Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2018/00477

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ц.О

Хэлмэгдэгч С.Б цагаатгалын нөхөх олговорыг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.О

                                прокурор Д.Эрдэнэчимэг

                                нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авав.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Сайндэлгэрийн Б нь 1938 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Онцгой Бүрэн Эрхт Комиссын 35 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 166 дугаар магадлалаар цагаатгасан юм. Хэлмэгдэгч С.Б, С.С хоёр ах дүү хоёр. С.С хүүхэд нь миний нөхөр С.Р бол хэлмэгдэгчийн ач дүү нь юм. Хэлмэгдэгч нь С.Бын нөхөх олговрыг нэхэмжлэх материалаа бүрдүүлж байх хугацаандаа нас барсан. Миний бие дутуу байсан нотлох баримт болох архивын тооллогонуудыг нь бүрдүүлээд байгаа бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос албан ёсны өв залгамжлагчаар Зууны мэдээ сонины 2017.06.30-ны өдрийн 5576\5577 дугаарт зарласан. Иймд нэхэмжлэгч Санжаагийн Рашаанжавын эхнэр Цэрэннадмидын О надад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 3.10.3-г үндэслэн хэлмэгдэгч С.Бын нөхөх олговрын 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Прокурор Д.Эрдэнэчимэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтэд: 1992 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 166 дугаар магадлалаар 46 дугаарт С.Б хилсээр шийтгэгджээ. Үнэмлэх 13630, Онц бүрэн эрхт комиссын дүгнэлт, цэргийн коллегийн 1992 оны 10 дугаар сарын 8-ны 166 дугаар магадлалаар цагаатгасан байна. Хэлмэгдэгчийн ач дүү болох С.Рашаанжав нь нас барсан байх тул түүний эхнэр Ц.От хэлмэгдэгч С.Бын нөхөн олговор 1 сая төгрөгийг олгох үндэслэлтэй байна.  

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

1. Ц.О нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан С.Бын нөхөх олговорыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багийн харъяат С.Б нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэнийг Монгол Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 166 дугаар магадлалаар цагаатгасан байна.

Хүсэлт гаргагч Ц.Оийн нөхөр С.Рашаанжав нь хэлмэгдэгч С.Бын ач дүү бөгөөд нөхөх олговрын баримтуудаа бүрдүүлж байхдаа 2004 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нас барсан тул түүний хууль ёсны өв залгамжлагч Ц.Оийг хэлмэгдэгч С.Бын нөхөх олговрыг авах эрх бүхий нэхэмжлэгчээр 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Зууны мэдээ” сонинд зарлажээ. Иймд Ц.О нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч С.Бын нөхөх олговорыг авах эрхтэй болох нь дээр баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын 1 сая төгрөгийг Ц.От олгох үндэслэлтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдав.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулан Ц.От олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Ц.Оийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

   

 

ШҮҮГЧ                                               Т.ГАНДИЙМАА