Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/00413

 

Б.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/02543 дугаар шийдвэр,

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1895 дугаар магадлалтай,

 

          Нэхэмжлэгч: Б.Ө-

          Хариуцагч: Х.Ц-

          Хариуцагч: Х.Б-

          Хариуцагч: У.Ж-

          Хариуцагч: Э.У-

          Хариуцагч: Б.Э-

          Хариуцагч: Б.Э-

 

          нэхэмжлэл:  хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

      Хяналтын журмаар хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Туяагийн 2019-12-13-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ө-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагч Х.Ц-, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Туяа, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Ц.Цэрэндоржид Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74-р захирамжаар  өмчлүүлсэн Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут амины орон сууц 8 тоот хаягт байрлах газрыг өв залгамжлагч Ц.Б-аас 2014.02.24-ний өдөр  гэрээ байгуулан 10,000,000 төгрөгөөр худалдан авсан.  Гэтэл Ц.Цэрэндоржид 2005 онд өмчлүүлсэн уг газар дээр Х.Ц-д мөн дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарч давхардуулан гэрчилгээ олгосны улмаас  Б.Ө- миний өмчлөлийн 315 м.кв газраа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хязгаарлагдаж байна. Х.Ц-д эзэмшүүлсэн газар нь кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байдаг. Өөрийн өмчлөлийн газраас Х.Ц-д холбогдох газрыг чөлөөлүүлэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандсан боловч 2014.11.10-ны өдрийн 21263 дугаар захирамж болон 2014.12.18-ны өдрийн 65 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь уг маргаан бүхий газарт Б.Ө-ийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Х.Ц-гийн газар эзэмших гэрчилгээ нь тус тус хүчин төгөлдөр байна гэж үзсэн юм. 2017 онд Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018.06.11-ний өдрийн 256 тогтоол гарч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.28-ны өдрийн 128/ШШ2018/0124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн БЗД-н Засаг даргын 2008.09.05-ны өдрийн 276 дугаар захирамжийн Х.Ц-д холбогдох хэсэг болон Х.Ц-гийн нэр дээр олгогдсон 2008.09.05-ны өдрийн Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд Б.Ө-ийн өмчлөлийн газрыг Х.Ц- болон нэхэмжлэлд дурдсан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

        Хариуцагч нар тайлбартаа: Х.Ц- бидний гэр бүл БЗД-н 12 дугаар хороо, 7-8 тоотод 2001 оноос өнөөдрийг хүртэл 17 жил амьдарч байгаа ба Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008.09.05-ны өдрийн 276 дугаар захирамжаар надад уг хаягт байрлах 497 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон. Уг захирамжийн дагуу мэдээллийн санд бүртгүүлэх гэсэн боловч газрын албанаас иргэн Ц.Цэрэндорж хуульд заасны дагуу дүүргийн Газрын албанд хандаж кадастрын зургийн бүртгэлийг залруулсны дараа та дүүргийн Газрын албанд хандаж зургаа төлөвлөсөн байршлын дагуу бүртгэлд оруулах боломжтой гэх хариуг 2009.07.10-нд Нийслэлийн Газрын албанаас бидэнд бичгээр өгсөн боловч манай хамар хашаа буюу Чулуутын АОС-ын 9 тоот хаягт бүртгэлтэй байсан Ц.Цэрэндорж нь 2008 оны 11 сард нас барсан байсан тул кадастрын зургийн бүртгэлийн залруулаагүй байсан. Гэтэл БЗД-н Засаг даргын 2008-09-05-ны өдрийн 276 дугаар захирамжаар миний нэр дээр олгогдсон гэрчилгээг Монгол Улсын Дээд шүүхийн 2018.06.11-ний өдрийн 256 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байдаг. АОС-ын 7-8 тоот хаягт газар олгогдсон гэрчилгээг хүчингүй болгосон нь АОС-ын 7-9 тоот газрыг эзэмшигч нь нас барсан Ц.Цэрэндоржоос 2014 онд уг газрыг худалдан авсан гэх Б.Ө- нь бидний газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

    Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 101/ШШ2019/02543 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Чулуут амины орон сууц 7-8 тоот хаягт байршилтай 497 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Х.Ц-, Х.Б-, У.Ж-, Э.У-, Б.Э-, Б.Э- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 175,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1895 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/02543 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн нарын  төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч нарын  төлөөлөгч Х.Ц-гээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

        Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Туяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..магадлалыг эс зөвшөөрч, шүүх хуулиар тогтоосон ХХША-ны журам зөрчсөн гэх үндэслэлээр дараах гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. ИХШХШТХ-н 166.4-т заасны дагуу давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн гомдлыг болон хэргийг бүхэлд нь хянан үзээгүй гэж үзэж байна. Түүнчлэн, хоёр шатны шүүх талуудаас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудад бүхэлд нь дүгнэлт өгөөгүй хэмээн гомдолтой байгаа болно. Ц.Цэрэндорж нь БЗД-н 12-р хороо, Чулуутын амины орон сууц 2-5 тоот 500 м.кв газрыг эзэмших эрхтэй байж байгаад түүнд уг газрыг өмчлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын 2005.03.27-ны өдрийн 74 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн боловч тэрээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, “Улсын бүртгэлийн гэрчилгээ” авч, мөн хуулийн 25.1-д зааснаар өмчлөх эрх үүссэн нь бичгийн баримтаар нотлогдоогүй байдаг. Гэтэл шүүх Ц.Цэрэндоржийг 2-5 тоот хашааны газраа өмчилж авсан мэтээр дүгнэлт хийгээд байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар, Ц.Цэрэндоржид БЗД-н 12-р хороо, Чулуутын амины орон сууц 2-5 тоот хаягт газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай Засаг даргын захирамж гарсан байдаг. Харин тус 12 дугаар хорооны 7-8 тоот хаягт газар эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар ямар нэг шийдвэр гарсан баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх Ц.Цэрэндоржийн 2-5 тоот болон Х.Ц-гийн 7-8 тоот хаягийг давхардсан гэж үзээд байгаа талаараа ямар ч дүгнэлт өгөөгүй болно. Өөрөөр хэлбэл шүүх юуг үндэслэж 2-5 тоот хаягийг 8 тоот болгосон нь хэрэгт байгаа бусад баримтаар нотолж, тогтоосноо шүүхийн шийдвэр, магадлалд зааж өгөхгүй байна. Мөн хэрэгт авагдсан Нийслэлийн Газрын албаны 2009.07.10-ны өдрийн “Ц.Цэрэндорж нь мэдээллийн санд Чулуутын АОС-ын 9 тоот хаягаар бүртгэлтэй, нэгж талбарын 1864 7310 792 327 дугаартай газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчилж авсан болно” гэх 2\1915 тоот албан бичиг, 2005.01.27-ны өдрийн байдлаарх “Нэгж талбарын дугаар 1864 7310 792 327, хаяг:Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Чулуутын АОС-р гудамж 2-5 тоот хаалга” гэх Ц.Цэрэндоржийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, Ц.Б-т олгогдсон Өвлөх эрхийн гэрчилгээн дээр өвлүүлэгчийн өмчлөлд байсан “БЗД 12-р хороо, Чулуут АОС 8 тоот н\т 1864 7310 794 352 \НЗД 2005 он 74-р захирамж\ 590 м2 7,788,000 төгрөгийн үнэ бүхий газар” гэх нотлох баримтуудыг шүүхийн шийдвэр, магадлалд хэрхэн үнэлж байгаа талаараа огт дурдахгүй байна. Иймд хариуцагч нарыг хууль ёсоор амьдарч буй хашааны газраас нүүлгэх үндэслэлгүй гэж үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.Ө- 2019.05.28-ны өдөр Х.Ц-, Х.Б-, Ч.Ж-, Э.У-, Б.Э-, Б.Э-  нарт холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хороо, “Чулуут амины орон сууц” гудамжны  8 тоот хаягт буй 315 кв.м газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна. 

        Анхан шатны шүүх 497 кв.м газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх  шийдвэрийг хэвээр үлдээжээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Туяагийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Маргааны зүйл болсон газрын байршил, хаягийг талууд өөр өөр байдлаар тодорхойлсон мэт боловч хэрэгт авагдсан баримтаар энэ үйл баримт  тогтоогдсон байх тул энэ тухай хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох   үндэслэлгүй гэж үзлээ.   

       Б.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут амины орон сууц гудамжны 8 тоот хаягт байрлах газраас 315 кв.м газрыг чөлөөлүүлэхийг шаардсан байв.  \хх1\

       Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзвэл, Б.Ө-  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хороо, “Чулуут амины орон сууц” гудамжны  8 тоот хаягт 18647310794352 нэгж талбартай 520 кв.м газрын өмчлөгч байна.        

       Маргааны зүйл болсон  үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, байршил, хаяг, нэгж талбарын дугаар  зөрүүтэй байгаа  баримтуудын талаар зохигч мэтгэлцэж, шүүх нотлох баримтыг үнэлж өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.4-т  нийцжээ.

     Өөрөөр хэлвэл, газрын байршил, хэмжээ, хаяг, нэгж талбарын дугаар  зөрүүтэй бичигдсэн баримтууд хэрэгт авагдсан  хэдий ч энэ нь өөр өөр бус, харин  нэг үл хөдлөх эд хөрөнгө буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хороо, “Чулуут амины орон сууц” гудамжны  8 тоот хаягт 18647310794352 нэгж талбартай 520 кв.м газар болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. 

      2. Нэхэмжлэлд заасан  газрыг  хариуцагч нар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна.

      Х.Ц-гийн нэр дээр олгогдсон гэр бүлийн  хэрэгцээний зориулалтаар  эзэмших эрхтэй газрын  гэрчилгээ хүчингүй болсон нь нотлогдсон, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна. 

      Өмчлөгч нь өөрийн эд хөрөнгийн бусдын хууль бус эзэмшлээс  шаардах эрхтэй тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцжээ. 

     Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн  хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын  гомдлыг хангахгүй орхив.

     3. Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Б.Ө- нь 520 кв.м газар өмчилдөг бөгөөд үүнээс 315 кв.м-т ногдох хэсгийг  Х.Ц-, Х.Б-, Ч.Ж-, Э.У-, Б.Э-, Б.Э-  нарын эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан байхад анхан шатны шүүх  315 кв.м бус, харин 497 кв.м газар чөлөөлүүлэх шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 118 дугаар зүйлийн 118.5  дахь хэсэгт нийцээгүй байна.

     Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг залруулаагүй байх тул магадлалын нэг, шийдвэрийн нэг дэх заалтад  “...497 м.кв...” гэснийг  “...315 м.кв..” гэж өөрчилнө. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1895 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/02543 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...497 м.кв..” гэснийг “...315 м.кв ...” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Х.Ц-гээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        П.ЗОЛЗАЯА

                                                     ШҮҮГЧИД,                   Г.БАНЗРАГЧ  

                                                                                        Б.УНДРАХ

                                                                                                 Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД