| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 187/2018/0631/Э |
| Дугаар | 273 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 273
2019 3 28 2019/ДШМ/273
В.О-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Баярхүү,
шүүгдэгч В.О ын өмгөөлөгч Ж.Энхтуяа,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч Б.Батболор, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.О ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1810021540733 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн В-ын О, ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;
В.О нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 7 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт:
иргэн З.Эрдэнэтулгыг шалтаг шалтгаангүйгээр түүний толгойн тус газар нь 2 удаа, зүүн шуу орчим 1 удаа тус тус хүрзээр цохиж, толгойн тус газар нь 2 удаа өшиглөх зэргээр зодож, биед нь “...тархи доргилт, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, зүүн шууны зөөлөн эдийн няцрал. ...” бүхий хөнгөн хохирол учруулсан,
иргэн З.Эрдэнэтулгыг зодож байсныг болиулах гэсэн иргэн Х.Бэхбатыг хүрзийг зэвсгийн чанартайгаар ашиглаж, улмаар түүний толгойн тус газар нь хүрзээр 1 удаа цохиж, толгой, нүүр орчим нь удаа дараа өшиглөх, дэвсэх зэргээр зодож биед нь “...Баруун чамархай, баруун хацар ясны нум, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайд шарх, хамарт зулгаралт. ...” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч В.О ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос В.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Тамир овгийн Вандан-Очирын О ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.О ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар В.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар В.О-д оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, В.О ыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрзийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч В.О гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие одоо 48 настай, би энэ хүртэл ямар нэг зөрчил, гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Бага наснаасаа эхлэн ээж, аавдаа тусалж мал маллаж амьдарч байгаад насанд хүрсэн цагаасаа эхлэн өөрийн хөдөлмөрийг мал маллах, зуны цагт ногоо тарьж хувийн аж ахуй эрхэлж ирсэн жирийн нэг малчин билээ. Би ходоодны шарх өвчний улмаас эмчийн байнгын хяналтад байж, хоолны дэглэм барьж, тогтмол эмчилгээ хийлгэдэг.
Би архи ууж, нийгмийн хэв журам зөрчиж байгаагүй. Тухайн өдөр архи уусан нь миний амьдралын том алдаа болж, би хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулснаа чин сэтгэлээсээ ойлгон гэмшиж байгаа ба дахин ямар нэгэн гэмт хэрэг зөрчил гаргахгүй байж чадна.
Өөрийн бурууг ойлгож, хохирогч нарын эрүүл мэндийг сэргээхэд сайн дураараа эмчилгээний зардлыг гаргаж өгснөөр хохирогч нар цаг алдалгүй эмчилгээ хийлгэсэн ба тэд надад “гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэж өөрсдийн санаа бодлоо илэрхийлсэн. Бид байнгын сайн харьцаатай болж эвлэрсэн. Энэ талаараа ч шүүх хуралд оролцож хохирогч нар хэлсэн.
Миний асрамжид 86 настай ээж минь байдаг. Би нас тогтож, амьдралаа зөв авч явж чадах ухаан суусан насандаа гэмт хэрэгт холбогдож байгаадаа туйлын их харамсаж байна. Энэ асуудлаас болж ээж минь сэтгэл санааны дарамтад орж, даралт нь байнга ихсэх болсон нь хүртэл надаас боллоо гэж би маш их гэмшиж байна. Би бусдыг эрүүл мэндээр нь хохироогоод зогсохгүй, ар гэрийнхэндээ хүртэл сэтгэл санааны хохирол үзүүлсэндээ туйлын их гэмшиж байна. Надад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг сонгон хэрэглэж болох, торгох ялтай юм байна. Надад анх энэ зүйл, заалт, хэсгээр яллагдагчаар татах тогтоол танилцуулахад би мэдсэн.
Иймд та бүхэн надад итгэж анхан шатны шүүхээс ногдуулсан хорих ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч В.О ын өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...В.О нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Гагцхүү шүүх хүрзийг зэвсэг, зэвсгийн чанартай хэрэглэсэн гэдэг нь хуулийн тайлбараар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй. Шүүх В.О-д ял оногдуулахдаа хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгчийн дотоод итгэлээр ял оногдуулсан боловч ялыг сонгон хэрэглэхдээ алдаа гаргасан гэж үзэж байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт нь торгох, хорих гэсэн сонгомол ялтай. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах. ...” гэж зааснаар шийдвэрлэх боломжтой байсан. Иймд В.О ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч В.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт цугларсан хохирогч Х.Бэхбат, З.Эрдэнэтулга, гэрч н.Хишигжаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11147, 11171 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.
В.О нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчим согтуурсан үедээ, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 7 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт иргэн З.Эрдэнэтулгыг шалтаг шалтгаангүйгээр түүний толгойн тус газар нь 2 удаа, зүүн шуу орчим 1 удаа тус тус хүрзээр цохиж, толгойн тус газар нь 2 удаа өшиглөх зэргээр зодож, түүний биед хөнгөн хохирол учруулсан, мөн З.Эрдэнэтулгыг зодож байсныг болиулах гэсэн иргэн Х.Бэхбатыг толгойн тус газар нь хүрзээр 1 удаа цохиж, унахад нь толгой, нүүр орчим нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Х.Бэхбатын “...Эрдэнэтулгатай ойрд уулзаагүй болохоор юм яриад газарт явган суугаад байж байтал гудамжнаас Отгоноо гээд зүс таних залуу согтуу гарч ирээд бид хоёроос “Ганааг харсан уу” гэж дүүгээ асуухаар нь бид хоёр түүнд “хараагүй” гэж хэлсэн. Тэгтэл Отгоноо гартаа барьж байсан хүрзээрээ Эрдэнэтулгын толгой хэсэгт нэг удаа цохиод толгойноос нь цус гаргачихаад дахиад хүрзээрээ цохих үед нь Эрдэнэтулга хүрзийг нь гараараа хаагаад байсан. Тэгээд би Отгоноог “Болиоч ээ, чи” гэтэл миний толгойны орой хэсэгт хүрзээрээ нэг удаа цохисон ба тэр үед би хойшоо газарт унатал миний нүүрэн дээр хөлөөрөө хэдэн удаа дэвсэхээр нь “Болиоч” гээд хөлөөс нь тэвэртэл намайг нөгөө хөлөөрөө толгой дээр дэвсээд байсан. Тэгээд би ухаан алдчихсан ба нэг сэртэл ганцаараа хэвтэж байсан. ...” /хх 8-11/,
хохирогч З.Эрдэнэтулгын “...Отгоноо гээд зүс таних манай шувууны залуу гартаа хүрз барьчихсан нилээн согтуу хүрч ирээд дүү Ганааг асуухаар нь Бэхээ “Мэдэхгүй, хараагүй” гэж хэлтэл гартаа барьсан хүрзээрээ хавтгай хэсгээр нь миний толгойд хоёр удаа цохиод дахин цохихоор нь би гараараа хаатал миний толгойд 2 удаа өшиглөсөн. Тэгтэл Бэхээ Отгоноог “Болиоч” гэж хэлтэл Бэхээгийн толгойд нь хүрзээрээ цохиж унагаагаад дээрээс нь хөлөөрөө нүүрэн дээр нь дэвсээд байсан. Тэгээд би босоод тэднээс холдсон ба миний нүд рүү цус ороод байсан болохоор түүнээс хойш сайн хараагүй. Тэгээд би тэр чигээрээ гэртээ харьчихсан ба намайг явах үед Отгоноо Бэхбатыг зодоод үлдсэн. ...” /хх 16-19/,
гэрч Ч.Хишигжаргалын “...О хашаанаас жижиг иштэй хүрзээ бариад хашааныхаа хаалгыг хааж харагдсан. Тэгээд би гудамжны зүүн үзүүрт байдаг жалган дээр очиж зогсоод эргээд хартал манай нөхөр О гудамжинд байсан хоёр залуутай муудалцаад ноцолдоод байх шиг харагдсан. ...” /хх 26-27/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч З.Эрдэнэтулга, Х.Бэхбат нарыг зодсоноо хүлээн мэдүүлсэн шүүгдэгч В.О ын мэдүүлэг /хх 49-51/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Х.Бэхбат-н биед баруун чамархай, баруун хацар ясны нум, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайд шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. ...” гэсэн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11147 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 35/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...З.Эрдэнэтулга-н биед тархи доргилт, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11171 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 37/ зэрэг хэрэгт бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
АНхан шатны шүүхийн шүүгдэгч В.О ын:
иргэн З.Эрдэнэтулгыг толгойн тус газар нь 2 удаа, зүүн шуу орчим 1 удаа тус тус хүрзээр цохиж, толгойн тус газар нь 2 удаа өшиглөх зэргээр зодож, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэргээр,
З.Эрдэнэтулгыг зодож байсныг болиулах гэсэн иргэн Х.Бэхбатыг толгойн тус газар нь хүрзээр 1 удаа цохиж, унахад нь толгой, нүүр орчим нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож, түүний биед хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санатай учруулах” гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх В.О ад:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх гэсэн ялын төрлүүдээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, хорих гэсэн ялын төрлүүдээс хорих ялыг сонгон 3 жил хорих ял тус тус оногдуулсан нь түүний үйлдсэн “...согтуурсан үедээ иргэн З.Эрдэнэтулгыг зодож хөнгөн гэмтэл учруулсан, уг хууль бус үйлдлийг нь таслан зогсоох гэсэн иргэн Х.Бэхбатыг зодож хүнд гэмтэл учруулсан...” гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар В.О ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл, 11.6 дугаар зүйл гэсэн АРВАН НЭГ ДҮГЭЭР БҮЛЭГ /“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” /-т заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал болж байгаад нийцсэн байх тул шүүгдэгч В.О ын давж заалдах шатны шүүхэд гаргасан “...хорих ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ хэргийн үйл баримтад болон зүйлчлэлийг хөнгөрүүлсэн дүгнэлтээ эргэлзээтэй хийсэн, тогтоох хэсэгтээ хуулийн зарим зүйл, заалтыг буруу хэрэглэсэн байгааг тус тус давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд зөвтгөсөн дүгнэлт хийж шийдвэрлэв. Үүнд:
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ: “...Шүүгдэгч В.О нь хохирогч Х.Бэхбатын биед хүнд хохирол учруулахдаа хүрз хэрэглэж үйлдсэн болох нь тогтоогдохгүй, харин хохирогчийг газар унасан үед хөлөөрөө дэвсэлж, өшиглөснөөс түүний биед ...гэмтэл учирсан байна...” /тогтоолын 5 дахь тал/, “...иргэн Х.Бэхбатыг толгойн тус газар нь хүрзээр 1 удаа цохиж, толгой, нүүр орчим нь удаа дараа өшиглөх, дэвсэх зэргээр зодож биед нь ...хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь ...зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. ...” /тогтоолын 6 дахь тал/ гэж нэг хэргийн үйл баримтын талаар хоёр өөр дүгнэлтийг хийжээ.
Мөн анхан шатны шүүх: “...хүрзийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;...” гэсэн хүндрүүлэх шинжгүй гэж үзээд байна уу, эсхүл Х.Бэхбатыг хүрзээр зодож, түүний биед хүнд гэмтэл учруулаагүй байна гэсэн үндэслэлээр В.О ын үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн...” гэсэн хүндрүүлэх шинжгүй гэж үзээд байна уу гэдэг нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эргэлзээтэй байдлаар дүгнэгдсэн байна.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын “...Шүүгдэгч В.О ын хүрзээр хохирогч Х.Бэхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэсэн хэргийн үйл баримт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Харин хүрзийг иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, хэрэгсэл биш төдийгүй, хүрз нь хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгсэл биш...” гэсэн дүгнэлтийг нь хэргийн үйл баримтын хувьд үндэслэлтэй, зүйлчлэлийн хувьд хуульд нийцсэн дүгнэлт байна гэж үзлээ.
Мөн давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 1 дэх заалтад прокуророос В.О ын үйлдлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөөгүй атлаа өөрчилсөн мэт бичсэн,
тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуульд байхгүй “...2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг...” гэсэн заалтыг баримталсан алдааг тус тус зөвтгөн өөрчилж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос В.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. ...” гэснийг “...Прокуророос В.О ын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. ...” гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар В.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар В.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, В.О ын нийт эдлэх ялыг 3 жил 1 сар /гурван жил нэг сар/-ын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч В.О ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ