Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 57

 

Н.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00169/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.О-

Нэхэмжлэгч Б.Д- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч З.Б-т холбогдох

          “1.397.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Н.О-аас:

            Б.Бат-Орших бид 2 гэр бүлдээ нэмэлт орлого олж амьдралаа дээшлүүлэх зорилгоор ажлын байрны түрээсийн зар хайж байтал талхан цех түрээслүүлнэ гэсэн зар хараад З.Б-тай уулзсан. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр З.Б-тай түрээсийн гэрээ бичгээр байгуулж түүний эхнэр А.Алтантуяатай хамт явж нотариатаар батлуулан З.Б-ын өмчлөлийн Дархан сумын 5-р багт байрлах 2 давхар 8 айлын барилгын 580 м.кв 34-р брак талх нарийн боовны цех №4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг, 1 жилийн хугацаатай, сарын 300.000 төгрөгийн төлбөртэй харилцан тохиролцож байгуулсан. 3 сарын түрээсийн урьдчилгаа нийт 900.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө шилжүүлж өгсөн. Цаашид сарын түрээсийн төлбөрийг сар бүрийн 15-нд А.Алтантуяагийн дансанд төлж бай гээд энэ тухай түрээсийн гэрээнд бичиж тусгасан. Түрээсийн гэрээ байгуулахад эхнэр А.Алтантуяа нь цуг явж зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Бид анх удаа өөрийн гэсэн ажлын байртай болоод талх хийхэд туршлагатай өмнө талх барьж байсан хүмүүстэй уулзан хамтран ажиллахаар болж өөрсдийн зүгээс шаардлагатай зүйлсийг бэлдэн талхны хэв 300.000 төгрөгөөр худалдан авсан.  Ажиллах орчин нөхцөлөө бүрдүүлээд бүгдийг шинээр эхлэн талхаа барих гэсэн тог цахилгаангүй байсан. Ингээд тог тавиулах гэж гүйж хоног хугацаа алдаж байгаад цахилгаанаа залгуулаад талх баригч нар маань гурилаа хөөлгөж, талх барьж эхэлсэн. Тэгтэл түрээслүүлэгчийн талх баригч нь талхийг жигд болгож чадахгүй 40 минутын турш зөвхөн дээд доод талыг нь шаргалтуулж болгоод хоёр хажуу тал нь түүхий гаргаж байсан. Өөрөөр хэлбэл 40 минутад 1 талх болгох технологийг 80 минутад 1 талх болгож байсан учир цахилгаан зарцуулалт хөдөлмөрийн бүтээмж муугаас талх барьж ашиг олох боломжгүй нь тодорхой болсон. Энэ тухай түрээслүүлэгчид удаа дараа энэ тухай мэдэгдэж танай түрээслүүлсэн талх баригч талхаа 40 минутад болгож чадахгүй түүхийрүүлээд байна гэж хэлэхэд тоодоггүй арга хэмжээ авч өгөөгүй гэжээ.

Нэхэмжлэгч Б.Д-аас:

Бид өөрийн гэсэн ажлын байр бий болгож өрх гэртээ нэмэр болгох гэсэн биш харин хөрөнгө мөнгө цаг хугацаа бүх зүйлээрээ хохирч үлдсэн. Эхнээсээ бидэнд талх баригчийнхаа нэг шаралтаар талх бэлэн болгож чадахгүй заавал хоёр дахь шаралтыг бий болгодог зэрэг доголдлыг бидэнд хэлээгүй мөн гэрээ байгуулаад шууд ажиллахад бэлэн биш тог цахилгааны асуудлыг шийдээгүй зэргийг бидэнд хэлэлгүй түрээсийн гэрээ байгуулж, ажиллаагүй саруудын мөнгийг урьдчилан авч хохироосон тул анх өгсөн түрээсийн төлбөр 900.000 төгрөг, талхны хэв 300.000 төгрөг, бусад эд зүйл 197.500 төгрөг нийт 1.397.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяраас: 

З.Б- нь талхан цех түрээслүүлэх зар тавьсан. Зарын дагуу Н.О-, Б.Д- нар ирж уулзаад цехийг үзэж, түрээсийн гэрээг З.Б-тай байгуулсан. Гэрээний талууд хүсэл зоригийнхоо дагуу түрээсийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан. З.Б- нь 580 м.кв талбай бүхий талхан цехийг түрээслүүлэхээр түрээслэгч нарт өгсөн. Уг талхан цехийг өмнө нь 10 жил үйл ажиллагаа явуулан ашиглаж байсан. Тухайн цехийг эзэмшиж байгаа байгууллага, хувь хүн солигдох бүрд гэрээг шинэчилдэг. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн цехэд тог тавьсан. Хэрэв түрээслэгч цехийг түрээсэлсэн өдрөөс эхлэн талх шарагч төхөөрөмж ажиллахгүй байсан бол даруй З.Б-т мэдэгдэж, гэрээгээ дуусгавар болгох боломжтой байсан. З.Б- түрээслэгчид цоо шинэ талх шарах төхөөрөмж өгсөн. Талх шарагчийг ажиллуулж чадахгүй байгаа нь түрээслэгчийн хариуцлагагүй байдал тул үүнийг түрээслүүлэгчийн буруутай үйлдэл мэтээр ярьж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Талх барих нь нарийн ажиллагаа учраас туршлагатай, мэргэжлийн хүн хэрэгтэй. Н.О- сарын 300.000 төгрөгөөр 3 сарын хугацаатай 900.000 төгрөгийг З.Б-т өгсөн асуудалд маргаан байхгүй. Гэхдээ 2 сар түрээсэлсэн түрээсийн төлбөрийг хасаад үлдэх 1 сарын түрээсийн 300.000 төгрөгөөс 2 сар цехийг түрээслэхэд гарсан цахилгаан, дулааны зардлыг хасаад үлдэх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Шинээр авсан 60 талхны хэвийг Н.О-д буцааж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 295 дугаар зүйлийн 295.1-д зааснаар хариуцагч З.Б-аас 900.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-, Б.Д- нарт олгож, 497.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.310 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б-аас 26.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаярын давж заалдсан гомдолдоо:

            Гэрээнд заасны дагуу доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн учир нэхэмжлэгчийг төлсөн түрээсийн төлбөрөө буцаан шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Үүнийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дээрх талхан цехийг ашиглаж үйл ажиллагаа явуулсан. Хариуцагч тал тохирсон хугацаанд дээрх үл хөдлөх хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлж өгсөн бөгөөд шаардлагатай завсар үйлчилгээг хийж тог цахилгаанд холбож өгсөн. Мөн цоо шинэ талх шарагчийг худалдан авч түрээслэгч нарт хүлээлгэн өгсөн. Харин түрээслэгч нар талх барьж мэддэггүй хүнээр талх бариулж талхаа хийж чадаагүй нь түрээслэгчийн буруутай үйлдэл биш юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 900.000 төгрөгөөс 2 сарын түрээсийн төлбөр 600.000 төгрөг, цахилгаан дулааны зардал 148.008 төгрөг нийт 748.008 төгрөгийг хасч өгнө үү. Үлдэгдэл 152.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.О-, Б.Д- нар хариуцагч З.Б-т холбогдуулж түрээсийн төлбөрт өгсөн 900.000 төгрөг, талхны хэвний 300.000 төгрөг, бусад зардал 197.000 төгрөг нийт 1.397.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч З.Б- 2 сарын түрээсийн төлбөр 600.000 төгрөг, түрээсэлж байх хугацааны цахилгаан, дулааны төлбөр 148.008 төгрөг хасч үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1, 295 дугаар зүйлийн 295.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт, хэргийн тогтоогдсон үйл явдалд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Талууд хариуцагч З.Б-ын өмчлөлийн Дархан сумын 5 дугаар багт байрлах 530 метр квадрат талбай бүхий талх, нарийн боовны цехийг 1 жилийн хугацаатайгаар, сарын 300.00 төгрөгөөр түрээслэх, түрээсэлж байх хугацааны цахилгаан, дулааны төлбөрийг түрээслэгч тал хариуцахаар, сар бүрийн 15-нд түрээсийн төлбөрийг төлөх, төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар талууд талх баригч шарах шүүгээ ажилладаг эсэх дээр маргадаг бөгөөд “хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх” үүргээ биелүүлээгүй тул түрээслэгч тал гэрээнээс татгалзах санал гаргаж түрээслэгч хүлээн зөвшөөрөхгүй маргасан боловч түрээсийн гэрээний зүйл доголдолгүй байсныг нотолж чадаагүй.

Хэрэгт авагдсан баримтаар түрээсийн байрыг буцаан хүлээлгэж өгсөн, түрээсийн төлбөрт 900.000 төгрөг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар түрээслэгч тал гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 900.000 төгрөг шаардах эрхтэй.

Хэргийн 11 дүгээр талд авагдсан, талуудын хооронд хийгдсэн түрээсийн гэрээний 1 дэх хэсгийн 4 дэх заалтаас үзвэл түрээслэгч тал цахилгаан, усны төлбөрийг хэрэглэсэн хугацаандаа төлөхөөр харилцан тохиролцсон байх тул түрээслэгч талаас тэрхүү төлбөрийг суутгаж тооцох нь зөв гэж дүгнэж байна.

Иймд нэхэмжлэгчийн талх нарийн боовны цехийг түрээсэлж байх хугацаанд гарсан цахилгаан дулааны төлбөр 148.008 төгрөгийг хасч тооцож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн талхны хэв болон бусад зардалд зарцуулсан 497.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч З.Б-аас 751.992 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-, Б.Д- нарт олгож, үлдэх 645.008 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж

2 дугаар заалтыг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.310 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч З.Б-аас 22.598 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.150 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч З.Б-т олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                                   ШҮҮГЧИД                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                       Л.АМАРСАНАА