Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/00169/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол, 18-р байр, 15 тоотод оршин суух, О-,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол, 18-р байр, 15 тоотод оршин суух, Д-нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, 22-р байр 55 тоотод оршин суух, Бо- холбогдох, 

 

1 397 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Орхонтуул, хариуцагч Б.Д-итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Орхонтуул, Б.Дарханбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Н.Орхонтуул, Б.Бат-Орших бид нар гэр бүлдээ нэмэлт орлого олж амьдралаа дээшлүүлье гээд ажлын байрны түрээсийн зар хайж байтал талхан цех түрээслүүлнэ гэсэн зарыг хараад анх З.Болдбаатар гэдэг хүнтэй уулзсан юм. Тэр үед З.Болдбаатар нь та нар талх хийх гэж байгаа бол хурдан шийдээд манай талхан цехийг түрээсэл тэгэхгүй бол олон хүн түрээслэе гэж хандсан байгаа би хэн түрүүлж гэрээ хийсэнд нь түрээслүүлнэ гээд яаруулаад байхаар нь тэр үгэнд нь итгээд З.Болдбаатартай түрээсийн гэрээ 2017.11.12-нд бичгээр байгуулж түүний эхнэр А.Алтантуяа бид хамт нотариатаар батлуулан З.Болдбаатарын өмчлөлийн Дархан сумын 5-р багт  байрлах 2 давхар 8 айлын барилгын 580 мкв 34-р брак талх нарийн боовны цех №4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг, 1 жилийн хугацаатай, сарын 300 000 төгрөгийн төлбөртэй харилцан тохиролцож байгуулсан. Түрээсийн төлбөрийг гэрээ байгуулсан өдөр эхний 4 сарын төлбөрийг хий гэсэн тул эхнэр А.Алтантуяагийнх нь Хаан банкны 5045566488 тоот данс өгсөний дагуу Б.Дарханбаяр би өөрийн хаан банкны 5068110566 данснаас 3 сарын түрээсийн урьдчилгаа нийт 900000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө шилжүүлж өгсөн. Цаашид сарын түрээсийн төлбөрийг сар бүрийн 15-нд хаан банкны А.Алтантуяагийн дансанд төлж бай гээд энэ тухай түрээсийн гэрээнд бичиж тусгасан. Түрээсийн гэрээ байгуулахад эхнэр А.Алтантуяа нь цуг явж зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Гэрээ байгуулсаны хэд хоногийн дараа эхнэр А.Алтантуяа нь Солонгос улс руу гараад явсан гэсэн. Бид анх удаа өөрийн гэсэн ажлын байртай болох нь гэж баярлаад талх хийхэд туршлагатай өмнө талх барьж байсан гэх хүмүүстэй уулзан хамтран ажиллахаар болон өөрийн зүгээс шаардлагатай зүйлсүүдийг бэлдэн талхны  хэв 300 000 төгрөгөөр худалдан авсан, эхний удаа 5 шуудай гурил, давс, сод, хөөлгөгч гэх мэт талх хийхэд ордог бүх орцуудыг худалдан авахаас гадна, ширээ бандан хийлгэн, сав суулга зэрэг олон зүйл худалдан ажиллах орчин нөхцлөө бүрдүүлээд бүгдийг шинээр эхлэн талхаа барих гэсэн чинь  тог цахилгаангүй байсан байдаг. Ингээд тог тавиулах гэж гүйж хоног хугацаа алдаж байгаад цахилгаанаа залгуулаад талх баригч нар маань гурилаа хөөлгөж, талх барьж эхэлсэн. Тэгтэл түрээслүүлэгчийн талх баригч нь талхийг жигд болгож чадахгүй 40 минутын турш зөвхөн дээд доод талыг нь шаргалтуулж болгоод хоёр хажуу тал нь түүхий гаргаж байсан. Тэгэхээр талхныхаа хоёр хажууг болгохын тулд дахин 40 минут зарцуулж нэг талх болгох зэрэг хүндрэл гарч байсан. Өөрөөр хэлбэл 40 минутад 1 талх болгох технологийг 80 минутад 1 талх болгож байсан учир цахилгаан зарцуулалт хөдөлмөрийн бүтээмж муугаас талх барьж ашиг олох боломжгүй нь тодорхой болсон. Энэ тухай түрээслүүлэгчид удаа дараа энэ тухай мэдэгдэж танай түрээслүүлсэн талх баригч талхаа 40 минутад болгож чадахгүй түүхийрүүлээд байна гэж хэлэхэд тоодоггүй арга хэмжээ авч өгөөгүй сүүлдээ та нар юм хумаа аваад гар гэхээр нь тэгвэл өгсөн мөнгөө буцааж авъя гэж шаардахад мөнгө байхгүй явдаг газраараа заргалдаад олж аваарай гэж харьцсан. Ингээд өөрийн гэсэн ажлын байр бий болгож өрх гэртээ нэмэр болгох гэсэн биш харин хөрөнгө мөнгө цаг хугацаа бүх зүйлээрээ хохирч үлдсэн. Би өөрийн зүгээс болохоос болохгүй нь хүртэл зорьж үнэхээр хичээсэн боловч түрээслүүлэгчБо-ын талх барих зуух ажиллах хүчин чадал муугаас цаашид түрээсийн гэрээг үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болсон. Эхнээсээ бидэнд талх баригчийнхаа нэг шаралтаар талх бэлэн болгож чадахгүй заавал хоёр дахь шаралтыг бий болгодог зэрэг доголдлыг бидэнд хэлээгүй мөн гэрээ байгуулаад шууд ажиллахад бэлэн биш тог цахилгааны асуудлыг шийдээгүй зэргийг бидэнд хэлэлгүй түрээсийн гэрээ байгуулж ажиллаагүй саруудын мөнгийг урьдчилан авч хохироосон тул анх өгсөн түрээсийн төлбөр 900 000 төгрөг, талхны хэв 300 000 төгрөг, бусад эд зүйл 197 500 төгрөг нийт 1 397 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч З.Болдбаатар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З.Болдбаатар нь талхан цех түрээслүүлэх зар тавьсан. Зарын дагуу Н.Отгонтуул, Б.Дарханбаяр нар ирж уулзаад цехийг үзэж, түрээсийн гэрээг З.Болдбаатартай байгуулсан. Нэхэмжлэгч нарт талхан цехийг хүчээр гэрээ байгуулан түрээслүүлсэн юм шиг асуудал яриад байгаа нь зохимжгүй байна. Гэрээний талууд хүсэл зоригийнхоо дагуу түрээсийн гэрээг байгуусан. Н.Отгонтуул, Б.Дарханбаяр нар нь 2017.12.04-ний өдөр гэрээг байгуулсан. З.Болдбаатар нь 580 мкв талбай бүхий талхан цехийг түрээслүүлэхээр түрээслэгч нарт өгсөн. Уг талхан цехийг өмнө нь 10 жил үйл ажиллагаа явуулан ашиглаж байсан. Тухайн цехийг эзэмшиж байгаа байгууллага, хувь хүн солигдох бүрт гэрээг шинэчилдэг. 2017.12.04-ний өдрөөс эхлэн цехэд тог тавьсан. Н.Отгонтуул нь цехийг 2 сар түрээслэх хугацаанд үйл ажиллагаа явуулах эсэх нь түүний эрхийн асуудал. Хэрэв түрээслэгч цехийг түрээслэсэн өдрөөс эхлэн талх шарагч төхөөрөмж ажиллахгүй байсан бол даруй З.Болдбаатарт мэдэгдэж, гэрээгээ дуусгавар болгох боломжтой байсан. З.Болдбаатар түрээслэгчид цоо шинэ талх шарах төхөөрөмж өгсөн. Ер нь талх барих нь нарийн ажиллагаа шаардагдана. Талх шарагчийг ажиллуулж чадахгүй байгаа нь түрээслэгчийн хариуцлагагүй байдал харагдаж байна. Үүнийгээ түрээслүүлэгчийн буруутай үйлдэл мэтээр ярьж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Н.Отгонтуул нь шинээр талхны хэв авсан гэж яриад байна. Тэр талхны хэвийг З.Болдбаатар хүлээж аваагүй. Талхны хэвийг авах шаардлага ч байхгүй. Талх барих хичнээн тонн гурил авсан эсэхийг бид мэдэхгүй. Ямар ч бизнес эрхэлж байгаа тохиолдолд хариуцлага яригддаг. Талх барих нь нарийн ажиллагаа учраас туршлагатай, мэргэжлийн хүн хэрэгтэй. Н.Отгонтуулын хувьд анх удаа талхан цех ажиллуулах бизнес эрхэлж байгаа учраас бэрхшээл тулгарах нь ойлгомжтой. Н.Отгонтуул сарын 300,000 төгрөгөөр 3 сарын хугацаатай 900,000 төгрөгийг З.Болдбаатарт өгсөн асуудалд маргаан байхгүй. Гэхдээ 2 сар түрээслэсэн түрээсийн төлбөрийг хасаад үлдэх 1 сарын түрээсийн 300,000 төгрөгөөс 2 сар цехийг түрээслэхэд гарсан цахилгаан, дулааны зардлыг хасаад үлдэх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Шинээр авсан 60 талхны хэвийг Н.Отгонтуулд буцааж өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.Орхонтуул, Б.Дарханбаяр нар нь хариуцагч З.Болдбаатарт холбогдуулан түрээсийн төлбөрт өгсөн 900 000 төгрөг, талхны хэвны 300 000 төгрөг, бусад 197 000 төгрөг нийт 1 397 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч З.Болдбаатар нь түрээсийн гэрээнд заасан үүргээ биелүүлж шинэ талх баригч хүлээлгэн өгсөн, талх барьж чаддаггүй хүнээр бариулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Н.Орхонтуул, Б.Дарханбаяр нар нь хариуцагч З.Болдбаатартай тохиролцон хариуцагчийн өмчлөлийн Дархан сумын 5-р багт байрлах, 530 м2 талбайтай, арван таван сая төгрөгийн үнэ бүхий сургалт, үйлчилгээний зориулалттай, 34-р брак, талх, нарийн боовны №4 цехыг, 1 жилийн хугацаатайгаар, сарын 300 000 төгрөгөөр, сар бүрийн 15-нд А.Алтантуяагийн Хаан банкны 5045566488 дансанд төлбөрийг хийхээр, төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр, цахилгаан, усны төлбөрийг хэрэглэсэн хугацаандаа төлөхөөр тохирч талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Орхонтуул, Б.Дарханбаяр нар нь түрээсийн төлбөрийн урьдчилгаанд 3 сарын 900 000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Орхонтуул, Б.Дарханбаяр нар нь цехийн түлхүүрийг 2017 оны 11 дүгээр сарын 15-нд хүлээн авсан боловч үйл ажиллагаа явуулах боломжгүй тог залгаагүй байсан тул 2017 оны 12 дугаар сарын 05-нд өөрсдөө тогоо залгуулсан, халаалт муутай байсны улмаас талх түүхийрсэн, шарах шүүгээ сайн ажиллаагүй гэсэн нөхцлөөр үйл ажиллагаа явуулж чадаагүй, 2018 оны 2 дугаар сарын 05-нд буцааж хүлээлгэн өгсөн гэж тайлбар гаргасан болно.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ гэж заасан үүргээ хариуцагч нь биелүүлээгүй, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсний улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй, буцааж өгсөн нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, 294 дүгээр зүйлийн 294.2.1-д нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцлана, 295 дугаар зүйлийн 295.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө гэж зааснаар нэхэмжлэгч Н.Орхонтуул, Б.Дарханбаяр нар нь гэрээг цуцалж цехийг хүлээлгэн өгсөн нь дээрхи хуулийг зөрчөөгүй байх тул түрээсийн урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 900 000 төгрөгийг хариуцагч З.Болдбаатараас гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч нар нь 60 ширхэг талхны хэвийн үнэ 300 000 төгрөг, 2 шуудай гурил 90 000 төгрөг, 00-ын бочки засварласны 24000 төгрөг, шошго, талхны уут, температур заагч нийлээд 83000 төгрөг нийт 497 000 төгрөг нэхэмжилж нотлох баримтаар Н.Орхонтуулын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга ирүүлсэн боловч эдгээр эд зүйлийг хаанаас авсан болон хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь 1397000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 37310 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Болдбаатараас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан үнийн дүнгийн хэмжээгээр буюу 900 000 төгрөгт тооцож улсын тэмдэгтийн хураамж 26150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

            Хариуцагч З.Болдбаатар нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу Н.Төгсбаяр шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч З.Болдбаатараас 900 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Орхонтуул, Б.Дарханбаяр нарт олгож, 497 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 37310 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Болдбаатараас 26150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНТУЯА