Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2024/0099

 

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2024/0099

Улаанбаатар хот

 

                         “Н*** м*** к***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:                   

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Н*** м*** к***” ХХК,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын хайгуулын XV-2019619 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг үндэслэн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0791 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М***,

Хэргийн индекс: 128/2022/0474/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н*** м*** к***” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын хайгуулын XV-2019619 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг үндэслэн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0791 дүгээр шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н*** м*** к***” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Төв аймгийн Баянцагаан сумын Баянцагаан нэртэй газар 3790.38 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-2019619 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг үндэслэн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоон, хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгаж” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1 Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй,

 3.2 Маргаан бүхий захиргааны актыг хуулийн хүрээнд шийдвэрлээгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй,

 3.3 хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, талуудын зөрүүтэй байдалд шүүх дүгнэлт өгөхөөс зайлсхийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх  зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                        

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу үнэлж хэргийн шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.  Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

3.1. Нэхэмжлэгч “Н*** к*** м***” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Баянцагаан сумын Баянцагаан нэртэй газар 3790.38 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-019619 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон бөгөөд Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс тооцож, 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан.

3.2. Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрийн захиргааны байгууллагад хандан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг ирүүлээгүй тул хариуцагчаас мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсныг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

    3.3. “Н*** к*** м***” ХХК-иас тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсноос хойш 20 хоногийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст хандан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гарган, хугацаа хожимдуулсан шалтгаанаа “...компанийн гүйцэтгэх захирал нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хороонд тусгаарлалтад орж, эмчлүүлсэн, ... Төв аймгийн Баянцагаан суманд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн боловч хариуцсан мэргэжилтэн нь төрийн албанаас чөлөөлөгдсөн, нөхөн томилогдоогүй, төлөвлөгөө батлуулахад хугацаа алдсан” хэмээн тайлбарлан маргасан.

   4. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 22.1.1-д “хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;”, 22.1.2-д “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт;”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” хэмээн тухайлан заасан.

            5.  Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаар,  нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/12 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст хандан гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т заасан “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт”, “хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан баримт”-ыг бүрдүүлж хавсаргаагүй.

Тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлсийг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах хуулиар тогтоосон хугацаа болох 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, эсхүл тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааны эцсийн өдөр болох 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө төлөөгүй. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссанаас хойш 20 хоногийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн.

  Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Төв аймгийн Баянцагаан суманд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн ч “хариуцсан мэргэжилтэн нь төрийн албанаас чөлөөлөгдсөн, нөхөн томилогдоогүй, төлөвлөгөө батлуулахад хугацаа алдсан” хэмээн тайлбарлах боловч Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 02/16 дугаар албан бичгээр тус сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн П.Ж*** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар чөлөөлөгдөж, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Б***г 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар томилсон үйл баримт тус тус тогтоогдож байна.

6. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, Ашигт малтмалын тухай хуульд хувь хүн, хуулийн этгээдийн эрх зүйн статусыг ялгамжтай байдлаар тусгаж, зөвхөн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор хуульчилсан нь тусгай зөвшөөрлийг эзэмших, түүний дагуу үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалахад шаардагдах хүний нөөц, төсөв санхүү, зохион байгуулалт зэргийг хариуцах чадвартайг харгалзсан хэрэг бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хангахад шаардагдах үүрэг, хариуцлагыг хуваарилах, цаг тухайд нь биелүүлж ажиллах нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үүрэг байх талаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2022 оны 67 дугаар тогтоолд дүгнэсэн байх тул анхан шатны шүүх “...тус суманд уг төлөвлөгөөг, төлөвлөгөөний биелэлтийг хянаж баталгаажуулах чиг үүрэг бүхий ... мэргэжилтэн байхгүйгээс .. хугацаа алдсан”, “Н*** к*** м***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Г*** нь тухайн цаг хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар тусгаарлалтад орж, эмчлүүлж байсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.

7. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 7.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна” гэж заасан бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаа сунгуулах өргөдлийг гаргахдаа 22.1.1-22.1.4-т тухайлан нэрлэн заасан баримт бичгийн бүрдлийг хангах, хариуцагчаас тухайн өргөдөл нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үүргийг тус тус хүлээнэ.

Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “Н*** к*** м***” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргасан. Тухайн гаргасан өргөдөл нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад шаардлагатай мөн хуулийн 22.1.1-22.1.4-т заасан баримтын бүрдлийг хангаагүй тул хариуцагчаас 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 8/1279 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өвчтэй байсан”, “хариуцсан мэргэжилтэн нь төрийн албанаас чөлөөлөгдсөн, нөхөн томилогдоогүй, төлөвлөгөө батлуулахад хугацаа алдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаа хэтрүүлэн гаргасан, бүрдэл дутуу өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн боломжгүй. 

8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0791 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “Ашигт малтмалын хайгуулын XV-2019619 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг үндэслэн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэгч “Н*** к*** м***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                            З.ГАНЗОРИГ

                         ШҮҮГЧ                                             Г.БИЛГҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                             Г.МӨНХТУЛГА