Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00515

 

П.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00964 дүгээр шийдвэр,

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1328 дугаар магадлалтай,

 

          Нэхэмжлэгч: П.Б-

          Хариуцагч: “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ

 

          2020.02.20-ны өдрийн Б/237 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,  ажилд эгүүлэн тогтоолгох,  олговор болон  нэмэгдэл хөлс тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

       Хариуцагчийн төлөөлөгч Ч.Мэндбаярын хяналтын журмаар 2020.07.21-ний өдөр гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Б-, түүний өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

      Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие ОСНААУГ-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн даргаар 2017.04.03-ны өдөр томилогдон ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ирсэн. Тус төв нь Баянзүрх дүүргийн 03, 06, 15, 25 дугаар хорооны 8,855 айл өрх, 569 аж ахуйн нэгжүүдэд засвар үйлчилгээ үзүүлдэг, 70 ажилтан албан хаагчтай. Тус газрын дарга нь 2020.02.21-ний өдөр Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан дэд дарга А.Ганбатаар ахлуулсан ажил хүлээлцэх 7 хүний бүрэлдэхүүнтэй комиссыг томилж ирүүлсэн. Тухайн комиссын зүгээс П.Б-г ажлаас халсан талаар мэдэгдсэн. Үүнийг хууль бус гэж үзэж байна. Учир нь, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах талаар нэг сарын өмнө бичгээр мэдэгдээгүй, ажлаас халсан үндэслэл нь хуульд нийцээгүй. Иймд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2020.02.20-ны өдрийн Б/237 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, сар бүрийн үр дүнгийн нэмэгдэл хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4-ийн даргаар ажиллаж байсан П.Б- нь хариуцсан салбараа мэргэжлийн удирдлагаар хангаж, дотоод удирдлага зохион байгуулалтын ажилд хяналт тавих ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүйн улмаас тухайн салбарын ажилтан нь хэрэглэгчийн усны тоолуурын гэрчилгээг хуурамчаар үйлдэн олон айл өрхөд хохирол учруулсан. Энэ үйлдэл нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байна. Иймд тус салбарыг удирдаж байсан П.Б-д Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулан түүний хөдөлмөрийн гэрээг 2020.02.20-ны өдрөөс цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 182/ШШ2020/00964 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан П.Б-г Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4 ийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас олговорт 3,230,181.22 төгрөгийг гаргуулж П.Б-д олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар П.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ийн удирдлагад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 66,633 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1328 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/00964 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас 2020 оны 05 сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

       Хариуцагчийн төлөөлөгч Ч.Мэндбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “... Давж заалдах шатны шүүх сахилгын шийтгэл ногдуулсан байгууллагын даргын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасан үндэслэлийг баримтлаагүй нь буруу гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй талаар хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна. Гэвч П.Б-д сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэл болох ажилтны сахилгын зөрчил нотлогдоогүй тул нэхэмжлэгч П.Б-г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.” гэж дүгнэлт хийжээ. Тус газар нь “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4”-ийн даргаар ажиллаж байсан П.Б- нь өөрийн хариуцсан салбарыг удирдаж чадаагүйн улмаас тухайн төвөөс үйлчилгээ авдаг олон хэрэглэгч, үйлчлүүлэгчид хохирол учирсан бөгөөд одоо ч хэрэглэгч нэмэгдэж гомдол гаргасаар байна. Иймд П.Б-д Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалтыг үндэслэл болгож 2020.02.20-ны өдрийн Б/237 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд хохирол барагдуулахыг хүссэн иргэдийн өргөдөл хүсэлт, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хандсан баримт материалыг хэрэгт нотлох баримтаар хариуцагч талаас гаргаж өгсөн юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар П.Б- нь хөдөлмөрийн гэрээний заалт зөрчсөн гэж ажил олгогч буюу хариуцагч тал үзэж байгаа учир шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулан П.Б-г “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4”-ийн даргын ажилд эгүүлэн тогтоож гэсэн заалтыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байгаа хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         П.Б-  2020-03-15-ны  өдөр  “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид ОСНААҮГ гэх/-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ажил олгогчийн 2020.02.20-ны өдрийн Б/237 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулах, сар бүрийн үр дүнгийн нэмэгдэл хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх...”-г шаарджээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ОСНААҮГ-ын дарга 2020.02.20-ны өдөр Б/237 дугаартай тушаал гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дүрмийн 8.3.1-г үндэслэн, П.Б-г “...хариуцсан салбарынхаа үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж чадаагүй, зарим ажилтнууд нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдсон..” гэж  Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4 ийн даргын ажлаас чөлөөлсөн байна.     

      Ажилтан  хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд  ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй.   

     Зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтоос үзвэл, нэхэмжлэгч нь гүйцэтгэж буй ажил албан тушаалын хувьд тодорхой  чиг үүрэг хүлээсэн  байх бөгөөд  хуурамчаар усны тоолуур баталгаажуулан гэрчилгээ олгосон байж болзошгүй талаар холбогдох байгууллагад хандаж байсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

     Түүнчлэн, ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлахдаа  ямар  үндэслэлээр  цуцалсан буюу  ажилтан ноцтой эсхүл давтан зөрчил гаргасан эсэхийг  тодорхой заагаагүй  байна.

     Ажил олгогчийн  тушаалын үндэслэл тогтоогдоогүй, ажилтан ажил албан тушаалд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх баримтгүй байх тул шүүх  П.Б-г  ОСНААУГ-н Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4 -ийн даргын ажилд эгүүлэн тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 69, 131 дүгээр зүйлийн зохицуулалтыг тухайн маргаанд  зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

      Шүүх хариуцагчаас гаргуулах олговрыг хэрэгт буй баримтын хэмжээнд тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т нийцсэн байна.

      Нэхэмжлэлийн шаардлага татгалзлыг нотлох баримтыг гаргах үүргийг зохигч хүлээнэ. Шүүх  нотлох баримтын хэмжээнд  нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ. 

        Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн  тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00964 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1328 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Д.ЦОЛМОН

                                                     ШҮҮГЧИД,                                Х.СОНИНБАЯР

                                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Б.УНДРАХ

                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД