Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 182

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Дөл” СӨХ /Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20-4 дүгээр байранд байрлах, утас:99057748/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20-3 дугаар байр, 3 тоотод оршин суух Йеншөөбү овгийн Гомбодоржийн Сэнгээ /РД:ТК57121614, утас:94259466/-д холбогдох,

"373,488 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дагвадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнсар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч Дөл СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “...Хариуцагч Г.Сэнгээ нь “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 13 дугаар зүйийн 13.3 дахь заалтуудыг ноцтой зөрчиж байх тул 373,488 төгрөгийг Г.Сэнгээгээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

           Хариуцагч Г.Сэнгээ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнсар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

       “...Манайх 2012 оны 01 дүгээр сард 20-3-р байрны 3 тоотод шилжин ирж суурьшсанаас хойш 2016 оны 10-р сар хүртэл “Дөл” СӨХ-ны төлбөрийг цаг хугацаанд нь төлдөг байсан. Хууль мэддэггүй байснаас СӨХ-ны төлбөр дээр нэмээд СӨХ-ны гэрээт ажилчин үйлчлэгчээр ажиллаж байсан Отгон, Алимаа нарт цэвэрлэгээний хөлс гэж сар бүр 3,500 төгрөгийг давхардуулан өгч нийтдээ 5 жил 10 сар буюу 70 сарыг 3,500 төгрөгөөр үржүүлээд 245,000 төгрөгийг өгсөн байна... Надаас СӨХ-ны үйлчлэгчид давхардуулж өгсөн 245,000 төгрөг, шатны доод засварын зардалд гаргасан 150,000 төгрөг буюу нийт 395,000 төгрөгийг сард СӨХ-нд 3,290 төгрөг төлнө гэж үзвэл манайх СӨХ-ны 10 жилийн төлбөрийг урьдчилаад өгсөн гэж тооцох ёстой...” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дөл” СӨХ нь хариуцагч Г.Сэнгээгээс  дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал 373,488 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид “холбоо” гэх/-г байгуулна гэснээр “Дөл” СӨХ-ыг 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирлаас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17/72 тоотоор Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь заалтыг үндэслэн бүх шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжилсэн байна.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-д ...орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна... гэснээр Г.Сэнгээ тухайн СӨХ-ийн гишүүн, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох  үүрэгтэй байна.

СӨХ-ны гишүүний хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох  үүрэгтэй зургаан сарын турш биелүүлээгүй буюу төлбөл зохих төлбөр нь дангаар өмчлөх сууцны үнийн хорин хувиас хэтэрсэн, хуулиар хүлээсэн үүргээ сууц өмчлөгч сайн дураар биелүүлэхгүй бол орон сууц өмчлөгчдийн холбоо өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж хуульчилсан байна.

Иймээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал Х.Дагвадорж нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч  Г.Сэнгээ “Дөл” СӨХ-ны үйл ажиллагаа явуулдаг  Дархан сумын 5 дугаар баг 20/3 дугаар байрны 3 тоотод оршин суудаг, тус орон сууцны өмчлөгч тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д ...Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна.

 “Дөл” СӨХ нь оршин суугч Г.Сэнгээг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д ...Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна... гэснээр 2000-2012 онд тухайн орон сууцны оршин суугчийн төлөгдөөгүй төлбөр 324,138 төгрөг, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг хүртэлх 49,350 төгрөг, нийт 373,488 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа болно.

Хариуцагч Г.Сэнгээ шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн хариу  тайлбартаа 5  жилийн өмнө  манай байранд байсан өмнөх  айлын өр гэж 324,138 төгрөгийг нэхэмжилж байгаа нь иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар 2012 оноос өмнөх өрийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна гэж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмнөх айлын өр хэдийнээс эхлэн тооцогдсон талаархи баримтгүй, энэ хугацаанд шаардаж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2016 оны 10 дугаар сараас СӨХ нь үйл ажиллагаа явуулдаггүй тул төлбөр төлөөгүй байсан, энэ хугацааныхаа төлбөрийг төлнө, манайх СӨХ-ны хийвэл зохих засварыг хийсэн 150,000 төгрөг болсон гэж маргаж байгаа болно.

 “Дөл” СӨХ хариуцагч Г.Сэнгээг 3 тоотын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргээ биелүүлээгүй  гэж байгаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд СӨХ-ны гүйцэтгэвэл зохих засан сайжруулалтыг 150,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн талаархи санхүүгийн баримтыг СӨХ-ны санхүүд хүргүүлсэн, энэ талаар харилцан тохиролцсон эсэх нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна. Үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, уг шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.4.4-т зааснаар хэрэгжүүлсэн эсэхээ нотлоогүй болно.

Харин  шаардах эрхээ 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 49 тоотоор мэдэгдэж байснаас үзвэл сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэснээр 2000-2012 онд тухайн орон сууцны оршин суугчийн төлөгдөөгүй төлбөр 324,138 төгрөгийг хариуцагч Г.Сэнгээгээс шаардаж байсан талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д ...хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна..., 75 дугаар зүйлийн  75.2.3-д ...тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна... гэснээр хариуцагч Г.Сэнгээ, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын татгалзал хууль зүйн үндэслэлтэй байх тул 324,138 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т “Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхарын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана” гэж зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-ны гишүүн Г.Сэнгээ төлөх үүрэгтэй, түүний СӨХ хийвэл зохих үүргээ биелүүлээгүй тул төлөөгүй гэх татгалзал үндэслэлгүй тул 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг хүртэлх 49,350 төгрөгийг Г.Сэнгээгээс гаргуулан “Дөл” СӨХ-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,855 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Сэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.3-т зааснаар хариуцагч Г.Сэнгээгээс 324,138 төгрөг гаргуулах тухай “Дөл” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.Сэнгээгээс 49,350 төгрөг гаргуулан “Дөл” СӨХ-д олгосугай.  

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,855 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Сэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЮУНДАРЬ