Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 26

 

“Од” цогцолбор сургуулийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/01110/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч “Од” цогцолбор сургуулийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Б-, С.Х-, А.Б-, Н.М-, П.Э- нарт  холбогдох

“3.900.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

Хариуцагч П.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Р.Лхамсүрэнгийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: прокурор М.Дуламсүрэн, хариуцагч С.Х-, Н.М-, хариуцагч П.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхамсүрэн, шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгч “Од” цогцолбор сургуулиас:

Санхүү хяналт Аудитын албаны улсын байцаагч Д.Энхбаяр тус сургуульд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын 5 хоногт 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд түүвэрлэж хийсэн шалгалтаар тавигдсан 2016 оны 04 дүгээр сарын 18-ны 23-04-14/11 актын хавсралтанд заагдсан 3.900.000 төгрөгийн Н.М- 925.000 төгрөг, П.Э-925.000 төгрөг, С.Х- 925000 төгрөг, Б- 200.000 төгрөг, О.Б- 925.000 төгрөг, нийт 3.900.000 төгрөгийг гаргуулж Төрийн сан банкин дахь 100190000986 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхамсүрэнгээс:

Нэхэмжлэлийн шаардлагад П.Энхтуяагаас 925.000 төгрөг гаргуулахтай холбогдуулан Санхүү, хяналтын албаны улсын байцаагч Д.Энхбаярын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23-04-14/11 тоот актын төлбөр болох 3.900.000 төгрөгийг нэр бүхий 5 хүнээс  гаргуулж төрийн сан банк дахь 100190000986 тоот дансанд төвлөрүүлэх гэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь Аудитын актаар нэр бүхий                  ажиллагсдаар төлүүлж төсвийн орлогод төвлөрүүлэхийг “Од” цогцолбор сургуулийн захирал Д.Уртнасан, нягтлан бодогч Г.Мөнхчимэг нарт хариуцуулсан байна. Дээрх 3.900.000 төгрөгийг сургуулийн засварын ажилд зарцуулсан талаар холбогдох баримтуудаас дурдав... Санхүү хяналтын аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23-04-14/11 тоот актаар нэр бүхий ажилтнуудаар 3.900.000 төгрөгийг төлүүлж, төсвийн орлогод төвлөрүүлэхийг Од цогцолбор сургуулийн захирал, нягтлан бодогч нарт даалгасан байдаг. Энэ актыг П.Энхтуяад танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. Хэрэв мэдсэн бол актад гомдол гаргах байсан юм. Энэ мөнгийг сургуулийн засварын ажилд зарцуулсан болохоос хувьдаа ашиглаж, зарцуулсан зүйл байхгүй. Энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж үлэмж хэмжээний хохирол учраагүй гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байхад дахин иргэний хэрэг үүсгэж байгаа нь буруу. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан. Харин байгууллагад хохирол огт учраагүй харин ч байгууллагын өнгө үзэмж сэргэсэн байна. Барилгын засвар хийхээр 4 хүний дансанд хийж авсан 3.200.000 төгрөгийн материал авсан зарлагын баримт, материал байдаг. Хамт олны хурал хийж сургуулийн засварыг гаднаас хүнээр хийлгэхгүйгээр дотроосоо өөрсдөө хийж, илүү цагаар ажилласан цалинг олгохоор 100 хувийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэсэн хурлын тэмдэглэл байдаг. 42 дугаар тушаал, илүү цагаар ажилласан тухай ажилтнуудын гарын үсэг байдаг. Улсын төсвийг улсад зарцуулсан байдаг бөгөөд нэг буруу зүйл нь зориулалтын бусаар ашигласан байдаг. Актыг гарсан цаг хугацаанд нь танилцуулаагүй, хэрэв танилцуулсан бол тухайн цаг хугацаанд нь арга хэмжээ авах байсан... гэжээ.

Хариуцагч С.Х-ээс:

925.000 төгрөгийг би аваагүй. Харин тухайн үеийн ня-бо ажилтай байсан П.Э-2014 оны 7 дугаар сард О.Б- та хоёрын дансанд мөнгө хийсэн авч өгөөрэй гэсэн. Авч өгөөрэй гэсний дагуу төрийн банкны дансанд орсон 925.000 төгрөгийг авч захирал Н.М-ийн өрөөнд оруулж захирал Н.М-т өгсөн. Намайг ороход захирал Н.М-, ня-бо П.Э-нар цуг байсан. Ийм учраас энэ 925.000 төгрөгийг би өөрөө аваагүй тул төлөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч О.Б-гаас:

Надад холбогдох 925.000 төгрөгийг би өөрөө аваагүй, харин тухайн үеийн ня-бо ажилтай байсан П.Э-2014 оны 7 дугаар сард С.Х- бид хоёрын дансанд мөнгө хийсэн авч өгөөрэй гэсэн. Би очиж Төрийн банкны дансаа шалгахад 925.000 төгрөг орсон байсан. Миний дансанд орсон 925.000 төгрөгийг би Төрийн банкны данснаас 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр авч ня-бо П.Энхтуяад өгсөн. Би энэ мөнгийг аваагүй учраас төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Н.М-ээс: 

Цалингийн нэмэлт санхүүжилт байгаа учраас сайн ажиллаж байгаа үйлчилгээний ажиллагсдад илүү цаг, урамшууллын мөнгө олгох, 2014 оны эд хогшил, урсгал засварын тавигдсан зардал сургуулийн А, Б, В хичээлийн байрыг засахад хүрээгүй учраас сургалтын орчинг сайжруулах үүднээс засварын ажлын будаг, сантехникийн материалын дутууг гаргаж авч ажилчдаар засвар хийлгүүлсэн. Сурагчдын эрүүл аюулгүй байдлыг харгалзан хорхой шавж, мөөгөнцрөөс хамгаалах, сургуулийн барилгын насжилтыг удаашруулах зорилгоор хичээлийн 3 байранд 3.700.000 төгрөгөөр засварын ажил хийлгүүлсэн. 2014 оны 6, 7 дугаар сард “Од” цогцолбор сургуулийн үйлчилгээний ажилчдаар засварын ажлыг хийлгүүлсэн нь үнэн тул гарын үсэг зуруулах гэсэн боловч 23 хүнээс 6 хүн нь зураагүй. Энэ нь Д.Уртнасан захирлын хамаатан садан, ах дүү болох үйлчлэгч ажилтай Н.Одгэрэл, сантехникч Ц.Мөнх-Очир, Ч.Бямбасүрэн, С.Хишигдэлгэр, М.Дагийсүрэн, Ч.Хасбаатар нарын хүмүүсийн 6, 7 дугаар сарын цалин болон илүү цагийн урамшууллыг буцаан татуулах хүсэлтэй байна  гэжээ.

Хариуцагч А.Б-эс: 

Миний бие А.Б- нь “Од” цогцолбор сургуульд 2014 оны 6 дугаар сард ажилд орсон. 2017 оны 6-7 дугаар сард цалин аваагүй байсан. “Од” цогцолбор сургуулийн нэхэмжилж буй 200.000 төгрөгийг миний 7 дугаар сарын цалин гэж өгсөн. Тус мөнгө нь миний ажилласан хугацааны цалин учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны  01 дүгээр сарын 11-ний өдрийн 75 дугаар  шийдвэрээр:

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д зааснаар хариуцагч Н.М-, П.Энхтуяа, С.Х-, О.Б- нараас тус бүр 925.000 төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны төрийн сан банк дахь дансанд оруулан, А.Б-эс 200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Од цогцолбор сургууль нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.М-, П.Энхтуяа, С.Х-, О.Б- нараас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 925.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас тооцож тус бүр 26.750 төгрөгийг тэмдэгтийн хураамжид гаргуулан төрийн сангийн орлогод оруулж  шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхамсүрэн давж заалдсан гомдолдоо:

Санхүү хяналт Аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23-04-14/11 актыг зохих журмын дагуу П.Энхтуяаг байлцуулж, танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. Хэрэв П.Энхтуяад танилцуулсан бол актад зохих журмын дагуу дээд шатны Аудитад гомдол гаргах, улмаар Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргах боломж олгоогүй байна.  П.Э-2015 оны 12 дугаар сард ажлаас халагдсан байсан. Акт гарах үед П.Э-ажлаас халагдсан тул тухайн актын хавсралтанд ня-бо П.Э-ажиллаагүй байсан. Аудитын акт албан тушаалтанд төлбөр гаргуулахаар гардаг болохоос иргэн хүнд гардаггүй. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 141 дүгээр тогтоолд “Од” цогцолбор сургуулийн захирал Н.М-, ня-бо П.Э-нар нь 2014 оны 07 дугаар сард хуурамч баримтаар цалин хөлс олгож хувьдаа завшсан гэх материалыг хянаад дээрх хүмүүсийн үйлдлийн улмаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд заасан үлэмж хэмжээний хохирол учирсан нь тогтоогдоогүй байх тул дээрх гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй байна гэжээ. “Од” цогцолбор  сургуульд цалингийн нэмэлт санхүүжилт байсан тул үйлчилгээний ажиллагсад илүү цагийн урамшууллын мөнгө олгож 2014 оны урсгал засварын зардал сургуулийн А, Б, В хичээлийн байрыг засварлахад хүрэлцэхгүй учир засварын ажилд шаардагдах барилгын материалыг худалдан авч үйлчилгээний ажилчдаар хийлгүүлсэн. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулаагүй. Сургуулийн өнгө үзэмжийг сайжруулахаар дээд газраас шалгалт ирэхийн өмнө засварын ажилд зарцуулсан нь төсвийн хөрөнгийг зориулалтын бус зарцуулсан гэдгээр хариуцлага тооцож, төлбөр төлүүлэх үндэслэл болохгүй. Аудитын дээрх актанд Б-эр 200.000 төгрөг төлүүлэхээр гарсан нь тухайн хүний хийсэн ажлын цалинд олгосон болохыг шүүхээс тогтоож байгаагаар улсын байцаагч Д.Энхбаярын тавьсан акт танилцаж зөвшөөрсөн хүмүүсийн гарын үсэг зурагдаагүй төлбөр төлөх хүмүүсийг төлөөлж Д.Уртнасан, Г.Мөнхчимэг  нараар гарын үсэг зуруулан зөвшөөрүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн байх тул дээрх актыг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор  сургууль нь хариуцагч  П.Энхтуяа, С.Х-, Н.М- А.Б-, О.Б- нарт холбогдуулан Санхүү хяналтын улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23-04-14/11 тоот актын төлбөр болох 3.900.000 төгрөгийг төлүүлж  төрийн сангийн дансанд төвлөрүүлэхийг шаардсан нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан данс нь хэргийн 3 дугаар хуудсанд байх улсын байцаагчийн актад дурьдсан Дархан-Уул аймгийн Санхүү хяналт аудитын албаны данс байна.

            “Од” цогцолбор сургууль нь улсын төсвөөс санхүүждэг төсвийн байгууллага, хуулийн этгээдийн хувьд өөрийн байгууллагад учирсан хохирлыг шүүхэд нэхэмжлэл гаргах журмаар шийдвэрлүүлэх эрхтэй.

            Гэхдээ энэ эрх нь гагцхүү өөрийн байгууллагын нэрийн өмнөөс хэрэгжих бөгөөд тухайн тохиолдолд хариуцагч нараас гаргуулах төлбөрийг өөрийн байгууллагад буцаан шаардах эрхэд хамаарах юм.

            Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн тавьсан актын биелэлтийг хангах   нь тус сургуулийн эрх баригч нарт Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Төрийн аудитын  тухай хуулиар оногдуулсан үүрэг мөн боловч байгууллагын нэрийн өмнөөс, тухайн байгууллагын дансанд мөнгө тушаахыг шаардах эрх хараахан биш юм.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон байгаагаас гадна үндэслэлээ тодорхойлоогүй байхад нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг тодруулалгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

            Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны нэрийн өмнөөс аудитын актын биелэлтийг шаардаж тухайн байгууллагын дансанд мөнгө төлүүлөхийг шаардах эрх нь зөвхөн уг байгууллагын эрх баригчид олгогдох эрх хэмжээ юм.

Харин уг актаар тавигдсан төлбөрийг барагдуулахаар хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргах шаардлагын үндэслэл нь  санхүүгийн улсын байцаагчийн актад дурьдсан үйл баримт  болох юм.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг тодруулаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

            Мөн түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу прокурор төрийн  ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй.         

Хэрэгт нэхэмжлэгч байгууллагын прокурорыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт авагдаагүй байгаа нь хуулийн дээрх зохицуулалттай нийцээгүй байна.

Энэхүү магадлал нь нэхэмжлэгч байгууллагын хариуцагч нарт холбогдуулан актад дурьдсан төлбөрийг гаргуулан өөрийн байгууллагад олгуулахаар нэхэмжлэлээ шүүхэд гаргахад саад болохгүй.

Ийнхүү шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хариуцагч нарын давж заалдах гомдлын дагуу хэргийн үйл баримт, нотлох баримтуудыг үнэн зөв үнэлсэн эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.  

Иймд хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Од” цогцолбор сургуулийн хариуцагч О.Б-, С.Х-, А.Б-, Н.М-, П.Э-нараас 3.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.                                                                                                                                         

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч П.Энхтуяагийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.750 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулж хариуцагч П.Энхтуяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам зөрчсөн гэж үзвэл зохигч,  гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ОЮУНЦЭЦЭГ

                                     ШҮҮГЧИД                                                С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                     О.НАРАНГЭРЭЛ