Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1410

 

МАГАДЛАЛ

 

2017.06.19                                                    Дугаар 1410                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Үүртээл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00979 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Үүртээл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Алтан зурлага” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 26 224 130 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Мөнхтуул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Алтан зурлага” ХХК-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1 тонн арматурыг 1 050 000-940 000 төгрөгөөр бодож, нийт 15 387 тонн буюу тээврийн зардал 400 000 төгрөг нэмж, нийт 17 082 750 төгрөгийн арматур нийлүүлсэн. Хариуцагч тал төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэж тохирсон боловч төлбөрийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байна. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэг сарын 9 хувийн хүү тооцвол алданги болон хүү нь 20 454 817 төгрөг болж байгаа юм. Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримталж хүү болон алдангид 8.741.380 төгрөг нэхэмжилж байгаа юм. Хариуцагч тал гэрээний үндсэн төлбөр болон гэрээ байгуулагдсан эсэх дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 17 082 750 төгрөг, тээврийн зардал 400 000 төгрөг, алдангид 8 741 380 төгрөгийн хамт нийт 26 224 130 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлж барагдуулна гэж арматур төмөр зээлээр худалдаж авсан. 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай компанийн барьж байсан барилга улсын төсвөөс хасагдаж компанийн ажил түр хугацаанд зогсож 2016 оны 6 дугаар сард ажил эхэлсэн. Ингээд 2016 оны 7 дугаар сард А.Даваадорж захирал дээр очиж уулзаж, тулгарсан асуудлаа хэлэхэд 2016 оны 3 дугаар сараас эхлэн 3 хувийн хүү тооцъё, алданги нэхэхгүй. Харин наадмын өмнө 3 000 000 төгрөг өг гэсэн. Манай компани хөдөө орон нутагт ажил хийхээр болж төлбөрийг 2016 оны 10 дугаар сард төлж барагдуулна гэж тохирсон. Үүний дагуу 2016 оны 10 дугаар сард төлж барагдуулахаар болсон байтал нөгөө талаас шүүхэд хандаж ийм байдалд хүрээд байна. Гэрээний үндсэн төлбөр болох            17 082 750 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийн хувьд сүүлд гэрээг дүгнэж хүүг 2016 оны 10 дугаар сар хүртэл 3 хувиар бодож төлөх саналтай байна. Манай компанийн хувьд 26 224 130 төгрөгийг төлөх санхүүгийн боломжгүй байна. Шүүхэд хандаж хэлэхэд манай барилгын ажил улсын төсвөөс хасагдана гэж мэдээгүй тул үүнийг харгалзан үзнэ үү гэв гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.5 дахь заалтыг баримтлан хариуцагч “Алтан зурлага” ХХК-иас           23 601 713 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 622 417 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтан зурлага” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 275 959 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.5 дахь заалтыг баримтлан хариуцагч “Алтан зурлага” ХХК-иас 23 601 713 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК-д олгох гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Үүртээл” ХХК нь хариуцагч “Алтан зурлага” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 26 224 130 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх 17 482 750 төгрөг, алданги 8 741 380 төгрөгийг гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...арматурын үнэ 17 082 750 төгрөгийг төлнө, алданги төлөхгүй, талууд тохиролцсоноор 3 хувийн хүү төлнө...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь         15 387 тонн арматурын үнэ 17 082 750 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл бүрэн төлөх, хугацаа хожимдуулсан хоног тутам барааны нийт үнийн дүнгийн 0,3 хувийн алданги, сарын 9 хувийн хүү төлөх үүрэг хүлээсэн байна.

2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдсан боловч барьцааны зүйл болох Тоёото Ланд-200 маркын авто машины үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардаагүй.

Талууд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрээг дүгнэхдээ акт үйлдэж, гэрээнд заасан 9 хувийн хүүг 3 хувь болгон өөрчилсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэвч талууд ийм акт үйлдсэн гэх үйл баримтын талаар маргаагүй, тухайн баримтыг шүүх шинжлэн судалсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Түүнчлэн хэргийн 45 дахь талд авагдсан баримтад “гэрээний хүү” гэсэн хэсэгт 3 хувь гэж бичиж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрх байдлаас дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3 дахь хэсэгт заасан хүүгийн хэмжээг талууд тохиролцсон гэх үндэслэлгүй.

Учир нь хуулийн дээрх зохицуулалтад заасан хүү нь гэрээний зүйлийн үнийг талууд тохиролцсон хугацаанд, хэсэгчлэн төлөх тохиолдолд хэрэглэгдэх ба гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нөхцөлд төлөгдөх хүү гэж үзэхгүй.

Харин гэрээний зүйлийн үнийг төлөх үүргээ худалдан авагч биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд 3 хувийн хүү төлөх гэсэн талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийн зохицуулалтад нийцнэ гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд нэхэмжлэлийн заримыг хангасан шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00979 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 275 960 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

              ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                         М.НАРАНЦЭЦЭГ