Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0091

 

“Д д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалын “Д д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 888 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, А.Э, өмгөөлөгч У.Б, Г.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0525/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Д д” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалын “Д д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 888 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг тус тус баримтлан “Д д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалын “Д д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            Нэхэмжлэгч “Д д” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны А-302 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар 3.0 га талбай бүхий газрыг анх олгосон.

            Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/358 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан газрын төлбөрөө төлөөгүй, 40.1.6 дахь заалтад заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан.

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын төлбөрийн хувьд газрын төлбөрийг төлсөн байна гэж дүгнэсэн тухайд Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу газар эзэмшигч нь газрын төлбөрийг улирал бүрийн эхний сард төлсөн байхаар хуульчилсан байхад хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Д д” ХХК нь Налайх дүүргийн Газрын албанаас ирүүлсэн албан бичигт газрын төлбөрийн үлдэгдэл 1.522.044 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйгээс гадна Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу газар эзэмшигч нь газрын төлбөрийг улирал бүрийн эхний сард төлсөн байхаар хуульчилсан байхад хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Д д” ХХК нь газрын төлбөрийн өр үүсгэж байгаад буюу 2021 онд төлбөрийг төлөөгүй өр үүсгэж байгаад 2022 онд бөөнд нь төлсөн нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

            Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хийсэн 2022 оны үзлэгээр тогтоогдсон.

            Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

            Гэтэл Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимээс Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг “Д д” ХХК-д олгосон дээрх тайлбарт хамаарахгүй бөгөөд зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэлгүй.

            Мөн тухайн газар ашиглах эрх олгосноос хүчингүй болгох цаг хугацаанд буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оноос 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/358 дугаартай тушаал гарах үе хүртэл нийт 9 жилийн хугацаанд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар буюу 2022 онд Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас газрын үзлэг хийсэн баримтаар тус үзлэгээр нэхэмжлэгч нь газраа ашиглаагүй, тодорхой үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ...” гэх үндэслэлд хамаарч байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Д д” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалын “Д д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргажээ.

2.2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/358 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “Д д” ХХК-ийн газар багтжээ.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А-302 дугаар тушаалаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Сонгинотын өвөрт 3.0 га газрыг “Д д” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/584 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг 5 жилээр сунгасан байна. Ийнхүү газар ашиглах эрхийг сунгасантай холбоотойгоор Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг шинэчлэн байгуулаагүй болох нь тогтоогдож байна.

2.4. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

2.5. Өөрөөр хэлбэл, газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулснаас хойш газраа 2 жил дараалан ашиглаагүй бол хамаарахаар байна. Гэтэл гурвалсан гэрээгээ шинэчлэн байгуулаагүй байгаа энэ тохиолдолд хэзээнээс эхлэн газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж тооцож буй нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгчээс газраа аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар “... “М” ХХК-тай аялал жуулчлалын бааз байгуулах төсөлд хамтран ажиллах гэрээ байгуулсан, “Д” ХХК-тай Жуулчны бааз захиалгаар хийлгэх байгуулсан, худаг гаргах зөвшөөрөл авсан, аялал жуулчлалын баазын барилгуудын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт гаргуулсан, “В м л” ХХК-тай Цахилгаан хангамж угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, “А э о” ХХК-тай Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан, 2019-2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайлан гаргуулж, тухайн газар дээрээ гэрийн буйр засаж, барилгын суурь бэлдэж газар тэгшилж, зам зассан” зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар тогтоогдож байна.

2.6. Үүнээс гадна Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэхэмжлэгчид 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/417 дугаар “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/-ийн гэрчилгээ”-г олгосон байх бөгөөд тус гэрчилгээнд “ ... Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 178, 2020 оны 11 сарын 15-ны өдрийн 181, 2020 оны 11 сарын 29-ний өдрийн 194, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 209, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226, 2021 оны 1 сарын 04-ний өдрийн 1, 2021 оны 2 сарын 10-ны өдрийн 27, 2021 оны 4 сарын 08-ны өдрийн 91, 2021 оны 4 сарын 23-ны өдрийн 104 дугаартай тогтоолоор нийслэл хотыг нийт 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт тус тус шилжүүлж иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарласан байх бөгөөд, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байгууллагын жагсаалтад “Д д” ХХК-ийн үйл ажиллагаа хамаарахгүй, ... Иймд дээр дурдсан нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь “Д д” ХХК-ийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж “Д д” ХХК-д энэхүү гэрчилгээг олгож байна” гэжээ.

2.7. Нөгөөтээгүүр, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23/665 дугаар албан бичгийн хавсралтаар нэхэмжлэгч “Д д” ХХК 2022 оны хагас жилийн байдлаар 1 522 044 төгрөгийн үлдэгдэлтэй байх боловч хэрэгт авагдсан 2023 оны 07 дугаар сарын 24-ний өрийн №01113-2021/01476 тоот Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч компани 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газрын төлбөрийн үлдэгдэлгүй байна. Анхан шатны шүүх “...дээрх албан бичигт дурдсан төлбөрийн үлдэгдэл 2022 оны эхний эсхүл сүүлийн хагас жил эсэхийг хариуцагч тодруулаагүй, мөн 2022 оны 3 дугаар улирлын газрын төлбөрийг төлөх хугацаа дуусаагүй байхад “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгах нь учир дутагдалтай талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

2.8. Тодруулбал, хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг зөрчиж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

 

2.9. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийн хэргийг зөв шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн зохицуулалтыг баримтлахгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 888 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН