Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 54

 

“Энхжин-Инвест” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00134/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, шүүгч С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 323 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Энхжин-Инвест” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Э-, Д.Д- нарт холбогдох

"Зээлийн төлбөрийн үлдэгдэл 42.000.000 төгрөг, хүү 15.660.000 төгрөг, алданги 21.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдийн үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “машины үнэ 21.000.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

          Нэхэмжлэгч “Энхжин-Инвест” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дөлгөөн, И.Энхболд, хариуцагчийн төлөөлөгч Л.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Энхжин-Инвест” ХХК-аас:

...Дархан-Уул аймгийн “Энхжин-Инвест” ХХК-ийн салбарын захирлаар ажиллаж байсан Л.Э- нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр машин барьцаалж 45.000.000 төгрөгийн зээлийг Д.Д-д олгосон. Уг зээлээс 15.000.000 төгрөг нь Д.Д-гийн данс руу, үлдэгдэл мөнгөнөөс Л.Э-ын данс руу 20.000.000 төгрөг, 9.980.000 төгрөгөөр тус тус орсон байдаг. Ингээд энэ зээл төлөгдөхгүй явсаар барьцаанд тавьсан 46-58 ДАХ улсын дугаартай автомашиныг хүү, алдангид нь тооцоод нийт 7.000.000 төгрөгөөр бодож Улаанбаатар хотын толгой компани болох “Энхжин-Инвест” ХХК нь машиныг хурааж авсан. Үлдэгдэл мөнгөн дээр 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Энхжин-Инвест” ХХК-ийн Дархан салбарын захирал Л.Э- үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж 42.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Ингээд Д.Д-гээс зээлээ төлөхийг “Энхжин-Инвест” ХХК нь удаа дараа шаардахад би энэ зээлийг төлөхгүй. Энэ зээлийг Л.Э- авсан. Би 7.000.000 төгрөгөөр машинаа хураалгасан учир надад төлөх ямар ч үндэслэл байхгүй гэж хэлсэн. Тухайн үед толгой компанийн байгуулсан байгууллагын дотоод дүрэм, журмаар “Энхжин-Инвест” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар нь 20.000.000 төгрөгөөс дээш зээлийг олгох ёсгүй, хэрэв зээл олговол дандаа машин барьцаалж байхаар журам дээрээ тусгасан. Гэтэл тухайн үед захирлаар ажиллаж байсан Л.Э- байгууллагын дүрэм, журмыг зөрчиж эрх мэдлээ урвуулан ашиглаж Д.Д-д урьд авсан 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 45.000.000 төгрөгийн зээл төлөгдөөгүй учраас дахин гэрээ байгуулсан. Гэхдээ үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. “Энхжин-Инвест” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар нь шүүхэд нэхэмжлэл гаргаж Л.Э-аас хүү 7.561.000 төгрөг, алданги 21.000.000 төгрөг, нийт 70.560.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. 

Нэхэмжлэгч “Энхжин-Инвест” ХХК нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

... 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр олгосон зээл нь төлөгдөхгүй манай байгууллагыг хохироож байгаа тул иргэн Д.Д-, Л.Э- нараас үндсэн зээл 45.000.000 төгрөг, 6 сарын зээлийн хүү 16.200.000 төгрөг, торгууль алданги 22.500.000 төгрөг нийт 83.700.000 төгрөгийг гаргуулан манай байгууллагын хохирлыг барагдуулна уу гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдоос:

... Мөн уг машин Л.Э-ын нэр дээрээс “Энхжин-Инвест” ХХК-д шилжсэн. Уг машиныг шилжүүлэх үйлдэл нь Л.Э-ын өөрийнх нь хүсэлтээр хийгдсэн учир ямар нэгэн залилангийн шинжгүй учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргалаас:

...”Энхжин-Инвест” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 42.000.000 төгрөгийн үндсэн зээл, 7.560.000 төгрөгийн хүү, 21.000.000 төгрөгийн алданги зэрэг 3 тусдаа үнийн дүнг нэгтгээд 70.560.000 төгрөг болсон байдаг. Иргэн Д.Д- гэгчтэй 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ хийсэн. ...Ингээд үнэн учрыг нь олохоор “Энхжин-Инвест” төв компаниас хуулийн зөвлөх Гантөмөр, өр барагдуулагч Гантулга бид нарын бүрэлдэхүүнтэй цагдаагийн газарт гомдлоо гаргаж, шалгагдаж эхэлсэн. Тэгээд цагдаагийн газраас Л.Э-, Д.Д- гэх хоёр хүн залилан мэхэлсэн үйлдэл байхгүй. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр явагдаж байна гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж уг хэргийг хаасан. Уг нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй. Яагаад үндэслэлгүй вэ гэхээр Л.Э-ын нэр дээр шилжиж очсон байсан миний 21.000.000 төгрөгийн үнэтэй 30-99 УНН улсын дугаартай Toyota Camry маркийн машины гэрчилгээг шилжүүлж аваад захиран зарцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэлттэй байна. Энэ хэрэгт холбогдуулж цагдаагийн газраар шалгуулж, тус цагдаагийн газар нь Л.Э-ыг гэм буруугүй гэх эцсийн шийдвэр гарахаас өмнө түүний машиныг “Энхжин-Инвест” ХХК нь хашаандаа оруулаад хөдөлгөөнгүй эндээ байж байг, асуудлаа шийдсэний дараа машиныг чинь буцаагаад өгнө гэж хэлээд гэрчилгээг нь шилжүүлж авсан байдаг... Гэтэл энэ энэ асуудлаа маргаан үүсээд явж байхад “Энхжин-Инвест” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр авто машиныг бусдад зарж, гэрчилгээг нь шилжүүлсэн болох нь авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтаар нотлогдож байна.. Гэтэл “Энхжин-Инвест” ХХК нь маргааны үнэнийг олтол хашаандаа байлгана гэж хэлчИхээд асуудал шийдвэрлэгдээгүй байхад машиныг бусдад зарж захиран зарцуулах эрхийг нь шилжүүлж байгаа үйлдлээс хохирсон. Нэхэмжлэлийн шаардлага болох 70.560.000 төгрөгийг төлөх үүргийг Л.Э- хүлээх ёсгүй.

Сөрөг нэхэмжлэлд дурдагдсанаар худалдах, худалдан авах эрх зүйн баримт бичиггүйгээр тухайн авто машиныг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлээс болж “Toyota Camry” маркийн 21.000.000 төгрөгийн үнэ бүхий машины мөнгө гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарсан “Toyota Camry” маркийн 21.000.000 төгрөгийн үнэ бүхий машиныг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Мөн урамшууллын 17.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч 17.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Д.Д-гээс:

...2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 45.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Уг мөнгөнөөс 30.000.000 төгрөг нь Л.Э-ын данс руу, 15.000.000 төгрөг нь миний данс руу орсон. Миний зүгээс зээлийн төлөлтөд нийт 9.000.000 гаран төгрөг төлсөн. Зээлийн төлөлтийг би Л.Э- болон Гэрэлт-Од гэдэг хүний данс руу хийж байсан. Уг баримт хэрэгт авагдсан байгаа. Намайг зээлийн төлөлт хийгээгүй гээд миний эзэмшлийн 2 ширхэг машиныг авсан. Би нэг машинаа 15.000.000 төгрөгөөр авч байсан боловч “Энхжин-Инвест” ХХК нь 7.500.000 төгрөгөөр үнэлж өрөндөө суутгасан. Нэг машин маань ор үндэсгүй алга болсон. Би Л.Э-аас хоёр машинаа авъя гэтэл компанийн дарга нар Улаанбаатар хотоос ирээд 2 ширхэг машиныг чинь зараад хохирлоо барагдуулсан гэж хэлсэн. Үүнээс хойш Л.Э- надтай холбогдоогүй. Миний машин болон зээлийн төлөлтөд хийсэн 9.000.000 төгрөг яасан талаар мэдэхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 323 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т зааснаар “Энхжин-Инвест” ХХК-ийн хариуцагч Л.Э-т холбогдуулан гаргасан зээл 30.000.000 төгрөг хүү 8.400.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Д-гээс 13.870.000 төгрөгийг гаргуулан “Энжин-Инвест” ХХК-д олгож алданги хүү 14.030.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч “Энхжин-Инвест” ХХК-аас машины үнэ 21.000.000 төгрөг гаргуулан хариуцагч Л.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргалд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ажилласан хугацааны урамшуулал 17.000.000 төгрөг, гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Энхжин-Инвест” ХХК-ний 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн банк төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 510.750 төгрөг, Хас банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 223.650 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргалаас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 347.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид 227.300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч “Энхжин-Инвест” ХХК-аас 262.950 төгрөг гаргуулан хариуцагч Л.Э-т тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Энхжин-Инвест” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд давж заалдсан гомдолдоо:

            Шүүх нотлох баримтыг үнэн зөвөөр үнэлж дүгнэлгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн байна. Бүх баримтуудыг шүүхэд татан ирүүлж хянуулсан боловч нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнээгүй. "Энхжин-Инвест" ХХК-ний 2009 онд Улсын бүртгэлд бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээнд уг компани захирал Х.Гэрэлт-Од мөн, нэхэмжлэл болон итгэмжлэл шүүхэд гаргаж өгсөн бусад баримт материалуудад компани захирал Х.Гэрэлт-Од нь гарын үсгээ зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байхад Х.Гэрэлт-Од нь дээрх компанид хамааралгүй иргэн гэж дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл болжээ. Иймд иргэн Д.Д-гээс үндсэн зээл 15.000.000 төгрөг, 6 сарын хүү 5.400.000 төгрөг, хугацаа хэтэрсэн торгууль 7.500.000 төгрөг нийт 27.900.000 төгрөг хууль ёсны дагуу байгуулагдсан зээлийн гэрээний дагуу гаргуулах ёстой байтал зээл төлүүлэх талаар шахаж шаардаагүй гэж дүгнэн 2 удаагийн төлөлт хийсэн 3.150.000 төгрөг 3.386.000 төгрөгийг тус тус хасч 13.870.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй хууль ёсны дагуу 21.364.000 төгрөг төлүүлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.  Л.Э-аас нэхэмжилсэн 30.000.000 төгрөг, хүү 10.800.000 төгрөг торгууль, алданги 15.000.000 төгрөг нийт 55.800.000 төгрөгийн төлүүлэлгүй зөвхөн Д.Д-гийн авсан 15.000.000 төгрөгийн зээлийг дутуу шийдвэрлэн, Л.Э-ын 2 удаагийн үйлдлээр авсан 30.000.000 төгрөгийг хууль буруу хэрэглэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. “Энхжин-Инвест" ХХК нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг, санхүү болон удирдлагаар ханган үйл ажиллагаа явуулдаг байхад “Энхжин-Инвест” ХХК-ний Дархан салбараас гаргасан нэхэмжлэлтэй хамт 21.000.000 төгрөгийн үнэ бүхий “Тоуоtа Camry” маркийн машины нэхэмжлэлтэй хэрэгтэй хамтатган шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийг харьяа сум, дүүргийн шүүх хүлээн авч, шийдвэрлэх журмыг зөрчсөн үйлдэл болжээ. Нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх Л.Э- нь мөнгө авсан, аваагүй талаар дүгнэлт гаргаагүй нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан.  Иймд Д.Д-гээс 15.000.000 төгрөг, хүү 5.400.000 төгрөг, торгууль алданги 7.500.000 төгрөг нийт 27.900.000 төгрөгөөс төлөлт хийсэн 6.530.000 төгрөгийг хасаж тооцон 21.370.000 төгрөг, Л.Э-аас үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 10.800.000 төгрөг, торгууль алданги 15.000.000 төгрөг нийт 55.800.000 төгрөгийг тус тус гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Энхжин-Инвест” ХХК хариуцагч Л.Э-т холбогдуулан зээлийн төлбөр 45.000.000 төгрөг, хүү 7.561.000 төгрөг, алданги 21.000.000 төгрөг, нийт 70.560.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Д-г хариуцагчаар татсан болно.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Л.Э-аас 30.000.000 төгрөг, хүү 8.400.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг, нийт 53.400.000 төгрөг, хариуцагч Г.Д-гээс зээл 15.000.000 төгрөг, хүү 5.400.000 төгрөг алданги 7.500.000 төгрөг нийт 27.900.000 төгрөг нэхэмжлэхээр тодруулж, барьцаа хөрөнгүүдийн үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч “Энхжин-Инвест” ХХК-д Д.Д- 6.530.000 төгрөгийг буцаан төлсөн талаар талууд маргаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхжаргал машины үнэ 21.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Сөрөг нэхэмжлэлээр “Toyota Camry” маркийн машины үнэ 21.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний үнийн дүнгийн талаар талууд маргаагүй.

Анхан шатны шүүх “Энхжин-Инвест” ХХК-ийн хариуцагч Л.Э-т холбогдуулан гаргасан зээл 30.000.000 төгрөг хүү 8.400.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Д-гээс 13.870.000 төгрөгийг гаргуулан “Энжин-Инвест” ХХК-д олгож алданги хүү 14.030.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Энхжин-Инвест” ХХК-аас машины үнэ 21.000.000 төгрөг гаргуулан хариуцагч Л.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргалд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ажилласан хугацааны урамшуулал 17.000.000 төгрөг, гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.Д-гээс 15.000.000 төгрөг, хүү 5.400.000 төгрөг, торгууль алданги 7.500.000 төгрөг нийт 27.900.000 төгрөгөөс төлөлт хийсэн 6.530.000 төгрөгийг хасаж тооцон 21.370.000 төгрөг, Л.Э-аас үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 10.800.000 төгрөг, торгууль алданги 15.000.000 төгрөг нийт 55.800.000 төгрөгийг тус тус гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан байна. 

Хэргийн баримтыг судлахад нэхэмжлэгч “Энхжин-Инвест” ХХК хариуцагч Д.Д-тэй 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр DAU191 тоот зээлийн гэрээ байгуулж, 45.000.000 төрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлсэн ба Д.Д-гийн дансанд 15.000.000 төгрөг шилжсэн банкны дансны хуулга баримтаар тогтоогджээ. /хэргийн нэгдүгээр хавтас хуудас-93-94/

Хариуцагч Д.Д- намайг зээлийн төлөлт хийгээгүй гээд миний эзэмшлийн 2 ширхэг машиныг авсан. Би нэг машинаа 15.000.000 төгрөгөөр авч байсан боловч “Энхжин-Инвест” ХХК нь 7.500.000 төгрөгөөр үнэлж өрөндөө суутгасан. Нэг машин маань ор үндэсгүй алга болсон. Би Л.Э-аас хоёр машинаа авъя гэтэл компанийн дарга нар Улаанбаатар хотоос ирээд 2 ширхэг машиныг чинь зараад хохирлоо барагдуулсан гэж хэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч Д.Д- фидуцийн гэрээний зүйл болох гэрээний тал болсон өдөр “Энхжин Инвест” ХХК-ийн Ялалт авто ломбард Дархан салбарт 46-68 ДАХ улсын дугаар бүхий Тоёото вокси автомашин болон гэрээний зүйл биш Тоёото Ист автомашиныг үүрэг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч “Энхжин-Инвест” ХХК, хариуцагч  Д.Д- нарын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар зээлийн харилцаа үүссэн байна.

“Энхжин-Инвест” ХХК нь нэг гишүүнтэй, ерөнхий захирал нь Х.Гэрэлт-Од, мөн “Энхжин-Инвест” ХХК-ийн Дархан дахь салбар нь Ялалт авто ломбард болох, “Энхжин-Инвест” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэхээр дүрэмд тусгасан, салбар нэгжийг Дархан-уул аймагт 2014.12.03-ны өдөр бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн DAU1911 зээлийн гэрээнд талуудыг зээлдүүлэгч “Энхжин Инвест” ХХК-ийн Ялалт авто ломбард, зээлдэгч Д.Д- нар гэж тодорхойлсон бөгөөд Л.Э- энэ гэрээнд ямар үүрэг хүлээж оролцоогүй, Х.Гэрэлт-Одын ХААН банкны данснаас 22 000 000 төгрөг, 7 980 000 төгрөг нийт 29 980 000 төгрөг Л.Э-ын шилжсэн гэж байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгч “Энхжин-Инвест” ХХК-д хамааралтай эсэх нь мөн тогтоогдохгүй, хариуцагч Л.Э-аас зээл 30.000.000 төгрөг, хүү 8.400.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, хариуцагч Д.Д- алданги төлөхгүй болсон үндэслэлийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар “үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэснээр хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар “нэхэмжлэгч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэснээр алданги шаардах эрхгүй байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан байна.

Хэрэгт үүрэг гүйцэтгүүлэгч буюу  “Энхжин-Инвест” ХХК нь хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаа журмын дагуу биелүүлээгүйгээс гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй.

Талууд 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн DAU191 тоот зээлийн гэрээний 2.5, 3.1.1, 5.1-д зааснаар алдангийг тохирчээ гэж үзнэ.

 Үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй, эсхүл үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй болон зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүрэгт мөнгөн төлбөр төлөхөөр гэрээ байгуулж болохоор хуульд заасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр зохицуулжээ.

 Анхан шатны шүүх хариуцагч Д.Д-гээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа тооцооны алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, гүйцэтгээгүй үүрэг 20.400.000 төгрөг /15.000.000+5.400.000/, үүнээс төлсөн 6.530.000 төгрөгийг хасахаар 13.864.00 төгрөг, алданги 6.932.000 төгрөгийг нэмж нийт 20.794.000 төгрөгийг хариуцагч Д.Д-гээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 7.104.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

“Энхжин-Инвест” ХХК хариуцагч Д.Д-тэй 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ хийж, нэхэмжлэлийн шаардлага болох Д.Д-гээс нэхэмжилж буй 15.000.000 төгрөг гэрээ байгуулсан өдөр буюу 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Д.Д-гийн эзэмшлийн Хаан банкны 5046139807 тоот дансанд шилжин орсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй тул үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг буюу “Энхжин-Инвест” ХХК-ийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж буруутгах  үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.Д-г алдангиас чөлөөлөх боломжгүй.

Мөн анхан шатны шүүх барьцаа хөрөнгүүдийн үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулжээ.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс зөвхөн хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шшардлагыг хангах боломжгүй.

Хариуцагч Л.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч “Энхжин-Инвест” ХХК-аас машины үнэ 21.000.000 төгрөг, ажилласан хугацааны урамшуулал 17 000 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 347 950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх баримт тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Д.Д-гээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа тооцооны алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, гүйцэтгээгүй үүрэг 20.400.000 төгрөг /15.000.000+5.400.000/, үүнээс төлсөн 6.530.000 төгрөгийг хасахаар 13.864.00 төгрөг, алданги 6.932.000 төгрөгийг нэмж нийт 20.794.000 төгрөгийг хариуцагч Д.Д-гээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 7.104.000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгүүдийн үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543.800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, олгохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 323 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т зааснаар “Энхжин-Инвест” ХХК-ийн хариуцагч Л.Э-т холбогдуулан гаргасан зээл 30.000.000 төгрөг хүү 8.400.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Д-гээс 13.870.000 төгрөгийг гаргуулан “Энжин-Инвест” ХХК-д олгож алданги хүү 14.030.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг

“Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Д.Д-гээс 20.794.000 төгрөгийг гаргуулан “Энжин-Инвест” ХХК-д олгож, хариуцагч Д.Д-гээс 7.104.000 төгрөг гаргуулах шаардлага, хариуцагч Л.Э-аас зээлийн төлбөр 30.000.000 төгрөг, хүү 8.400.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг нийт 53.400.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдийн үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож болгож” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543.800 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Энжин-Инвест” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА              

                                                                ШҮҮГЧИД                                   С.ЭНХЖАРГАЛ                       

                                                                                                                    С.ОЮУНЦЭЦЭГ