Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж, шүүгч Х.Одбаяр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Ц.Тогоохорол,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Х.Жанибек,

Хохирогч М.Хулан, Б.Пүрэвхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг,

Шүүгдэгч О.Олдох нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оюунбилэгийн Олдоход холбогдох эрүүгийн 201626030463 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймаг Алтанбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймаг, Сайхан сум Дөмбөн хороололын 2-5 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, “Шангри-Ла” ХХК-ийн Хөрөнгийн Менежментийн Газарт Аюулгүй байдлын албаны ажилтан ажилтай, Сэлэнгэ аймаг дах Сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаарын шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил, 10 сар, 24 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ТГ87050710 / Боржигон овогт Оюунбилэгийн Олдох нь:

- Ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр иргэн М.Хуланд “ би Монгол Улсын Их Сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн диплом найдвартай гаргаж өгнө” хэмээн хуурч мэхлэн Хан-уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хороололын үйлчилгээний төвийн ХААН банкны салбараас 500.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дипломны хавтасны үнэ 115.200 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ромбоны үнэ 250.000 төгрөг нийт 865.200 төгрөг,

- 2016 оны 01 дүгээр сарын 20-ны  орчим  иргэн Б.Пүрэвхүүгээс “ дипломны үнэт цаас худалдан авна” гэж 200.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сард  “ диплом авахад шаардагдах бичиг баримтын лавлагаа авна” гэх зэргээр 7 удаа нийт 640.000 төгрөг хохирлыг хохирлыг хууран мэхлэх аргаар залилан авч, нийтдээ 1.505.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Хулан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...би 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байхдаа Мэдээлэл ком сайтад “Диплом гаргаж өгнө, найдвартай ” гэсэн зар байсан. Зарын дагуу ярихад тэр хүн “би Монгол Улсын Их Сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн диплом нэг хүнд найдвартай гаргаж өгнө” гэж хэлсэн. Ингээд Хан-Уул дүүргийн  2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-р хорооллын үйлчилгээний төвийн “Хаан" банкны салбараас Олдохын Хаан банк дах 5675244433 тоот данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш 4 хоногийн дараа 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр О.Олдох нь “дипломны хавтасны үнэ болох 115.200 төгрөг өнөөдөр яаралтай хэрэгтэй байна” гэж хэлсний дагуу Олдохын Хаан банк дах 5675244433 данс руу 115.200 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр О.Олдох нь Санчирын гар утас руу залгаснаа “ромбоны мөнгө хэрэгтэй, 250.000 төгрөг шилжүүл” гэж хэлсэн байсан. Ингээд Санчир Ард кино театрын урд талд байрлах Хаан банкны салбараас О.Олдохын Хаан банк дах 5675244433 тоот данс руу 250.000 төгрөгийг шилжүүлсэн байсан.О.Олдохоос өөрт учирсан хохирол болох 865.200 төгрөгөө яаралтай олж авмаар байна…” гэжээ. / хх 11/,

Хохирогч Б.Пүрэвхүү мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “...2016 оны 01 дүгээр сард “Үнэгүй.мн” сайтад “диплом гаргаж өгнө, утас 88338008, 94242823” гэсэн дугаар байсан. Ингээд л зарын дагуу ярьж байгаад диплом гаргаж өгнө гэсэн О.Олдох гэдэг хүнтэй 2016 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр Баянгол дүүрэгт байрлах цайны газарт уулзсан. ... 200.000 төгрөгийг нь Модны хоёрын зүүн талын автобусны буудлын хойд талд байрлах цайны газарт уулзаж бэлнээр өгсөн. ... 2016 оны 01 дүгээр сарын 23-ны үеэр О.Олдох миний гар утас руу ярьснаа “диплом авахад шаардагдах бичиг баримтны лавлагаанууд хэрэгтэй байна. Тийм болохоор 50.000 төгрөг өг” гэж хэлсэн. Ингээд би тухайн өдрөө Сүхбаатар дүүрэгт байрлах Тусгаар тогтнолын ордны 2 дугаар давхарын лоунжид Олдохтой уулзаад түүнд бэлэн 50.000 төгрөгийг өгсөн. 2016 оны 01 дүгээр сарын 30-ны үеэр О.Олдох миний гар утас руу ярьснаа “диплом гаргаж өгөх хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна, 50.000 төгрөг өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн өдрөө Баянгол дүүрэг, 10-р хороололд байрлах “Од” лоунжид О.Олдохтой уулзаад түүнд 50.000 төгрөг бэлнээр өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 03-ны үеэр О.Олдох над руу ярьснаа “диплом гаргахад туслах томоохон албан тушаалтнуудтай уулзах гэж байна. Одоо 100.000 төгрөг хэрэгтэй байна” гэж ярьсан. Тухайн үед надад 80.000 төгрөг л байсан болохоор би О.Олдохтой 10-р хороололын Анар пабад уулзаад түүнд бэлэн 80.000 төгрөг өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 08-ны үеэр Олдох нь над руу ярьснаа “мөнгө шилжүүл” гэж хэлэхээр нь түүний Хаан банк дах 5675244433 тоот данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр О.Олдохтой уулзаад 180.000 төгрөгөө бэлнээр өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Олдохын Хаан банк дах данс руу 50.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд О.Олдоход нийт 640.000 төгрөгийг өгсөн…” гэжээ. / хх-16 /,

Гэрч Э.Санчир мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “...2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр эхнэр М.Хулан надад хүнээр диплом гаргуулах гээд О.Олдох гээд хүнд 500.000 төгрөг өгчихлөө, энэ хүнтэй интернэт зарын дагуу танилцсан” гэж ярьж байсан. ... 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр М.Хуланд диплом гаргаж өгч байгаа гэх О.Олдох гэдэг хүн миний гар утас руу ярьснаа “дипломын хавтасны мөнгө хэрэгтэй байна, 115.200 төгрөг шилжүүл” гэж хэлсэн. Тэгэхээр нь О.Олдохын надад өгсөн ХААН банк дах 5675244433 тоот данс руу 19-р хорооллын үйлчилгээний төвд байрлах Төрийн банкны салбараас 115.200 төгрөг шилжүүлсэн. ... Ард кино театрын урд байрлах ХААН банк ороод Олдохын ХААН банк дах 5675244433 тоот данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн…”  гэжээ./ хх 17/,

 Гэрч Б.Уламбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “…2016 оны 03 дугаар сарын эхээр байсан санагдаж байна. Найз Саранболдын хамт Эрдэнэт хот руу юм явуулахаар вокзал дээр байхад манай найз Буяндэлгэр яриад “ залилан хийж байсан хүн байна ” гэж надад хэлэхээр нь М.Хулан эгчийн гэрт очсон. Гэрт нь М.Хулан эгч, нөхөр нь, манай найз Буяндэлгэр 3 байсан. Бид 5-г байж байхад гаднаас мөнгийг нь залилаад байгаа гэх нэг эрэгтэй хүн орж ирсэн юм. Тэгээд М.Хулан эгчийн нөхөр нөгөө залууг мөрнөөс нь татахад нөгөө залуу зугатаах гэж оролдсон. Тэгэхэд нь М.Буяндэлгэр татаж ирээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон юм…” гэжээ. / хх 84 /,

Гэрч Г.Саранболд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “… Б.Уламбаярын утас руу Буяндэлгэр залгасан. Ярьж дуусаад эгчийг нь нэг хүн залилаад байгаа юм байна гэсэн. Тэгээд бид 2-ыг яваад очиход М.Хулан нөхөртэйгөө, Буяндэлгэр 3 байсан. Тэгтэл нэг залуу лифтнээс бууж ирээд бид нарыг хараад  нилээн сандарсан юм. Тэгэхэд М.Хулангийн нөхөр бариад авсан чинь зугтах гээд гараа угз татсан. Тэгтэл Буяндэлгэр уурлаад нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон юм. Тэгээд цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн…” гэжээ. / хх 85 /,

Шүүгдэгч О.Олдохыг 2016.04.04-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 38-39 /, 2016.05.19-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 41-42 /,

Шүүгдэгч О.Олдохын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 63 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Олдох мэдүүлэхдээ: “…2016.02.28-нд над руу 8809…  дугаарын утаснаас залгаж “диплоам гаргаж өгөх үү” гэж залгасан. Маргааш нь буюу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хохирогч М.Хулантай Баянгол дүүрэг дээр уулзаж гэрээ байгуулж, нотариатаар батлуулан 500.000 төгрөг авсан. Хохирогч М.Хулан 2 цагийн дараа над руу мөнгө шилжүүлсэн гэж залгасан.  Би хохирогч М.Хулангийн нөхөр Санчираас 250.000 төгрөг авсан. Хохирогч М.Хуланд хохирлын мөнгө 250.000 төгрөгийг төлөөгүй. Учир нь мөрдөн байцаалтын шатанд байцаагч намайг М.Хулан, түүний дүү нартай тохиролцсон гэж хохирол төлбөрөөс суутгасан. Би мөрдөн байцаагчийн хувийн чанартай асуудал байсан гэж хардаж байгаа. Мөнхшүр нь байцаагч намайг дуудаад М.Хулангийн 500.000 төгрөгний  250.000 төгрөгийг нь төлөөд, үлдэх 250.000 төгрөгийг дундаа хий, хоорондоо тохир гэдэг шаардлага тавьсан. Би М.Хулангийн дүү болон нөхөр Буяндэлгэр, дүүгийнх нь 2 найз нарт 2016.03.08-ны өдөр гэрийнх нь орцонд зодуулсан.

 Б.Пүрэвхүү надад 200.000 төгрөг бэлнээр өгсөн. 50.000 болон 30.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Бусад мөнгийг би аваагүй. Уулзахын хувьд тогтмол уулзаж байсан. Мөнгөнзул гэдэг ахлах хэрэг бүртгэгч Б.Пүрэвхүүтэй үгсэн тохирч “ 800.000 төгрөг авсан гэж бичиж өг” гэсэн. Үүнээс болоод би илүү 480.000 төгрөг Б.Пүрэвхүүд төлөхөөр болчихоод байгаа. Би Б.Пүрэвхүүд 2016.06.23-нд 160.000 төгрөг бэлэн өгөхдөө “үлдэгдэл 500.000 төгрөгийг яах юм бэ” гэхэд иргэний гэрээ хийгээд гомдлоо татаж авахаар болж хоорондоо тохиролцсон.  Тэгтэл 10 минутын дараа гомдлоо татахгүй гэж хэлсэн. Дараа нь ажлын шаардлагаар миний гар утас хаагдсан.  Б.Пүрэвхүү утсаар ярьж хоорондоо тохиролцъё гэж байсан. Шүүх шийдэх байсан учраас би Б.Пүрэвхүүтэй яриагүй утсаа тасалсан. Би диплом гаргана гэж сайтад зар тавьсан байсан нь үнэн.  Үүнээс өмнө Б.Пүрэвхүүг таньдаггүй байсан. Диплом гаргаж өгөөч гэж гуйсан. Мэдээлэл.ком  дээр зараа тавьсан байсан. Би хэргээ хүлээсэн.  Б.Пүрэвхүүгийн мэдүүлгийг хальт уншсан. Намайг хэрэгт холбогдсонтой холбогдуулан илүү мөнгө нэхэмжилж байгаа юм байна гэж үзэж байна. Би бусдыг залилсан гэдгээ хүлээж байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Хулан мэдүүлэхдээ: “…Мэдээлэл.ком сайтад  “Диплом гаргаж өгнө, найдвартай ” гэсэн зар байсан. Зарын дагуу “диплом гаргаж өгдөг хүн мөн үү” гэж залгахад мөн байна гэсэн. О.Олдох “чиний хажууд чинь хүн байхгүй биз дээ, өөрийнхөө овог нэрээ хэлчих, чамайг шалгуулна, маргааш Баянгол дүүрэг дээр хүрээд ир” гэсэн. Маргааш нь Баянгол дүүрэг дээр уулзаад О.Олдох надад одоо 500.000 төгрөг бэлнээр өгчих гэсэн. Тэгээд би “бэлэн мөнгө байхгүй, дансаар шилжүүлж өгье” гэхэд “хоёулаа нотариатаар батлуулъя” гээд батлуулж, гэрийнхээ хажуу талын Хаан банк руу орж дансаар шилжүүлсэн. Дараа нь манай нөхрийн гар утас руу залгаж “ромбоны мөнгө хэрэгтэй, 115.000 төгрөг шилжүүл” гэж хэлээд авсан байсан. Мөн 250.000 төгрөг хэрэгтэй байна гээд бас өгсөн. Дахиад О.Олдох нь 2016 оны 03 сарын 07-ны өдөр надаас 500.000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Хэрвээ 500.000 төгрөг өгөхгүй бол диплом чинь удаан гарна. Хоёулаа уулзъя гэсэн. Тэгээд би гэртээ дуудсан. О.Олдох нь миний ард Тамир гэдэг маш том хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд Тамир гэдэг хүнтэй утсаар ярихад мөнгийг нь О.Олдоход өгчих найдвартай гэж хэлсэн. О.Олдохын үйлдэл сэжигтэй санагдсан учраас интернетээр О.Олдохын мэдээллийг хайж үзэхэд өмнө нь шүүхээр ял шийтгэл авч байсныг мэдээд 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр цагдаа дуудаж барьж өгсөн…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Пүрэвхүү мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сард интернетээр хайж байгаад “диплом гаргаж өгнө” гэсэн зарын дагуу ярьж үзсэн. Анх О.Олдох нь 2.000.000 төгрөгөөр диплом гаргадаг гэж байсан. Тухайн үед би “яг одоо боломж алга. Бага багаар өөрт чинь мөнгө өгье “ гэж хэлэхэд О.Олдох зөвшөөрсөн. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 200.000 төгрөгийг Модны хоёрын зүүн талын автобусны буудлын хойд талд байрлах цайны газарт уулзаж бэлнээр өгсөн. Үүнийгээ видео бичлэгээр баталгаажуулсан. Үүнээс хойш О.Олдох нь надаас 2-3 удаа дансаар мөнгө шилжүүлэн авч,  7-8 удаа бэлнээр мөнгө авсан. Ер нь бага багаар олон таслаж мөнгө авч байсан. Хамгийн сүүлд 2016 оны 02 сарын 19-20-ны үед мөнгө авсан. О.Олдох нь ихэвчлэн бэлнээр мөнгөө авдаг. О.Олдох нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр над руу залгаж “чиний дипломыг гаргахад нэг хүний мөнгө дутаад байна. Чи Тамир гэдэг хүн болоод яриад өгөөч” гэсэн. Би гуйлтых нь дагуу ярьж өгсөн. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын эхээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс О.Олдохын хамт хэрэгтэн болсон гэж ярьсан.  Би цагдаа дээр очиж үнэн учраас хэлж, О.Олдохоор диплом гаргуулахаар мөнгө өгсөн талаараа мэдүүлэг өгч О.Олдоход холбогдуулан гомдол гаргасан. Миний мэдүүлж байгаа үнэн. Надад О.Олдохыг гүтгэх шаардлага байхгүй…” гэв.

Шүүгдэгч О.Олдох нь урьд нь энэ хэрэгт шийтгүүлж, ял шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр иргэн М.Хуланд “ Би Монгол Улсын их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн диплом нэг хүнд найдвартай гаргаж өгнө” хэмээн хуурч мэхлэн Хан-уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хороололын үйлчилгээний төвийн ХААН банкны салбараас 500.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дипломны хавтасны үнэ 115.200 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ромбоны үнэ 250.000 төгрөг, нийт 865.200 төгрөгийг,

- 2016 оны 01 дүгээр сарын 20-ны  орчим  иргэн Б.Пүрэвхүүгээс “ Дипломны үнэт цаас худалдан авна” гэж 200.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сард “диплом авахад шаардагдах бичиг баримтын лавлагаа авна” гэх зэргээр 7 удаа нийт 640.000 төгрөг хууран мэхлэх аргаар залилан авч, нийтдээ 1.505.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- “...Би Мэдээлэл ком сайтад “Диплом гаргаж өгнө, найдвартай ” гэсэн зарын дагуу ярихад ...“Би Монгол улсын их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн диплом нэг хүнд найдвартай гаргаж өгнө” гэж хэлсэн. Ингээд Хан-Уул дүүргийн  2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-р хороололын үйлчилгээний төвийн “Хаан" банкны салбараас О.Олдохын Хаан банк дах 5675244433 тоот данс руу 500.000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Дипломны хавтасны үнэ болох 115.200 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “ромбоны мөнгө”  250.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн …” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч М.Хулангийн мэдүүлэг / хх 11/,

 - “...2016 оны 01 дүгээр  сард “Үнэгүй.мн” сайтад “диплом гаргаж өгнө, утас 88338008, 94242823” гэсэн зарын дагуу ярьж О.Олдохтой 2016 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр уулзаж 200.000 төгрөг бэлнээр өгсөн. ... 2016 оны 01 дүгээр сарын 23-ны үеэр “Диплом авахад шаардагдах бичиг баримтны лавлагаанууд хэрэгтэй” гэхээр нь түүнд бэлэн 50.000 төгрөг өгсөн. 2016 оны 01 дүгээр сарын 30-ны үеэр “диплом гаргаж өгөх хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна” гэхээр нь 50.000 төгрөг бэлнээр өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 03-ны үеэр “Диплом гаргахад туслах томоохон албан тушаалтнуудтай уулзах гэж байна. Одоо 100.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь түүнд бэлэн 80.000 төгрөг өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 08-ны үеэр Олдох нь мөнгө шилжүүл гэхээр нь түүний Хаан банк дах 5675244433 тоот данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ... О.Олдохтой уулзаад 180.000 төгрөгөө бэлнээр өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Олдохын Хаан банк дах данс руу 50.000 төгрөгийг шилжүүлсэн. ... Ингээд О.Олдоход нийт 640.000 төгрөгийг өгсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Б.Пүрэвхүүгийн мэдүүлэг / хх-16 /,

- “...2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр эхнэр М.Хулан надад хүнээр диплом гаргуулах гээд О.Олдох гээд хүнд 500.000 төгрөг өгчихлөө, энэ хүнтэй интернэт зарын дагуу танилцсан” гэж ярьж байсан. ... 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр М.Хуланд диплом гаргаж өгч байгаа О.Олдохын ХААН банк дах 5675244433 тоот данс руу 115.200 төгрөг шилжүүлсэн. ... Ард кино театрын урд байрлах ХААН банк ороод Олдохын данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн… ” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Э.Санчирын мэдүүлэг / хх 17/,

- “…2016 оны 03 дугаар сарын эхээр байсан санагдаж байна. Манай найз Буяндэлгэр яриад “ залилан хийж байсан хүн байна ” гэж надад хэлэхээр нь М.Хулан эгчийн гэрт очтол М.Хулан, нөхөр нь, манай найз Буяндэлгэр 3 байсан. Бид 5-ыг байж байхад гаднаас мөнгийг нь залилаад байгаа гэх нэг эрэгтэй хүн орж ирсэн юм. Тэгээд М.Хулан эгчийн нөхөр нөгөө залууг мөрнөөс нь татахад нөгөө залуу зугатаах гэж оролдсон. Тэгэхэд нь М.Буяндэлгэр татаж ирээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон юм…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Уламбаярын мэдүүлэг  / хх 84 /,

“… Б.Уламбаярын утас руу Буяндэлгэр залгасан. Ярьж дуусаад эгчийг нь нэг хүн залилаад байгаа юм байна гэсэн. Тэгээд бид 2-ыг яваад очиход М.Хулан нөхөртэйгөө, Буяндэлгэр 3 байсан. Тэгтэл нэг залуу лифтнээс бууж ирээд бид нарыг хараад  нилээн сандарсан юм. Тэгэхэд М.Хулангийн нөхөр бариад авсан чинь зугтах гээд гараа угз татсан. Тэгтэл Буяндэлгэр уурлаад нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон юм. Тэгээд цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Г.Саранболдын мэдүүлэг / хх 85 /,

- мөн хохирогч Б.Пүрэвхүүгээс мөнгө хүлээн авсан бичлэгтэй CD /1 ширхэг / зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас үзэхэд О.Олдох нь хохирогчдыг  “боловсролын диплом найдвартай гаргаж өгнө” гэж зар тараан хуурамч мэдээллээр төөрөгдүүлж, бодит байдлыг гуйвуулж, иргэний эрх зүйн харилцаагаар халхавчлан / 2016.02.29-ны өдрийн зээлийн гэрээ хх-5 хуудас / хууль бус дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцэл хийж, хууран мэхлэх аргаар бусдыг залилан мэхэлж, бусдын эд хөрөнгө буюу  нийт 1.505.200 төгрөгийг нь шилжүүлэн авснаар залилан мэхлэх гэмт хэргийн  бүрэлдэхүүнийг бүрэн агуулж байгаа ба түүний ярьж, амлаж байгаа зүйл нь бодит байдал дээр биелэгдэх боломжгүй, эдийн засаг санхүүгийн чадавхгүй зэрэг байдлуудаа мэдсээр байж үйлдсэнээр залилан мэхлэх субьектив санаа зорилго нь илэрч байна.

Шүүгдэгч О.Олдох нь Сэлэнгэ аймаг дах Сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаарын шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32 дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил, 10 сар, 24 хоногийн хорих ялыг нь өршөөн хэлтрүүлжээ.

Харин шүүгдэгч О.Олдох нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт шийтгүүлсний дараа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа 2016 оны 01, 03 дугаар  саруудад хохирогч Б.Пүрэвхүү, М.Хулан нарыг давтан үйлдлээр хуурч мэхлэх аргаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.

Иймд Олдохыг урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах  үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

хохирогч Б.Пүрэвхүүд 640.000 төгрөгийн хохирол учирсанаас 160.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн гэх баримт хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.Олдохоос  480.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Пүрэвхүүд олгож, харин хохирогч М.Хуланд 865.200 төгрөгийн хохирол учирсанаас 615.200 төгрөг төлөгдсөн ба үлдэгдэл 250.000 төгрөгийг хохирогч нэхэмжлэхгүй гэснийг  дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн нэг ширхэг СD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч О.Олдохын цагдан хоригдсон 81 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:   

 1. Боржигон овогт Оюунбилэгийн Олдохыг урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Олдохыг  100.000 / нэг зуун мянган / төгрөгний эд  хөрөнгө хурааж,  5 / таван /  жил, 6 / зургаан / сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар О.Олдохын эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар  О.Олдохын цагдан хоригдсон 81 / наян нэг / хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.Олдохоос  480.000 / дөрвөн зуун наян мянган / төгрөг гаргуулан хохирогч  /Төв аймгийн Баянчандмань сум, 2 дугаар баг, Зам-Тэлт, 5-13 тоотод оршин суух, РД:НХ94021919 / Анчин овогт Бямбасүрэнгийн Пүрэвхүүд олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СD-г хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Олдоход авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                   С.ОЛЗОД

                 ШҮҮГЧИД                                                   П.ТУЯАТ

                                                                                      Х.ОДБАЯР