Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 628

 

МАГАДЛАЛ

 

2018.03.07                                                     Дугаар 628                                  Улаанбаатар хот

 

 

 

 

Н.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/00157 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч МХТ ХХК-д холбогдох,

 

Ажилласан хугацааны цалин 1 342 000 төгрөг гаргуулж, ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,

Байгууллагат учруулсан хохирол 352 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2017 оны 5 дугаар сарын 18-наас 2017 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл МХТ ХХК-ийнГүнж жуулчны баазад менежер болон зөөгчөөр 2 сар ажилласан. 1 сарын цалин 850 000 төгрөг сар бүр өгнө гэж тохирсон. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 18-наас хойш ажилласан 10 хоногийн цалинг 7 дугаар сарын 3-нд нэхсээр байж 368 000 төгрөг авсан. Тэрнээс хойш цалин тавиагүй. Би жирэмсэн болохоор хордлоготой, тонус өгөөд байсан учраас чөлөө авья гэхэд “ачаалал ихтэй, чөлөө өгөхгүй” гэсэн. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 31-нд баарны орлого 352 000 төгрөгийг аваад ажлаа хаяад явсан. Одоо 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 2017 оны 7 дугаар сарын       31-нийг хүртэлх 2 сарын цалин 1 342 000 төгрөг гаргуулж, ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2017 онд ажиллаж байгаад 7 дугаар сарын 31-нд өөрийн нөхөр, дүүгээ дагуулаад ажлаа хаяад явсан. Тэр байтугай бусад ажиллагсдыг “ажил хаяж явъя” гэж уруу татсан байдаг. Талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 9-нд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэрээний 5.4 дэх хэсэгт шалтгаангүй, мэдэгдэлгүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан бол цалин олгохгүй гэж тохирсон. Ажилчдын өөрсдийнх саналаар цалинг бэлнээр, дансаар, бөөнөөр өгдөг байсан. Ийм байдлаас 5 сарын цалинг 7 сард олгосон юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг эхнээсээ өөрөө төлөхгүйгээр ажиллая гэж тохиролцоод ажилласан. Иймд зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгууллагын орлого 352 000 төгрөгийг хувьдаа завшиж авч явсан. Энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Ийм учраас байгууллагын орлого болох 352 000 төгрөгийг Н.Ц-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 2 сарын цалин 1 700 000 төгрөг байсан, би өөрөө энэ мөнгийг авч явсан учраас цалингаасаа хасаад 1 342 000 төгрөг нэхэмжилсэн. Цалингаа өгөхгүй болохоор нь авч явсан гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасныг баримтлан МХТ ХХК-иас 1 342 000 төгрөг гаргуулж Н.Ц-д , Н.Ц-аас 352 000 төгрөг гаргуулж МХТ ХХК-д тус тус олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Н.Ц-д  олгох олговороос нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг МХТ ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 452 төгрөг, хариуцагчаас төлсөн 11 210 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 36 452 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 11 210 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалгаангүйгээр хэтрүүлсэн, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч МХТ ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин 1 342 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “байгууллагын орлого болох 352 000 төгрөгийг буцаан төлүүлэх” сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Н.Ц-ыгхариуцагч байгууллагын захирлын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээг үндэслэн баазын менежер, үйлчлэгчээр ажилд томилж, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажил таслаж, ажил хаяж явсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон.

Харин ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг нэхэмжлэгчид гардуулах ажиллагаа хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч танилцсан үйл баримт тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “...гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй...” гэж зааснаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй болно.    /хх 60,61 дэх тал/

Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч байгууллагад мэдэгдэлгүй үйл ажиллагааны орлого болох 352 000 төгрөгийг авсан байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд нийцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг шаардлагыг хангасан нь зөв байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалгаангүйгээр хэтрүүлсэн...” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 36 422 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

 

                                                            М.НАРАНЦЭЦЭГ