Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0586

 

Ж.Саранчимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жанчивдорж, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 502 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Ж.Саранчимэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Саранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ж.Саранчимэгт газар эзэмших эрх олгох хуульд нийцсэн шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.Саранчимэгт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын богины аманд маргаан бүхий газарт Ж.Жанчивдоржийн гараж байрлаж байгаа хэсгийг оролцуулахгүйгээр газар эзэмших захирамж гаргахыг даалгаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн Л.Дашдулам, Ж.Жанчивдорж нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жанчивдорж болон түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нар давж заалдах гомдолдоо: “Монголын Хуульчдын Холбооны гишүүн өмгөөлөгч Ц.Баасандорж миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Ж.Саранчимэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох” хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жанчивдоржийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлж байна.

2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар 502 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7-р сарын 06-ны өдрийн Дугаар 0502 шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч Ж.Саранчимэг маргаан бүхий газарт зуслангийн зориулалтаар газар эзэмших хүсэлтэй байгаа тухайгаа 2015 оны 4, 5, 6, 10 саруудад удаа дараа хүсэлт гаргаж байсан нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 880 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн гаргаж байсан хүсэлтүүдийг хүлээн авч бүртгэсэн дүүргийн Өмч, газрын харилцааны албаны өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картын маягт зэргээр нотлогдож байгаа гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч хуулийн хүрээнд хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй байсан гэж дүгнэв. ...хариуцагч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийн удаа дараагийн хүсэлт, түүний тухайн газарт зуслангийн газар эзэмших талаар дүүргийн болон Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд байнга хандаж байсан үйлдлийг үл харгалзан гуравдагч этгээдүүдийн анх удаагаа хамтран гаргасан хүсэлтийг үндэслэн тэдэнд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж дүгнэв” гэжээ.

Нэг. Газар эзэмших хүсэлтийг түрүүлж гаргасан, удаа дараалж гаргасан гэдгээр нь бус Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан нөхцөлд хүсэлтийг хүлээн авч, газрыг олгодог. Газрын тухай хуульд заасны дагуу шаардлага хангасан өргөдөл бичиг баримтыг үндэслээд Засаг дарга өөрийн захирамжаар газар эзэмших эрхийг олгодог асуудал.

Түрүүлж гаргасан, удаа дараалж гаргасан тухайд: Л.Дашдулам, Ж.Жанчивдорж нар нь Өмч, газрын харилцааны албанд 2014 оны 10-р сарын 31-ний өдөр, 2015 оны 4-р сарын 3-ны өдөр, 2015 оны 9-р сарын 10-ны өдөр тус тус хүсэлт гаргасан байдаг бөгөөд энэ талаарх нотлох баримт болох “Өргөдөл хүлээн авсан тодорхойлолт”-ыг шүүх хуралдааны үед гарган өгч хэрэгт авагдсан, мөн өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягт /ХХ-н 37 хуудас/ хавтаст хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч Ж.Саранчимэгээс түрүүлж Л.Дашдулам, Ж.Жанчивдорж нар нь газар эзэмших хүсэлтээ гаргасан. /Ж.Саранчимэгийн өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягт ХХ-н 44, 51 хуудас/ Үүнийг шүүх үнэлээгүй, зөвхөн Ж.Саранчимэгийн гаргаж өгсөн хүсэлтийг дурьдан, Ж.Саранчимэг л түрүүлж, удаа дараа хүсэлт гаргаж байсан мэт нотлох баримтыг гуйвуулан тайлбарлаж хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн бодитой үнэлээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Газар эзэмших хүсэлтийг түрүүлж гаргасан, удаа дараалж гаргасан гэдгээр давуу эрх үүсэхгүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1,31.2, 31.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Засаг дарга газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу Л.Дашдулам, Ж.Жанчивдорж нарт олгосон.

Иргэн Ж.Жанчивдорж, Л. Дашдулам нар нь Өмч, газрын харилцааны албанд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлж болохоор заасан, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй, зөвшөөрөл авсан газар бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйл зүйлд заасны дагуу хүсэлтээ гаргасан бөгөөд энэ нь баримтаар нотлогдож байдаг. /Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар ХХ-н 146 хуудас/

Хоёр. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “гуравдагч этгээдүүдийн анх удаагаа хамтран гаргасан хүсэлтийг үндэслэн тэдэнд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн” гэж дүгнэсэн.

Энэ дүгнэлт нь өөрөө үндэслэлгүй байна. Газрын тухай хуульд анх удаа гаргасан, хоёр дахь удаагаа гаргасан хүсэлт гэж ялгаа байхгүй. Гэтэл шүүгч газар эзэмших хүсэлтийг түрүүлж гаргасан, удаа дараалж гаргасан тохиолдолд газар эзэмших эрх олгодог мэт, газар эзэмших хүсэлтийг анх удаа гаргасан бол газар олгохгүй мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Засаг дарга газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу Л.Дашдулам, Ж.Жанчивдорж нарт олгосон нь хариуцагчийн 2016 оны 4-р сарын 14-ний өдрийн шүүхэд гаргаж өгсөн тайлбарт: “...Нэхэмжлэгч Ж.Саранчимэг нь тус дүүргийн Өмч, газрын харилцааны газарт 2015 оны 6-р сарын 13-ны өдөр гаргасан өргөдөл нь Ж.Жанчивдоржтой холбоотой захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар гомдол гаргасан бөгөөд газар эзэмших хүсэлтийг тус албанд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан бөгөөд иргэн Ж.Жанчивдорж, Л.Дашдулам нар нь тус албанд 2015 оны 9-р сарын 10-ны өдөр газар эзэмших талаар хүсэлтээ гаргасан нь хувийн хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна” гэсэн байдгаар нотлогддог. /Сүхбаатар дүүргийн Засаг дарга Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар ХХ-н 146/

Харин Ж.Саранчимэгийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг хангаагүй буюу гаргасан хүсэлтэд хаана байршилтай ямар хэмжээний газар авах нь тодорхойгүй, газрын тойм зургаа тус албанд өгөөгүй байдаг. /Сүхбаатар дүүргийн Засаг дарга Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар/

Иймд Газрын тухай хуулинд заасны дагуу шаардлага хангасан хүсэлтийг хүлээн авч газар эзэмших эрх олгох асуудал нь Засаг даргын эрх бөгөөд анх удаа гаргасан хүсэлт гэсэн ялгаа байхгүй юм.

Гурав. Үндэслэх хэсэгт "... нэг гэр бүлийн 2 иргэнд хувааж эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “...газар эзэмшүүлэхэд шударга ёс, тэгш байдлыг хангах” гэсэн үндсэн зарчимтай нийцээгүй байна” гэж дүгнэсэн.

Гэтэл 1 гэр бүлийн 2 хүн гэдэг нэр томьёо хуульд байхгүй, 1 гэр бүлийн 2 хүнд газар хувааж эзэмшүүлж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасантай хэрхэн яаж нийцэхгүй байгаа нь тодорхойгүй, бүрэн бодитой дүгнэлт байхгүй, үндэслэлгүй байна.

Дөрөв. Шийдвэрийн үндэслэх хэсэгт:   “...маргаан бүхий газрыг иргэн Л.Дашдулам, Ж.Жанчивдорж нарт эзэмшүүлсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдэлгүй орхисон ...Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 1.1, 8.1-ийг үндэслэн хариу өгөх мэдэгдлээр мэдэгдэж өргөдлийг хаана гэснийг зөрчиж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэжээ.

Гэвч тухайн хүсэлт гаргах үед энэ газар нь маргаан бүхий газар болоогүй байсан учир Ж.Саранчимэгт мэдэгдэх шаардлага үүсэхгүй юм. Мөн Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүсэлт гаргаж, тэр хүсэлтийг нь үндэслэн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасны үндсэн дээр тухайн иргэний газар эзэмших эрх үүсдэг. Гэтэл энэ тохиолдолд Ж.Саранчимэг нь газар эзэмших эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд биш тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн зүйл байхгүй юм.

Тав. Шүүгч тогтоох хэсэгт: “...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3-д заасныг баримтлан...” гэжээ.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д газар өмчлөх, эзэмших ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ 27.2-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн аж, ахуйн нэгж байгууллагад олгоно 27.3-д Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан байдаг бөгөөд энэ хуулийн заалтууд нь хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй байх бөгөөд эдгээр заалтыг үндэслэн Л.Дашдулам, Ж.Жанчивдорж нарын газар эзэмших эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байх бөгөөд шүүгч материаллаг хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргасан.

Зургаа. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолоор өмнө нь 255 дугаар захирамжийн Ж.Саранчимэгт газар эзэмшүүлсэн хэсэг нь иргэн Ж.Жанчивдоржийн зөвхөн гараж байрлаж байгаа хэсгийг давхцуулан газар эзэмшүүлсэн нь хууль бус гэж дүгнэсэн бөгөөд үлдэх газрын хил хязгаарыг ялгамжтай тогтоож Ж.Саранчимэгт эзэмшүүлэх боломжтой талаар хяналтын шатны шүүхийн тогтоолын “Хянавал” хэсэгт тодруулсанчлан Ж.Жанчивдоржийн гараж байрлаж байгаа хэсгийг түүнд үлдээж, үлдэх газрыг Ж.Саранчимэгт эзэмшүүлэх боломжтой байсан" гэж дүгнэсэн.

Улсын Дээд шүүхийн 215 дугаар тогтоолд “Анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 255 дугаар захирамж буюу Ж.Саранчимэгт газар олгосон захирамжийг хүчингүй болгуулах тухай н.Жанчивдоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т заасантай нийцжээ... Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2007 оны 255 дугаар захирамжаар бусдын үл хөдлөх хөрөнгө байрлах газар тодорхой хэмжээгээр давхцуулан Ж.Саранчимэгт газар олгосон нь газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах тухай Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчимд нийцээгүй, 32 дугаар зүйлийн 32.5-д заасан нягтлан шалгах үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүйгээс үүдэн хууль бус шийдвэр болжээ" гэсэн дүгнэлт хийсэн байдаг.

Энэ шийдвэрийн агуулга нь Ж.Саранчимэгт олгосон газрыг хүчингүй болгосон агуулгатай.

Улсын Дээд шүүхийн 215 дугаар тогтоол дээр “зөвхөн гараж байрлаж байгаа хэсэг” гэж байдаггүй. Харин “зөвхөн өөрийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газартай давхцаж буй газрын асуудлаар" гэсэн байдаг. Мөн тогтоолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газраа хооронд нь зохицуулж олгоход тогтоол хамаарал болохгүй гэсэн ганцхан өгүүлбэр байдаг. Энэ саад болохгүй гэсэн хэсгийг надад олго гэсэн гэж тайлбарлаж урвуугаар яриад яваад байгаа.

Шүүхийн шийдвэрийн агуулга бол Ж.Саранчимэгт олгосон газрыг хүчингүй болгосон агуулгатай. Энэ тогтоол саад болохгүй гэдэг нь талууд хоорондоо зохицоод газраа авах юм бол энэ тогтоол саад болохгүй гэсэн санаа байгаа. Тогтоол саад болохгүй гэдэг нь Ж.Саранчимэгт газар олго гэсэн заалт биш юм.

Энэ газрын түүхийг дурьдвал анх н.Угтаабаяр, Ж.Жанчивдорж, н.Ганхуяг, Н.Сувд, н.Балдорж гэсэн 5 хүн байсан. Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/176 захирамжаар олгогдсон 5 иргэн байсан. Ж.Саранчимэг гэдэг хүн 2007 онд гэнэт ороод ирсэн. Ж.Жанчивдорж гэдэг хүн 20 жилийн өмнө энэ газар дээр анх байсан. Ж.Саранчимэг гэдэг хүнд 2007 онд газар олгогдсон хэрнээ энэ газар дээр байдаг ямар ч мэдээлэл байдаггүй. 2013 онд гэнэт гарч иргээд маргаан үүсгэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй бол дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгодог. Шүүх маргааныг шийдвэрлээд Ж.Саранчимэг гэдэг хүн энэ газар дээрээ анхнаасаа байгаагүй, эзэмших эрх байхгүй юм байна, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газар дээр Ж.Саранчимэгт газар олгосон Засаг даргын шийдвэр хууль зөрчсөн, буруу шийдвэр байна гэж шүүхийн шийдвэр гарсан байдаг.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэг нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06- ны өдрийн 0502 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир давж заалдах гомдолдоо: “Иргэн Ж.Саранчимэгийн нэхэмжпэлтэй, тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 502 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Ж.Саранчимэгийн газар эзэмших 255 дугаар захирамжийг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тухайн маргаан бүхий газар нь Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасны дагуу төрийн мэдлийн газар болж улмаар 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэн Л.Дашдулам, Ж.Жанчивдорж нарт хуульд заасан шаардлагыг хангасан этгээдэд Сүхбаатар дүүргийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжаар тус газрыг эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Саранчимэг нь тус дүүргийн Өмч, газрын харилцааны газарт 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдөл нь Ж.Жанчивдоржтой холбоотой захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар гомдол гаргасан бөгөөд газар эзэмших хүсэлтийг тус албанд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байна. Нэхэмжлэгчийн өргөдөл гаргаж байгаа газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасанчлан бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцаж байсан тул хүсэлтийг хангаагүй юм.

Иймд анхан шатны шүүх Газрын тухай хуулийг буруу тайлбарласан тул шийдвэр, нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бүхий болж чадаагүй байна.

Ж.Саранчимэгээс Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “газар эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.Жанчивдоржийн гараж байрлаж байгаа хэсгийг оролцуулахгүйгээр Ж.Саранчимэгт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын богинын аманд 0.07 га газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг даалгах, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн Ж.Жанчивдорж, Л.Дашдулам нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Анхан шатны шүүх “...давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолоор өмнө нь 255 дугаар захирамжийн Ж.Саранчимэгт газар эзэмшүүлсэн хэсэг нь иргэн Ж.Жанчивдоржийн зөвхөн гараж байрлаж байгаа хэсгийг давхцуулан газар эзэмшүүлсэн нь хууль бус гэж дүгнэсэн бөгөөд үлдэх газрын хил хязгаарыг ялгамжтай тогтоож Ж.Саранчимэгт эзэмшүүлэх боломжтой талаар хяналтын шатны шүүхийн тогтоолын “хянавал” хэсэгт тодруулсанчлан Ж.Жанчивдоржийн гараж байрлаж байгаа хэсгийг түүнд үлдээж, үлдэх газрыг Ж.Саранчимэгт эзэмшүүлэх боломжтой байсан...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Гэтэл анх Нийслэлийн Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/176 дугаар захирамжаар Х.Угтаабаяр нарын иргэдэд амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн 3000 м.кв газарт багтаж буй Ж.Жанчивдоржийн эзэмшлийн газрын хэмжээ, нэгж талбарын дугаар, байрлал зэргийг тогтоогоогүйн улмаас Ж.Саранчимэгийн эзэмших эрхтэй хэмээн маргаж буй газар Ж.Жанчивдоржид 1997 онд эзэмшүүлсэн газартай аль хэсгээр, ямар хэмжээгээр давхцаж байгааг тодорхойлох боломжгүй болсон байна. 

Дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй төдийгүй, шүүхийн шийдвэр тодорхойгүйн улмаас биелэгдэх боломжгүй нөхцөл бүрджээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 502 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар хариуцагч Ж.Жанчивдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                ШҮҮГЧ                                                                              Э.ХАЛИУНБАЯР

                 ШҮҮГЧ                                                                              Н.ХОНИНХҮҮ

                ШҮҮГЧ                                                                               Г.БИЛГҮҮН