| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2017/00134/И |
| Дугаар | 323 |
| Огноо | 2018-03-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* /Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 ******* байрлах, утас:*******, ******* /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД:*******, утас:*******/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД: *******, утас: / нарт холбогдох
“83,700,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
“21,000,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дөлгөөн, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Дархан-Уул аймгийн *******-ийн салбарын захирлаар ажиллаж байсан Л.******* нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр машин барьцаалж 45,000,000 төгрөгний зээлийг *******д олгосон. Уг зээлээс 15,000,000 төгрөг нь *******гийн данс руу, үлдэгдэл мөнгөнөөс Л.*******ын данс руу 20,000,000 төгрөг, 9,980,000 төгрөгөөр тус тус орсон байдаг. Ингээд энэ зээл төлөгдөхгүй явсаар барьцаанд тавьсан ******* улсын дугаартай автомашиныг хүү, алдангид нь тооцоод нийт 7,000,000 төгрөгөөр бодож Улаанбаатар хотын толгой компани болох ******* нь машиныг хурааж авсан. Үлдэгдэл мөнгөн дээр 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *******-ийн Дархан салбарын захирал Л.******* үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж 42,000,000 төгрөний зээлийн гэрээ байгуулсан. Ингээд *******гээс зээлээ төлөхийг ******* нь удаа дараа шаардахад “би энэ зээлийг төлөхгүй. Энэ зээлийг Л.******* авсан. Би 7,000,000 төгрөгөөр машинаа хураалгасан учир надад төлөх ямар үндэслэл байхгүй” гэж хэлсэн. Тухайн үед толгой компанийн байгуулсан байгууллагын дотоод дүрэм, журмаар *******-ийн Дархан-Уул аймаг дахь салбар нь 20,000,000 төгрөгнөөс дээш зээлийг олгох ёсгүй, хоёрдугаарт хэрвээ зээл олговол дандаа машин барьцаалж байхаар журам дээрээ тусгасан. Гэтэл тухайн үед захирлаар ажиллаж байсан Л.******* байгууллагын дүрэм, журмыг зөрчиж эрх мэдлээ урвуулан ашиглаж *******д урьд авсан 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 45,000,000 төгрөгний зээл төлөгдөөгүй учраас дахин гэрээ байгуулсан. Гэхдээ үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. *******-ийн Дархан-Уул аймаг дахь салбар нь шүүхэд нэхэмжлэл гаргаж Л.*******аас хүү 7,561,000 төгрөг, алданги 21,000,000 төгрөг, нийт 70,560,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Дархан-Уул аймгийн *******-ийн салбарын захирал байсан Л.******* нь 2015.08.19-нд ******* тоот Зээлийн гэрээ, Фидуци гэрээг иргэн Д.*******д 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 45,000,000 төгрөгийн зээл олгосон ба энэ зээлээс 2015.08.19-нд иргэн Д.*******гийн дансанд 15,000,000 төгрөг, мөн 2015.08.19-нд 20,000,000 төгрөг, 9,980,000 төгрөг тус тус *******-ийн Дархан салбарын захирал байсан Л.*******ын дансанд орж үйлчилгээний хураамжийн орлого 20,000 төгрөг суутгагдан нийт 45,000,000 төгрөгийн зээл олгогдсон байдаг. Энэ зээлээс нэг ч төгрөг төлөгдөөгүй явж байгаад Л.******* нь зээлийг нуун дарагдуулах зорилгоор 2016.01.16-нд албаны эрх мэдлээ хэтрүүлэн дээд шатны байгууллагаас баталсан дотоод журмыг ноцтой зөрчиж барьцаалах ёсгүй хөрөнгө буюу орон сууц болн газрыг барьцаалан зээлийн болон барьцааны гэрээ байгуулж иргэн Д.*******д олгосон мэт гэрээ хийж, дээрх мөнгө нь 2016.01.16-нд манай байгууллагын данснаас гарч Д.*******д олгогдоогүй ба 2015.08.19-нд олгосон зээл нь төлөгдөхгүй манай байгууллагыг хохироож байгаа тул иргэн Д.*******, Л.******* нараас үндсэн зээл 45,000,000 төгрөг, 6 сарын зээлийн хүү 16,200,000 төгрөг, торгууль алданги 22,500,000 төгрөг нийт 83,700,000 төгрөгийг гаргуулан манай байгууллагын хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Л.*******аас 30,000,000 төгрөг, хүү 8,400,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг нийт 53,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Г.*******гээс зээл 15,000,000 төгрөг, хүү 5,400,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг нийт 27,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Харуицагч Л.******* нь оос 5,000,000+5,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг авсан. Мөн уг машин Л.*******ын нэр дээрээс *******-нд шилжсэн. Уг машиныг шилжүүлэх үйлдэл нь Л.*******ын өөрийнх нь хүсэлтээр хийгдсэн учир ямар нэгэн залилангийн шинжгүй учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 70,560,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 70,560,000 төгрөг нь 42,000,000 төгрөгний үндсэн зээл, 21,000,000 төгрөгний алданги, 7,560,000 төгрөгний хүү зэрэг 3 тусдаа үнийн дүнг нэгтгээд 70,560,000 төгрөг болсон байдаг. Иргэн ******* гэгчтэй 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ хийсэн. ******* нь удаа дараа *******-ийн төв салбараас зээл авч байсан найдвартай зээлдэгч юм. Л.*******ыг ажиллаж байхад *******-нд зээлийн дүрэм, журам гэж огт байгаагүй. 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр авсан зээлээ 2016 оны 02 дугаар сар хүртэл төлөгдөж байсан. Гэтэл 2016 оны 01 сард нь захирал Л.*******т хэлэхдээ “бүх зээлээ нэгтгээд гэрээ хийчих” гэж хэлсэн. Тухайн үед зээл яаж гардаг байсан бэ? гэхээр захирлын хувийн данснаас Дархан салбарын захиралтай ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр хувийн данснаас хувийн данс руу ордог. Гэтэл Улаанбаатар хотын толгой компаниас Дархан салбарын данс руу мөнгө орж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Л.******* нь ******* гэдэг хүний зээл ганцхан машинаар хангахгүй байна. Иймд *******гийн эзэмшлийн 3 өрөө байрыг нь барьцаанд авах талаар захиралтайгаа ярилцаж зөвшилцөөд “захирлаас нь бүх захиран зарцуулах, ашиг эрхийг нь өөр дээрээ шилжүүлж авахаар хийгээрээ” гэж хэлсэн. Л.******* хэлснийхэн дагуу үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Дараа нь захирал нь Л.*******т хэлэхдээ “чи ******* гэгчтэй нийлээд байгууллагад их хэмжээний хохирол учруулсан. Энэ үйлдлийг чинь шалгуулна” гээд 2016 оны 02 дугаар сард үүрэгт ажлыг нь хийлгэхгүй, булааж авсан. Ингээд үнэн учрыг нь олохоор инвест төв компаниас хуулийн зөвлөх Гантөмөр, өр барагдуулагч Гантулга бид нарын бүрэлдэхүүнтэй цагдаагийн газарт гомдлоо гаргаж, шалгагдаж эхэлсэн. Тэгээд цагдаагийн газраас Л.*******, ******* гэх хоёр хүн залилан мэхэлсэн үйлдэл байхгүй. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр явагдаж байна гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж уг хэргийг хаасан. ******* нь Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Уг нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй. Яагаад үндэслэлгүй вэ гэхээр 42,000,000 төгрөгний зээл нь 45,000,000 төгрөгний зээлийн гэрээнд дээр үндэслэж хийгдсэн гэрээ юм. Уг зээлийн гэрээний төлөлтийг цагдаагийн байгууллагад хандах хүртэл буюу 2016 оны 02 дугаар сар хүртэл төлсөн. Мөн Тоёото Камри загварын ******* улсын дугаартай машиныг 15,000,000 төгрөгөөр тооцож уг зээлэндээ суутгаж авдаг. Дээрээс нь Л.*******ын нэр дээр шилжиж очсон байсан миний 21,000,000 төгрөгний үнэтэй ******* улсын дугаартай Toyota Camry маркийн машины гэрчилгээг шилжүүлж аваад захиран зарцуулсан. Дээрх хоёр машин *******-ийн нэр дээр шилжсэн болох нь Автотээврийн үндэсний төвөөс авсан лавлагаагаар тогтоогдож байгаа. Мөн Л.******* нэхэмжлэлийн шаардлага болох 70,560,000 төгрөгийг ямар үндэслэлээр төлөх ёстой болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласангүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэлттэй байна. Энэ хэрэгт холбогдуулж цагдаагийн газраар шалгуулж, тус цагдаагийн газар нь Л.*******ыг гэм буруугүй гэх эцсийн шийдвэр гарахаас өмнө түүний машиныг ******* нь “хашаандаа оруулаад хөдөлгөөнгүй эндээ байж байг, асуудлаа шийдсэний дараа машиныг чинь буцаагаад өгнө гэж” хэлээд гэрчилгээг нь шилжүүлж авсан байдаг. Ингээд Цагдаагийн газраас албан тоот бичээд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар руу шилжүүлсэн. Цагдаагийн газраас 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр албан ёсны шийдвэр гараад Л.******* машинаа авъя гэхэд “өө тийм зүйл байхгүй. Бид нар шүүхэд хандаж гэж байгаа” гэж хэлсэн. Миний зүгээс цагдаагийн газраар шалгагдаад Л.*******ыг гэм буруугүй гэж байхад чи хүний эд хөрөнгийг хуурч мэхлэх замаар нэр дээрээ шилжүүлчихсэн чинь буруу байна” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар хандсан. Гэтэл харъялалын дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар руу шилжсэн байна тус газарт шалгуул гэж хэлсэн. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт , ******* мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл энэ энэ асуудлаа маргаан үүсээд явж байхад ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр авто машиныг бусдад зарж, гэрчилгээг нь шилжүүлсэн болох нь авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтаар нотлогдож байна. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзсан тогтоолд худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээг үндэслээд Л.*******ыг залилан мэхлээгүй байна” гэж үзсэн. Миний зүгээс худалдах, худалдан авах гэрээ болон 15,000,000 төгрөгний хуулийн зээлийн гэрээ байна уу? гэдгийг шалгаад үзэхэд уг гэрээ байгаагүй. Гэтэл ******* нь маргааны үнэнийг олтол хашаандаа байлгана гэж хэлчихээд асуудал шийдвэрлэгдээгүй байхад машиныг бусдад зарж захиран зарцуулах эрхийг нь шилжүүлж байгаа үйлдлээс хохирсон. Нэхэмжлэлийн шаардлага болох 70,560,000 төгрөгийг төлөх үүргийг Л.******* хүлээж ёсгүй. Яагаад гэвэл автомашин нь эзэнтэй, зээлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж, зээлээ төлөөд явж байхад зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө нь өөрийнх мөн байхад хүний автомашиныг хуурч аваад захиран зарцуулчихаад байгаа үйлдэлд нь автомашинаар хохирч байна. ******* улсын дугаар бүхий Toyota Camry маркийн машин нь Л.*******ын нэр дээр байгаа боловч миний өмч байсан. Гэрээний үүрэг хүлээх ёсгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлд дурдагдснаар худалдах, худалдан авах эрх зүйн баримт бичиггүйгээр тухайн авто машиныг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлээс болж Toyota Camry маркийн 21,000,000 төгрөгний үнэ бүхий машины мөнгө гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарсан. ******* нь Л.*******аас маргааны үнэн учрыг олтол хашаан дотроо машин байлгана гэж хэлж машины гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авсан. Уг маргаан цагдаагийн газраар шалгагдаж байхад буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бусдад зарж захиран зарцуулах эрхийг нь шилжүүлсэн байдаг. Энэ хууль бус үйлдлээс болж автомашинаараа хохирч байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Toyota Camry маркийн 21,000,000 төгрөгний үнэ бүхий машиныг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Мөн урамшууллын 17,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч 17 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.
Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Л.******* захирал нь мөнгөний хэрэг болсон надад маш чухал гээд надаар гэрээнд гарын үсэг зуруулан мөнгө авсан. Тун удахгүй хос авто ломбардаа нээгээд бүгдийг зохицуулна гэж хэлж авсан. Тэр мөчөөс хойш надаас тийм мөнгө хэрэгтэй байна, миний дансанд хийж байгаач гээд авдаг байсан. Бэлэн мөнгө ч зөндөө авдаг байсан. Надад тус болно гээд л байдаг болохоор нь үнэхээр л тус болох юм бол уу гэж бодож байсан. Гэтэл нэг орой л Л.******* гараад ир гэж дуудахаар нь гартал ярих юм жаахан зайдуу очъё гээд машинаа асаагаад хээр очиж, бэлгийн дарамтанд оруулж, доромжилсон. Би тэр мөчөөс хойш Л.*******тай нэг ч харьцаагүй, гэтэл миний гарын үсгийг ашиглаж баахан мөнгө авчихаад дээрээс нь миний унаж байсан Ист гээд япон машин, Волий гээд япон машин 2-ыг аван намайг маш ихээр хохироосон хүн. Тэр 2 машин одоо хаана байдаг юм бүү мэд. Би тэр мөчөөс нэг ч төгрөг төлөхгүй харин ч би Л.*******т гомдолтой байна. Одоогоор би биеийн байдал муу болохоор дахин дахин ирж чадахгүй, би жирэмсэн ураг зулбах аюултай эм уугаад хэвтрийн дэглэм сахиж байгаа. 2015.08.19-ний өдөр 45,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Уг мөнгөнөөс 30,000,000 төгрөг нь Л.*******ын данс руу, 15,000,000 төгрөг нь миний данс руу орсон. Миний зүгээс зээлийн төлөлтөнд нийт 9,000,000 гаран төгрөг төлсөн. Зээлийн төлөлтийг би Л.******* болон гэдэг хүний данс руу хийж байсан. Уг баримт хэрэгт авагдсан байгаа. Намайг зээлийн төлөлт хийгээгүй гээд миний эзэмшлийн 2 ширхэг машиныг авсан. Би нэг машинаа 15,000,000 төгрөгөөр авч байсан боловч ******* нь 7,500,000 төгрөгөөр үнэлж өрөндөө суутгасан. Нэг машин маань ор үндэсгүй алга болсон. Би Л.*******аас хоёр машинаа авъя гэтэл компаний дарга нар Улаанбаатар хотоос ирээд 2 ширхэг машиныг чинь зараад хохирлоо барагдуулсан гэж хэлсэн. Үүнээс хойш Л.******* надтай холбогдоогүй. Миний машин болон зээлийн төлөлтөнд хийсэн 9,000,000 төгрөг яасан талаар мэдэхгүй байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“...Тухайн үед Л.******* нь *******-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын захирал нь байсан. Хоёрдугаарт: 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулахдаа зөвхөн машин барьцаалж зээл олгосон. Гэтэл энэ зээл нь төлөгдөхгүй явсаар байгаад барьцаанд тавьсан машинаар зээлийн тодорхой үнийн дүнд бодож 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дахин зээл гаргуулсан. Тэгэхдээ *******-ийн үйл ажиллагааны дотоод журмыг зөрчиж зээл олгосон. Энэ зээл одоо болтол төлөгдөөгүй. Нотлох баримтын үндэслэж 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 45,000,000 төгрөгний зээлээс 15,000,000 төгрөг *******гийн дансанд орсон. 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 16 цаг 30 минутад 20,000,000 төгрөг, 9,880,000 төгрөг тус тус Л.*******ын дансанд орсон. Энэ мөнгө яагаад тухайн үед салбарын захирал байсан Л.*******ын дансанд орсон. Мөн барьцааны зүйл зөвхөн автомашин байхад үл хөдлөх эд хөрөнгө, газрыг барьцаалж *******гийн мөнгийг өөрийн данс руу хйиж авсан юм бэ? энэ үйлдлээс харахад Л.******* өөрт оногдсон албаны эрх мэдлээ хэтрүүлэн олгох ёсгүй зээлийг олгож, барьцаанд авах ёсгүй эд хөрөнгийг барьцаанд авсан үйлдлээс нь болж 70,560,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн 45,000,000 төгрөгний зээл олгоход нь шимтгэлд 20,000 төгрөг нь суутгагдсан байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд 6 хувийн хүүтэй, гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувиар алданги тооцно гэж бичигдсэн учраас үүний дагуу хүү алданги, тооцсон. Энэ гэрээгээр автомашин барьцаалах ёстой байхад үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж байгууллагын дотоод дүрэм журмыг зөрчсөн байгаа. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээл болох 42,000,000 төгрөг *******д олгогдоогүй. Энэ гэрээ нь сүүлд нөхөж хийсэн гэрээ. 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 45,000,000 төгрөгний зээл олгож, зээлийн гэрээ байгуулсан. Уг зээл төлөгдөхгүй байхаар нь барьцаанд байсан автомашиныг нь хурааж хүү, алданги нь тооцож суутгаад үлдэгдэл 42,000,000 төгрөг дээр тухайн үед байсан захирал Л.******* 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нөхөж гэрээ байгуулсан. Ингээд нийт 2 удаа гэрээ байгуулсан. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр шаардаж байна. 6 сарын хугацаатай байгуулсан. Энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй учир *******тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр нь автомашиныг нь 7,000,000 төгрөгөөр тооцож авсан юм.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал шүүхэд гаргасан нэмэлт нэхэмжлэлийн тайлбартаа:
“...2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 42,000,000 төгрөгний зээлийн гэрээг *******тэй ******* нь байгуулж зээл олгосны үндсэн дээр хохирол учирсан гэж хэллээ. Энэ нь ямар ч үндэслэлгүй. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрө байгуулсан гэрээгээр Л.******* болон *******гийн дансанд огт ороогүй үйлдэл нь гэрээ хүчин төгөлдөр бус болж байна. Мөн 42,000,000 төгрөг компани данснаас гараагүй болох нь нотлох баримтаар нотлогдож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. *******-ийн Дархан-Уул аймаг дахь салбараас Toyota Camry маркийн 85-88 улсын дугаартай машиныг шилжүүлж авсан. Энэ нь толгой компани буюу Улаанбаатар хотод яригдах ёстой асуудал гэж байгаа боловч Дархан салбар руу шилжээд очихсон. Машин мөн энд хадгалагдаж байсан. Тэгэхээр *******-ийн Дархан-Уул аймаг дахь салбар хариуцах ёстой. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байхад яагаад *******-ийн Дархан-Уул аймаг дахь салбар нь бусдад шилжүүлсэн юм бэ? худалдах худалдан авах гэрээ болон өгсөн авсан үйл баримт байхгүй байна. Гэхдээ танайх захиран зарцуулаад явж байсан учраас нэхэмжлэх бүрэн үндэстэй байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.*******т холбогдуулан гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн гэрээгээр зээл 30 000 000 төгрөг, хүү / 6 хувь, 6 сараар / 8 400 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 53 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн зээлийн гэрээ, мөн Л.******* нь салбарын захирлын албан тушаалд ажиллаж байснаа ашиглан, автомашин барьцаалах эрхтэй байхад барьцаалах ёсгүй үл хөдлөх хөрөнгө барьцаалж, мөн салбар дээд тал нь 20 000 000 төгрөгөөс дээш зээл гаргахгүй гэсэн дотоод журмаа зөрчин зээлдэгч Д.*******д 45 000 000 төгрөгийн зээл олгосноос 30 000 000 төгрөгийг Д.******* аваагүй гэсэн тул гэрээний дагуу шаардаж байгаа... гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...тухайн гэрээгээр 45 000 000 төгрөг олгогдоогүй, Д.*******д өгсөн зээлийн зарим хэсэг төлөгдөж, барьцаа хөрөнгийг, мөн миний эзэмшлийн автомашиныг авсан атлаа ямар үндэслэлээр 53 400 000 төгрөг шаардаж байгааг ойлгохгүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Хариуцагч Л.******* нь *******-ийн Ерөнхий захирлын 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/088 тоот тушаалаар 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Дархан салбарын захирлаар /тушаалд дурдсанаар/ хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ажилтан бөгөөд мөн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/20 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.
Хариуцагч Л.******* нь *******-ийн Дархан салбарын захирлын хувьд *******-ийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Зээл олгох үйл ажиллагааны журам”-ын 5.5.3-д зааснаар 10 000 000 хүртэлх хэмжээний зээл олголтын шийдвэр гаргах, мөн компанийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/89 тоот “Автомашин барьцаалсан зээл олгоход мөрдөгдөх дотоод журам”-ын 5.5-д зааснаар салбарын захирал 20 000 000-с дээш дүнтэй зээлийн хүсэлт авсан бол тухайн зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг төв салбарт илгээж зээлийн хуралд оролцуулан зээл олголтын шийдвэрийг гаргуулах эрхтэй байсан байна.
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн DAU1911 зээлийн гэрээнд талуудыг зээлдүүлэгч *******-ийн “Ялалт” авто ломбард, зээлдэгч Д.******* нар гэж тодорхойлсон бөгөөд Л.******* энэ гэрээнд ямар үүрэг хүлээж оролцож байгаа нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар маргааны зүйл болж байгаа 45 000 000 төгрөгийг Ханджавын ын ХААН банкны данснаас 15 000 000 төгрөгийг Д.*******гийн дансанд, 22 000 000 төгрөг, 7 980 000 төгрөг нийт 29 980 000 төгрөг Л.*******ын шилжсэн гэж байгаа бөгөөд энэ нь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /иргэн / -аар тогтоогдож байгаа бөгөөд Х.ын хувийн данснаас шилжсэн мөнгө нэхэмжлэгч *******-д хамааралтай эсэх нь мөн тогтоогдохгүй байна.
Хариуцагч Л.******* нь *******-ийн Дархан салбарын захирлаар /тушаалд дурдсанаар/ хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үедээ албан тушаалаа хэтрүүлэн бусдад зээл олгон, хохирол учруулсан гэж байгаа бол *******-ийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Зээл олгох үйл ажиллагааны журам”-ын 4.2-т заасан зээлийн эдийн засагч нь зээлдэгчийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй зээлийн гэрээ байгуулж гүйцэтгэх захирлаар батлуулна, салбарын захирал 10 000 000 хүртэлх хэмжээний зээл олголтын шийдвэр гаргах ба дээш зээл олгох тохиолдолд энэ тухай ерөнхий захиралд мэдэгдэнэ, мөн компанийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/89 тоот “ Автомашин барьцаалсан зээл олгоход мөрдөгдөх дотоод журам”-ын Барьцаалан зээлдүүлэх газрын өмчлөлд барьцааны хөрөнгө болох автомашиныг үнэлэх, шилжүүлэх, зээл олгох үүсэх асуудлыг зохицуулах, зээлийг зээл хүсэгчид бэлнээр олгох, касс зээлийн мөнгийг зээлдэгчид өөрт нь олгох, салбарын захирал 20 000 000 дээш дүнтэй зээлийн хүсэлт авсан бол тухайн зээлийн мэдээллийг төв салбарт илгээж зээлийн хуралд оролцуулан зээл олголтын шийдвэр гаргуулна... гэснийг зөрчсөн тохиолдолд мөн журмын 5.5-д зааснаар салбарын захирал 20 000 000 төгрөгөөс дээш дүнтэй зээлийг Төв рүү мэдээлэлгүй өөрөө дур мэдэн гаргасан тохиолдолд Компанийн дотоод журмын 10.2-т зааснаар хариуцлага хүлээлгэх ба түүнээс үүдэлтэй аливаа бүх хохирлыг бүрэн хариуцан барагдуулна... гэж заасан байна.
Иймд нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан ...2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр зээл 30 000 000 төгрөг, хүү 8 400 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, энэ гэрээгээр шаардах эрх үүсэхгүй, мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нотлогдохгүй байна.
Хариуцагч Л.******* нь *******-ийн Дархан салбарын захирлаар /тушаалд дурдсанаар/ хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үедээ дотоод журамд зааснаар албан тушаалаа хэтрүүлэн бусдад зээл олгосон гэж байгаа ба түүний энэ үйлдлийн улмаас компанид ямар хохирол учирсан, түүнтэй байгуулсан /тушаалд дурдсанаар/ хөдөлмөрийн гэрээнд болон журамд зааснаар Компанийн дотоод журамд эд хөрөнгийн хариуцлагыг хэрхэн тооцох талаар тусгасан талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган зохих этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй.
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******д холбогдуулан гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр зээл 15 000 000 төгрөг, хүү /6 хувь, 6 сараар/ 8 400 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Д.******* нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр *******-ийн Ялалт авто ломбард Дархан салбартай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан, энэ талаар талууд маргаангүй байна.
Талуудын байгуулсан DAU1991 тоот зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд 45 000 000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэй автомашиныг нь барьцаалан 6 сарын хугацаатай зээл олгохоор тохирсон боловч гэрээний зүйлээс 15 000 000 төгрөгийг Ханджавын ын ХААН банкны данснаас 15 000 000 төгрөгийг Д.*******гийн дансанд шилжүүлсэн хариуцагч энэ талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан Ханджавын ын ХААН банкны депозит дансны хуулга /иргэн/-нд тусгагдсан *******гээс зээлд төлсөн 3 380 000 төгрөг, 3 150 000 төгрөгийг төлбөл зохих дүнгээс хасаж тооцно гэж тайлбарлаж байгаа болно.
Хариуцагч Д.******* гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг хүлээн авсан үүнээс 3 удаа төлөлт хийсэн гэж байгаа боловч 2 удаагийн төлөлт нь депозит дансны хуулгаар тогтоогдож байгаа, 1 удаагийн төлөлт болох 3 340 000 төгрөгийг Л.*******ын данс руу төлсөн гэдгээ тайлбарлаж байгаа тул гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлдүүлэгч талд зээлийн эргэн төлөлтийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Зээлийн гэрээний 2.5-д зааснаар зээлдэгч зээл болон хүүг зээлийн эргэн төлөх графикийн хуваарьт өдөр төлөөгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувиар бодож алданги нэмж төлөхөөр тусгасан байна.
Үүрэг гүйцэтгэгч нь үүргэ гүйцэтгээгүй,эсхүл үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй болон зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүрэгт мөнгөн төлбөр төлөхөөр гэрээ байгуулж болохоор хуульд заасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж хуульд заасан талууд энэ талаар гэрээний 2.5, 5 дугаар зүйлд тусгасан, энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм.
Нэхэмжлэгч ******* нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэхээр дүрэмд тусгасан, салбар нэгжийг Дархан-уул аймагт 2014.12.03-ны өдөр бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй тул талууд Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ / фидуци / байгуулан гэрээний 3.1-д зааснаар ******* улсын дугаар бүхий Тоёото вокси автомашиныг үүрэг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсны дагуу Л.*******т мөн Тоёото Ист маркийн автомашины хамт хүлээлгэн өгсөн гэж хариуцагч Д.******* тайлбарлаж байна.
Талуудын байгуулсан гэрээний 3.2-т зааснаар өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг зарж борлуулахад болон бусад байдлаар үнийг тодорхойлоход зээлдүүлэгч зах зээлийн түргэн зарагдах үнэ буюу энэхүү гэрээний 3.1-д заасан 45 000 000 төгрөгөөр зарж хохирлоо гарган авахыг зээлдэгч Д.******* зөвшөөрсөн байна.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх үүрэгтэй бөгөөд талуудын байгуулсан гэрээний 4.1-т зааснаар зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссан, эсвэл зээлийн гэрээг цуцалсан өдрөөс эхлэн 10 хоногийн дараа шилжүүлсэн эд хөрөнгийг үл маргах журмаар шилжүүлэн авах эрхтэй, түргэн борлогдох үнээр худалдаж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаж, үүний уршгаар өөрт учирсан хохирлоо үл маргах хойшлуулшгүй нөхөн төлүүлэх эрх, үүрэгтэй байсан байна.
Гэрээнд болон хуульд зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хугацааг талуудад олгосон бөгөөд зээлдүүлэгч болон барьцаалагдсан хөрөнгийг фидуцийн гэрээний дагуу шилжүүлэн авах эрхтэй байсан нэхэмжлэгч ******* үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу нэхэмжлэгч нь хариуцагчийн хөдлөх эд хөрөнгө барьцаалсан боловч барьцааны зүйлийг хуульд заасан журмаар худалдан борлуулж,үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхээ хэрэгжүүлсэн эсэх талаархи нотлох баримтийг шүүхэд ирүүлээгүй , Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3т зааснаар зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгох эсэхийг шийдвэрлээгүй байна.
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэснээр хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар нэхэмжлэгч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэснээр алданги шаардах эрхгүй байна гэж дүгнэж байна.
Хариуцагч Д.******* фидуцийн гэрээний зүйл болох гэрээний тал болсон өдөр *******-ийн Ялалт авто ломбард Дархан салбарт ******* улсын дугаар бүхий Тоёото вокси автомашин болон гэрээний зүйл биш Тоёото Ист автомашиныг үүрэг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд гэрээний дагуу шилжүүлэн авсан 15 000 000 төгрөг, төлбөл зохих хүү 5 400 000 алданги 7 500 000 төгрөг нийт 27 900 000 төгрөгөөс түүний төлсөн 3 150 000, 3 386 000 төгрөгийг хасаж тооцон 13 870 000 төгрөгийг Д.*******гээс гаргуулан *******-д олгож, алданги хүү 14 030 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Д.*******гийн гэрээгээр хүлээсэн үүргийг барьцааны зүйл болох Дархан сум ******* тоот, ******* тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Дээрх 2 үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-нд шилжүүлэх эд хөрөнгөд дурьдсан боловч харилцан тохиролцсон үнэ тодорхойгүй, хэний хамгаалалтад байгааг дурьдаагүй, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар шийдвэр гүйцэтгүүлэх аргад хамааруулан тусгайлан нэрлэх боломжгүй байна.
Д.******* өөрт учирсан хохирлоо зохих этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй.
Хариуцагч Л.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч *******-иас машины үнэ 21 000 000 төгрөг, ажилласан хугацааны урамшуулал 17 000 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 347 950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх хуралдаанд урамшуулал 17 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан, 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Маргааны зүйл болж байгаа ******* улсын дугаар бүхий Toyota Camry маркийн автомашиныг Л.******* нь А.Баясахжаргалаас 21 000 000 төгрөгөөр “ Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр авсан бөгөөд энэ гэрээний үнээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж байгаа болно.
******* улсын дугаар бүхий Toyota Camry маркийн автомашиныг *******-ийн Дархан салбарын захирал Л.******* гэсэн гарын үсэг бүхий 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16/617 тоотоор ******* улсын бүртгэлийн дугаартай 2619431 регистрын дугаартай *******-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэснээр Авто тээврийн Үндэсний төвийн Дархан-Уул аймаг дахь салбар нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийн шилжүүлэн бүртгэж, уг тээврийн хэрэгсэл одоо бусдын эзэмшилд байгаа нь Авто тээврийн Үндэсний төвийн Дархан-Уул аймаг дахь салбарын тээврийн хэрэгслийн бүртгэлийн талаарх лавлагаагаар тогтоогдож байна.
Тоотод дурдагдсан ******* улсын бүртгэлийн дугаартай 2619431 регистрын дугаар нь *******-ийг болох нь 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Хариуцагч Л.******* нь *******-ийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/20 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн атлаа маргааны зүйл болж байгаа ******* улсын дугаар бүхий Toyota Camry маркийн автомашиныг *******-ийн “Дархан” салбарын захирал Л.******* гэсэн гарын үсэг бүхий 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16/617 тоотод ******* улсын бүртгэлийн дугаартай 2619431 регистрын дугаартай *******-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэж Авто тээврийн Үндэсний төвийн Дархан-Уул аймаг дахь салбарт хүргүүлсэн байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 877 тоот “ Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоолын олсон нь хэсэгт ...*******-ийн захирал Х. нь Л.*******ыг ажиллаж байх хугацаандаа Д.******* гэгч хүнд барьцаат зээлийг зохих журмаар олголгүй, байгууллагад хохирол учруулсан байгууллагаас зээлсэн 15 000 000 төгрөг төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр түүний зөвшөөрснөөр Тоёото Камри загварын ******* улсын дугаартай машиныг худалдах, худалдан авах гэрээ хийж байгууллагынхаа нэр дээр шилжүүлж авсан байна... гэж дүгнэсэн бөгөөд шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлахад хэргийн материалд дүгнэлтэд дурдагдсан гэрээ байхгүй байсан болно.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т зааснаар барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар Л.*******аас авсан гэх Тоёото Камри загварын ******* улсын дугаартай машиныг захирал Х.Гэрэлт Од өөрийн хувиасаа зээлсэн мөнгөний дүнд тооцон авсан... гэж байгаа эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолтой материалд буй нотлох баримттай зөрүүтэй байна.
Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай хэргийн материалд / 877 тогтоолтой / байгаа баримтаар буюу дээрх тогтоолд байгууллагаас зээлсэн 15 000 000 төгрөг төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр түүний зөвшөөрснөөр Тоёото Камри загварын ******* улсын дугаартай машиныг худалдах, худалдан авах гэрээ хийж байгууллагынхаа нэр дээр шилжүүлж авсан бол түүний байгууллагад учруулсан хохирлын зарим хэсэг төлөгдсөн байхаар, Л.******* байгууллагыг хохиролгүй болгосон тохиолдолд автомашиныг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй, Л.*******ыг иргэний шүүхэд өгөх гэж байгаа гэж мэдүүлснээс үзвэл талуудын тохиролцсон гэрээ хэлцэл, зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдын эд зүйлийг өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авсан буруутай байна.
Иймд дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *******-иас 21 000 000 төгрөг гаргуулан хариуцагч Л.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргалд олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас түүний хүсэлтээр шүүх хуралдаан 2018 оны 03 дугаар сарын 20-ны 14:30 цагт товлогдсоныг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн мэргэшсэн хуульчийн шүүх хуралдаанд оролцох эсэхээ холбогдох нотлох баримтын хамт ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дөлгөөнд *******-иас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэл олгосон, итгэмжлэлийн хугацаа дуусгавар болоогүй, энэ итгэмжлэлийн дагуу О.Дөлгөөн шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн нэмэгдүүлж ирүүлсэн/ Дархан салбарын эрхлэгч ажилтай/ тул байгууллагыг төлөөлөх бүрэн эрхтэй байна гэж үзэх үндэслэлтэй, мөн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдыг Улаанбаатар хотод ажилтай байна гэсэн хүсэлтийг ирүүлсэн боловч энэ талаархи нотлох баримтыг ирүүлээгүй болно.
Хариуцагч л.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал шүүх хуралдааны товыг мэдэж байгаа, хуралдаан эхлэхээс өмнө хэргийн материалтай танилцаж байсан гэх боловч шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дөлгөөн энэ талаар ...Надтай утсаар ярьж, манайхыг хүсэлт өгөх гэж байгаа гэхэд шүүх хуралдаан хойшлох юм байна... гэж байсан гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хэргийн орлоцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч даруй шийдвэрлэх үүрэгтэй байна.
Иймд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх нь тодорхойгүй энэ талаар бичгээр гаргасан хүсэлт, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргалын оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т зааснаар *******-ийн хариуцагч Л.*******т холбогдуулан гаргасан зээл 30 000 000 төгрөг хүү 8 400 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.*******гээс 13 870 000 төгрөгийг гаргуулан *******-д олгож алданги хүү 14 030 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч *******-иас машины үнэ 21 000 000 төгрөг гаргуулан хариуцагч Л.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргалд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ажилласан хугацааны урамшуулал 17 000 000 төгрөг, гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******-ийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 510 750 төгрөг, Хас банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 223,650 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргалаас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 347 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 227 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч *******-иас 262 950 төгрөг гаргуулан хариуцагч Л.*******т тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ