Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 159/2023/0062/З |
Дугаар | 221/МА2024/0078 |
Огноо | 2024-01-30 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2024/0078
Ф.С*******ын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я*******
Нэхэмжлэгч: Ф.С*******
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ф.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 159/2023/0062/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/30 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 4851068 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я******* шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
2.1. “...Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар "...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ф.С*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/30 дугаартай "Захирамж хүчингүй болгох тухай" захирамжийг хүчингүй болгож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 4851068 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Үүнд: Нэг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...мөн хуулийн 3.1.2-т "төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно" гэж зааснаар нэхэмжлэгч Ф.С*******ын Шаамар сумын Засаг даргаар 2020 оны 11 сард томилогдсоноос хойш Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын Б/30 дугаартай захирамж гарах хүртэлх хугацаанд сумын Засаг даргын албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бүх хугацааг төрийн албанд ажилласанд тооцохоор байна" гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг", 34 дүгээр зүйлийн 34.1-т заасан "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 34.2 дугаар зүйлийн 34.2-т заасан "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн заалтуудыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь Ф.С******* нь Шаамар сумын Засаг даргаар анх 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр томилогдохдоо Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан "төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан" гэсэн үндсэн шаардлагыг хангаагүй болох нь Авлигатай тэмцэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн "Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай" 05/13120 дугаартай албан тоотоор тогтоогддог.
Мөн Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт... Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай "Засаг даргад нэр дэвшүүлэх тухай" тогтоолоор Шаамар сумын Засаг даргаар томилуулахаар уламжилсныг Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/83 дугаартай захирамжаар Шаамар сумын Засаг даргаар томилжээ. Тухайн үед Ф.С*******ыг Шаамар сумын Засаг даргаар томилохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан "Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан" гэх шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягталж шалгаагүй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн "Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай" 05/13120 дугаартай албан бичгийг томилгоо хийхдээ харгалзаж үзэхгүйгээр томилжээ" гэж шүүх үзсэн байгаа нь Ф.С*******ыг 2020 онд тухайн үед ажиллаж байсан аймгийн Засаг дарга хууль бусаар томилсон болох нь нотлогдож байна.
Ф.С******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2005 оны 02 дугаар сараас 7 дугаар сар дуустал 6 сар, Шаамар сумын ЗДТГ-т 2012 оны 7 дугаар сараас 2013 оны 5 дугаар сар дуустал 11 сар, Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2013 онд 2 сар, 2014 онд 2 сар, Сэлэнгэ аймгийн Авто тээврийн газарт 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 12 сар дуустал 11 сар буюу нийт 2 жил 6 cap /32 сар/ ажилласан. Ф.С******* сумын Засаг даргад нэр дэвших болон томилогдохдоо хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаараа төрийн байгууллагад өөрийн мэдээллийг буруу ташаа мэдээлэл өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ тохиолдолд захиргааны акт хууль бус гарсанд иргэн буруутай байгаа тул иргэний итгэлийг хамгаалах зарчим үйлчлэхгүй. Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас явуулсан хяналт шалгалтын ажлын хэсгийн зөвлөмж, чиглэл болон Шаамар сумын иргэдээс удаа дараа гаргасан өргөдөл гомдлын дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Ф.С*******д хүргүүлж, мэдэгдлийн дагуу ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг судлан үзэхэд Ф.С*******ыг Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 91 дугаартай тогтоолыг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай шийдвэрээр хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны Өдрийн 322 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 439 дүгээр захирамжийг хэвээр үлдээж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 103 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж ажилласан хугацааг хүчингүйд тооцсон.
Дээр дурдсанаар хуулийн шаардлагад нийцээгүй хүнийг хууль бусаар томилсон аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн "Ф.С*******ыг Шаамар сумын Засаг даргаар томилох тухай" Б/83 дугаартай захирамжийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХЭГ/304 дугаартай албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу сонсох ажиллагаа явуулж аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" А/99 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т /Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно/ зааснаар хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлж, дүгнэлт өгөөгүй.
Иймд 2020 оны 12 сарын 11-ээс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хууль бус томилгоотойгоор сумын Засаг даргаар томилогдон ажилласан хугацааг төрийн албанд ажилласан жилд тооцохгүй гэж үзсэнийг шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрвээ Ф.С*******ын хууль бусаар томилогдон ажилласан хугацааг төрийн албанд ажилласан жилд тооцвол цаашид энэ мэт хууль бусаар томилогдож, төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж, үргэлжлүүлэн ажил албан тушаал эрхэлдэг асуудал нийгэмд сөрөг үр дагаврыг авчирч, буруу жишиг тогтно гэж үзэж байна.
Иймд шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, хэт нэг талыг баримталсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй байх тул аймгийн Засаг даргын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасан үүргээ хэрэгжүүлж хууль бусаар томилсон томилгоог хүчингүй болгосон 2023 оны 10 дугаар сарын Б/30 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны Шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ
1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарласан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Ф.С*******оос Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/30 тоот захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.1. Маргаан бүхий актаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга Ф.С*******ыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Ф.С*******ыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргаар томилох тухай” Б/11 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.2. Анхан шатны шүүхээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/30 тоот захирамжийг хүчингүй болгож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 4851068 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ф.С*******ыг анх Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/83 дугаар захирамжаар тус аймгийн Шаамар сумын Засаг даргаар томилсон бөгөөд уг томилгоог хийхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан “Аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэх шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягталж шалгаагүй, энэ талаар дурдсан Авлигатай тэмцэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 05/13120 дугаар “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай” албан бичгийг харгалзаж үзээгүй байна.
2.4. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/99 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар “анх томилогдохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан шаардлагыг хангаагүй байсан...” гэх үндэслэлээр дээрх 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Ф.С*******ыг Шаамар сумын Засаг даргаар томилсон Б/83 дугаартай захирамжийг хүчингүй болгожээ.
2.5. Улмаар Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 82 дугаартай тогтоолыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ф.С*******ыг дахин Шаамар сумын Засаг даргаар томилсон боловч маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/30 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан “Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэх шаардлагыг хангаагүй үндэслэлээр Ф.С*******ыг Шаамар сумын Засаг даргаар томилсон 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна.
2.6. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” хэлнэ гэж заасан.
2.7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь анх 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/83 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргаар томилогдсоноос хойш 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/99 дүгээр захирамж гарах хүртэл тус сумын Засаг даргаар нийт 2 жил 2 сар 22 хоног ажилласан бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргаар дахин томилогдох үед төрийн албанд нийт 3 жил 11 сар 22 хоног ажилласан болох нь тогтоогдож байна.
2.8. Хариуцагчаас “...нэхэмжлэгч Ф.С*******ыг анх 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргаар томилогдохдоо хууль бусаар томилогдсон тул тус аймгийн Шаамар сумын Засаг даргаар ажилласан жилийг төрийн албанд ажилласан жилд тооцохгүй тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан шаардлагыг хангаагүй...” гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 12 дугаар сард томилогдсоноос хойш 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/99 дүгээр захирамж гарах хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын албан тушаалыг хашиж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл болон холбогдох шимтгэлүүдийг төлсөн нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд дээрх ажилласан хугацааг төрийн албанд ажилласанд тооцохоор байна.
2.9. Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчийг анх Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргаар томилохдоо “Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан” гэх хуулийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягталж шалгах, хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд томилохоос татгалзах эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй атлаа “...анх 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргаар томилогдохдоо хууль бусаар томилогдсон тул тус аймгийн Шаамар сумын Засаг даргаар ажилласан жилийг төрийн албанд ажилласан жилд тооцохгүй” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг анх томилохдоо хууль зөрчсөн эсэх, томилсон захирамж хууль бус эсхүл хүчин төгөлдөр бус байсан эсэхэд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.
2.10. Мөн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр хуралдаанаар Ф.С*******ыг төрийн албанд 4 жил 7 сар ажилласан тул хуулийн шаардлага хангасан гэж үзэж Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор Ф.С*******ыг тус сумын Засаг даргад нэр дэвшүүлжээ.
2.11 Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргаар дахин томилсон 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр захирамж гарах үед нэхэмжлэгч дээрх хуульд заасан “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэх шаардлагыг хангасан байх бөгөөд анх томилогдохдоо шаардлага хангаагүй, хууль бусаар томилогдсон гэх үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН