Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0113

 

2021 02 05 128/ШШ2021/0113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Б, Р.Д,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250012605 тоот актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, Д.Д, хариуцагч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Р.Б нар нь И ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг үндэслэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 заалтыг зөрчсөн гэж Татварын ерөнхий хуулийн ЗЗ дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.1.6, 74.3 дахь заалт, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.7 заалтыг үндэслэн 392,230,900 төгрөгийн зөрчилд 39,223,090 төгрөгийн нөхөн татвар ногдуулан төлүүлэхээр шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250012605 тоот акт тогтоосныг эс зөвшөөрч дараах хууль зүйн үндэслэлээр уг актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ: 18.1.1 татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлөх гэсэн нь бараа борлуулсан борлуулагч нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа борлуулалтын орлого, түүнд ногдох татвараа хуулийн дагуу ногдуулан тайлагнаж, төсөвт төлөх үүрэгтэй гэдгийг тодорхой зааж өгсөн байна. Гэтэл И ХКК нь бараа материал худалдан авч төлбөр төлснийг нотлох, борлуулагчаас бичиж өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, бараа материалын зарлагын баримт, төлбөр төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, гэрээ зэрэг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслэн хуулийн дагуу тайландаа тусгасныг нь буруутгаж актаар төлбөр ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

2. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ...доор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн; 14.1.2-т худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн, 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ...анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог гэж тус тус заасан.

И ХКК нь Ж ХХК-иас 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 5,727,300 төгрөгийн тоосго, Д ХХК-иас 8 дугаар сарын 26-ны өдөр 5,818,200 төгрөгийн тоосго, Г ХХК-иас 10 дугаар сарын 18-ны өдөр 1,454,500 төгрөгийн тоосго, Дархан наран сүлд ХХК-иас 11 дүгээр сарын 02-ны өдөр 171,463,600 төгрөгийн металл цонх, хаалга, цонхны тавцан, 11 дүгээр сарын 12-ны өдөр 100,312,700 төгрөгийн, 11 дүгээр сарын 30-ны өдөр 107,454,500 төгрөгийн өнгөлгөөний цавуутай хар шавар, цахилгааны утас, чулуун хөвөн, ус тусгаарлагч, өнгөлгөөний шавар, тоосго, хатуу сеткэн тор, хөрсжүүлэгч, замаска, шатны чулуу зэрэг нийт 392,230,900 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг дээрх нэр бүхий 4 компаниас тус тус худалдан авсан нь тус компаниудын бараа материал борлуулсныг нотлох 0011112142, 0012241599, 0012750452, 0012354101 0012354106, 0012354110 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, бараа материалын зарлагын болон бэлэн мөнгөний орлогын баримтуудаар нотлогдсоныг нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгасан бөгөөд худалдан авсан бараанд төлсөн 39,223,090 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг тус компани 2012 оны 6, 8, 10, 11 дүгээр саруудын худалдан авалтын дэвтэрт бүртгэж, тухайн саруудын тайланд тусгасан нь хий бичилттэй падаан ашигласан гэх үндэслэл болохгүй.

Ийнхүү дээрх нэр бүхий компани нь борлуулсан бараандаа ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг өөрөө төсөвт төлөх үүрэгтэй гэдгийг хуульчилсан байтал худалдан авагч И ХКК-д давхардуулан албан татвар ногдуулсан байна. Иймд Сүхбаатар дүүргийн Татварьн хэлтсийн татварын улсьн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250012605 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Татварын улсын байцаагч нь 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр И ХКК-д 250034 тоот дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт нь гомдол гаргасан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250012605 дугаартай актаар баталгаажуулсан. Татварын улсын байцаагч дүгнэлт бичихдээ Татварын ерөнхий газраас ирүүлсэн эрсдлийн мэдээллийг үндэслэн дүгнэлт бичсэн байдаг. И ХКК-ийн худалдан авалт нь хий бичилттэй, хуурамч падаан ашигласан байна гэсэн цагдаагийн газраас ирүүлсэн мэдээллийг үндэслэсэн анхны шалгалтыг явуулсан. Тухайн шалгалтыг хийхдээ үндсэн баримтуудыг нягталж үзээгүй, зөвхөн цагдаагийн албан тоот, Татварын ерөнхий газраас ирүүлсэн баримтад үндэслэн шууд шинжээчийн дүгнэлт гаргасан. Иймд И ХКК нь 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1344 дугаартай албан тоотоор Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.

Маргаан таслах зөвлөл тухайн гомдлыг 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/278 дугаартай албан тоотоор Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Маргаан таслах зөвлөл нь татварын акт дүгнэлттэй холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн маргааныг зөвхөн татвар төлөгчийн гомдлоор хянан хэлэлцэнэ гэж заасны дагуу татвар төлөгч нь гомдол гаргасныг татварын маргаан таслах зөвлөл хүлээн авч, шүүхээс өмнөх шатанд урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг хийж байна, ийнхүү магадлах ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газрын улсын мөрдөн байцаах газраас 2013 оны 11 сарын 11-ний өдөр 10/5-9581 тоот албан бичиг ирсэн бөгөөд танай компанитай холбогдох 250034 тоот дүгнэлтэд эрүүгийн 201201000553 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, шалгаж байгааг дурдсан. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж зааснаар татвар төлөгчийн гомдлыг буцаасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Р.Б нар Икомпанийн 2010 оны 01 сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т заасныг үндэслэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно гэж заасан. 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж тус тус заасныг зөрчсөн.

2008 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 2001 онд батлагдсан тухайн үед мөрдөгдөж байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 2006 онд батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл зэрэг хуулиудад уг заалтыг баримтлан худалдан авалтын гүйлгээг хийж санхүүгийн анхан шатны баримт материал бүрдүүлэх, санхүү татварын тайлан тооцоогоо хийхдээ анхан шатны бүх баримтуудыг нотлох баримтын хүрээнд борлуулагч талд төлсөн бэлэн мөнгөний баримт, худалдаж авсан бараа материалын зарлагын баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэх мэт анхан шатны баримтуудыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар нягтлан бодогч бүрдүүлж, үүнийг үндэслэн санхүү татварын тайлангаа үнэн зөв гаргасан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар анхан шатны баримтуудаа иж бүрнээр нь бүрдүүлж, санхүү татварын тайланг үнэн зөв гаргасан.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно гэж заасан.

Иймд И ХКК-ийн нягтлан бодогч анхан шатны бүх баримтуудыг үндэслэн санхүү татварын тайланг үнэн зөв гаргасан учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1, 14.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн татвар төлөгчид бараа материалаа худалдан борлуулсан компани нь борлуулалттай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварыг өөрсдөө төлөх үүрэгтэй. Татвар төлөгч нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгагдсан худалдан авалтын дүнд хуулиар олгогдсон эрх үүргийнхээ дагуу тайлагнасан байхад борлуулагч талд ногдох татварыг худалдан авагч талд давхар ногдуулж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Татвар төлөгч нь анхан шатны баримтуудыг Нягтлан бодох бүртгэлийн хуулийн хүрээнд бүрдүүлж, тайлан тооцоогоо гаргасан байхад цагдаагийн газраас ирүүлсэн материал, мэдээлэлд үндэслэн дүгнэлт бичсэн нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөн байна. 2016 оны 09 дүгээр сарын 01-нд татварын улсын байцаагчийн акт гаргаж, Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1736 тоот тогтоолоор татвар төлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Анхан шатны баримтуудыг хуурамч эсэхийг цагдаагийн байгууллагаар тогтоолгохыг тулд шалгуулахаар өгсөн гэж байна. Гэтэл татварын улсын байцаагч нарын дүгнэлт нь хуурамч гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Мөн мөрдөн байцаах шатны мэдүүлгээс харахад Дархан наран сүлд компанийн захирал үйл ажиллагаагаа явуулж байсан, хамтран ажиллаж байсан компаниудтай гэрээтэй гэдгээ мэдүүлж байсан байна. Шинжээчийн дүгнэлтийг харахад 15 компанийн баримт, тус компаниудтай холбоотой эрсдэлийн удирдлагын газрын хөндлөнгийн мэдээлэл нь худалдан авагч талын мэдээлэл, нөгөө компаниудын өгсөн мэдээлэлтэй үндэслэн шинжээчийн дүгнэлт бичсэн гэсэн болохоос яг хуурамч байна гэдгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно гэж заасан. 2012 оны зөрчилд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлангаа гаргасан.

Татварын улсын байцаагчийн хяналт шалгалттай холбоотой дүгнэлтийг акт болгосон үйлдэл нь Татварын ерөнхий газрын мэдээлэл, цагдаагийн газраас ирүүлсэн мэдээллийг үндэслэн дүгнэлт, акт гарсан байна гэж үзэж байна. Анхан шатны бүх баримтууд худалдан авалтаар тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтэд байгаа борлуулалтыг хийсэн гэдгийг шинжээчийн дүгнэлтийн хавсралт тооцоонд тухайн 4 компани орсон байна. Мөн маргаан таслах зөвлөлийн ирүүлсэн материалд И ХКК тооцоолол хийсэн гэсэн мэдээллүүд нь баталгаажсан учраас үүнтэй холбоотой асуудлыг дахин ярих шаардлагагүй байх. Татварын улсын байцаагчийн сүүлд гарсан акттай холбогдуулан татварын иж бүрэн шалгалт хийсэн татварын улсын байцаагч нар нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын актад баталгаажуулсан өгсөн байна.

Мөн шинжээчийн дүгнэлт гаргахдаа Татварын ерөнхий газрын мэдээллийг үндэслэн шалгасан гэдгээ тодорхойлж өгсөн ба татварын улсын байцаагч дахин акт бичих үндэслэл байхгүй. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11-т Татварын улсын байцаагч доод шатны Татварын албаны гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх эрхтэй гэж заасан. Татварын улсын байцаагч нэгэнт иж бүрэн акт тогтоочихсон, худалдан авалтыг баталгаажуулсан байхад татварын улсын байцаагч тухайн шийдвэрийг үгүйсгэж шинээр акт гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч И ХКК-ийн мөнгө төлсөн баримт, бараа материалын орлогын баримт, орлого зарлагын падаан, гэрээ холбогдох баримт бичгүүд санхүүгийн анхан шатны баримтад тусгагдсан байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд тухайн аж ахуйн нэгжийн худалдан авалт нь санхүүгийн анхан шатны баримт болон бусад баримтаар нотлогдсон тохиолдолд үйл ажиллагаатай холбоотой худалдан авалтыг хасна гэж заасан байх тул И ХКК хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус компанийн нягтлан бодогч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед манай компанийн захирал гадаадад байсан. Би зөвхөн өршөөлд хамруулж өгнө үү гэсэн хүсэлт бичиж өгсөн. Манай компани Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 8 давхар барилга бариулж байсан. Тухайн үед манай компанийн захирал бэлэн мөнгөний зарлага хийж байсан. Дархан наран сүлд компанитай гэрээ байгуулж, манай компани тухайн компаниас бараа материалаа авчихаад дараа нь тооцоо хийдэг байсан. Энэ нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдоно. Манай захирал Дархан наран сүлд компанитай гэрээ байгуулсан гээд тамга дарж авч явсан. Манайх гэрээгээ байгуулж бараагаа аваад явцын дунд авсан барааныхаа үнээс төлбөрөө төлж явдаг байсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нийлүүлж байгаад бөөнд нь бичдэг.

Маргаанд хамаарах падаануудаар худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогддог тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Р.Б нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: 2874873 тоот регистрийн дугаартай И ХКК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/807 тоот, Татварын ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 02/769 тоот хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын чиглэл, Татварын ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 07/1131 тоот чиглэл өгөх тухай, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1736 тоот тогтоолыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын (25/13)5713 тоот томилолтоор, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Д, Р.Б нар 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 28-ны хугацаанд хэсэгчилсэн шалгалт хийсэн.

Нийслэлийн Баянгол Дүүргийн прокурорын тогтоолын талаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газар хянаад 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1736 тоот тогтоол үйлджээ. Уг тогтоолд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг 2874873 регистртэй И ХКК-ийн нягтлан бодогч Д.Д нь Ж ХХК-иас 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 0011112142 дугаартай падаанаар 5,727,300.00 төгрөгийн, Д ХХК-иас 8 дугаар сарын 26-ны өдөр 0012241599 дугаартай падаанаар 5,818,200.00 төгрөгийн, "Г ХХК-иас 10-р сарын 18-нд 0012750452 дугаартай падаанаар 1,454,500.00 төгрөгийн, Дархан наран сүлд ХХК-иас 11-р сарын 02-нд 0012354101 дугаартай падаанаар 171,463,600.00 төгрөгийн, 11-р сарын 12-нд 0012354110 дугаартай падаанаар 100,312,700.00 төгрөгийн, 11-р сарын 30-нд 0012354110 дугаартай падаанаар 107,454,500 төгрөгийн, нийт 392,230,900.00 төгрөгийн хий бичилттэй падааныг авч ашиглан 39,223,090.00 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасныг үндэслэн: И ХКК-ийн 392,230,900.00 төгрөгийн хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан мэтээр төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг зөрчсөнийг тэмдэглээд Татварын ерөнхий хуулийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг үндэслэн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 2012 онд 392,230,900.00 төгрөгийн худалдан авалтын хасалт хийж төсөвт төлөх апбан татварыг бууруулсан зөрчилд 39,223,090.00 төгрөгийн нөхөн татвар, 11,766,927.00 төгрөгийн торгууль, 19,611,545.00 төгрөгийн алданги ногдуулсан.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээсэн.

2012 онд 392,230,900.00 төгрөгийн худалдан авалтыг өөрийн конторын барилга барихад дуусаагүй барилга дансанд бүртгэн капиталжуулсан байна гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: И ХКК-ийн 2012-2015 оныг дуустал хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ц, Б.Б нар татварын хяналт шалгалт хийж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр татварын улсын байцаагчийн 250022956 дугаар акт үйлдсэн. Хяналт шалгалтын явцад тус компанийн 2010-2012 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг татварын улсын байцаагч Ч.С, Р.Б нар хяналт шалгалт хийж, хий бичилттэй байж болзошгүй гэх үндэслэлийг тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байсныг 250022956 тоот актын тэмдэглэх хэсэгт дурдсан. Татварын улсын байцаагчийн 250034 дугаартай дүгнэлт нь хүчин төгөлдөр байсан. Учир нь Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан үндэслэл бүртгэгдээгүй байсан. Татварын иж бүрэн шалгалтаар үндсэн актын хавсралт болох нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт борлуулалт, илүү дутуу төлөлтийн тооцооллыг хийж хавсаргах шаардлагатай байдаг. Нэгэнт зөрчил бүхий 6 падаантай холбоотой асуудлаар дүгнэлт үйлдэж эрүүгийн журмаар шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн байсан тул татварын улсын байцаагчид дахин зөрчлөөр тооцож, эрүүгийн хэрэг үүсгэх захиргааны хариуцлага хүлээлгэх хууль үндэслэлгүй байсан.

Татварын хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д татварын алба нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтэд хяналт тавин хангуулах заалтын дагуу татварын алба акт дүгнэлтийн биелэлтийг хангах үүрэгтэй. Хууль хяналтын байгууллагаас дүгнэлттэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг шийдвэрлэсний дараа мөн хуулийн 35.3-т заасан Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн заалтыг үндэслэн захиргааны акт болгох хуулийн зохицуулалттай байна.

Санхүүгийн тайлангийн баримтууд хяналт шалгалтын явцад 2013 оны дүгнэлт бичихэд байсан. Бид баримтыг тоогоор хүлээж аваад баримтуудаа үзээд буцааж хүлээлгэж өгсөн. Баримт хүлээлцсэн хуудас хэргийн материалд авагдсан байгаа. Баримтуудыг үнэлсэн. Тухайн үед нягтлан бодогч Д.Дтай ярилцлага хийж байсан. Тус компаниудаас харилцах дансны хуулгаар худалдан авалтыг хийсэн талаар лавлахад дандаа бэлэн мөнгөөр хийсэн байсан. Тус компаниуд хаана байрладаг талаар тодруулахад мэдэхгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 100 айл худалдааны төвөөс худалдан авалт хийж явж байхдаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаан өгнө гэсэн газраас худалдан авалтаа хийгээд явдаг байсан гэж байсан. Харилцах дансаар биш дандаа бэлэн мөнгөөр тооцоо хийдэг байсан нь тогтоогдсон. Тухайн үед тус компаниуд хаана үйл ажиллагаа явуулдаг талаар нотлогдохгүй байна. Бодит худалдан авалт мөн эсэхийг лавлахад нягтлан бодогч Д.Д өөрөө мэдэхгүй байсан.

Нягтлан бодогч анхан шатны баримтыг үндэслэн тайлангаа гаргах ёстой. Бид ч анхан шатны баримтыг үндэслэнэ. Гэхдээ уг анхан шатны баримт нь хуулийн дагуу бодит борлуулалт мөн эсэхийг цагдаагийн байгууллага нотлох учраас үүнийг нотлуулахаар дүгнэлт бичиж явуулсан. Энэ дүгнэлтийн хариу нь прокурорын тогтоол гарч гэм буруутай гэдэг нь тогтоогдсон учраас акт бичсэн.

Цагдаагийн байгууллагаас хуурамч байж болзошгүй шалгалт хийх талаар мэдэгдсэн. Бид шалгалтаа хийгээд тухай компанийн нягтлан бодогч, захирал нараас тодруулахад бодитой худалдан авалт мөн эсэх нь эргэлзээтэй байсан учраас үүнийг нотлуулахаар дүгнэлт бичсэн. Анхан шатны баримтад шалгалт хийсэн. Гэхдээ санхүүгийн хувьд хуурамч, бодитой эсэхийг цагдаагийн байгууллагын илрүүлдэг ажил. Бид 2 талд мөрдөн байцаалт хийж шалгалт явуулах боломжгүй учраас худалдан авагч талыг шалгасан. Цагдаагийн байгууллагаас ирсэн мэдээллийн дагуу шалгаж, бусад нотлох баримтаар нотлогдож байсан бол шалгалтын ажлыг тухайн үед хийж дуусгах байсан. Энэ нь нотлогдохгүй эргэлзээтэй байсан учраас цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Бидэнд тус 4 компанид шалгалт хийх томилолт ороогүй учраас өөрийн томилолтын дагуу л шалгалт хийсэн. Нэхэмжлэгч компанитай холбоотой худалдан авалт нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг авч үзэхэд нөгөө талын борлуулалтад давтагдаж орж ирэхгүй байсан учраас үүнийг нотлох шаардлагатай гэдгийг мэдэгдэж байсан.

Хэсэгчилсэн шалгалтад нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалт хийгддэггүй учраас бүх падааныг шалгаагүй. Зөвхөн 6 падаантай холбоотой асуудлаар шалгаж байсан.

Иж бүрэн шалгалтаар Икомпанийн худалдан авалтын тайланг баталгаажуулахдаа 6 падаанд Э.Ц, Б.Б байцаагч нар өмнө нь дүгнэлт бичсэн учраас тэр хэсгийг шалгаагүй. Татвар төлөгч нь улсад төлөх татварын хэмжээгээ бууруулж, хасалт хийсэн нь холбогдох баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын акт үйлдсэн гэдэг асуудалд татвар төлөгчийн 2012-2015 оныг хүртэл хугацааны татвар төлөлтийн ногдлын байдалд татварын улсын байцаагч Э.Ц, Б.Б байцаагч нар бүрэн шалгалт хийгдсэн. Тухайн үед татвар төлөгчтэй холбоотой дүгнэлт бичигдсэн байсан. Иж бүрэн шалгалтын үед нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын актыг зайлшгүй хийх шаардлагатай. Энэ тохиолдолд тухайн татвар төлөгчийн 6 падаантай холбоотой дүгнэлтийн асуудал тодорхой байсан учраас энэ дүгнэлтийн асуудлыг тухай компанийн тайланд тусгасан гэдгээр нь нэмэгдсэн өртгийн албан татварын актыг баталгаажуулсан байдаг. Эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж, зөрчилтэй гэдэг нь тогтоогдоогүй байсан учраас баталгаажуулж, хэрвээ ямар нэгэн байдлаар зөрчилтэй татвараас зайлсхийсэн үйлдэл тогтоогдвол хэсэгчилсэн шалгалтаар, бүрэн шалгалтаар баталгаажуулж, тайланд тусгасан.

Икомпани бодитой худалдан авалт хийсэн гэж тайлбарладаг. Татварын байгууллагын зүгээс энэ асуудалтай холбоотой дүгнэлт гаргаж, дүгнэлтийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаах ажиллагааг хийсэн. Манай байгууллагын зүгээс үүнтэй холбоотой баримтуудыг гаргуулах хүсэлтийг гаргаж, үүнтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Эдгээр баримтуудаас харахад 16 дүгнэлтээс 14 дүгнэлт үндэслэлтэй гэж шийдсэн. 2 дүгнэлтийн хувьд эргэлзээтэй байсан. И ХКК-ийн хувьд үндэслэлтэй бичигдсэн дүгнэлт байсан. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар худалдан борлуулсан гэдэг компаниудын захирлуудын өгсөн тайлбар мэдүүлгээс харахад худалдаа үйлчилгээ борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй, ашиг олох зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаа зарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар мэдүүлэг өгсөн байдаг. Нэхэмжлэгч И ХКК-ийн зүгээс холбогдох хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг үндэслэлээр прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Татвар төлөгч нь улсад төлөх татварын хэмжээгээ бууруулж, хасалт хийсэн нь холбогдох баримтаар тогтоогдож байна.

Хий бичилттэй падаан бичсэн гэдэг асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд судалж үзэхэд цагдаагийн мөрдөн байцаах ажиллагаагаар тогтоогдсон байдаг. Иймд Татварын улсын байцаагч нарын гаргасан актыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдаж, түүнийг дагаж мөрдөх журам гарсан. Уг журамд нуун дарагдуулах гэж юуг хэлэх вэ гэдгийг тодорхой заасан байдаг. И ХКК-ийн 6 падаантай холбоотой асуудал нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гарахаас өмнө дүгнэлт бичигдэж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан учраас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон журамд нэхэмжлэгч компанийн 6 падаан хамаарахгүй. Учир нь холбогдох төрийн байгууллага албан тушаалтан хяналт шалгалтаар тогтоосон бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэдгийг журмаараа зохицуулж өгсөн.

Иж бүрэн шалгалтаар И ХКК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтыг хийж байгаа болохоор 6 падааныг 4 компаниас худалдан авалт хийсэн гэдгийг л баталгаажуулсан. И ХКК-ийн худалдан авалтыг л шалгасан. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Б, Р.Д нар Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/807 тоот, Татварын ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/769 тоот, 12 дугаар сарын 05-ны өдрийн 07/1131 тоот чиглэл өгөх тухай албан бичгүүд, Хяналт шалгалтын тасгийн даргын (25/13)5713 тоот томилолтын дагуу И ХКК-ийн 2010-2012 оныг дуусталх татвар ногдуулалт, төлөвлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хийж, татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250012605 актаар хий бичилттэй падаан бүхий худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн ...дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан үндэслэлээр нийт 392,230,900 төгрөгийн зөрчилд 39,223,090 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулахаар И ХКК нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Энэ актаар 392,230,900 төгрөгийн зөрчилд 11,766,927.00 төгрөгийн торгууль, 19,611,545.00 төгрөгийн алданги ногдуулсан ч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.7-д заасныг үндэслэн торгууль, алдангийг өршөөлд хамруулан чөлөөлсөн байдаг.

Өмнө нь Татварын ерөнхий газрын 2013 оны 1/678, 2б/898 тоот албан бичиг, татварын хяналт шалгалтын томилолтын дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.С, Р.Б нар И ХКК-ийн 2010-2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, тус компани нь Ж ХХК-иас 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0011112142 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 5,727,300 төгрөгийн, Д ХХК-иас 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 0012241599 дугаартай падаанаар 5,818,200 төгрөгийн, Г ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0012750452 дугаартай падаанаар 1,454,500 төгрөгийн, Д.С ХХКХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0012354101 дугаартай падаанаар 171,463,600 төгрөгийн, 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0012354106 дугаартай падаанаар 100,312,700 төгрөгийн, 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0012354110 дугаартай падаанаар 107,454,500 төгрөгийн, нийт 392,230,900 төгрөгийн бараа материал дотоодоос худалдан авсан гэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулж тайлагнасан зөрчлийг татвар төлөхөөс зайлсхийсэн эсэх асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 250034 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж шилжүүлсэн байна.

Нэр бүхий иргэнд холбогдуулж, нэр бүхий 15 аж ахуйн нэгжийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хуурамчаар хийж бусдад ашиглуулах зорилгоор борлуулсан, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, энэ хэрэгт нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хий бичилт хийсэн 15 аж ахуйн нэгжийн дотор нэхэмжлэлийн шаардлагад хамаарах актад дурдагдсан Д.С ХХКХХК, Д ХХК, Ж ХХК, Г ХХК, хий бичилттэй падаан ашиглаж татвараас зайлсхийсэн гэх аж ахуйн нэгжид нэхэмжлэгч И ХКК орсон, тус компанийн нягтлан бодогч Д.Дг уг эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцон шалгасан, тэрээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хэмээн хэргийг шийдвэрлэсэн прокурорын тогтоолд дүгнэгджээ.

Тухайлбал Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1736 дугаар тогтоолоор ... Д.С ХХКХХК, Д ХХК, Ж ХХК, Г ХХК ... гэсэн 15 аж ахуйн нэгжийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хуурамч хий бичилт хийж бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан, энэ хэргийг байнга үйлдсэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэрэгт дараах нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул, гээд 14 дэх дугаарт:

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг И ХКК-ийн нягтлан бодогч Д.Д нь Ж ХХК-иас 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 0011112142 дугаартай падаанаар 5,727.3 мянган төгрөг, Д ХХК-иас 0012241599 дугаартай падаанаар 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 5,818.2 мянган төгрөг, Г ХХК-иас 0012750452 дугаартай падаанаар 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1,454.5 мянган төгрөг, Д.С ХХКХХК-иас 0012354101 дугаартай падаанаар 11 дүгээр сарын 02-ны өдөр 171,463.6 мянган төгрөг, 0012354106 дугаартай падаанаар 11 дүгээр сарын 12-ны өдөр 100,312.7 төгрөг, 0012354110 дугаартай падаанаар 11 дүгээр сарын 30-ны өдөр 107,454.5 мянган төгрөг нийт 392,230.9 төгрөгийн хий бичилттэй падааныг авч ашиглан 39,223.1 мянган төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцогдсон, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 201626021760 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий хүмүүсийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Улмаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч Р.Б, Р.Д нар нь эхэнд дурдсанчлан Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/807 тоот, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/769, 12 дугаар сарын 05-ны өдрийн 07/1131 тоот хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын чиглэл өгөх тухай албан бичгүүд, (25/13)5713 тоот томилолтын дагуу И ХКК-ийн 2010-2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг дахин хийж дээрх 6 падаанаарх худалдан авалтаар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулж тайлагнаж татвараас зайлсхийсэн зөрчилд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250012605 актаар 39,223,090 төгрөгийн нөхөн татвар, 11,766,927.00 төгрөгийн торгууль, 19,611,545.00 төгрөгийн алданги ногдуулсан байдаг.

И ХКК-ийн худалдан авсан гэх барааг борлуулсан хэмээн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичсэн гэх нэр бүхий 4 компанийг борлуулалт хийгээгүй атал нэмэгдсэн өртгийн падаан хий бичиж аж ахуйн нэгжүүдэд татвараас зайлсхийх боломж олгосон хэмээн тус компанийн захирлуудад холбогдуулан 201201000553 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн, уг хэргээс тусгаарласан эрүүгийн 201626021760 дугаартай хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 200 дугаар дүгнэлтээр маргаанд хамаарах хий бичилттэй падаанаар борлуулалт хийсэн гэх Д ХХК-тай холбоотой 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 350000155 дугаартай Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн дүгнэлт, Дархан наран сүлд ХХК-тай холбоотой 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 340000471 дугаартай Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагчийн дүгнэлт, Ж ХХК-тай холбоотой 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 230000189 дугаартай Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагчийн дүгнэлт, Г ХХК-тай холбоотой 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 260000374 дугаартай Баянгол дүүргийн татварын улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжилгээгээр нэр бүхий 15 компани нь 1135 аж ахуйн нэгж байгууллагад нийт 3225 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр борлуулалт үүсгэн нийт 315,081,603,381.28 төгрөгийн дүнтэй борлуулалт хийсэн байна гэж дүгнэжээ.

Хэдийгээр И ХКК-д холбогдох Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 250034 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнээгүй ч тус шинжээчийн дүгнэлтийн хавсралт №1.3-т Г ХХК-ийн 2012 оны борлуулалтын мэдээний 55 дугаарт И ХКК-д 1,454,454.45 төгрөгийн, хавсралт №1.4-т Д ХХК-ийн 2012 оны борлуулалтын мэдээний 318 дугаарт И ХКК-д 5,818,181.82 төгрөгийн, хавсралт №1.5-д Д.С ХХКХХК-ийн 2012 оны борлуулалтын мэдээний 199 дугаарт И ХКК-д 171,463,636.36 төгрөг, 200 дугаарт 100,312,727.27 төгрөг, 201 дугаарт 107,454,545.45 төгрөг, хавсралт №1.6-д Ж ХХК-ийн 2012 оны борлуулалтын мэдээний 79 дугаарт 5,727,272.73 төгрөгийн үнийн дүнтэй бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр борлуулалт үүсгэн борлуулалт хийсэн гэж дүгнэсэн буюу бусад аж ахуйн нэгжид бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаарх борлуулалтын дүнгийн жагсаалтын 156 дугаарт И ХКК нь 392,230,909.08 борлуулалтын орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар тооцвол 39,223,090.91 гэж бүртгэгдсэн байна.

Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1736 тоот прокурорын тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус компанийн нягтлан бодогч Д.Д нь гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй, зөвхөн Өршөөлийн тухай хуульд хамруулж өгөхийг хүссэн гэж тайлбарлан маргаж байгаа боловч тухайн үед энэ прокурорын тогтоолыг үндэслэлгүй гэж үзвэл дээд шатны прокурорт хандаж гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан ч хэрэгжүүлээгүй атлаа энэхүү захиргааны хэрэгт прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

И ХКК одоогийн өөрсдийн байрлаж байгаа барилгыг барихад зориулж өмнө дурдсанчлан маргаан бүхий 6 падаанаар 4 компаниас тоосго, металл цонх, хаалга, цонхны тавцан, өнгөлгөөний цавуутай хар шавар, цахилгааны утас, чулуун хөвөн, ус тусгаарлагч, өнгөлгөөний шавар, тоосго, хатуу сеткэн тор, хөрсжүүлэгч, замаска, шатны чулуу зэрэг нийт 392,230,900.00 төгрөгийн бараа материалыг худалдан авсан гэх ба 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн, тухайн сард хасагдах нэмэгдсэн өртгийн албан татвар хэмээн тайлагнаж, улмаар төсөвт төлөх албан татварыг тэр дүнгээр буюу 39,223,090 төгрөгөөр бууруулсан байна.

2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно, 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасныг зөрчсөн гэж татварын улсын байцаагч нар үзсэн байна.

Уг хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд өөрийн эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах зориулалтаар бусдаас худалдан авсан барааны хувьд түүнийг худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, харин худалдан авагч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь падаан, холбогдох санхүүгийн баримтуудаар тогтоогдсон байх хуулийн зохицуулалттай байна.

Татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэйн дээр төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх эрхтэй, харин ийнхүү худалдан авалтдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болохоо буюу худалдан авалтаа бодитойгоор хийгдсэн болохоо санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлох үүрэгтэй.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор ... Ж, Говийн хөх од, Д, Д.С ХХКкомпаниуд нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаагүй, тусгасан ч татвараа төлөөгүй болох нь цахим тайлангийн системд хадгалагдсан тайлан, татварын удирдлагын нэгдсэн систем дэх татварын тооцооллоор нотлогдож байна гэж дүгнээд татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээжээ.

Энэ тайлагнасан гэх үндэслэлд дурдагдсанчлан маргаан бүхий актад хамаарах 6 падааныг дээрх 4 компани борлуулалтдаа тайлагнасан ч нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг татварын албанд илгээгээгүй буюу нэмэгдсэн өртгийн албан татварын 6 падаанаарх орлогод нэмэгдсэн өртгийн албан татварын ногдол үүсээгүй байна.

Иймд И ХКК нь 2008 оны Татварын ерөнхий хуулийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3 дахь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, хүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргана гэж заасны дагуу үүргээ биелүүлэлгүй байна.

И ХКК нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр худалдан авалт хийсэн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар болон нягтлан бодох бүртгэлээр ийнхүү тогтоогдоогүй тул татварын улсын байцаагч 392,230,900 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж төлбөл зохих татвараа бууруулсан зөрчил гэж үзэж 39,223,090 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250012605 тоот актыг хүчингүй болгуулах тухай И ХКК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА