Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 221

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2018/00027/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,                                                            

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох, 

1 904 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2016 онд Ж.******* 1 120 000 төгрөгийн өргөст хэмхний үрийг зээлээр хүнээс авч өгсөн. Энэ мөнгийг Ж.******* нь өгч чадахгүй байна гээд нэлээд удсан, үрний эзэн надаас мөнгөө нэхээд шаардаад байхаар нь би *******гийн өмнөөс мөнгийг нь төлсөн. Ингээд ******* би өөрийн мөнгөө нэлээд нэхэж байсан. Тэр төлөх боломж гарахгүй байна гээд яваад байсан. Нэг удаа мөнгөө нэхээд уулзахад “таны мөнгийг өгч чадахгүй нь ээ таниас би 1 120 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 7 сарын хугацаатай зээлж авъя, гэрээ хийе” гэж хэлэхэд нь би зөвшөөрч түүнтэй зээлийн гэрээг хийж 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр надад мөнгийг нь хүүтэй нь буцаан өгөхөөр тохирсон. Гэрээний хугацаа дуусахад Ж.******* мөнгөө өгөөгүй, дахиж гуйж надтай ярилцаж байгаад 2017.04.30-ны өдрийг хүртэл гэрээг сунгасан. Гэрээ сунгагдсан хугацаа болоод өнгөрсөн ч мөнгөө өгөхгүй өнөөг хүрлээ. Одоо зээлийн гэрээгээр авсан үндсэн зээл 1 120 000 төгрөг хүү 7 сарын х 112000 =787000 төгрөг нийт 1 904 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 Нэхэмжлэгч Б.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 5 дугаар сард Ж.*******гийн хүсэлтийн дагуу өргөст хэмхийн үрийн үнэ болон 1.120.000 төгрөгийг хүнээс зээлж өгсөн байдаг. Б.*******ыг өргөст хэмхийн үрийн үнийг нэхэхэд Ж.******* “Мөнгө байхгүй. Танд надад зээлэх мөнгө байна уу?” гэж асуухад Б.******* мөнгө зээлсэн. Тэр үед Ж.******* үрээ тарьж, ургац хураахад цаг хугацаа орно гэж хэлсэн учраас  2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс  2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаатай 10%-ийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед гэрээний хоёр тал гэрээний нөхцөлөө харилцан тохиролцоод гэрээнд гарын үсэг зурсан. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй. Ж.*******гийн хувьд 280.000 төгрөгийг 2 удаа Хаан банкны дансаар шилжүүлсэн. Гэхдээ уг мөнгийг өгөхдөө хэд хэд удаа хувааж өгсөн байдаг. Б.*******ыг зээлээ төл гэж шаардлага тавихад Ж.******* “2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өгье” гэж хэлсэн учраас зээлийн гэрээг дахин 4 сарын хугацаагаар сунгасан. Зээлийн хүү сарын 112.000 төгрөг болж байгаа тул нэг сарын зээлийн хүү болон 112.000 төгрөгөөр 7 сарын хугацаанд тооцож нэхэмжилсэн. Гэвч хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дансны хуулга гаргаж өгсөн. Уг дансны хуулгаас харахад хариуцагч 280.000 төгрөгийг 2017 онд өгсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч нэхэмжлэлийн шаардлагаа 1.680.000 төгрөг болгон өөрчилж байна гэв.

Хариуцагч Ж.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Б.*******аас мөнгө зээлээгүй. Б.******* өөрөө надтай хамтарч ногоо таръя гэж хэлсэн. Нэхэмжлэгч бид хоёр 4 кг өргөст хэмхийн үрийг хоёр хоёр киллограммаар нь хувааж төлөхөөр тохиролцсон. Тэр үед өргөст хэмхийн үрийн үнэ болон ногоо тарихад шаардлагатай бусад зардлыг хуваан хариуцахаар тохиролцсон юм. Гэтэл Б.******* намар мөнгөө өгье гэж хэлсэн. Би өргөст хэмхийн үрийн үнэ болох 560.000 төгрөгийг өгөх ёстой. Намар ургац хураах үед шуудай өргөст хэмхийн үнэ 500 төгрөг болсон. Намар ургац хураах үед Б.******* намайг өргөст хэмхийн үрийн мөнгөө өг. Би ургац хураалтад оролцохгүй. Би хол газар очиж ургац хураахаар зардлын мөнгөө хийж чадахгүй байна гэж хэлсэн. Би тухайн үед “Та яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл Б.******* “100 шуудай өргөст хэмх хураахад 500.000 төгрөг болно. Түүнийг хураахын тулд би ажилтан авч ажиллуулах шаардлагатай болно. Тэгж байхаар чи өөрөө наад асуудлаа зохицуул. Чи зөвхөн 4 кг өргөст хэмхийн үрийн мөнгөө өг” гэж хэлсэн. Түүнээс нь болж бид маргалдсан. Б.******* бид хоёрын хувьд 1.120.000 төгрөгийг хоёр хувааж төлөх ёстой. Ногоо тарьхад зургаан зуу гаран мянган төгрөгөөр газар хагалж, усалгаа хийсэн. Намайг Б.*******т “Нэг усалгааны мөнгө өгчих” гэж хэлж байхад усалгааны мөнгө өгөөгүй. Би нэхэмжлэгчид 710.000 төгрөг өгсөн гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ж.******* холбогдуулан үндсэн зээл                   1 120 000 төгрөг, 7 сарын хүү 784 000 төгрөг, нийт 1 904 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үндсэн зээл 1 120 000 төгрөг, 10 хувийн хүү 1 120 000 төгрөгөөс хариуцагчийн шилжүүлсэн 560 000 төгрөгийг хасч нийт 1 680 000 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч нь бид хамтран ажиллахаар тохирсон, 4 кг өргөст хэмхийн үрийг хувааж төлөх ёстой, 710 000 төгрөг өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Б.******* нь 4 кг өргөст хэмхийн үрийг бусдаас зээлж, 1 кг-ийг нь              280 000  төгрөгөөр тооцож нийт 1 120 000 төгрөгийн төлбөрийг өөрөө барагдуулсан тул                   1 120 000 төгрөгийг Ж.*******тэй тохиролцож, сарын 10 хувийн хүү тооцож, 7 сарын хугацаанд хүүгийн хамт гаргуулахаар гэрээ байгуулсан гэсэн шаардлагын талаар хариуцагч Ж.******* бусдаас зээлж 4 кг авч өгсөн нь үнэн. Зээлийн гэрээг хүчээр байгуулсан. Бид хамтран ажиллаж өргөст хэмх тарьсан, би 2 кг үрийн мөнгө өгөх ёстой гэж маргаж байгаа боловч зээлийн гэрээ хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлтэй байна.

Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээнд 1 120 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацааг 4 сараар сунгасан гэж тайлбарлаж байгаа боловч талууд сунгалт хийж тохиролцож гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үргэжлэл байдлаар хийгдсэн байх тул сунгалт хийсэн гэж үзэхээргүй байна.

Хариуцагч Ж.******* нь зээлийн төлбөрт нэхэмжлэгч Б.******* дугаар дансанд 560 000 төгрөг, нөхөр Ц. эзэмшлийн тоот дансанд 80 000 төгрөг нийт 640 000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Ж.*******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож талууд энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч Ж.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.*******т 100 ширхэг шилний таг, 2 удаа утас цэнэглэх 10 000 төгрөг, 7 шуудай нүүрс              35 000 төгрөг, бензиний үнэ 5 000 төгрөг, нийт 70 000 төгрөг бэлнээр өгсөн гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний ...мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж тус тус зааснаар хариуцагч Ж.******* үндсэн зээл 1 120 000 төгрөг, 7 сарын хүү 784 000 төгрөг, нийт 1 904 000 төгрөгөөс шилжүүлсэн 640 000 төгрөгийг хасч үлдэх 1 264 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, 416 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч нь бид өргөст хэмхийн үрийн үнэ болон ногоо тарихад шаардлагатай бусад зардлыг хуваан хариуцахаар тохиролцсон гэж маргаж байгаа боловч нотлох баримт ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн                25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                                                                                    

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.******* 1 264 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож, 416 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45 500 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34 886 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн              119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА