Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/01613

 

­­­­­

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01126 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Э” ХХК,

Хариуцагч Ш.Ж-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 54 388 542 төгрөг гаргуулах иргэний хэргийг,

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.Ж-тай 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төмс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Манай компани Ш.Ж-д тухайн үед 350 төгрөгийн үнэтэй байсан төмсийг 30% хямд буюу 265 төгрөгөөр нийлүүлсэн. Батсүмэр суманд байрлах манай компанийн зоориноос хариуцагч өөрийн хүмүүстэй ирж төмсийг аваад явсан.

Төмс худалдан авахдаа 30%-ийн төлбөрийг урьдчилж төлөх ёстой байсан боловч, 8 000 000 төгрөгийг төлөн, үлдсэн мөнгийг төмс зарагдах явцад төлж барагдуулна гэсэн. 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр анхны гэрээний дагуу төлбөрийн хэлцэл дуусгавар болох ёстой байсан боловч,  хариуцагчийн зүгээс төмс ялзаралт ихтэй, хорогдол их гарч байна гэдэг хүсэлт тавьсан. Хорогдлын үнийг компанийн захирал Ч.Батаа, миний бие болон хариуцагч Ш.Ж-тай ярилцаж тохирсон. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хариуцагч төлбөрөө шатахуунаар барагдуулна гэдэг санал тавьсан. Үүнийг бид мөн адил хүлээн зөвшөөрсөн. Гэтэл өдий болтол төлбөр барагдуулаагүй байгаа тул үндсэн төлбөр болон алдангийн хамт нийт 54 388 542 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 54 388 542 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Жгаас 429 893 төгрөг гаргуулж “Экошим мандал” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн бодит үнэнийг олж тогтоогоогүй, шүүх хуралдааны мэтгэлцэх зарчмыг зөрчин нэхэмжлэгчийн хүсэлт зоригоор, нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэж гомдол гаргаж байна. Шүүх хуралдааны товыг хурал хийгдсэн өдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Ш.Ж миний бие мэдсэн. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр шүүх хуралтай байсан. Шүүх хуралдааны товыг шуудангаар явуулсан гэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн аваагүй.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхийг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Ш.Ж-д холбогдуулан төмс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 49 220 400 төгрөг, алданги 5 168 142 төгрөг, нийт 54 388 542 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Ж-д холбогдох иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гаргаж, тухайн өдрөө шүүх хуралдааны товыг хариуцагчид “шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай” баримтаар /хх.24/ мэдэгджээ.

Хариуцагч Ш.Ж нь дээрх баримтыг 5 дугаар сарын 07-ны өдөр буюу шүүх хуралдаан болохоос 1 өдрийн өмнө хүлээн авсан нь шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдсэн гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хариуцагчид хэргийн 27-34 дүгээр талд авагдсан баримтуудыг танилцуулаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэх тэмдэглэлд /хх.23/ “гэрч Ю.Сэвлэгмаагийн өгсөн хариу” гэж бичсэнийг хариуцагчид шүүх хуралдааны товыг зохих журмаар мэдэгдсэн гэж үзэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг хязгаарласан, талуудын мэтгэлцэх боломжийг хангаагүй гэж үзнэ. Иймд давж заалдах шатны шүүх хэргийн нэг талд буюу хариуцагчид танилцуулаагүй баримтад үндэслэн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01126 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429 893 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                                         А.ОТГОНЦЭЦЭГ