Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1459

 

МАГАДЛАЛ

 

2017.06.28                                             Дугаар 1459                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Г.Номингийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/00825 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Номингийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Номин,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Еркебулан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Батгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2011 оны 09 дүгээр сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 18-ныг хүртэлх хугацаанд Төрийн банкны Зээлийн хэрэг эрхлэх болон Худалдааны санхүүжилтын хэлтэст зээлийн бүртгэлийн ажилтан, ахлах ажилтан, Бүртгэлийн бодлого хяналтын газар, Санхүүгийн газруудад тус тус мэргэжилтнээр ажиллаж байсан. Банкны зүгээс миний ажлын үр дүнг үнэлж, 2013 онд тусгай нөхцөлт зээлийн эрхээр, 2014 онд Монголбанкны хүндэт жуух бичгээр шагнасан, банкнаас улирал бүр 15-40 хувиар урамшуулалт цалинг олгодог байсан. Төрийн банкны гүйцэтгэх удирдлага солигдсон бөгөөд үүнтэй холбоотойгоор орон тоог цөөрүүлэх, зардал бууруулахаар 2016 оны 11 дүгээр сарын 10-14-ний өдрийн хооронд ажилтнуудаас мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг авсан. Гэтэл энэ шалгалтыг авах талаар надад урьдчилж мэдэгдээгүй, тухайн үед би ээлжийн амралтын хоногийг биеэр нөхөн эдэлж байсан. Би энэ шалгалтыг хүчин төгөлдөр бус, намайг мэргэжил, ур чадварын хувьд бүрэн гүйцэд үнэлээгүй гэж үзэж байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр намайг үүрэгт ажлаас чөлөөлж, 11 дүгээр сарын 21-нд миний ажлыг хүлээж авсан. Ингэхдээ үүрэгт ажлыг хүлээж авсан учраас цаашид ажил хийх шаардлагагүй гээд ажил хийлгүүлээгүй. Төрийн банкны гүйцэтгэх захирал 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1749 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай намайг үүргэт ажилдаа тэнцэхгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас халсан. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр акт үйлдэн ажил хүлээж авахдаа миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан, чөлөөлсөн ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Иймд хууль бусаар үндэслэлгүйгээр, тушаал шийдвэргүйгээр ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй. Б/1749 тоот тушаалд ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын кормиссын дүгнэлтээр мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэл заасан. Түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлтийн үндэслэл болсон харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээний хувьд Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ын 3.3.1-д заасны дагуу ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар дүгнэлтийг харъяалах газар, хэлтсийн захирлаар гаргуулж авах ёстой ба үнэлгээгээр ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хангаж байна уу үгүй гэдгийг тогтоож, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан ажилтныг ажлаас халахад баримтлах гол шалгуур үзүүлэлт байх ёстой. Гэтэл үүнийг бодитой тогтоож чадаагүй. Санхүүгийн газрын захирал Хандцоож гэдэг хүний үнэлгээний хуудас нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгөгдсөн үнэлгээ байдаг ба журам батлагдахаас 2 хоногийн өмнө өгөгдсөн үнэлгээ байна. Гэтэл журам нь 11 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02, 2 тоот шийдвэр гарч н.Хандцоож захирлын үнэлгээний хуудасны загварыг баталсан. Мөн ажилтны мэргэжил, ур чадварыг үнэлэх гол шалгуур үзүүлэлтийг комиссын бүрэлдэхүүнд ороогүй, Санхүүгийн газрын захирал н.Хандцоож гэдэг хүн үнэлсэн ба уг үнэлгээг комиссоос өгсөн үнэлгээ гэж үзэх боломжгүй. Ийм дүгнэлтийг албан ёсны дүгнэлт шийдвэр гэж үзэх үндэслэлгүй. Хандцоожийн үнэлсэн үнэлгээг шалгалтын комисс зөв, буруу эсэхийг нягталж шалгаагүй бөгөөд энэ хүний тавьсан оноогоор Г.Номингийн мэдлэг ур чадварын түвшинг тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Санхүүгийн газрын захирал Хандцоожийн өгсөн үнэлгээний хуудсан дээр хавсралтаар өгөгдсөн материал, ажилтны хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг суурь мэдээлэл болгож ашигласан гэсэн байдаг. Тэгвэл Хандцоожийн өгсөн үнэлгээ нь дээрх 3 төрлийн материалыг дүгнэсэн эсэх нь ойлгомжгүй,үнэлгээ нь үндэслэлтэй, бодитой болоогүй. Журмын 3.3.1-д заасан болон үнэлгээний хуудсыг батлагдсан загвар дээр бичигдсэнээс үзвэл ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг харъяалах газар, хэлтсийн захирал нь тус бүрдээ өгөх ёстой. Гэтэл шууд харъяалах хэлтсийн захирлын өгсөн үнэлгээний баримт нь хэрэгт байхгүй. Хариуцагчийн төлөөлөгч хэлтсийн захирал нь томилогдоогүй байсан учраас үнэлгээ өгөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Журмын дагуу 2 албан тушаалтны өгсөн үнэлгээгээр ажлыг нь үнэлнэ гэж заасан атлаа 1 албан тушаалтан нь ажлыг үнэлээгүй байхад Санхүүгийн газрын захирал Хандцоож гэж хүний өгсөн үнэлгээг Г.Номингийн харъяалах газрын захирлын үнэлгээгээр ажил мэргэжилдээ тэнцэхгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ын 3.3.3-т комиссын даргын томилсон төлөөлөл Оролцоо, чанарын үнэлгээг гүйцэтгэхээр байна. Надад 2016 оны 12 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацааны цалинг болон 1 сарын тэтгэмж олгосон. Иймд хариуцагч Төрийн банк ХХК нь ажилтныг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа байхад ажлаас халсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар Төрийн банкны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг явуулахаар шийдвэрлэж, Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын журам, түвшин тогтоох ажиллагааг явуулах комиссын бүрэлдэхүүн, хөндлөнгийн шинжээчдийн багийг тус тус баталсан.Үүний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 04-нд Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс хуралдаж, хуралдааны дэг, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох арга ажиллагааны 2 хэлбэр болох мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын үнэлгээний үйл ажиллагааны баримтлах журмыг баталсан бөгөөд энэ нь баталсан өдрөөсөө хүчин төгөлдөр болсон. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн комиссын 02/2 тоот шийдвэрээр ажилтны харъялах газар, хэлтсийн захирлын үнэлгээг үнэлэх загвар болон үнэлгээтэй холбоотой аргачлалыг шинжээчийн багийн бүрэлдэхүүнээс ирүүлсэн загварын дагуу баталж, үүний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрийн хооронд харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг ирүүлэхийг комиссын гишүүдэд үүрэг болгосон. Мөн өдрөө Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны товыг тогтоож, түүний удирдамж батлуулахаар гүйцэтгэх захиралд хүргүүлсэн. Тус банкнаас болон комиссоос гаргаж байгаа тогтоол, шийдвэрүүдийг Төрийн банкны албан ёсны веб сайтад байршуулж, ажилтнуудад байнга мэдээлэл өгч ажиллаж байсан. Түвшин тогтоох шалгалтанд хамрагдах ажилтнуудад 2-оос доошгүй хоногийн өмнө урьдчилж мэдэгдэн жагсаалт баталж, үүний дагуу нэхэмжлэгч Г.Номинд энэ тухай урьдчилан мэдэгдэж, гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч Г.Номин нь Төрийн банкны Санхүүгийн газар ажилладаг бөгөөд тус газрын ажилтнуудын мэдлэг, ур чадварын түвшинг шалгах сорилгын даалгавар нь 30 оноотой, 1 асуулт нь 1 оноотой байсан, эдгээр 30 онооны асуулт нь Г.Номингийн ажлын байрны тодорхойлолтод заасан өдөр тутам мэдэж байвал зохих асуултууд багтсан. Ингээд 30 онооны сорилгын арга хэмжээнд 19 оноог алдаж, 11 асуулт зөв хариулж 11 оноо авсан байдаг. Дараагийн шалгалтын хэлбэр нь ажилтны оролцоо, чанарын үнэлгээ бөгөөд үүнийг хэрхэн яаж авах талаар 11 дүгээр сарын 09-ний өдөр газар, хэлтсийн захирлуудаар нь дамжуулан бүх ажилтнуудад мэдээлэл хүргүүлсэн. Хөндлөнгийн шинжээчдийн багийн бэлтгэж ирүүлсэн асуултаар шалгалтыг авсан байдаг. Түүнд Г.Номингийн заавал мэдэж байх ёстой тухайн газрын стратеги, банкны тэргүүлэх 7 зорилго, ажлын байрны тодорхойлолтод өөрийнх нь чиг үүрэгтэй холбоотой тусгагдсан ажил үүргийн хүрээнд, хөндлөнгийн шинжээчийн багийн боловсруулсан ажилтанд тавих асуултыг асууж, дүгнэсэн байдаг. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 18-нд түвшин тогтоох комиссын шийдвэр гарсан бөгөөд үүгээр журамд заасны дагуу түвшин тогтоох ажиллагаанд хамрагдсан ажилтнуудын дүнг нэгтгээд 60 хүртэлх үнэлгээ авсан бол тэнцээгүй, 60-аас дээш үнэлгээ авсан бол тэнцсэн гэж үзэн холбогдох арга хэмжээг авахаар болсон байдаг. Түвшин тогтоох ажиллагааны комиссын дүгнэлтээр нэхэмжлэгч Г.Номин нь харъяалах газар хэлтсийн захирлын үнэлгээ 30 хувь авах байснаас 24,66 хувь, харин мэдлэг, ур чадварын сорилго 30 хувь авах байснаас 11 хувь, мөн оролцоо, чанарын үнэлгээ 40 хувь авах байснаас 20 хувь буюу нийт 55,66 хувиар шалгагдаж, Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3.4.2-т заасан шаардлагад хүрээгүй юм. Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 тоот шийдвэр, мөн 9020290196 тоот дүгнэлт гарч, Төрийн банкны Хүний нөөцийн газарт журамд заасны дагуу хүргүүлсэн. Хүний нөөцийн газар нь тухайн дүгнэлтийг хэлэлцээд Удирдлагын хороогоор хэлэлцүүлэх шийдвэр гаргасан. Удирдлагын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаас 74/01, 74/02 тоот шийдвэр гарсан. Энэ нь Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтанд эрхэлж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон ажилтнуудад мэдэгдэх хуудас болон ажил хүлээлцэх мэдэгдлийг танилцуулж, ажлыг хүлээлцэх тухай заасан. Г.Номинг түвшин тогтоох комиссын дүгнэлтээр ажил албан тушаалд тэнцэхгүй болсон гэсэн дүгнэлт гарсан учраас 1 сарын дараа ажлаас чөлөөлөх болно гэсэн мэдэгдлийг гардуулсан. Г.Номин нь тухайн мэдэгдэлд гарын үсэг зураагүй бөгөөд шалтгааныг ард нь бичсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2-т зааснаар ажилтан ажлаас чөлөөлөгдөх нөхцөлд 40.5.-д заасны дагуу урьдчилж мэдэгдэх үүргээ биелүүлсэн. Үүний дагуу мөн өдрийн 17 цагийн үед Г.Номингийн ажлыг хүлээж авсан. Мэдэгдэлд заасан хугацаа өнгөрсний дараа 2016 оны 12 дугаар сарын 19-нд Г.Номинтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын Б/1749 тоот тушаал гарсан. Тус тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.т заасны дагуу гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй тухай комиссын дүгнэлтийг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Гүйцэтгэх захирлын баталсан журмын дагуу Г.Номинд мэдлэг, ур чадварын сорилгын даалгаврыг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Мөн Төрийн банкны ажилтны мэдлэг ур чадварын болон оролцоо чанарын үнэлгээнд мөрдөх журмын дагуу шалгалтуудыг авсан, үүнд ямар нэгэн процессын алдаа гаргасан зүйл байхгүй. Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 10.10-т Төрийн банкны ажилтны цалин нь үндсэн болон нэмэгдэл хөлс болон шагнал, урамшууллаас бүрдэнэ гэж заасан. Төрийн банк нь бизнесийн байгууллага учраас улирал, жилээр ашигтай ажилласан, урамшууллыг улирал бүр бүх ажилтанд өгдөг. Мөн тодруулбал Хөдөлмөрийн дотоод журмын 10.4-т заасан ажилтны ажлын гүйцэтгэлийг гүйцэтгэлийн үнэлгээний журамд заасны дагуу үнэлнэ, улирлын үр дүнгийн урамшуулалд цалинг олгохоор заасан байдаг. Цалинг үндсэн ажилтан болон журмын 10.8-д заасан сахилгын шийтгэлтэй байгаа ажилтанд хүртэл олгосон байгаа нь ямар нэгэн байдлаар тухайн хүнийг бусдаас илүү сайн ажилласан гэж шагнасан шагнал биш юм. Мөн орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлд хамрагдсан нь шагнал гэж нэхэмжлэгч нь үзсэн нь үндэслэлгүй. Төрийн банк нь 2-оос дээш ажил ажилласан ажилтнуудад ердийн зээлээс маш бага хувийн хүүтэй тусгай нөхцөлт зээлийг жил бүр олгодог. Г.Номин нь үүний адилаар л тусгай хөнгөлөлттэй нөхцөлт зээлд хамрагдсан. Мөн Монголбанкны жуух бичгээр 2014 оны ажлыг нь үнэлж шагнасан нь үнэн. Үүнийг оролцоо, чанарын үнэлгээнд харгалзан үзсэн буюу харъяалах газар, хэлтсийн захирлуудын үнэлгээг 1-9 шалгуур үзүүлэлтээр үнэлнэ. Ингэхдээ 1-5 оноо буюу нийт 45 онооны үнэлгээ тавихаар байгаа. Тус үнэлгээнд нийт 30 хувь авахаас Г.Номин 24,66 оноо авсан. 2016 оны 11 дүгээр 18-нд Г.Номингийн ажлыг хүлээж авсан, Г.Номингийн ажлыг хийлгээгүй нь үнэн. Энэ нөхцөлд эрх нь зөрчигдсөн гэж үзэж байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснааар 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор гомдол гаргаагүй байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн. Учир нь нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 10-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэжлэл бүхэлдээ хэрэгсэхгүй болгогдох үндэслэлтэй. Харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ нь журмыг зөрчсөн байна гэсэн. Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь журмын 1.2.1-д зааснаар түвшин тогтоох ажиллагааны шалгалт нь харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ байсан. Төрийн банкны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Бүртгэлийн бодлогын газар нь Санхүүгийн газар болж Г.Номингийн харъяалагдах газар нь Санхүүгийн газар, түүний захирал Г.Хандцоож тус үнэлгээг тавьсан. Мөн бүтэц зохион байгуулалттай холбоотойгоор Г.Номингийн харъяалах хэлтсийн дарга буюу СТБХэлтсийн захирал тухайн үед ажил үүргээ гүйцэтгээгүй, хэлтсийн захирал томилогдоогүй байсан. Ийм нөхцөлд газрын захирал шалгалтыг авсан нь ямар нэгэн журмыг зөрчсөн үйл ажиллагаа байхгүй. Журмын 3.4.2-т зааснаар ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээний дүнг харгалзан үзэж дүгнэлт гаргах эрхийг комисст өгсөн. Тус эрхийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 тоот шийдвэрээр комисс дүгнэлтээ гаргасан бөгөөд энэ нь хууль ёсных юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т мэргэжил, ур чадварын хувьд хэрэгжүүлж байгаа албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл болно. Үүнийг Улсын Дээд шүүхээс тайлбарлахдаа тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтооох комисс буюу аттестатчиллын комиссоос албан ёсны дүгнэлт гарсан байхыг ойлгоно гэж заасан. Газрын захирлын үнэлгээний хуудсанд журам болон комиссын шийдвэр гарахаас өмнө 2016 оны 11 дүгээр сарын 01 гэж он сар тавигдсан нь техникийн шинжтэй алдаа байна. Комиссоос шинжээчдийн боловсруулж ирүүлсэн үнэлгээний хуудасны загвар дээр ч бас ийм огноо байна. Тэгэхээр бүх хүмүүсийн ийм хуудсан дээр яг ийм огноо бичигдсэн байгаа нь техникийн алдаа ч юм уу эсхүл код гэж үзсэн байхыг үгүйсгэхгүй. Харин 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр загвар    батлагдсан нь бусад баримтаар нотлогдож байгаа. Оролцоо, чанарын үнэлгээг хууль бус бүрэлдэхүүн авсан гэж ярьж байна. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3.3.3-т заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 08-нд Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дарга нь Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны оролцоо, чанарын үнэлгээг гүйцэтгэх комиссын бүрэлдэхүүнийг баталсан. Тус төлөөллийн 20 дахь дэс дугаарт Санхүүгийн газрын Санхүүгийн тайлагнал бүртгэлийн хэлтэс болон Төлөвлөлт шинжилгээний хэлтсээс С.Гэрэлмаа, Л.Жамбалсүрэн нар түвшин тогтоох арга хэмжээг зохион байгуулахаар томилогдсон. Оролцоо, чанарын үнэлгээг дүгнэхдээ 10 асуулттай 40 оноотой байхад 10 асуултыг асуугаагүй гэдэг, хэрэгт авагдсан 2 журам, 3 аргачлал байгаа бөгөөд үүнд ажилтны оролцоо, чанарын үнэлгээнд 1 асуулт нь тийм оноотой байна гэсэн зохицуулалт байхгүй. Мөн хөндлөнгийн шинжээчдийн багаас гаргаж өгсөн харгалзах үзүүлэлтүүд буюу Төрийн банкны бизнес төлөвлөгөө, стратеги, зорилт гэсэн асуултуудын хүрээнд асуухаар байсан. Энэ нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэгт хамаарах санхүүгийн төлөвлөлтийг бичих байсан. Гэтэл өдөр тутмын үүргийг тодорхойлж өгсөн байхад Төрийн банкны нууцад хамаарагддаг гэж хариулаагүй нь харагддаг. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт гарсныг үндэслэж мэдэгдэх хуудсыг өгч, ажлыг хүлээж авсан. Банкныбайгууллагын ажлын онцлогоос хамаарч таны ажлыг яаралтай хүлээж авах шаардлагатай байна гэж танилцуулсан. Үүнээс хойш 32 хоногийн дараа 2016 оны 12 дугаар сарын 19-нд гүйцэтгэх захирал тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ өдрийг хүртэл Г.Номин нь СТБХ-ийн мэргэжилтэн гэдэг албан тушаалдаа ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасны дагуу 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол буюу хөдөлмөрлөх эрхийг ажил олгогчийн зүгээс ноцтой зөрчсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан Төрийн банк ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Г.Номингийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.3.1-д  "Комисс нь ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар харъяалах газар, хэлтсийн захирлаар ажилтан тус бүрийн үнэлгээг гаргуулан авна", "Санхүүгийн газрын ажилтныг үнэлэх үнэлгээний хуудас"-ын тайлбар хэсэгт: "Үнэлгээг тухайн газар, хэлтсийн захирал тус бүртээ өгөх ба нийлбэр дүнгийн дундажаар ерөнхий үнэлгээг тавина" гэж заасан. Гэтэл ажилтан Г.Номингийн шууд харъяалах Санхүүгийн тайлагнал, бүртгэлийн хэлтсийн захирал ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар үнэлгээ өгөөгүй байхад анхан шатны шүүх: "Санхүүгийн тайлагнал, бүртгэлийн хэлтсийн захирлаас үнэлээгүй байх боловч Санхүүгийн газрын захирал Г.Хандцоож дүгнэж гаргасан нь журмын 1.2.1, 3.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй" гэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Санхүүгийн газрын захирал Г.Хандцоож ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэх талаар үнэлгээг өгөхдөө хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын уу дүнг суурь мэдээлэл болгон ашигласан тухай хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний хуудаст дурдсан байдаг. Гэвч энэхүү үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын ур дунг хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д "Ажил олгогч нь ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй" гэж заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй. Санхүүгийн газрын захирлын үнэлгээний үндэслэл баримтаар нотлогдоогүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: "Нэхэмжлэгч Г.Номин нь харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээгээр 24.66 гэсэн үнэлгээг авсан болох нь Санхүүгийн газрын ажилтныг үнэлэх үнэлгээний хуудсаар нотлогдсон байна" гэсэн дүгнэлт хийсэнд гайхан эргэлзэж байна.

Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар "Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам"-ыг, Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын тувшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/2 тоот "Үнэлгээний хуудсын загвар баталж, үнэлгээ хийлгүүлэх тухаи шийдюрийн хавсралтаар журмын  1.2.1-д "харъяалах газар хэлтсийн захирлын үнэлгээ өгөх хуудас"-ын загварыг тус тус баталсан. Гэтэл Санхүүгийн газрын захирал Г.Хандцоож ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг "Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам" болон "Үнэлгээний хуудсын загвар" батлагдахаас өмнө өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үнэлсэн байсан. Үүнээс үзэхэд Төрийн банк ажилтан Г.Номинг ажлаас халах шийдвэрийг урьдчилан гаргасан болох нь тодорхой харагдана. Гэтэл анхан шатны шүүх ажил олгогчийн энэхүү хууль бус үйл ажиллагааг: "Үнэлгээний хуудасны загварт он cap өдрийг 2016.11.01 буруу бичигдсэнээр журмын 1.2.1-т заасан харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ өгч дүгнэх үйл ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр явуулсан гэж үзэх боломжгүй" гэж зөвтгөсөн.

"Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам"-ын 3 дугаар зүйлийн 3.3.1-д "Комисс нь ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар харъяалах газар, хэлтсийн захирлаар ажилтан тус бүрийн үнэлгээг гаргуулан авна" гэж заасан байхад "Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээний хуудас"-аар "ажлын байранд тавигдах шаардлагын тохироц", "гүйцэтгэлийн чанар", "мэргэжлийн ур чадвар", "хөдөлмөрийн сахилга бат /таслалт, хоцролт/", "ачаалал даах чадвар", "ажил хэрэгч, идэвхи санаачилгатай байдал", "хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байдал", "тусгай чадвар" гэсэн асуудлаар үнэлгээ өгсөн байна. Гэтэл Г.Номингийн ажлын байрны тодорхойлолтод ажилтанд тавигдах мэргэжил, туршлагын 6 төрлийн шаардлага, ур чадварын 7 төрлийн шаардлага, нийт 13 төрлийн шаардлага тавигдсан байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд "Санхүүгийн газрын ажилтныг үнэлэх үнэлгээний хуудас"-аар өгсөн үголгээ нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах 13 төрлийн шаардлагад огг хамааралгүй болох нь баримтаар нотлогдсон байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: "ажил олгогч Төрийн банк ажилтан Г.Номингийн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг авахдаа түүний ажил албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, огт хамааралгүй шалгуураар шалгалт авсан, мэргэжил ур чадварын хувьд бүрэн гүйцэд үнэлээгүй, ажилтны эрх ашгийг хохироосон зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна" гэсэн нь үндэслэлгүй байна.

Ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг үнэн зөв, бодитой шалгаж тогтоохгүйгээр ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг дүгнэх боломжгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2-т зааснаас үзэхэд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоохоор зохицуулсан байна.

Төрийн банкны ажиптны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 1 дүгээр зүйлийн 1.2.2-д "мэдлэг, ур чадварын үнэлгээ гэдэгт сорилго, даалгаварын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м хамаарна" гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгчээс зөвхөн сорилгын шалгалт авсан. Даалгаварын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м шалгалт аваагүй. Зөвхөн сорилгын шалгалтын дүнг үндэслэн мэргэжил, ур чадварын үнэлгээ өгсөн.

Төрийн банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар сорилго нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Г.Номингоос авсан 30 асуулт бүхий сорилгоос зөвхөн 8, 9, 10, 15, 16, 19 дүгээр асуултууд нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байсан. Бусад нь Бүртгэлийн бодлогын газрын Бүртгэлийн бодлого, хяналтын хэлтсийн Пассив, зардал хариуцсан мэргэжилтний ажлын байрны гүйцэтгэх ажил, үүрэгтэй огт хамааралгүй болох ажилтан Г.Номингийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, 30 асуулт бүхий сорилгын шалгалтын баримтаар нотлогдсон. Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.2-д "Оролцоо, чанарын үнэлгээг комиссын төлөөлөл яарилцлага болон комиссоос тогтоосон бусад арга хэлбэрийн дагуу хийж гүйцзтгэнэ" гэсний дагуу оролцоо, чанарын үнэлгээг ярилцлагын арга хэлбэрийн дагуу хийж гүйцэтгэсэн. Хавтаст хэрэгт авагдсан ярилцлагын үнэлгээний хуудаснаас үзэхэд ажилтан Г.Номингоос нийт 10 асуулт асуух ёстой байсан. Асуулт тус бүр Маш муу-0, Муу-1, Дунд зэрэг-2, Сайн-3, Маш сайн-4 гэсэн үнэлгээтэй байна. Ажилтан нийт 10 асуултанд "Маш сайн-4" хариулсан тохиолдолд нийт авбал зохих 40 оноог авах ёстой болох нь ойлгомжтой тодорхой байхад анхан шатны шүүх: "Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журамд ажилтны оролцоо чанарын үнэлгээг гаргахдаа 10 асуултаар шалгах тухай заагаагүй байна " гэсэн байж боломгүй дүгнэлтийг хийсэн. Гэтэл Г.Номингоос 10 асуулт асууж 40 хүртэл оноо өгөх байтал эхний этгээд нь 3 асуулт асуу„ 9 оноо, дараагийн этгээд нь 3 асуулт асууж 7 оноо өгсөн байна. Ажилтнаас 10 асуулт асууж 40 хүртэл оноогоор үнэлгээ өгөх байтал 3 асуулт асууж 7 оноо өгсөн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг ноцтой зөрчиж, хууль бус бусаар ажлаас халсныг анхан шатны шүүх анхааран үзээгүйд гомдолтой байна.

Хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний хуудсанд үнэлгээ өгсөн этгээд тодорхойгүй, үнэлгээ өгсөн он, cap, өдөр тавиагүй, асуусан асуулт нь ойлгомжгүй, асуултанд ажилтан яаж хариулсан тухай тайлбар хэсэгт огт тэмдэглэгээ хийгдээгүй, 2 үнэлгээний хуудасны асуулт хэсгийн бичгийн хэв адилхан байхад анхан шатны шүүх энэхүү нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдтолтой, унэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна. Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.3.3-д "Комиссын даргын томилсон комиссын төлөөлөл оролцоо, чанарын үнэлгээ гүйцэтгэнэ" гэж заасан байхад ажилтан Г.Номингийн оролцоо, чанарын үнэлгээг Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүн"-д ороогүй этгээд өгсөн. Үнэлгээний хуудсанд зурагдсан гарын үсэг комиссын төлөөлөл болох С.Гэрэлмаа, Л.Жамбалсүрэн нарын гарын үсэг болохыг Төрийн банк Хөдөлмөрийн тухай хуулийн 7.3-д заасны дагуу шүүхийн өмнө баримтаар нотлоогүй, оролцоо чанарын үнэлгээ тогтоох шалгалтыг комиссын төлөөлөл С.Гэрэлмаа, Л.Жамбалсүрэн нар авсан гэсэн баримтыг хариуцагч шүүхэд нөхөж бүрдүүлж өгсөн. Энэ нь 2 үнэлгээний хуудасны асуулт хэсгийн бичгийн хэв нэг хүний гараар нөхөж бичигдсэн байдлаас тодорхой харагдана. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн гаргаж өгсөн хууль баримтанд хөтлөгдөж: "Г.Номингоос оролцоо чанарын үнэлгээг тогтоох шалгалтыг комиссын төлөөлөл С.Гэрэлмаа, Л.Жамбалсүрэн нар авч гарын үсэг зурсан болох нь үнэлгээний хуудсуудаар нотлогдсон" гэж үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан байна. Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан үндэслэлээр ажлаас халахын тулд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байх шаардлагатай. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ажилтан Г.Номингийн мэргэжил, ур чадварын түвшин үнэн зөв, бодитой тогтоогдоогүй, мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс ажилтан Г.Номин гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоогоогүй байхад анхаы шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг ноцгой зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуулийн 40.1.2-д заасан үндэслэлээр цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 17 дугаар зүйлд: "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан "сарын өмнө мэдэгдэх" тухай заалтыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн саиаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгэн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна" гэж тайлбарлажээ. Хавтаст хэрэгт зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан үндэслэлээр цуцлах тухайгаа ажил олгогч нь нэг сарын өмнө бичгэн хэлбэрээр мэдэгдэж гарын үсэг зуруулж, баталгаажуулсан баримт байхгүй байна. Тийм учраас ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан үндэслэлээр ажлаас халахдаа энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, хууль бусаар ажлаас халсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: "Төрийн банк нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдэх хуудсанд ажилтан Г.Номин гарын үсэг зураагүй байна" гэж үндэслэл бүхий дүгнзлт хийсэн атлаа: "ажилтан Г.Номин байгууллагадаа гаргасан огноо тодорхойгүй хүсэлтэд бичсэнээс үзэхэд ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдлээ 1 сарын өмнө мэдэгдсэн гэж үзнэ" гэж хавтаст хэрэгт авагдсан Г.Номингийн бичгээр гаргасан хүсэлтийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдтолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Г.Номингийн байгууллагадаа гаргасан огноо тодорхойгүй хүсэлтийг нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн болохыг анхан шатны шүүх анхааран үзээгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Г.Номин нь хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1749 тоот тушаалаар нэхэмжлэгч Г.Номинг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн, хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлснийг шүүх хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Учир нь тус банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтанд нэхэмжлэгч Г.Номин “тэнцээгүй” үнэлгээ авсан байх ба шалгалтын комиссын үнэлгээ буруу гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Ажилтны мэргэжил, ур чадварыг тогтоох шалгалт нь: харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадвар /сорилго даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гм/-ын үнэлгээ, оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 хэсгээс бүрдсэн ба нэхэмжлэгч нь эхний шалгалтанд тэнцсэн, дараагийн шалгалтын үнэлгээг өөрөө хүлээн зөвшөөрсөн, оролцоо чанарын үнэлгээ буруу байсан гэх байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтад үндэслэгдсэн байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/00825 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                   

                                         ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД                                               

 

                                                                                        М.НАРАНЦЭЦЭГ