Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 599

 

                                                           

 

 

 

2019         6             18                                              2019/ДШМ/599

 

                                                Ц.Нд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/237 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Нгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201725021045 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Дагчин овгийн Цэндсүрэнгийн Н, 1975 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн  тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УХ7/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 552 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 210 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сарын хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 4, 225 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 6 жилийн хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;

 

Ц.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2-42 тоот хашаанд байрлах нийтийн байрны 1 тоотод хамт архи ууж байсан хохирогч Ч.Бямбасүрэнтэй маргалдаж, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүнтэй маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн няцрал, уртавтар тархины гүүр хэсгийн цус харвалт, үхжилийн голомт, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулж алсан,

мөн давтан үйлдлээр 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 3-83 тоотод оршин суух иргэн Ч.Наранбаатарын эзэмшлийн орон байранд нэвтэрч, 32 инчийн LED зурагт, хүүхдийн тэрэг, МNBC кабелийн хүлээн авагч, бүтэн хонины мах, орны бүтээлэг, халтар манан хөөрөг, хүүхдийн гутал 2 хос зэрэг эд зүйл хулгайлж, 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 5-43 тоотод оршин суух иргэн Л.Энх-Амгалангийн эзэмшлийн орон байранд нэвтэрч, мөнгөн аяга 4 ширхэг, манан хөөрөг, “Acer” загварын зөөврийн компьютер, монетон ээмэг, бөгж, кулоны хослол, монетон кулон, хүзүүний сувдан зүүлт, бугуйн цаг, шармал ээмэг, бөгж зэрэг эд зүйл хулгайлж, 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 4-42 тоотод оршин суух иргэн П.Лхамсүрэнгийн эзэмшлийн орон байранд нэвтэрч, усан болор чулуун бага гарын хөөрөг, 925 сорьцтой хос мөнгөн ээмэг, эрэгтэй хүний дээл, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн тагш, эрэгтэй хүний хромон гутал зэрэг эд зүйл хулгайлж, 920.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 4.960.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Нгийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Цэндсүрэнгийн Нд 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Дагчин овгийн Цэндсүрэнгийн Нг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг давтан орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг 9 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Нд оногдуулсан хөнгөн ял болох 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хүнд ял болох 9 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нгийн урьд цагдан хоригдсон 676 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ц.Нгээс нийт 4.960.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ч.Наранбаатарт 740.000 төгрөг, хохирогч Л.Энх-Амгаланд 3.300.000 төгрөг, хохирогч П.Лхамсүрэнд 920.000 төгрөгийг тус тус олгож, амь хохирогч Ж.Бямбасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чулуунцэцэгийн 6.900.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Н гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талийгаач Бямбасүрэн нь миний найз хүүхэн байсан бөгөөд хэрэг гарах өдөр бид хоёр үл ялих зүйлээс болж маргаж, би талийгаачийг нүүр, хацар луу нь 2 удаа алгадаж, хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Гэрч С.Жаргалсайхан хэргийн тухай үнэн зүйлийг ярьдаг. Арвайбаатар нь хэрэг болох үеийн гол хүн, мөн энэ хүн олон хүнд худал, үнэн зүйлийг хольж хутган ярьсан байдаг. Мөн бүх гэрч нар зөвхөн Арвайбаатарын яриа, үгээр мэдүүлэг өгсөн байдаг. ...тухайн хэрэг гардаг газарт 3 ширхэг тоосго байсны 2 ширхэг тоосгыг эд мөрийн баримтаар авч, 3 дахь цусны толботой тоосго алга болсон. Битүүмжлэгдсэн байр онгойж дотор нь хүмүүс архи уусан байдаг. Гэрч Сайханцэцэг нь Арвайбаатарын хамаатан бөгөөд архи дарс ууж байсан хүмүүсийг хөөж туусан. Энэ хүн цонхоор харсан гэдэг нь худал юм. ...Арвайбаатар, Сайханцэцэг нар хоорондоо нэг зүйл нууж худлаа ярьж байна.

Миний бие сүүлийн хавтас хэрэгтээ танилцаагүй бөгөөд гарын үсэг зуруулаагүй. Миний бие хохирогчийг алгадсан нь үнэн, үхэлд хүрэх шалтгаан биш юм. Хохирогчийн нүүр, биед учирсан гэмтэл нь миний алгадсанаас үүссэн гэмтэл биш гэж би боддог.  Хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Нгийн өмгөөлөгч Д.Эрдэнэсувд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Нгийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Амь хохирогч Бямбасүрэнгийн биед олон тооны шарх сорви үлдсэн байдаг. Жишээ нь: Зүүн тал бөмбөлгийн чамархайн зулай хэсгийн хатуу бүрхүүл доторх цусан хураа, тархины эдийн няцрал, уртавтар тархины цус харвалт зэрэг тархины хүнд гэмтэл учирсан байхаас гадна амь хохирогчийн биед духны зулгаралт, доод уруулын салстад язарсан шарх, зүүн духны хуйханд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт зэрэг гэмтлүүд учирсан байдаг. Мөн өмсөж явсан хувцасанд олон тооны урагдалт, цус мэт зүйлээр бохирлогдсон байдаг. Хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Ц.Н, Арвайбаатар, Жаргалсайхан, амь хохирогч Бямбасүрэн гэх 4 хүн байсан. Гэрч Жаргалсайхан шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Н амь хохирогчийг нэг алгадаад, 2 удаа өшиглөсөн. Тэгэхэд хохирогчийн ам хамарнаас нь цус гарсан зүйл байгаагүй. Хувцсыг нь зуураагүй, алгадахад газар унаагүй, хана мөргөөгүй, амь хохирогч цаашаа үргэлжлүүлээд архи уугаад үлдсэн. Би удалгүй гарсан” гэсэн байдаг. Тухайн үед Арвайбаатартай амь хохирогч үлдсэн байдаг. Амь хохирогчийн биед олон тооны шарх байснаас гадна хүнд зэргийн согтолттой байсан. Гэрч Жаргалсайханы мэдүүлсэн шиг байдалтай амь хохирогч үлдсэн юм бол биед нь учирсан олон тооны шархыг хэн учруулсан бэ гэх асуудал эргэлзээтэй  байна. Мөн шинжээч эмч Чулуунсүх мэдүүлэхдээ “амь хохирох үхэлд хүргэсэн гэмтэл нь хуйханд үүссэн гэмтэлтэй хамт үүссэн” гэсэн байдаг. Тэгэхээр хохирогчийн хуйханд үүссэн гэмтлээс болоод гавал тархины битүү гэмтэл авч нас барж байгаа бол гэрч Жаргалсайхан, Арвайбаатар нарын мэдүүлэгт “Ц.Н талийгаачийг алгадахад хана мөргөсөн, унасан, эсхүл тархинд нь хүнд гэмтэл учруулахаар цохиогүй” гэж мэдүүлдэг. Гол сэжиг бүхий хүн бол Арвайбаатар байдаг. Арвайбаатарын гэрт хохирогч 2 хоног байсан. Арвайбаатар мэдүүлэхдээ “хохирогч босоод юм идсэн” гэж хэлдэг. Гэтэл шинжээч эмчийн зүгээс тархины хүнд гэмтэл авсан хүний эхэн үеийн шинж тэмдэг нь “огих, бөөлжих, хоолонд дургүй байх, орон зайн баримжаа алдагдах, хурхирах” зэрэг нөхцөл байдал илэрдэг гэдэг. Шүүгдэгч Ц.Нгийн үйлдлээс болоод уг гэмтлийг авсан бол амь хохирогч Арвайбаатарын гэрт байхдаа юм идэх боломжгүй байх байсан. Арвайбаатарыг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй. Прокуророос тайлбарлахдаа Арвайбаатар суумгай хүн, гэмтэл учруулах боломжгүй гэдэг. Гэхдээ Арвайбаатарын хоёр гар нь эрүүл, хэргийн газарт цус мэт зүйлээр бохирлогдсон тоосго илэрсэн байдаг. Үүнийг нотлох баримтаар тооцож шалгаагүй. Үүнийг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан байдаг. Иймд нотлогдвол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэх саналтай оролцож байна. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс амь хохирогчийн биед учирсан олон тооны шарх байсан талаар маргадаг. Энэ хэргийн гол хоёр гэрч нь Жаргалсайхан, Арвайбаатар нар байдаг. Эдгээр гэрч нар амь хохирогчийг Ц.Н цохисон болон хүч хэрэглэсэн талаар мэдүүлдэг. Амь хохирогчийн өмссөн байсан цамцны энгэрийн хэсэгт үл харагдах урагдалт байдаг. Гэрч нар уг урагдалтыг мэдээгүй байх боломжтой харагддаг. Хэргийн газраас хураан авсан улаан өнгийн тоосгыг шинжилгээнд хүргүүлсэн боловч “цус мэт зүйлээр бохирлогдсон байна, шинжилгээ хийхэд дээж хүрэлцэхгүй байх тул хэний цус болохыг тогтоох боломжгүй” гэх дүгнэлтийг гаргасан. Иймд хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн. Тоосготой холбоотой ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийсэн. Гэрч Жаргалсайхан “Н цохиход амь хохирогч хойшоо савж унасныг би харсан” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд “би 2 удаа цохисон” гэдэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “би нэг удаа цохисон” гэж мэдүүлдэг. Дээрх үйлдлүүдийн тоо харилцан адилгүй байгаа боловч амь хохирогчийн толгойн тус газарт хэд хэдэн удаагийн хүч үйлчилсэн болох нь тодорхой харагдаж байна. Өвдөгөнд учирсан гэмтэл нь шүүгдэгч Ц.Н өшиглөснөөс үүссэн болох нь харагддаг. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Гэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад талийгаач Бямбасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Чулуунцэцэгээс гаргаж өгсөн 6.900.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримтыг хавтас хэрэгт хавсаргаагүй байх тул жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Гэтэл 2 дугаар хавтасны 48 дугаар талд 6.900.000 төгрөгийн баримт авагдсан байдаг. Иймд шүүгдэгч Ц.Нгээс хохирлыг гаргуулж, хууль ёсны төлөөлөгч Чулуунцэцэгт олгуулахаар өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

1. Ц.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2-42 тоот хашаанд байрлах нийтийн байрны 1 тоотод хамт архи ууж байсан хохирогч Ч.Бямбасүрэнтэй маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн няцрал, уртавтар тархины гүүр хэсгийн цус харвалт, үхжилийн голомт, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулж алсан болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чулуунцэцэгийн “...Ж.Бямбасүрэн хамгийн сүүлд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байсан. 2017 оны 5 дугаар сарын 03-ны өглөө намайг ажилдаа явахаар гарахад “араас чинь очно” гэж хэлээд гэртээ үлдсэн. Тэрнээс хойш уулзаагүй явсаар байгаад 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагаас надад талийгаачийг нас барсан талаар хэлсэн. ...2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэрээсээ ажилдаа гараад явахдаа бол өөрийгөө тордоод л бэлдээд гарсан. ...Гомдолтой байна. ...” /1хх 36-40, 2хх 213/,

 

гэрч Ж.Нямсүрэнгийн  “...2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагаас хүн утасдаж манай эгчийг “нас барсан” гэж манай ээжид хэлсэн. ...Н гэгчийг өмнө нь Баянбүрдийн тэнд амь хохирогч Ж.Бямбасүрэнтэй хамт явж байхад нь харсан. ...” /1хх 41-43/,

 

гэрч С.Оюунгэрэлийн “...Надад Арвайбаатар “амь хохирогчийг нөхөр нь гэх Нова нь алгадсанаас болж уруул нь хавдсан. Тэрнээс болоод үхэхгүй байлгүй дээ” гэж Арвайбаатар, Нямаа нар хоорондоо яриад байсан. ...Би галчаас нь “чи яагаад энэ архичдыг хөөж явуулахгүй байгаа юм бэ, энэнээс болоод ийм асуудал үүслээ” гэж хэлэхэд галч надад “би 12:00 цагийн үед цонхоор нь харахад шар үстэй Новагийн авгай газар унтаж байсан, Арвай ах тэргэнцэр дээрээ суусан, нилээн согтуу унтаж байсан” гэж хэлсэн...” /1хх 44-50/,

 

Ц.Арвайбаатарын “...Н талийгаач 2 хоорондоо маргалдсан. Юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй. Намайг харж байхад Н талийгаачийг хаалганы хажуу талын хана руу шахаж зогсоогоод маргалдаж байхдаа нүүр лүү нь хэд хэдэн удаа алгадаж байх шиг байсан. Би орон дээр сууж байсан болохоор босож чадахгүй байсан. Тэгээд л Н гараад явчихсан. Талийгаач тэгээд шууд шалан дээр унтаад өгсөн. ...Н талийгаачийг заамдаж байгаад толгой руу нь гараараа 4-5 удаа цохихыг хараад “болиоч” гэж орилж байгаад болиулсан. ...” /1хх 162-164/,

 

гэрч С.Жаргалсайханы “...Намайг Арвайбаатарын гэрт ороход талийгаач ухаангүй хүн шиг хэвтээд хөдлөхгүй байсан. Цамц нь гэдэснийх нь тал хүртэл сөхөгдөөд гарчихсан, өмд нь бүрэн татагдаагүй, хагас баруун тийшээ хажуулдсан хэвтэж байсан. Би тэр үед “энэ амьд юм уу” гэж асуухад Арвайбаатар “амьдаа амьд” гэж хэлэхээр нь Арвайбаатарын түрдэг тэрэгнийх нь цаанаас дөхөөд хартал амьсгалж байсан. Түүнээс ямар нэг идэвхтэй хөдөлгөөн хийгээгүй. Энэ өдрийн урд өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Арвайбаатарын гэрээр орсон чинь Н, талийгаач, Арвайбаатар 3 согтуу, нэг шил том 0,5 литрийн шилтэй архи тавьчихсан сууж байсан. Би архинаас нь уугаагүй. Энэ үед Н, талийгаач 2 бие биеэ “янхан гичийгээр” дуудалцаад байсан. Хоёулаа л бие биеэ “янхан гичий” гэж зөрүүлж дуудаад байсан. Тэгтэл намайг харж байхад Н талийгаачийн хөл рүү нь 2 удаа өшиглөөд, нэг удаа алгадаад авахаар нь би салгатал Н гарсан. Бөмбөөлэй орон дээр суугаад үлдсэн. ...Намайг харж байхад талийгаачийг Н 2 өшиглөөд, үүд рүү хөөгөөд толгой руу нь алгадаж авч байсан. Тэгтэл талийгаач хойшоо савж байсан, унаагүй. Гэхдээ энэ 3 нилээд согтолттой байсан. ...” /1хх 68-70, 3хх 168/,

 

гэрч Г.Нямбаярын “...Би талийгаач Бөмбүүлэйтэй 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар гудамжинд байрлах дүү Арвайбаатарын гэрт тааралдсан. Тухайн үед дүү Арвайбаатарын гэрт өмдөндөө шээсэн юм шиг өмд нь норсон байдалтай, өмдөө хагас тайлсан байдалтай хэвтэж байсан. Нэг шил архи авч ороод Арвайбаатартай тухайн архиа задлаад хувааж ууж байгаад Арвайбаатарын эгч Оюунгэрэл нь орж ирэхээр нь би архиа өвөртлөөд эргээд гарсан. ...Амьсгалж байгааг нь гэдсээр нь мэдсэн, мөн хурхирч байсан. ...” /1хх 54-55/,

 

гэрч О.Энхдөлийн “...Арвайбаатарын гэрт ороход талийгаач орных нь зүүн талын хананд гудас шиг юм тулгаад тавьчихсан түүн дээр дээшээ харсан унтаж байгаа байдалтай байсан. ...Унтаад ч байгаа юм уу, хурхираад ч байгаа юм уу сонин дуугараад хэвтэж байсан. ...Арвайбаатар бид нарт хэлэхдээ “Нд зодуулсан” гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй. ...” /1хх 57-58, 2хх 185/,

 

гэрч Х.Баярцэнгэлийн “...талийгаач өрөөлдсөн байдалтай дээшээ харсан унтаж байсан. Би тухайн үед согтуу байна гэж бодсон. Намайг архи уугаад хоорондоо чанга чанга ярьж байхад болон бид нарыг гаран гартал ерөөсөө сэрээгүй хурхираад байсан. Хурхирах чимээ сонсогдож байсан. Хааяа эргэж харахад хурхираад унтаад байсан. ...” /1хх 61-62/,

 

гэрч О.Мөнхдөлийн “...Намайг ороход Арвайбаатар буйдан дээрээ суучихсан, “Данхар Баяраа” /Баярцэнгэл/, өвгөн /Нямбаяр/ нар наад талд шалан дээр сууж байсан. Талийгаач Бөмбөөлэй /Ж.Бямбасүрэн/ гудсан дээр дээшээ хараад хурхираад хэвтэж байсан. Өмд нь бага зэрэг тайлагдсан, шээсэн байдалтай нойтон хэвтэж байсан. ...Би өглөө орохдоо талийгаачийн талаар асуухад Арвайбаатар надад “урьд шөнө Норовт зодуулчихаад орж ирээд унтаж байгаа юм” гэж хэлсэн. ...” /1хх 64-65, 2хх 186-187/,

 

гэрч Д.Сайханцэцэгийн “...Тэгээд би Арвайбаатарын өрөөний цонхоор харахад Арвайбаатар ах тэргэнцэр дээрээ тасарсан юм шиг унтаж байсан, нэг хүүхэн өрөөнийх нь хаалганы ханын хавьцаа гэдэс нь гарчихсан, өмд жоохон шувтарсан байдалтай байсан. ...Н тэр хүүхнийг байнга зоддог байсан. Тэр хүүхэн муухай орилохоор нь би цагдаа дуудаж өгдөг байсан. Хорооны цагдаа нар бүгд мэдэж байгаа. Нэг удаа халуун тогоогоор нөгөө хүүхнээ зодсон байсан. ...” /1хх 66/,

 

гэрч Б.Дорждэрэмийн “...Ууганбаатар бид хоёрыг хүн нас барсан өрөөнд оруулсан. Тэр өрөө тавилга байхгүй хоосон өрөө байсан. Өрөөний зүүн хойд буланд эрэгтэй, эмэгтэй нь мэдэхгүй сайн харж чадаагүй, зүүн буланд дээшээ харсан хэвтэж байсан. ...” /1хх 74/,

 

гэрч Ж.Одгэрэлийн “...Тэргэнцэртэй залууд өөрийн 99463848 дугаартай гар утсаа өгсөн. ...Цагдаа болон түргэн тусламж руу залгаад хаягаа хэлж өгөөд байх шиг байсан. “Тэгээд яасан бэ?” гэж тэр залуугаас асуугаад гар утсаа автал “манай гэрт хүн үхчихсэн байна" гэж хэлсэн. ...” /1хх 75-76/,

 

шинжээч эмч С.Чулуунсүхийн “...Дээрх гэмтэл нь 48 цаг болон түүнээс дээш цагийн хугацаанд үүссэн байх боломжтой. Үхэлд хүргэх процесс буюу тархи дарагдах, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдал гэмтэл авснаас хойш нас барах хүртэл үргэлжилнэ. ...Тархи дарагдлын улмаас хугацаанаас хамаарч харилцан адилгүй шинж тэмдгүүд илэрнэ. Тархи дарагдлын эхэн үед толгой өвдөх, юм мартаж санах, хоол унданд дургүй, хөдөлгөөний идэвхгүй, хожуу үед /тархи дарагдлын/ ухаан алдах, орон зайн цаг хугацааны баримжаа алдагдах, байрлал идэвхгүй, хурхирах, өвдөлт мэдрэхгүй байх шинж тэмдэг илэрч болно. ...Дээрх гэмтлийг авсан тохиолдолд гэмтэл авсан даруйдаа нас барах тохиолдол байдаг. Амь хохирогчийн хувьд гэнэт нас баралт болоогүй байна. ...Гавал тархины битүү гэмтэл буюу үхэлд хүргэсэн гэмтэл нь хуйханд цус хуралт гэмтэлтэй хамт үүссэн гэмтэл. Өвдөг, духанд зулгаралт, доод уруулын салстад язарсан шарх гэмтэл нь дангаараа учирсан гэмтлүүд, баруун өвдөг, духны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, доод уруулын салстын язарсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. ...Дээрх гэмтэл авсан тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой, боломжгүй эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. ...” /1хх 77-80/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн:

“...талийгаач Ж.Бямбасүрэнгийн цогцост зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн няцрал, уртавтар тархины гүүр хэсгийн цус харвалт, үхжлийн голомт, тархины эдийн няцрал, зүүн духны хуйханд цус хуралт, баруун өвдөг, духанд зулгаралт, доод уруулын салстад язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, өшиглөгдөх, унах үед үүсэх боломжтой. Хүний болон хүний хүчнээс давсан үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан, дээрх зүүн чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа нь нас барахаас 48 цагийн өмнө үүссэн байх боломжтой...” болохыг тогтоосон 941 дугаартай дүгнэлт /1хх 84-89/,

“...талийгаачийн цогцост учирсан “тархины зүүн тал бөмбөлгийн чамархай зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн няцрал, уртавтар тархины гүүр хэсгийн цус харвалт, үхжлийн голомт, тархины эдийн няцрал” гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, “зүүн духны хуйханд цус хуралт, доод уруулын салстад язарсан шарх” гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, “баруун өвдөг, духанд зулгаралт” гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархинд учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу толгойн зүүн хэсэгт хүч үйлчлэх /цохих, цохигдох/ үед үүсгэгдэнэ. Дээрх гавал тархины битүү гэмтлийг авсан хүн толгой өвдөх, огиулж бөөлжих, ухаан алдах, таталт өгөх, хурхирах гэх мэт шинж тэмдгүүд илэрч болдог, “тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа” нь тархийг дарах хүртэл тодорхой хугацаанд амьд явах боломжтой. ...Тодорхой хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Доод уруулын салстад язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл...” болохыг тогтоосон 1284 дугаартай дүгнэлт /2хх 153-154/-үүд,

 

гэрч Ц.Арвайбаатар, С.Жаргалсайхан нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 209-212/, гэрч Ц.Арвайбаатар, С.Жаргалсайхан нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2хх 214-216/, гэрч Ц.Арвайбаатар, яллагдагч Ц.Н нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /Зхх 22-24/, гэрч С.Жаргалсайханыг яллагдагч Ц.Нтэй нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /Зхх 25-27/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 10-15/-ээр,

 

2. давтан үйлдлээр 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 3-83 тоотод оршин суух иргэн Ч.Наранбаатарын эзэмшлийн орон байранд нэвтэрч, 32 инчийн LED зурагт, хүүхдийн тэрэг, МNBC кабелын хүлээн авагч, бүтэн хонины мах, орны бүтээлэг, халтар манан хөөрөг, хүүхдийн гутал 2 хос зэрэг эд зүйл хулгайлж, 740.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ч.Наранбаатарын “...Гэрийн хаалганы цоожийг эвдсэн, хаалга онгорхой байхаар нь гэртээ ороход гэрт хулгайч ороод гэрийн хойморт байсан 32 инчийн LED зурагт, зурагтны хажууд тавиур дээр байсан даалинтай халтар манан хөөрөг, хүүхдийн тэрэг, MNBC кабелын хүлээн авагч, хонины бүтэн мах, орны бүтээлэг, 2 хүүхдийн гутал зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” /2хх 21-22/ гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 12-17/, эд зүйлийн үнэлгээ /2хх 23/-гээр,

 

3. 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 5-43 тоотод оршин суух иргэн Л.Энх-Амгалангийн эзэмшлийн орон байранд нэвтэрч, мөнгөн аяга 4 ширхэг, манан хөөрөг, “Acer” загварын зөөврийн компьютер, монетон ээмэг, бөгж, кулоны хослол, монетон кулон, хүзүүний сувдан зүүлт, бугуйн цаг, шармал ээмэг, бөгж зэрэг эд зүйл хулгайлж, 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Л.Энх-Амгалангийн “...2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр манай дунд охин 13:00 цаг болж байхад гэрээ цоожлоод гарсан байсан. ...4 ширхэг мөнгөн аяга, ...их гарын манан чулуун хөөрөг, ...“АСЕR” маркийн зөөврийн компьютер, ...монетон гинж, ээмэг, бөгж кулоны монетон хослол, монетон кулон, хүзүүний сувдан зүүлт, бугуйн цаг, шармал хийцтэй ээмэг, бөгж зэрэг алдагдсан байсан...” /2хх 54-55/ гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг /2хх 41-46/, эд зүйлийн үнэлгээ /2хх 56,150/-гээр,

 

4. 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 4-42 тоотод оршин суух иргэн П.Лхамсүрэнгийн эзэмшлийн орон байранд нэвтэрч, усан болор чулуун бага гарын хөөрөг, 925 сорьцтой хос мөнгөн ээмэг, эрэгтэй хүний дээл, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн тагш, эрэгтэй хүний хромон гутал зэрэг эд зүйл хулгайлж, 920.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч П.Лхамсүрэнгийн “...2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг 20 минутад гэрээсээ гарсан юм. ...Манай гэрээс гантиг чулуун толгойтой, зэс халбагатай, гуулин нуухтай, гартаам судалтай усан болор чулуугаар хийсэн бага гарын хэмжээтэй 2013 онд авч байсан 450.000 төгрөгийн үнэтэй хөөрөг, эмэгтэй хүний хос мөнгөн ээмэг, 925 сорьцтой, дугариг хэлбэртэй, 30.000 төгрөгийн үнэтэй, захиалгаар оёулсан “Хүннү” захтай эрэгтэй хүний товгор хээ бүхий загварын дээл 2017 онд хийлгэсэн 300.000 төгрөгийн үнэтэй, их гарын мөнгөн аяга 1 ширхэг 300.000 төгрөгийн үнэтэй, мөнгөн тагш 70.000 төгрөгийн үнэтэй, эрэгтэй хүний шинэ монгол хромон гутал 2016 онд авч байсан 200.000 төгрөгийн үнэтэй эд зүйлс алдагдсан байсан. ...” /2хх 85-86/ гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг /2хх 72-76/, эд зүйлийн үнэлгээ /2хх 87/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 165-168, 169-174/ зэргээр тус тус тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх, прокуророос шүүгдэгч Ц.Нд 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хүнийг алсан гэмт хэрэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг давтан орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Ц.Нгийн “...Миний бие сүүлийн хавтас хэрэгтээ танилцаагүй бөгөөд гарын үсэг зуруулаагүй. ...хохирогчийг алгадсан нь үнэн, үхэлд хүрэх шалтгаан биш юм. Хохирогчийн нүүр, биед учирсан гэмтэл нь миний алгадсанаас үүссэн гэмтэл биш гэж би боддог.  Хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, шүүгдэгч Ц.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж  заасантай нийцжээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

Шүүгдэгч Ц.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2-42 тоот хашаанд байрлах нийтийн байрны 1 тоотод хамт архи ууж байсан хохирогч Ч.Бямбасүрэнтэй маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, “тархины зүүн тал бөмбөлгийн чамархай зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн няцрал, уртавтар тархины гүүр хэсгийн цус харвалт, үхжилийн голомт, тархины эдийн няцрал” бүхий гэмтэл учруулж, амь хохирогч дээрх гэмтлийн улмаас нас барсан үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хавтас хэрэгт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Нямбаярын 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн “Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай” тэмдэглэл авагджээ. /3хх 180/

Дээрх тэмдэглэлээс үзэхэд мөрдөгч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгасныг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Нг хэргийн материалтай танилцуулахад тэрээр “хэргийн материалтай танилцахгүй” гэсэн байх тул түүний гаргасан “...хавтас хэрэгтээ танилцаагүй, бөгөөд гарын үсэг зуруулаагүй...” гэх давж заалдах гомдол няцаагдаж байна.

Түүнчлэн амь хохирогч Ж.Бямбасүрэнг шүүгдэгч Ц.Нгээс өөр хүн зодож, цохисон, гэрч нар худал мэдүүлэг өгсөн гэх баримт хэрэгт алга.

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилжээ.

Давж заалдах шатны шүүхээс Ц.Нгийн давж заалдах гомдолд дурдсан “...Арвайбаатар нь хэрэг болох үеийн гол хүн, мөн энэ хүн олон хүнд худал, үнэн зүйлийг хольж хутган ярьсан байдаг. Мөн бүх гэрч нар зөвхөн Арвайбаатарын яриа, үгээр мэдүүлэг өгсөн байдаг. ...Арвайбаатар, Сайханцэцэг нар хоорондоо нэг зүйл нууж худлаа ярьж байна...” гэснийг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хальсан, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийх, шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчим алдагдах юм.

 

Иймээс давж заалдах шатны шүүхээс бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.4 дэх заалтад зааснаар түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 9 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилжээ.

 

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын эвээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.  

 

Анхан шатны шүүх өмнөх хуультай харьцуулан тухайн гэмт хэргийн шинжид нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүдэгч Ц.Нгийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн нь зөв болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.