар

           -2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2.т зааснаар 1 жил хорих ялаар,

           - 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1.т зааснаар 3 жил хорих ялаар,

           -2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,

           - 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 3 жил хорих ялаар,

           - 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 5.2.т зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 1 жил хорих ялаар,

           - 2017 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.т зааснаар 5 жил 10 хоног хорих 1 шийтгүүлж байсан, ********** регистрийн дугаартай, Боржигон овогт А-гийн А-.

              Шүүгдэгч А.А- нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр, “Ноён Хонгор” гэдэг газарт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Э-ийг онц харгис хэрцгийгээр, биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор:

              Б- овогт А-гийн А-ыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1,. 2.8.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1., 2.8.д зааснаар шүүгдэгч А.А-д 20 /хорин/ жил хорих ялаар шийтгэж,

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 20 /хорин/ жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч А.А-ын цагдан хоригдсон 147 /нэг зуун дөчин долоо/ хоногийг эдлэх ялаас нь тооцох,

              Хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий 1  сидиг хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан 72 см урттай 13 см өргөнтэй 2.5 см зузаантай саарал өнгийн банз 1., 51 см урттай гурилын мод, хар өнгийн хагас түрүүтэй гутал, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн ус буцалгагчны суурь, цус мэт зүйлээр бохирлогдсон шаргал өнгийн гар нүүрийн алчуур., цагаан өнгийн ус буцалгагч., цус мэт зүйлээр бохирлогдсон хугархай мод., “Change Esse” бичиглэл бүхий 15 ширхэг тамхины иш, ягаан цайвар өнгийн даавуун материалтай өмд., /баруун талын өвдөг хэсэгт 5см х Зсм хэмжээтэй цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон/, хар өнгийн түрийтэй дотор талаараа босоо байрлалтай цахилгаантай 1 хос  гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

              Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 508 дугаар зүйлийн 508.1.т зааснаар шүүгдэгч А.А-аас 4.618.713 төгрөгийг гаргаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Зүрх уулын *-*** тоотод оршин суух бүртгэлтэй /РД:**********/ С-ын Э-д  олгох,

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

              Шүүгдэгч А.А- давж заалдах гомдолдоо:

              ...Надад хүний амь нас хөнөөх зорилго байгаагүй. 2018-12-16-ны орой талийгаачийн өгзөг дээр банзаар 3 удаа цохисон нь үнэн.,17-ны өглөө гэрээс гарахад тэр зүгээр ярьж байсан., энэ хэрэгт найз гэх Ц- хамааралтай.., 16-нд Ц- нэг хүүхэнтэй ирж юм зарсан., талийгаачийн охин ч нөхрийн хамт ирсэн орой нь Ц- буцаж ирж бид архи уусан., би нам тасраад сэрсэн чинь  талийгаач  өмдөө хагас тайлсан толгойн хэсэг нь цус гарсан  хэвтэж байсан., энэ үед  би банзаар бөгс рүү цохисон.., хэсэг хугацааны дараа  талийгаач надад Ц- намайг зодсон гэж хэлсэн ., өглөө нь ойролцоо байдаг малчин айл руу залгаад  эхнэрийн толгой, тархи өвдөөд байгаа учир над руу залгаарай гэж хэлсэн,  ингээд архи ууж яваад цагдаад баригдсан.,  Ц- эхнэрийг яагаад зодсон., явахдаа яагаад намайг сэрээгээгүйг шалгуулах хүсэлтэй байна.

              Мөн охин С.Э- болон нөхөр М-од их гомдолтой байна. Эдгээр хүмүүс нь хүн ажилд авч явна гэх зэргээр луйвардаж залилж мөнгө олдог юм билээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна .... гэжээ.

              Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.А- тайлбартаа:

              Би гэмт хэрэг үйлдээгүй., намайг гүтгэж байна.,  шүүх надад хэрэг тулгаж ял оногдуулсан, гэрч Ц-ад болон  хохирогчийн хүүхдэд нь гомдолтой хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна, давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.            

              Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.А-ын өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

              Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

              Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн төлөөлөгч С.Э- тайлбартаа:

              Би маш их гомдолтой.,  энэ хүн үйлдсэн хэргээ  ч хүлээн зөвшөөрөхгүй биднийг доромжилж байна., оршуулгын зардал гаргуулна гэв.

              Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Дуламсүрэн дүгнэлтдээ:

              Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан., мөрдөн байцаалтын шатанд хийвэл зохих ажиллагааг хийж гүйцэтгэсэн., Шүүгдэгчийн давж заалдах гомдол  үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч  А.А-ын  гаргасан   “...би    гэмт хэрэг үйлдээгүй., намайг гүтгэж байна., надад хүн алах зорилго байгаагүй, хэргийг дутуу шалгасан., надад хэрэг тулгаж ял оногдуулсан..,” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийн  нөхцөл байдал болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

           Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч  А.А-ыг  2018 оны 12 дугаар сарын 17-нд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр, “Ноён Хонгор” гэдэг газарт  гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Э-ийг онц харгис хэрцгийгээр, биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож алсан гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1,. 2.8.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1., 2.8.д зааснаар шүүгдэгч А.А-ыг 20 жил хорих ялаар шийтгэж,  оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар  хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 147  хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцох,  мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1.д зааснаар шүүгдэгчээс 4.618.713 төгрөг гаргаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э-д олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

           Хэргийн нөхцөл байдал, болсон үйл баримтаас  үзвэл  шүүгдэгч А.А-  хохирогч А.Э- нар нь хамтран амьдарч байсан бөгөөд хэрэг үйлдэгдэх  үед  тэд Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр  “Ноён Хонгор” гэх газарт оршин суудаг байсан ба шүүгдэгч А.А- нь 2018 оны 12 дугаар сарын 17-нд  архи ууж согтуурсан үедээ  гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Эрдэнэцэцгийг  онц харгис хэрцгийгээр, биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож алсан гэмт хэрэг үйлджээ.

           Шүүгдэгч А.А-ын энэ үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох гэрч  Л.Б-,  Ж.Г-,  Т.Б-,  Д.Л-,  С.У-,  С.Э-,  Д.Ц-, Д.Б-,  нарын мэдүүлэг., / 1-р х.хийн 51-53., 216., 54-55., 56-57., 58-59., 63., 27., 215., 181-182., 217., дугаар хуудас / болон

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018-12-31-ны өдрийн 246 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн А.А-ын гэж хаягласан цусанд 1.9 промилли спиртийн агууламж илэрсэн., энэ нь  согтолтын дунд зэрэгт хамаарна... гэсэн  дүгнэлт .,  / х.хийн 79-р хуудас/

           -2018-12-28-ны өдрийн 237 дугаартай хохирогч А.Э-ийн  цус нь А/2/ бүлгийн харьяалалтай, яллагдагч А.А-ын гэх цус нь О/1/ бүлгийн харьяалалтай байна.,  хохирогчийн үтрээнээс авсан гэх арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн.., энэ  илэрсэн эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-н шинжилгээгээр тогтоолгож болно ... гэсэн  дүгнэлт.,  /х.хийн 78-р хуудас/

           - 2019-01-18-ны өдрийн 354 дугаартай А.А-, А.Э-  нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов..,  хохирогч А.Э-ийн үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь А.А-ын  гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.., гэсэн  дүгнэлт, /х.хийн 81-82-р хуудас/

           -2019-01-09-ний өдрийн 419 дугаартай ...хэргийн газраас давтан үзлэгээр хураан авсан гэх 13х72 см банз дээр цус илэрсэн.., Цусанд урвал явагдаагүй тул бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна.” гэсэн  дүгнэлт., / х.хийн 86-р хуудас /

           -2019-01-18-ны өдрийн 546 дугаартай  ...Шинжилгээнд ирүүлсэн банз дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна.., Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо А.Э-ийн  гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.., гэсэн   дүгнэлт., /х.хийн 87-88-р хуудас/

            -Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019-01-15-ны өдрийн 9 дугаартай ...Шинжилгээнд тэнцэж буй 3 дугаартай гарын мөр санд MN003110006000 дугаараар бүртгэгдсэн А.А-ын баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна... гэсэн дүгнэлт., Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн  2019-01-17-ны өдрийн 148 дугаартай хэргийн газарт байсан эд зүйл, хавтас зэргийн урагдал бусад байдалд хийсэн 148 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд.,  /х.хийн 115-129-р хуудас/

           -Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018-12-17-ны өдрийн 03 дугаартай:

           ...талийгаачийн биед дээрх үндсэн оношинд бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед илэрсэн дагзны хуйхны шарх, нүүрний зураасан зулгаралт нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.., Талийгаачийн биед илэрсэн цээжний гэмтлийн улмаас зүүн талын олон хавирга хугарч цээжний гялтанг нэвтрэн уушгийг цоолсноос зүүн уушиг авчилт болсон байна.., Талийгаачийн биед илэрсэн цээжний гэмтэл, хавирганы хугарал, нүүр их бие мөчдийн цус хуралт, зулгаралт нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.., Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 болон 3.3.1-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.., хохирогчийн  биед үүссэн олон тооны гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ.., Талийгаач нь дээрх гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой байжээ.., Талийгаачийн биед элэг, бөөрний архаг хууч  өвчин илэрсэн бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөгүй.., Талийгаачийн цусанд 3.2 промилли этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байсныг харуулна.., Талийгаачийн цусны бүлэг АII байна.., гэсэн дүгнэлт., мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019-2-26-.ы өдрийн 1052 дугаартай дүгнэлт., / х.хийн 188-189., 225-231-р хуудас /

           -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019-01-25-ны өдрийн 166 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн ХГҮ хураагдсан эд зүйлсийг дугаарлан шинжлэхэд 1, 2, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 23, 24, 30, 35, 36, 37, 39 дугаартай эд мөрийн баримтууд дээр цус илэрсэн. ABO системээр А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна..,  бусад эд мөрийн баримтууд дээр цус илрээгүй.., гэсэн  дүгнэлт.,  /х.хийн 232-233-р хуудас /

           Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн эмч нарын 22/19 дугаартай... А.А-  нь сэтгэцийн ямар нэгэн  өвчингүй эрүүл болно..,  сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир түүнд эмнэлэгийн чанартай албадан эмчилгээ шаардлагагүй.,  сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.., гэсэн магадалгаа болон шүүгдэгчийн гар утсанд хийсэн тэмдэглэл, мөн шинжээч эмч Д.Т-гийн  2019-03-01.,  2019-03-20-ны өдөр өгсөн:

            “...талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд юм... талийгаач нас барсан цагийг цогцост илрэх эрт үеийн шинжүүд болох хүүрийн хөшилт, толбо, хаталт зэрэг болон хэргийн газрын үзлэгээр харж шинжилсэн цусны бүлэгнэл, хатсан эсэх, тунасан байдал зэргээр тогтоодог. Талийгаач А.Э-ийн хувьд хүүрийн толбо, хөшилт болон шархны улмаас үүссэн цус тунасан байдал, хаталт доорх материал руу нэвчсэн, шарх зулгаралтанд ямар нэг тав тогтоогүй зэргээс үндэслэж нас барсан цагийг 14-16 хооронд нас барсан байх боломжтой гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг., /х.хийн 218., 28-р хуудас/ болон  цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл., гэрэл зургийн үзүүлэлтүүд., хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл., гэрэл зургийн үзүүлэлтүүд., хэргийн газрын давтан үзлэг хийсэн тэмдэглэл., гэрэл зургийн үзүүлэлтүүд., эд зүйлд үзлэг хийсэн  шүүгдэгчийн  биед  болон өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл.,болон /х.хийн 3-20., 21-25., 28-30., 31-34., 35-43.,  98-99., 192-199., 143., 148 дугаар хуудас / тухайн үед болсон үйл баримт, хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтогдсон хэргийн нөхцөл байдал зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

           Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас  учирсан  хор уршиг, хохирлыг зөв тооцож,  гэмт хэргийн шинж, байдал,  хор уршгийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга,  зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв  тайлбарлан хэрэглэжээ.             

           Шүүгдэгч А.А- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон эдгээр нотлох баримтыг үгүйсгэж давж заалдах гомдол гаргаж байгаа боловч түүний гомдолд дурдсан үндэслэл нь дээрх нотлох баримтаар., тухайн үйл баримт болсон цаг хугацаагаар.,  мөн хэргийн нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байгаа, түүнчлэн  түүний  мэдүүлэг, тайлбарыг  нотлох  эсхүл өөр хүн хохирогчийг алжээ гэж үзэх нотлох баримт байхгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг болон улсын яллагчийн дүгнэлтийг няцаах үндэслэл, үйл баримт, нөхцөл байдал тогтоогдохгүй байгаагаас гадна шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийг  зөрчөөгүй байна.

           Мөн хэргийн мөрдөн шалгах  ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь цуглуулж, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасны дагуу бэхжүүлсэн, хохирогчийн биед хийсэн болон холбогдох бусад шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч А.А-ын сэтгэц, хэрэг хариуцах чадварын талаарх магадлагаа зэргийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх  шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

           Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  А.А-ын гаргасан ...би гэмт хэрэг үйлдээгүй., намайг гүтгэж байна., хэргийг  дутуу шалгасан., шүүх надад хэрэг тулгаж ял оногдуулсан, гэрч Ц-ад болон  хохирогчийн хүүхдэд нь гомдолтой..,” гэсэн агуулга бүхий  давж заалдах гомдол нь хуулийн үндэслэлгүй байх тул  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А-гийн А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

                                                               ШҮҮГЧИД                                  Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                  Ц.ТУЯА