Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1107

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 07 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01107                             Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Ц.Оюунбилэг, Л.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г /РД: /-т холбогдох,

автозогсоол албадан чөлөөлүүлж, хохирол 8,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2010.09.06-ны өдрийн автозогсоол захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бурмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баярхүү, хариуцагчийн өмгөөлөгч Г.Бат-Эрдэнэ нар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов

                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бурмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2010 онд манайх байр худалдан авсан, байр худалдан авах гэрээг би өөрийн нэр дээр хийсэн. Учир нь 150.000 долларыг 4 жилийн хугацаатай төлөх байсан, авто зогсоол нь 10.000 долларын үнэтэй байсан ба төлбөрийг шууд бэлнээр өгсөн учраас охин Х.Иын нэр дээр гэрээ хийсэн. Төлбөрийг өгсөн учраас 2012 онд авто зогсоолыг манай авто зогсоол гэсэн батламжийг гаргаж өгсөн. Уг авто зогсоолыг 2013 оны 12 дугаар сар хүртэл бид өөрсдөө ашиглаж байсан. Гэхдээ зогсоолын байршил нь эвгүй байсан учраас солиулах гэтэл авто зогсоолууд нь бүгд зарагдаад дууссан учраас байршлаа солиулж чадаагүй. Ингээд 2013 оны 12 дугаар сараас эхлээд хариуцагч тал машинаа уг зогсоолд тавьж, өнөөдрийг хүртэл цагдаа, шүүхийн байгууллагаар маргаантай явж байна. Өөрийнхөө худалдаж авсан зогсоолыг ашиглаж чадахгүйн улмаас бид нарт бодит хохирол учирч байна. 2010 оноос хойш бид нар зогсоолынхоо төлбөрөө төлж байгаа. Гэхдээ машинаа өөр газарт байрлуулж байна. Иймд зогсоолын эзэмшигч болохыг тогтоолгож, хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хохирлоо барагдуулах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баярхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манайх уг авто зогсоолыг 2012 онд худалдан авч эзэмшиж эхэлсэн. Гэтэл хажууд машинаа тавьдаг байсан Ш.Бурмаа гэх хүн 2014 оноос гэнэт гарч ирсэн. Үүнээс хойш машинаа гарга гэж бид нарын хооронд маргаан үүссээр байгаад сүүлдээ шүүхээр шийдвэрлүүлэх болсон гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа:  Маргаан бүхий авто зогсоол нь өнөөдрийг хүртэл үлсын бүртгэлд хэн нэгний нэр дээр бүртгэгдээгүй байгаа. Глобал тэсунг ХХК, Х.И нарын хооронд байгуулсан автомашины зогсоол захиалан бариулах тухай 2010.09.06-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Эдгээр улсуудын шударгаар гэрээний үндсэн дээр олж авч, эзэмшиж ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн этгээд булаацалдаж байгаа нь Иргэний хуулийн 8.1 дэх хэсэгт хамаарна. Ийм учраас гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа. Хэрэгт нотлох баримтууд бүгд байгаатул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарлахдаа:  Бид нарын хувьд эзэмших эрхийн талаар маргаж байгаа. Глобал тэсунг ХХК-иас эрх олгосон учраас Глобал тэсунг ХХК болон иргэн Х.И нарын хооронд байгуулсан гэрээ нь хөндлөнгийн гуравдагч этгээд болох М.Гийн хууль ёсны ашиг сонирхолд хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхойгүй. н.Бямбасүрэнгээс автозогсоолыг худалдан авсан өмчлөх эрх үүссэн тухай баримтгүй, хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолж чадахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ өөрсдөө нотлох үүрэгтэй. Энэ гэрээ хэлцэл ямар учраас хүчин төгөлдөр бус байх шаардлагыг хангаж байгааг хэлэхгүй байна. Харин хариуцагч тал өмчлөх эрхтэй учраас хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа гэдэг тайлбар хэлж байгаа тул  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Х.И Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж 27Б-102 дугаар байрны С12 тоот автомашины зогсоолыг иргэн М.Гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, маргаан бүхий зогсоолыг 2014-2017 онуудад эзэмшиж, ашиглаж чадаагүйгээс болж учирсан бодит хохирол болох 8,000,000 төгрөгийг хариуцаггчаас гаргуулахыг анх шаардсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018.04.16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, маргааны зүйл болох С12 тоот автомашины зогсоолын шударга эзэмшигч Х.И мөн болохыг тогтоож, 2014-2017 онуудад эзэмшиж, ашиглаж чадаагүйгээс болж учирсан бодит хохирол болох 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан, шүүх хуралдаанд автомашины зогсоолыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг дэмжсэн болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг “...автозогсоолыг 2012 онд иргэн Бямбасүрэнгээс худалдаж авсан” гэх үндэслэлээр эс зөвшөөрч гаргасан сөрөг нэхэмжлэлдээ Глобал тэсунг ХХК болон Х.И нарын хоорондын 2010.09.06-ны өдрийн автозогсоол захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэв.

Хэргийн баримтаас үзэхэд Ш.Бурмаа /нэхэмжлэгчийн ээж/, Глобал тэсунг ХХК-ийн хооронд 2010.09.06-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан, уг гэрээнд “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 60 айлын орон сууцны байрнаас 102 дугаар байрны 7 давхарын 701 тоот 5 өрөө орон сууцны болон газар доорх битүү гаражийн барилгын ажлыг А тал гүйцэтгэхээр тохирсон, орон сууцны үнэ 160,000 ам доллар, дээрхи үнэд 1 ширхэг гаражийн үнэ багтсан болно” гэжээ.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж 27Б байрны 701 тоот хаягт байрлах 105,5 м/кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Х.И, Х.Энэрэлбаяр нар болох нь Ү-2206046004 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ хэрэгт авагдсан байна.

Мөн Глобал тэсунг ХХК 2010.09.06-ны өдрийн автомашины зогсоол захиалан бариулах гэрээг Х.Итай байгуулсан, гэрээний нийтлэг үндэслэлд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 60 айлын орон сууцны байрнаас зоорийн давхарын С12 тоот  автомашины зогсоолын барилгын ажлыг А тал гүйцэтгэх, Б тал захиалан хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой харилцааг зохицуулна, автомашины зогсоолын үнэ 10 000 ам доллар гэжээ.

Талууд Твин паркын 102-701 тоот  гараж-2, хоёр дахь гаражийн үнэ /10,000/ ам долларыг 2012 оны 6 сарын дотор багтааж төлбөр тооцоог дуусгахаар тохиролцсон, улмаар уг зогсоолыг Х.И өөрийн хөрөнгөөр бариулж, төлбөрийг бүрэн төлж дуусгасан тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг УБЕГ-ын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүссэн 2012.06.18-ны өдрийн 6/10 дугаар Глобал тэсунг ХХК-ийн тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Мөн Глобал тэсунг ХХК-иас 2012.09.20-нд олгогдсон гэх Автомашины зогсоолын эрхийн үнэмлэхэд “102 дугаар байрны 701 тоотын оршин суугч Ш.Бурмаа нь Твин парк цогцолборын гаражийн барилгын зоорийн давхарын С-12 тоот гаражийн барилгыг захиалан бариулж төлбөрийг бүрэн төлж дуусссан тул уг гаражийг Ш.Бурмаагийн эзэмшилд шилжүүлэв” гэжээ.

Хариуцагичйн хүсэлтээр маргаан бүхий автозогсоол улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тодруулсан бөгөөд Нийслэлийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсийн 2017.10.16-ны өдрийн 1268 дугаар албан тоотод уг С-12 тоот зогсоол нь дүүргийн бүртгэлийн хэлтсийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн хариуг ирүүлсэн байна.   

Твин парк СӨХ-ны 2018.01.03-ны тодохойлолтоор  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж 27Б, 102-701 тоот байрны оршин суугч Ш.Бурмаа, Х.И нар Твин парк СӨХ-д автозогсоолын цэвэрлэгээ, засвар үйлчилгээний төлбөр багтсан 65,150 төгрөгийг сар бүр тасралтгүй төлдөг болох нь мөн төлбөр төлсөн  баримтын жагсаалт, Төрийн банкны хуулга зэргээр тогтоогдсон байна.

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч Х.И С-12 тоот  автозогсоолын эзэмшигч байх бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, энэ нь зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн эзэмшил нь эрх зүйн үр дагавар буюу шаардах эрхийг үүсгэнэ” гэж зааснаар эзэмшигчээр тогтоолгох, зогсоолыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан нь хуульд нийцжээ.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар шударга  эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй байна.

Харин 2014-2017 онуудад эзэмшиж, ашиглаж чадаагүйгээс болж учирсан бодит хохирол болох 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардаж, Ш.Бурмаатай байгуулсан автозогсоол түрээслэх тухай 4 удаагийн гэрээ, түрээсийн зогсоолд Ц.Хорлообаатар, Х.Энэрэлбаяр нарын эзэмшлийн Toyata Prado 03-80УНО, Lexsus RX 21-20УНК автомашинуудыг байрлуулсан гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээг хавсарган ирүүлсэн тул нэхэмжлэгч Х.Ит  хохирол учирсан гэж үзэхгүй болно.

Нэхэмжлэгч Х.Иын ээж Ш.Бурмаа дээрх агуулга бүхий нэхэмжлэлийг 2017.01.31-нд тус шүүхэд гаргасаныг хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон 2017.02.13-ны өдрийн 01991 дугаар шүүгчийн захирамж, 2017.02.22-нд дахин М.Гт холбогдуулан гаргасан автомашины зогсоолыг хууль бус ашиглалтаас болиулж, албадан чөлөөлүүлэх, 6,960,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэсэн 2017.02.24-ний өдрийн 02583 дугаар шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016.12.07-ны өдрийн 2955 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор Ш.Бурмаагийн ирүүлсэн “...автозогсоолыг Х.Баярхүү дээрэмдэн авсан” гэх Х-1-15927 дугаартай 2016.11.04-ний өдөр гаргасан гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2014.01.08-ны өдрийн 55 дугаар прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолоор Ш.Бурмаагийн “2013.12.13-ны өдөр миний худалдан авсан автомашины зогсоол дээр үл таних хүмүүс автомашинаа байрлуулаад байна” гэх гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

Дээрх баримтуудаас үзэхэд 2013 оны 12 сараас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, энэ үеэс шаардах эрх үүсэх бөгөөд  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дуусаагүй байна.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно, гэвч сөрөг нэхэмжлэлийн тухайд  автозогсоол захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл нь тодорхойгүй, хуульд заасан ямар үндэслэл, журмын дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан нь ойлгомжгүй байх тул шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3,116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж 27Б байрны 701 тоот хаягт байрлах С12 тоот автомашины зогсоолын эзэмшигч нь Х.И болохыг тогтоож,  хариуцагч М.Гийн хууль бус эзэмшлээс С12 тоот зогсоолыг чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 8,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 2010 оны 09 сарын 06-ны өдрийн орон сууц болон автомашины зогсоолыг захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70200+142,950/ төгрөг, хариуцагчийн төлсөн /70200+208,000/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                         Д.ЭНХЦЭЦЭГ

        

                          ШҮҮГЧИД                                        Ц.ОЮУНБИЛЭГ

                                                                                     

                                                                                   Л.НАРАНГЭРЭЛ