Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 22

 

“Дөл” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс:135/2017/01288/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунцэцэг даргалж,  шүүгч Л.Амарсанаа,  С.Энхжаргал  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02  дугаар сарын 08-ны өдрийн 182 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Дөл” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.С-д  холбогдох

“СӨХ-ны төлбөр 373.488 төгрөг  гаргуулах” тухай  иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дагвадоржийн давж заалдсан гомдлыг үндэслэн

            2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын  илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дагвадорж, хариуцагч  Г.С-,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мандуул нар  оролцов.

           Нэхэмжлэгч “Дөл” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Хариуцагч Г.С- нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь заалтуудыг ноцтой зөрчиж байх тул 373,488 төгрөгийг Г.С-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Г.С- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнгөнсар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Манайх 2012 оны 01 дүгээр сард 20-ийн 3-р байрны 3 тоотод шилжин ирж суурьшсанаас хойш 2016 оны 10-р сар хүртэл “Дөл” СӨХ-ны төлбөрийг цаг хугацаанд нь төлдөг байсан. Хууль мэддэггүй байснаас СӨХ-ны төлбөр дээр нэмээд СӨХ-ны гэрээт ажилчин,  үйлчлэгчээр ажиллаж байсан Отгон, Алимаа нарт цэвэрлэгээний хөлс гэж сар бүр 3,500 төгрөгийг давхардуулан өгч нийтдээ 5 жил 10 сар буюу 70 сарыг 3,500 төгрөгөөр үржүүлээд 245,000 төгрөгийг өгсөн байна... Надаас СӨХ-ны үйлчлэгчид давхардуулж өгсөн 245,000 төгрөг, шатны доод засварын зардалд гаргасан 150,000 төгрөг буюу нийт 395,000 төгрөгийг сард СӨХ-нд 3,290 төгрөг төлнө гэж үзвэл манайх СӨХ-ны 10 жилийн төлбөрийг урьдчилаад өгсөн гэж тооцох ёстой гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.3-т зааснаар хариуцагч Г.С-гээс 324,138 төгрөг гаргуулах тухай “Дөл” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.С-гээс 49,350 төгрөг гаргуулан “Дөл” СӨХ-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,855 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С-гээс улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дагвадорж давж заалдсан гомдолдоо:

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “сууц  худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна” гэж заасан байгаа тул Г.С- нь 324.138 төгрөгийг “Дөл” СӨХ-нд төлөх хуулийн бүрэн үндэслэлтэй байна. Энэ мөнгийг Г.С-гээр төлүүлж, мөнгөө төлсөн бусад  оршин суугчдын  эрх ашгийг хамгаалж  шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

ХЯНАВАЛ:

            “Дөл” СӨХ,  хариуцагч Г.С-д холбогдуулан дундын өмчлөлийн  зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 373.488 төгрөг  гаргуулахаар  шаардсан.

            Хариуцагч  Г.С-  нэхэмжлэлийг эс зөвшөөрч   “...2016 оны  10 дугаар сар хүртэл СӨХ-ийн төлбөрийг цаг хугацаанд төлдөг байсан...,  ... СӨХ-ийн төлбөр дээр нэмээд  үйлчлэгчид цэвэрлэгээний хөлс  245.000 төгрөг илүү өгсөн, шатны доод засварын зардалд  150.000 төгрөг нийт  395.000 төгрөг  төлсөн ба  СӨХ-ийн 10 жилийн төлбөрийг урьдчлаад өгсөн  гэж  тооцох ёстой...”  гэж   маргажээ.

            Шүүх нэхэмжлэлээс 324.138 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  2016 оны 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар дуусталх хугацааны  \ 15 сар х 3290 төг \ 49.350 төгрөгийн  шаардлагыг хангаж  шийдвэрлэжээ.

            Дээрх хэргийг шийдвэрлэхдээ шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, маргааны харилцааг зохицуулсан хуулийг  зөв хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй   байх тул  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг  хангах үндэслэлгүй  байна.

            “Дөл” СӨХ 2009 оны 09 дүгээр сарын  14-ний өдөр  үүсэн байгуулагдсан ба Дархан сумын 5 дугаар багийн  20 дугаар  хорооллын  3, 4, 1 дүгээр 60 айлын байрны   оршин суугчид   харъяалагддаг,  Г.С-  тус СӨХ-ийн харъяа  Дархан сумын  3 дугаар  байрны  3 тоот  орон сууцанд  2012 оны  01 дүгээр сараас эхлэн амьдарч  байгаа нь  зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримтаар  тогтоогдсон байна.

            Сууц  өмчлөгч нь  өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон  сууцны бус зориулалттай  хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо  зэрэг  ашиглалтын төлбөрийг  эрх бүхий байгууллагад  дундын өмчлөлийн зүйлийн  ашиглалт, засвар үйлчилгээтэй  холбогдсон зардлыг  сууц өмчлөгчдийн холбоонд  тус тус төлөх тухай  Иргэний хуулийн  147 дугаар зүйлийн 147.1-д  заасан.

Нэхэмжлэгч “Дөл” СӨХ нь сууц өмчлөгчөөс  дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар, үйлчилгээтэй холбогдсон  зардлыг  гаргуулахаар  шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн үндэслэлдээ  ...тус СӨХ-д төлсөн байвал зохих  324.138  төгрөг...,  нэхэмжилсэн бөгөөд  Сууц  өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны  байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай  хуулийн 13 дугаар зүйлийн  13.3-т  зааснаар  “Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлд шижүүлэхээсээ өмнө уг сууцтай холбоотой  биелэгдээгүй үүрэг байгаа  эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас  магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг  өөрөө бүрэн хариуцна” гэж заасны дагуу  шаардлага гаргасан талаар дурдсан,  зохигчид  энэ талаар  харилцан тайлбар гаргаж  маргасан.

Нэхэмжлэгчээс гаргасан шаардлагыг  хариуцагч эс зөвшөөрч маргасан тохиолдолд  нэхэмжлэгч  шаардлагаа  нотлох  үүрэгтэй.  Харин  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  энэ  үүргээ  хэрэгжүүлж чадаагүй,  нотлох баримтыг  шүүхэд ирүүлээгүй байх тул   анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл байхгүй байна.

Өөрөөр хэлбэл   нэхэмжлэлд дурдсан  324.138 төгрөгийн  төлбөр  тооцоо , цаг хугацааны хувьд хэзээ болсон  үйл явдал юм,  ямар  баримтад үндэслэсэн тооцоо болох  талаар нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т  заасны дагуу  шүүхэд ирүүлээгүй байх  тул   анхан шатны шүүхийг  хууль зөрчсөн гэж үзэхгүй .

Түүнчлэн  шүүх  нэхэмжлэлийн шаардлагын зарим  хэсгийг  хэрэгсэхгүй болгож буй үндэслэлд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.1-д  заасан  шаардах эрхийн хугацааг  2012 оноос  гэж дүгнэхдээ  зохигчдын   тайлбарт  үндэслэсэн бөгөөд  нэхэмжлэгч  үүнийг  нотлох баримтаар үгүйсгээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар  үүрэг биелүүлэх сүүлийн хугацаанаас  шаардах эрх үүсдэг ба нэхэмжлэгч нь  энэ талаарх нотлох баримтаа ирүүлээгүй.

Хариуцагч  Г.С-  2016 оны 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны 49.350 төгрөгийг гаргуулсан шийдвэрт, давж заалдах гомдол гаргаагүй  байна.

Дээрх үндэслэлээр  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдсан гомдлыг хангахгүй  гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02  дугаар сарын 08-ны өдрийн 182 дугаар шийдвэрийг   хэвээр үлдээсүгэй.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.860 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОЮУНЦЭЦЭГ            

                                       ШҮҮГЧИД                                                  Л.АМАРСАНАА                              

                                                                                                          С.ЭНХЖАРГАЛ