Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 338

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/00169/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-10 тоотод оршин суух, С-нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сумын Санжинт баг, Ойчдын 13-14 тоотод оршин суух, Б-холбогдох, 

 

8 000 000 төгрөг гаргуулах,

 

Хариуцагч Ц.Баясгалангийн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.С-итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч Ц.Баясгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.С-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.С-нэхэмжлэлтэй, Ц.Б-холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Р.С-итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Р.С- нь УБ төмөр замд ажилладаг. Ц.Баясгалан нь Р.С-ээс 6 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай бичгийн гэрээ хийж зээлээр авсан байдаг. Ц.Баясгалан нь 2013 онд зээлийн хүүг Р.С-т бэлнээр болон дансаар өгч байсан. Ц.Баясгалангийн Р.С-т дансаар шилжүүлэн өгсөн хүү 3,670,000 төгрөгийг Р.С- авснаа хүлээн зөвшөөрдөг. Харин Ц.Баясгалан нь 6 сая төгрөгийн үндсэн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд түүний хүү 2 сая төгрөг нийт 8 сая төгрөгийг Ц.Баясгалангаас гаргуулахаар нэхэмжилж байна. 2014 оноос хойш 4 жилийн хугацаанд Р.С- нь зээлээ өөрөө төлж байсан. Р.С- нь 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ц.Баясгалантай байгуулсан зээлийн гэрээний дагуу 8 сая төгрөгийг шаардаагүй, харин өмнө хийсэн бичгийн гэрээний дагуу 8 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Баясгалан түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015.03.23-ны өдөр Р.С-, Ц.Баясгалан нарын хооронд хийсэн гэрээний дагуу 8 сая төгрөгийг Ц.Баясгалангаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байсан. Ц.Баясгалан нь Р.С-ээс мөнгө зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ 2013 оны сүүлээр 1,500,000 төгрөгийг Ц.Баясгалан нь Р.С-ээс бэлнээр авсан. 2014.08.04-ний өдөр 500,000 төгрөг, 2014.09.02-ны өдөр 1,500,000 төгрөг, 2014.12.27-ны өдөр 600,000 төгрөг, нийт 4,100,000 төгрөгийг Р.С-ээс авсан гэсэн тайлбар хэлдэг. 2014.03.06-ны өдөр Ц.Баясгалан өөрийн ах Баярсайханаар дамжуулан 600,000 төгрөгийг Р.С-т өгсөн бөгөөд 2014.04.07-ны өдөр 360.000 төгрөг, 2014.05.07-ны өдөр 400,000 төгрөг, 2014.06.07-ны өдөр 180,000 төгрөг, 2014.06.12-ны өдөр 220,000 төгрөг, 2014.07.12-ны өдөр 400,000 төгрөг, 2014.09.27-ны өдөр 210,000 төгрөг, 2014.10.22-ны өдөр 260,000 төгрөг, 2014.10.23-ны өдөр 380,000 төгрөг, 2014.12.09-ний өдөр 660,000 төгрөг, 2015.02.11-ний өдөр 450,000 төгрөг, 160,000 төгрөгийн цагаан хэрэглэл Ц.Баясгалангаас Р.С- авсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Нийт 4,280,000 төгрөгийг Ц.Баясгалан нь Р.С-т өгсөн байдаг. Р.С-, Ц.Баясгалан нар нь аман хэлцлээр сарын 10 хувийн хүүтэй зээл авсан гэдэг боловч бичгээр зээлийн гэрээ хийгээгүй байдаг. Ц.Баясгалан нь Шарын гол сумын Төмөр замд ажилладаг бөгөөд Р.С- нь зээлээ төл гэж байнгын ажил дээр нь очиж, түүнийг элдвээр хэлж, дарамталдаг байсан гэдгээ хэлдэг. Тийм учраас Ц.Баясгалан нь 6 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж бичгээр баримт үйлдсэн байдаг. Ц.Баясгалангийн хүүхэд нь тархины хорт хавдартай учраас мөнгө хэрэгтэй болж, Р.С-ээс мөнгө зээлсэн. Ц.Баясгалан нь Р.С-ээс нийт 4,100,000 төгрөгийг дансаар болон бэлнээр авч, буцааж 4,280,000 төгрөг болгон зээлийг өсгөж төлсөн. Тиймээс үндсэн төлбөр 6 сая төгрөг, зээлийн хүү 2 сая төгрөг, нийт 8 сая төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбар гаргадаг. Зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд талууд бичгээр гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Ц.Баясгалан түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

2015.03.23-ны өдрийн Р.С-, Ц.Баясгалан нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Ц.Баясгалан нь Р.С-тэй гэрээ хийснээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ 8 сая төгрөгийг Ц.Баясгалан Р.С-ээс аваагүй, харин Р.С-, Ц.Баясгалан нар гэрээг дараа нь нөхөж хийсэн. Ц.Баясгалан нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулаагүй бөгөөд түүнийг дарамтад оруулж гэрээ хийсэн учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 196 дугаар зүйлийн 196.1.2-т тус тус зааснаар Р.С-, Ц.Баясгалан нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү. Зээлийн гэрээнд зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлсний дараа буцааж төлөх ёстой гэж заасан. Гэтэл талуудын хооронд гэрээ байгуулагдах үед мөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй учраас тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Р.С-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг нар шүүхэд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

2015.03.23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахад татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Р.С- нь хариуцагч Ц.Б-холбогдуулан 8 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч нь 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц.Баясгалан нь 4 100 000 төгрөг цувуулж зээл авсан нь үнэн, төлбөрт нийт 4 280 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, нэхэмжлэгч нь гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн болно.

 

Нэхэмжлэгч Р.С- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг 2014 оны 10 дугаар 22-ны өдөр хариуцагч Б.Баясгалан 6 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс сарын 10 хувийн хүүтэйгээр, 1 жилийн хугацаатай, сар бүрийн 5-нд хүүг төлж байхаар гэрээ байгуулж, Баясгалан өөрийн гараар бичиж өгсөн хэлцлийн дагуу үндсэн зээл 6 000 000 төгрөг, хүү 2 000 000 төгрөг нийт 8 000 000 төгрөг гаргуулах гэж тодруулж байгаа болно.

 

Нэхэмжлэгч нь 3 000 000 төгрөгийг бэлнээр, 3 100 000 төгрөгийг дансаар нийт 6 100 000 төгрөгийг хариуцагч Ц.Б-шилжүүлсэн, хариуцагч нь 6 сая төгрөгийг авсан талаар өөрийн гараар бичиж өгсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэрэгт авагдсан хариуцагч Ц.Баясгалангийн Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч Р.С-Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгчээс 2014.08.04-ний өдөр 500 000 төгрөг, 2014.09.02-ны өдөр 500 000 төгрөг, 2014.12.27-ны өдөр 600 000 төгрөг дансаар нийт 1600 000 төгрөг, бэлнээр 2013 оны сүүлээр 1 500 000 төгрөг өгсөн талаар хариуцагчийн тайлбар бүгд 3 100 000 төгрөг өгсөн болох нь тогтоогдож байна. / хх-ийн

 

Хариуцагч нь зээлийн төлбөрт 2014.03.06-ны өдрөөс 2014.12.09-ний өдөр хүртэл дансаар нийт 4 120 000 төгрөг, цагаан хэрэглэлийн үнэ 160 000 төгрөг бүгд 4 280 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан талуудын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, талуудын тайлбараар тогтоогдож талууд энэ талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолтод хариуцагч Ц.Баясгалан 6 000 000 төгрөгийг авсан талаар бичиж, гарын үсэг зурсан тул 6 сая төгрөг авсан болох нь тогтоогдож байна гэж маргаж байгаа боловч энэ хэлцлээс өмнө буюу 2014 оны 8 дугаар сараас дансаар болон бэлнээр 3 100 000 төгрөг шилжүүлсэн болох тогтоогдож, 3 000 000 төгрөгийг ямар хэлбэрээр өгсөн талаар нотлох баримт ирүүлээгүй, нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч Ц.Баясгалан нь 4 100 000 төгрөгийн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хариуцагч Ц.Баясгалан нь талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэ нь 2014 онд авсан зээлийн гэрээг баталгаажуулах зорилгоор дахин гэрээ байгуулсан гэж талууд тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл тул хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байна.

Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүсэх үр дагаварыг хариуцагч шаардах эрхтэй байсан боловч энэ талаар шаардлага гаргаагүй тул хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар Р.С-нэхэмжлэлтэй Ц.Б-холбогдох 6 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч Ц.Баясгалангийн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 142950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 142950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНТУЯА