| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2017/01042/И |
| Дугаар | 276 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД:*******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД:*******, Утас:*******/-д холбогдох
“65,610,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч С.*******т 15.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6.0% хүүтэй ашиг олохоор зээлдүүлж хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд нийт үнийн дүнгээс хоногийн 0.5% алданги тооцохоор гэрээ байгуулан зээлдүүлсэн боловч одоо болтол зээл болон зээлийн хүүнээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Хариуцагч С.*******т зээл, зээлийн хүүгээ төлөх талаар удаа дараа уулзаж, утсаар холбогдож мэдэгдэж байсан боловчцаг хугацаа авч, худлаа хэлсээр өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч С.*******т зээлүүлсэн үндсэн зээлийн мөнгө болох 15,000,000 төгрөг, түүний хүү болох 28,740,000 төгрөг, зээлийн гэрээний дагуу алданги 21,870,000 төгрөг, нийт 65,610,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Хөөн хэлэлцэх хугацаанд дээр үүрэг хүлээгч зээлдэгч ******* маань 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээнд гэрээний нөхцөлөө бүрэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн мөнгө хүлээн авснаа зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Энэ гэрээн дээр 2015 оны 08 дугаар сарын 21-нд иргэн ******* 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр *******гээс 15 сая төгрөг авсан бөгөөд зээл, зээлийн хүү төлөгдөөгүй байгаа нь үнэн болно, 2016 оны 3 сард зээлээ бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар гаргасан байгаа. Энэ тайлбар нь өөрөө хариуцагч буюу зээлдэгч тал нь зээлээ бүрэн төлж дуусахаар бичгээр баталгаажуулсан нь харагдаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т зааснаар хамгийн сүүлд өгсөн тайлбараар хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзэх үндэслэлтэй. Миний бие эхнэрээ төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан, зээлдэгч тал мөнгө хүлээлгэн өгсөн өдрөөс үүрэг дуусгавар болж харин зээлдэгч тал зээл хүлээн авсан тухайн өдрөөс эхлэн зээлдүүлэгч талд үүрэг хүлээж эхэлсэн ба үүргээ нотолсон тайлбар гаргасан, тухайн өдөр эхнэр ажилтай байсан тул би төлөөлж зурсан, энэ гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээг 2014 оны 02 дугаар сарын 18–ны өдөр байгуулсан. Зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр, хүү, алдангиа төлөөгүй гэх нэхэмжлэл 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хоёрдугаарт зээлийн гэрээнд Д.*******, С.*******той байгуулсан гэх боловч *******гийн оронд гарын үсэг зурсан байдаг. Энэ нь гэрээ байгуулах хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь заалтад хүү тооцох гэрээг бичгээр байгуулна, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь заалтыг зөрчсөн, хууль ёсны зөвшөөрөл хавтаст хэрэгт авагдсан материалд байхгүй байхад гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******т холбогдуулан 65 ,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...иргэн Б.*******гээс ямар ч зээлийн гэрээ байгуулж мөнгө аваагүй, зээлийн гэрээний Б.*******гийн нэрний ард зурсан гарын үсэг нөхөр , С.*******ийн нэрний ард зурсан гарын үсгийг өөр бичиг баримтаас буулгаж зурсан, мөн зээлийн гэрээнд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргаж байгаа болно.
Хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Б.*******тэй 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг сарын 6.0 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай ашиг олохоор зээлдүүлэх, зээлдэгч С.******* нь заасан хугацаанд дурдсан мөнгийг эгүүлэн төлөх үүрэг хүлээсэн байна.
Уг зээлийн гэрээний 4-т зааснаар гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно гэснээр хариуцагч С.******* гэрээний зүйл болсон 15,000,000 төгрөгийг хүлээн авснаа зээлдэгч С.******* нэр, гарын үсэг, регистрийн №*******, 9906 4148 гэсний доод талд 15.0 сая төгрөг хүлээн авлаа гэснээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр; 196.1.2 талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Томилогдсон шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 тоот дүгнэлтээр ...2014 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн Б.*******, С.******* нарын байгуулсан зээлийн гэрээн дээрх гарын үсэг С.*******ийн гарын үсэг мөн, С.*******ийн гэх гарын үсгийг хуулбарлан буулгаагүй, цэнхэр өнгийн будагч бичгийн хэрэгслэлээр зурсан байна... гэсэн тул ...С.*******ийн нэрний ард зурсан гарын үсгийг өөр бичиг баримтаас буулгаж зурсан... гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 42 дугаар 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 42.2 энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэснээр хэрэв зээлдэгч С.******* 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулах үед зээлдүүлэгч Б.*******гийн оронд түүний гэр бүл П. төлөөлөхөд татгалзаагүй, авч мөн хуулийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар мөн хуулийн 43.2.2-т зааснаар хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээнд зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийг 15,000,000 төгрөгийг, сарын 6.0 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай ашиг олохоор зээлдүүлэх, зээлдэгч С.******* нь заасан хугацаанд дурдсан мөнгийг эгүүлэн төлөх үүрэг хүлээсэн гэж тодорхойлсон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэсэн татгалзал үндэслэлгүй байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээнд гэрээ байгуулсан тал болох Б.*******гийн нэрийн ард “-г” гэсэн бичвэр хийн зурсан гарын үсгийг Б.*******гийн гэр бүл П. зурсан болохыг хариуцагч тайлбартаа дурдсан, зохигчид энэ талаар маргаангүй байгаа бөгөөд энэ нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно гэснийг зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу үүссэн бөгөөд гарын үсэг зурсан П. зээлдүүлэгчийн хууль ёсны гэр бүл болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа тул сайн дурын төлөөлөл гэж үзнэ.
Мөн Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулах үед гэрээний зүйл болсон 15,000,000 төгрөгийг бодитойгоор хүлээлгэн өгсөн тул зээлдүүлэгч Б.*******гийн хүсэл зоригийг биечлэн гүйцэтгэсэн, мөн С.*******т 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Б.*******гээс 6 хувийн хүүтэй зээл авснаа илэрхийлж байсан байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, уг гэрээний талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэснээр мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусах байжээ.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж зааснаар хариуцагч С.*******ийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ...Иргэн ******* би Б.*******гээс 2014.02.18-нд сарын 6 хувийн хүүтэй зээл авсан бөгөөд өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүд мөнгө төлөгдөөгүй үнэн болно, зээл, зээлийн хүү төлбөрийг 2015.09.21-нд бүрэн төлж барагдуулна... гэж баталгаа гаргаж байсан тул 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй байна.
Зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч С.******* нь 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаанд ашиглаж, тохирсон хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээж, хэрэв үндсэн зээл, зээлийн хүүг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги төлөх үүрэг хүлээжээ.
Зээлдэгч Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар зээл, зээлийн хүүг тохирсон хугацаанд төлөөгүй байх тул үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Талуудын байгуулсан гэрээний 4-т зааснаар талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан нь хууль зөрчөөгүй зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэснээр болон гэрээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэсэн тул зээлдүүлэгч үндсэн төлбөр, хүү, алдангийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд тооцсон гэж тайлбарлаж байгаа бөгөөд шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа хавсаргасан зээлийн хүүгийн тооцооллыг банкуудын дундаж зээлийн хүүгээр тооцоолон хүүг 29,372,000 төгрөг гэж тооцсон гэжээ.
Талуудын гэрээнд зааснаар гэрээний үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, 1 сарын хүү 900,000 төгрөг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэснээр 2014 оны 03 дугаар сарын 18-наас баталгаа гаргасан хугацаа болох 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл банкуудын зээлийн дундаж хүү болох 2,8 хувийн хүүгээр тооцон хүүд 7,560,000 төгрөг, алдангид 11,730,000 төгрөг, нийт 35,190,000 төгрөгийг хариуцагч С.*******оос гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, 30,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ХААН банк, төрийн сангийн 100 190 000 941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 486,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан дүнгээс төлвөл зохих 333,900 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг хариуцагч С.*******оос гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээл 15,000,000 төгрөг, хүү 900,000 төгрөг, тохирсон хүүд 7,560,000 төгрөг, алданги 11,730,000 төгрөг, нийт 35,190,000 төгрөгийг хариуцагч С.*******оос гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, 30,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ХААН банк, төрийн сангийн 100 190 000 941 тоот дансанд тушаасан 486,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан дүнгээс төлбөл зохих 333,900 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч С.*******оос гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ