Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 75

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Од цогцолбор сургууль /Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, утас: 99875078/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 2 дугаар байр, 5 тоотод оршин суух Ордос овгийн Огшоогийн Болормаа /РД: МЗ64092503, утас: 99805946/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 16 дугаар байр, 41 тоотод оршин суух Бөхчүүд овгийн Самбуугийн Хишигт /РД:ТИ60052468, утас: 99379035/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 5 дугаар байр, 25 тоотод оршин суух Бөөчүүд овгийн Анхбаярын Бат-Эрдэнэ /РД:ТЕ92071815, утас: 99152239/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 1/60 айл байр, 16 тоотод оршин суух Тайжууд овгийн Нэмэхийн Майцэцэг /РД:ЦГ65050100, утас: 95045027/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 6 дугаар байр, 23 тоотод оршин суух Олхонод овгийн Пүрэвжавын Энхтуяа /РД:ТЛ67100361, утас: 99376008/ нарт холбогдох

 

“3,900,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

   Шүүх хуралдаанд төрийн төлөөлж прокурор М.Дуламсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхчимэг, хариуцагч Н.Майцэцэг, С.Хишигт, А.Бат-Эрдэнэ, О.Болормаа, хариуцагч П.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Од цогцолбор” сургууль нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

 

“...Санхүү хяналт Аудитын албаны улсын байцаагч Д.Энхбаяр тус сургуульд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын 5 хоногт 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд түүвэрлэж хийсэн шалгалтаар тавигдсан 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23-04-14/11 тоот актын 23-04-14/11 актын хавсралтанд нэг заагдсан 3.900.000 төгрөгийг Н.Майцэцэг 925.000 төгрөг, П.Энхтуяа 925.000 төгрөг, С.Хишигт 925000 төгрөг, Бат-Эрдэнэ 200.000 төгрөг, О.Болормаа 925.000 төгрөг, нийт 3.900.000 төгрөгийг гаргуулж Төрийн сан банкин дахь 100190000986 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү .” гэжээ.

 

            Хариуцагч П.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Лхамсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Нэхэмжлэлийн шаардлагад П.Энхтуяагаас 925,000 төгрөг гаргуулахтай холбогдуулан Санхүү, хяналтын албаны улсын байцаагч Д.Энхбаярын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23-04-14/11 тоот актын төлбөр болох 3,900,000 төгрөгийг нэр бүхий 5 хүнээс гаргуулж төрийн сан банк дахь 100 190 000 986 тоот дансанд төвлөрүүлэх гэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь Аудитын актаар нэр бүхий ажиллагсдаар төлүүлж төсвийн орлогод төвлөрүүлэхийг “Од” цогцолбор сургуулийн захирал Д.Уртнасан, нягтлан бодогч Г.Мөнхчимэг нарт хариуцуулсан байна. Дээрх 3,900,000 төгрөгийг сургуулийн засварын ажилд зарцуулсан талаар холбогдох баримтуудаас дурдав... Санхүү хяналтын аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 23-04-14/11 тоот актаар нэр бүхий ажилтнуудаар 3.900.000 төгрөгийг төлүүлж, төсвийн орлогод төвлөрүүлэхийг Од цогцолбор сургуулийн захирал, нягтлан бодогч нарт даалгасан байдаг. Энэ актийг П.Энхтуяад танилцуулж, гарын  үсэг зуруулаагүй.  Хэрэв мэдсэн бол актад гомдол гаргах байсан юм. Энэ мөнгийг сургуулийн засварын ажилд зарцуулсан болохоос хувьдаа ашиглаж, зарцуулсан зүйл байхгүй. Энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж үлэмж хэмжээний хохирол учраагүй гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байхад дахин иргэний хэрэг үүсгэж байгаа нь буруу. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан. Харин Байгууллагад хохирол огт учраагүй харин ч байгууллагын өнгө үзэмж сэргэсэн байна. Барилгын засвар хийхээр 4 хүний дансанд хийж авсан 3.200.000 төгрөгийн материал авсан зарлагын баримт, материал байдаг. Хамт олны хурал хийж сургуулийн засварыг гаднаас хүнээр хийлгэхгүйгээр дотроосоо өөрсдөө хийж, илүү цагаар ажилласан цалинг олгохоор 100 хувийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэсэн хурлын тэмдэглэл байдаг. 42 дугаар тушаал, илүү цагаар ажилласан тухай ажилтнуудын гарын үсэг байдаг. Улсын төсвийг улсад зарцуулсан байдаг бөгөөд нэг буруу зүйл нь зориулалтын бусаар ашигласан байдаг. Актыг гарсан цаг хугацаанд нь танилцуулаагүй, хэрэв танилцуулсан бол тухайн цаг хугацаанд нь арга хэмжээ авах байсан...” гэжээ.

Хариуцагч С.Хишигч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...925,000 төгрөгийг би аваагүй. Харин тухайн үеийн ня-бо ажилтай байсан П.Энхтуяа 2014 оны 7 сард “О.Болормаа та хоёрын дансанд мөнгө хийсэн авч өгөөрэй” гэсэн. Авч өгөөрэй гэсний дагуу төрийн банкны дансанд орсон 925,000 төгрөгийг авч захирал Н.Майцэцэгийн өрөөнд оруулж захирал Н.Майцэцэгт өгсөн. Намайг ороход захирал Н.Майцэцэг, ня-бо П.Энхтуяа нар цуг байсан. Ийм учраас энэ 925,000 төгрөгийг би өөрөө аваагүй тул төлөх боломжгүй байна...” гэжээ.

 

Хариуцагч О.Болормаа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Надад холбогдох 925,000 төгрөгийг би өөрөө аваагүй, харин тухайн үеийн ня-бо ажилтай байсан П.Энхтуяа 2014 оны 7 сард С.Хишигт бид хоёрын дансанд мөнгө хийсэ,н авч өгөөрэй гэсэн. Би очиж Төрийн банкны дансаа шалгахад 925,000 төгрөг орсон байсан. Миний дансанд орсон 925,000 төгрөгийг би Төрийн банкгы данснаас 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр авч ня-бо П.Энхтуяад өгсөн. Би энэ мөнгийг аваагүй учраас төлөх боломжгүй...” гэжээ.

Хариуцагч Н.Майцэцэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Цалингийн нэмэлт санхүүжилт байгаа учраас сайн ажиллаж байгаа үйлчилгээний ажиллагсдад илүү цаг, урамшууллын мөнгө олгох, 2014 оны эд хогшил, урсгал засварын тавигдсан зардал сургуулийн А, Б, В хичээлийн байрыг засахад хүрээгүй учраас сургалтын орчинг сайжруулах үүднээс засварын ажлын будаг, сантехникийн материалын дутууг гаргаж авч ажилчдаар засвар хийлгүүлсэн. Сурагчдын эрүүл аюулгүй байдлыг харгалзан хорхой шавж, мөөгөнцрөөс хамгаалах, сургуулийн барилгын насжилтыг удаашруулах зорилгоор хичээлийн 3 байранд 3,700,000 төгрөгөөр засварын ажил хийлгүүлсэн. 2014 оны 6, 7 дугаар сард “Од” цогцолбор сургуулийн үйлчилгээний ажилчдаар засварын ажлыг хийлгүүлсэн нь үнэн тул гарын үсэг зуруулах гэсэн боловч 23 хүнээс 6 хүн нь зураагүй. Энэ нь Д.Уртнасан захирлын хамаатан садан, ах дүү болох үйлчлэгч ажилтай Н.Одгэрэл, сантехникч Ц.Мөнх-Очир, Ч.Бямбасүрэн, С.Хишигдэлгэр, М.Дагийсүрэн, Ч.Хасбаатар нарын хүмүүсийн 6, 7 сарын цалин болон илүү цагийн урамшууллыг буцаан татуулах хүсэлтэй байна...” гэжээ.

 

Хариуцагч А.Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие А.Бат-Эрдэнэ нь Од цогцолбор сургуульд 2014 оны 6 дугаар сард ажилд орсон. 2017 оны 6-7 сард цалин аваагүй байсан. Од цогцолборын нэхэмжилж буй 200,000 төгрөгийг миний 7 дугаар сарын цалин гэж өгсөн. Тус мөнгө нь миний ажилласан хугацааны цалин учраас хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Од цогцолбор сургууль нь хариуцагч Н.Майцэцэг, П.Энхтуяа, С.Хишигт, А.Бат-Эрдэнэ, О.Болормаа нарт холбогдуулан Санхүү хяналтын аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23-04-14/11 тоот актын төлбөр 3,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Н.Майцэцэг, П.Энхтуяа нар ...гаргасан зардлыг Од цогцолбор сургуулийн  засварын ажилд зарцуулсан... гэж, хариуцагч С.Хишигт, О.Болормаа нар ...дансанд мөнгө оруулсныг авч өгөөрэй гэсний дагуу Н.Майцэцэг багш, П.Энхтуяа нарт өгсөн..., хариуцагч А.Бат-Эрдэнэ ...цалингаа авсан... гэж маргаж байгаа болно.

Хэрэгт авагдсан баримтаар Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба иргэн О.Болормаагийн өргөдөл, Боловсрол соёлын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 67 тоот, удирдамжийн дагуу Од цогцолбор сургуулийн 2014 оны санхүүгийн үйл ажиллагааны баримтад түүвэр шалгалт 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 5 хоног явуулсан байна.

Уг шалгалтаар ...2014 оны 07 дугаар сард ажиллаагүй 5 ажилтанд цалин бодож 3 900,000 төгрөг олгосон, засварын ажилд ажилласан ажилчдын цалин хөлс гэж тайлбарлаж байгаа боловч засварын ажлын тайлан, мөн тухайн засварын ажилд хэн, хэн ажиллаж цалин авах ёстой зэргийг үндэслэх анхан шатны баримт материал байхгүй зэрэг зөрчлүүд илэрсэн... гэж тэмдэглээд үндэслэлгүй олгосон цалингийн зардал 3,900,000 төгрөгийн ажиллагсдаар төлүүлж төсвийн орлогод төвлөрүүлэхээр төлбөрийн акт тогтоон, Од цогцолбор сургуулийн захирал Д.Уртнасан, нягтлан бодогч Г.Мөнхчимэг нарт барагдуулах үүргийг хариуцуулсан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэхээр хуульчилсан бөгөөд уг шалгалтыг Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Энхбаяр мөн хуулийн 5.2-т зааснаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу болон хуулийн 52.1-т зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр удирдамжийн дагуу явуулсан байна.

Мөн Хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь шалгасан асуудлаар тухайн этгээдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлын шалтгааныг тогтоон, түүнийг арилгах арга хэмжээг авахуулж, шаардлагатай бол зохих хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу өөрсдийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт бичих, акт, албан шаардлага гаргах зэргээр шийдвэрлэх эрхийн дагуу ...2014 оны 07 дугаар сард ажиллаагүй 5 ажилтанд цалин бодож 3,900,000 төгрөг олгосон, засварын ажилд ажилласан ажилчдын цалин хөлс гэж тайлбарлаж байгаа боловч засварын ажлын тайлан, мөн тухайн засварын ажилд хэн, хэн ажиллаж цалин авах ёстой зэргийг үндэслэх анхан шатны баримт материал байхгүй зэрэг зөрчлүүд илэрсэн... гэж тэмдэглээд  Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн  тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн зөрчил илэрсэн гэж дүгнэсэн байна.

 Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасан хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга гэдэг нь хяналт шалгалтын үйл явц, хамрагдсан хүрээ, цаг хугацаа, үр дүн, өгсөн заавар, зөвлөгөө, авсан арга хэмжээ, цаашид авах арга хэмжээний тухай тусгасан шалгалтын баримт бичиг болох актыг хяналт шалгалтад хамрагдсан байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдэд заавал албан ёсоор танилцуулж, гарын үсэг зуруулсан байх  хуулийн  шаардлагыг хангасан байна.

            Дээрхи актаар нөхөн төлбөр ногдуулан асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн бөгөөд хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, түүний шалтгаан нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтнаас шаардаж,  үндэслэлгүй олгосон цалингийн зардал 3,900,000 төгрөгийг хавсралтад заасан ажиллагсдаар 2016 оны 06 дугаар сарын 01-ний дотор барагдуулахыг даалгасан байна.

Дээрхи Хяналт шалгалтын баримт бичиг болох актад улсын байцаагч Д.Энхбаяр  гарын үсэг зурж, тэмдэг дарж, нэгдсэн дугаар авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд улсын байцаагчийн актын хэвлэмэл хуудсан дээр үйлдэгдсэн байна.

Хяналт шалгалтын дүнг зөвшөөрөхгүй байгаа буюу хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан гомдлоо хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу тухайн хяналт шалгалт хийсэн буюу акт, дүгнэлт гаргасан, албан шаардлага бичсэн албан тушаалтны дээд шатны эрх баригчид гаргах, эрх баригч нь тухайн гомдлыг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-11 дүгээр зүйлд заасны дагуу хүлээн авч хянан шийдвэрлэнэ. Хяналт шалгалтын байгууллагаас гаргасан шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрсөн, эрх баригч гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл түүний гаргасан шийдвэрийг холбогдох албан тушаалтан биелүүлээгүй бол шалгуулсан иргэн, хуулийн этгээд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Дээрхи улсын байцаагчийн гаргасан акт, дүгнэлтийг хууль бус гэж үзэж өргөдөл, гомдол гаргаагүй, маргаан үүсгээгүй тул акт хүчин төгөлдөр болсон тул биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч Н.Майцэцэг 3,700,000 төгрөгийг сургуулийн өнгө үзэмжинд анхааран, Улсын тэргүүний сургууль болох бэлтгэл ажлын хүрээнд зарцуулсан, 2014 оны эд хогшил, урсгал засварын тавигдсан зардал сургуулийн А, Б, В хичээлийн байрыг засахад хүрээгүй учраас сургалтын орчинг сайжруулах, сурагчдын эрүүл, аюулгүй байдлыг харгалзан хорхой шавж, мөөгөнцөрөөс хамгаалах, сургуулийн барилгын насжилтыг удаашруулах зорилгоор 3,700,000 төгрөгөөр засварын ажил хийлгүүлж, засварын ажлын будаг, сантехникийн материалын дутууг гарган авсан гэж тайлбарлан Дулаан сервис ХХК-иас 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 25 хүртэл 8 удаа 811,500 төгрөгийн, иргэн Оюунгэрэлээс 2014 оны 04 дүгээр сарын 11-нд 9 нэрийн 582,900 төгрөгийн, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 8 нэрийн 919 200 төгрөгийн, З.Сайнбаяраас 6 нэрийн 900,100 төгрөгийн бүтээгдэхүүн тус тус авсан гэж зарлагын баримт тайлбарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар гаргасан болно.

Хариуцагч Н.Майцэцэг Од цогцолбор сургуулийн захирлаар буюу төсвийн захирагчаар ажиллаж байх үедээ сургуулийн тухайн төсвийн жилд ашиглагдаагүй үлдсэн цалингийн  төсвийн үлдэгдлийг эх үүсвэр дутагдаж байгаа, эсхүл өр төлбөр үүссэн үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлсэн гэж байгаа бол Од цогцолбор сургуулийн хичээлийн А, Б, В байрны  барилгын засварын ажлыг хйих барилгын төсөв гарсан эсэх, Дулаан сервис ХХК, иргэн Оюунгэрэл, Сайнбаяр нараас хүлээн авсан бараа материалыг  орлогод хүлээн авч, барилгын ажилд зарцуулсан талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй, сургуулийн санхүүгийн анхан шатны бүртгэлд эдгээр баримтыг хавсаргаагүй буюу ажил, гүйлгээг бүртгээгүй шалтгааныг тодорхойлоогүй, уг зарлагын баримтад Од цогцолбор сургуулиас хэн төлөөлөн хүлээн авсан нь тодорхойгүй, хүлээн авагчийн гарын үсэг зурагдаагүй, 811,500 төгрөг, 919,200 төгрөг, 900,100 төгрөгийн төлбөр төлөгдсөн эсэх, хүлээн авсан гэх бараа материалыг сургуулийн засварт зарцуулсан гэх баримтыг болон сургуулийн санхүүгийн анхан шатны бүртгэлд байх баримт яагаад иргэнд байгааг тодруулах баримтыг ирүүлээгүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Лхамсүрэн ...актаар нэр бүхий ажиллагсдаар төлүүлж төсвийн орлогод төвлөрүүлэхийг Од цогцолбор сургуулийн захирал, нягтлан  бодогч нарт даалгасан, П.Энхтуяад танилцуулж гарын үсэг зуруулаагүй, сургуулийн засварын ажилд мөнгийг зарцуулсан,  энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж үлэмж хэмжээний хохирол учраагүй гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байхад дахин иргэний хэрэг үүсгэж байгаа нь буруу, байгууллагад хохирол учраагүй гэж маргаж байгаа болно.

Хариуцагч П.Энхтуяа Од цогцолбор сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ 2014 оны 07 дугаар сард ажиллаагүй 5 ажилтанд цалин бодож 3,900,000 төгрөг олгосон гэж актад дурдсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн  49.1-д зааснаар …Ажилтанд тухайн ажлын байранд тохирсон ажлыг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан цалин хөлс олгох, эсхүл ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ  ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг биелүүлснийх нь хувьд олгох хөдөмөрийн хөлс, мөн төрийн албан хаагчийн хувьд төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар төрөөс олгох цалин хөлсийг олгох үүргээ биелүүлээгүй зөвхөн төсвийн зардлаас илүү гарсан зардлыг өөр зардалд буюу сургуулийн байрны урсгал засварт зарцуулсан нь тогтоогдсон, энэ талаар гарсан акт хүчин төгөлдөр болсон байна.

Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Баасанжаргал Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т төрийн аудитын байгууллагаас төсвийн байгууллагын өмчийн ашиглалт, зарцуулалтад аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрвэл энэ тухай эрх бүхий байгууллагад мэдэгдэж холбогдох баримт бичгийг шилжүүлэн шалгуулна гэснээр Од цогцолбор сургуулийн захирал Н.Майцэцэг, нягтлан бодогч П.Энхтуяа нарт холбогдуулан гаргасан гомдлыг ...”Албан тушаалтан хуурамч баримт баримт бичиг үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулсан боловч эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн, “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн шинжийг агуулсан боловч үлэмж хэмжээний хохирол учирсан нь тогтоогдоогүй байх тул гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

Хариуцагч Н.Майцэцэг, П.Энхтуяа нарын төсвийн үлдэдэл 3,900,000 төгрөгийг төсвийн өөр зардалд зарцуулсан гэх үйлдэлд эрүүгийн гэм буруу байгаа эсэх талаар шалган, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, үлэмж хэмжээний хохирол учраагүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан явдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ажиллагааг прокуророос хийсэн үйлдэл бөгөөд эрүүгийн гэм буруугийн талаар шийдвэрлээгүй нь төсөвт хохирол буюу нөхөн төлбөрийг төлүүлэхгүй байх үндэслэл болохгүй болно.

Улсын байцаагчийн 23-04-16/11 тоот актад дурдсанаар үндэслэлгүй олгосон цалин хөлс 3,900,000 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

Иймд хариуцагч П.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Лхамсүрэнгийн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч О.Болормаа тухайн үед сургуулийн бичиг хэрэг ажилтай, С.Хишигт няравын ажилтай байсан бөгөөд нягтлан бодогч П.Энхтуяагийн хэлснээр өөрсдийнх нь ХААН банкны дансанд орж ирсэн 925,000 төгрөгийг Н.Майцэцэг, П.Энхтуяа нарт хүлээлгэн өгсөн, сургуулийн засварын ажилд зарцуулсан гэж байгаа боловч энэ талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй, нотлоогүй байна.

Хэдийгээр О.Болормаа, С.Хишигт нар өөрийн харилцах дансанд ажилласан хугацааны цалин гэж шилжүүлсэн мөнгийг тухайн байгууллагын эрх бүхий ажилтны шилжүүлгээр хүлээн авсанд буруутай биш боловч, эргүүлэн хүлээлгэн өгснөө нотлоогүй тул татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагч А.Бат-Эрдэнийн харилцах дансанд байгууллагаас шилжиж орсон 200,000 төгрөгийн тухайд түүний тухайн сард ажил үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор авсан хөдөлмөрийн хөлс гэдэгтэй хэн аль нь маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн түүний татгалзал үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Н.Майцэцэг, П.Энхтуяа, С.Хишигт, О.Болормаа нараас тус бүр 925,000 төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны төрийн сан банк дахь дансанд оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, хариуцагч Н.Майцэцэг, П.Энхтуяа, С.Хишигт, О.Болормаа нараас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 925,000  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас тооцож тус бүр 26,750 төгрөгийг тэмдэгтийн хураамжид гаргуулан төрийн сангийн орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д зааснаар хариуцагч Н.Майцэцэг, П.Энхтуяа, С.Хишигт, О.Болормаа нараас тус бүр 925,000 төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны төрийн сан банк дахь дансанд оруулан, А.Бат-Эрдэнээс 200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Од цогцолбор сургууль нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Майцэцэг, П.Энхтуяа, С.Хишигт, О.Болормаа нараас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 925,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас тооцож тус бүр 26,750 төгрөгийг тэмдэгтийн хураамжид гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОЮУНДАРЬ