Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 01126

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 08 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01126                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, ЭШМ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ж /РД: /-д холбогдох,

          худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 54,388,542 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Нэхэмжлэгч  ЭШМ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн Ш.Жтай бид нар 2017.11.28-ны өдөр аман хэлцэл хийсэн. Батсүмбэр суман дахь манай зоориноос хариуцагч өөрийн хүмүүстэйгээ ирж, төмсийг шуудайлж ялгаж, манай тээврээр аваад явсан. Манайх зах зээлийн үнээс 30%-ийн хямд үнээр буюу 265 төгрөгөөр иргэн Ш.Жд төмс нийлүүлсэн. Тухайн үед төмс 350 төгрөгийн үнэтэй байсан. Хариуцагч төмс худалдан авсны 30%-ийн төлбөрийг урьдчилж төлөх байсан боловч 8.000.000 төгрөгийг хийгээд төмсөө зарагдах явцад үлдсэн мөнгөө байнга өгнө гэж хэлсэн. 2018.01.04-ний өдөр төлбөрийн гэрээ хэлцэл дуусах нөхцөлтэй анхны гэрээ хийгдсэн боловч төмс ялзралт ихтэй, хорогдол их гарч байна гэх хүсэлт тавьсан. Тэгээд бид нар төмсний хорогдлыг хийж өгсөн. Манай компанийн захирал болох Ч.Батаа, хариуцагч Ш.Ж бид 3 хорогдлын үнийг ярилцаж тохирсон. Хариуцагч 2018.01.20-ны өдрөөс хойш шатахуун нийлүүлнэ, шатахуунаар өрөө дарна гэх санал тавьсан. Үүнийг бид нар мөн хүлээн зөвшөөрсөн. Гэтэл өдий болтол нэг ч төгрөг, нэг ч дусал шатахуун нийлүүлээгүй. Мөнгийг бид нар өдөр болгон шаардаж, нэхдэг байсан. Иймд ярилцаж тохирсон гэрээний дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хариуцагч Ш.Жгаас гэрээний үлдэгдэл төлбөр 49,220,400 төгрөг, алданги 5,168,142 төгрөг, нийт 54,388,542 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ЭШМ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ.

             

            Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хэргийг шийдэв.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ЭШМ ХХК болон Ш.Ж нарын хооронд 2017.12.04-ний өдөр 05/017 тоот төмс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдагч тал чанарын  шаардлага хангасан Батсүмбэр суманд тарьж ургуулсан 170,668 кг товарын төмс, 12,080 кг үрийн төмс нийлүүлэх, захиалагч тал бүтээгдхүүнийг хүлээн авч үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Гэрээний 4.2, 4.4-т зааснаар 1 кг товарын төмсийг 300 төгрөг, үрийн төмсийг 250 төгрөгөөр тус тус тохирч, худалдан авагч төмсний нийт үнэ 54,220,400 төгрөг, мөн ЭШМ ХХК-ийн төлсөн зоорины түрээс 3,000,000 төгрөгийг нэмж нийтдээ 57,220,400 төгрөгийг төлөх, энэ төлбөрийн 32,220,400 төгрөгийг шатахуунаар, үлдсэн 25,000,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохиролцжээ.

 

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдаж авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй бөгөөд 6 ширхэг зарлагын баримт, төмсний тооцоо, Хаан банкны дансны хуулга  зэрэг баримтаас үзэхэд хариуцагч Ш.Ж төмсийг хүлээн авч, 2017.12.19-ний өдөр төмсний үнэд  нийтдээ 8,000,000 төгрөг /3,000,000+3,000,000+2,000,000/-ийг  төлсөн, үлдэгдэл 49,220,400 төгрөгийг төлөөгүй байна.

 

Гэрээний 4.4-т заасан хугацаа буюу 2018.03.01-ний дотор төлбөрийг төлөөгүй байх тул гэрээний  5.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл 35 хоногийн алданги 5,168,142 төгрөг нэмж тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалтад нийцсэн гэж үзнэ.

 

Шүүх хуралдааны товыг хариуцагч Ш.Ж болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаад мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Ш.Жгаас 54,388,542 төгрөг гаргуулж ЭШМ ХХК-д олгосугай. 

 

            2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Ш.Жгаас 429,893 төгрөг гаргуулж ЭШМ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,893 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

 

 

                            ДАРГАЛАГЧ                                            Д.ЭНХЦЭЦЭГ